Сангийн сайдаас нуувал зохих сангийн тухай
“Баялгийн сан” байгуулах тухай яриа ахиад л дэгдэх нь байна.
“Баялгийн сан” байгуулах тухай яриа ахиад л дэгдэх нь байна. Энэ удаад “ахисан түвшинд”. Өмнө нь түүхий эдийн үнэ өндөр байхад хуримтлуулаад үнэ унасан үед түүнийгээ хэрэглэх тухай л ярьдаг байсан билээ. Гэвч ашигт малтмалын түүхий эдийн үнэ унахаас урьтаад уначихдаг өөрсдийнхөө үнэ цэнийг өсгөх гэж хурааж хуримтлуулмар аядаж байснаа цацаад ялагддаг намуудаас болоод хэд хэдэн сан өрийн хүүдий болоод дууссан. Тэгж их үнэ төлөөд парламент гэдэг компанийн хувьцаанаас дандаа хамгийн бага хувь хүртдэг нь нөгөө “баялгийн хараал” гэгч нь намуудад хүрсний шинж байж. Дараа нь яг өнөө ашигт малтмалынх нь үнэ унахаар ашиггүй малтсан нүхээ харж шогширдог түүхийг бид бичиж суугаа билээ.
Харин өнөөдөр “Баялгийн сан” байгуулахдаа Норвегийн жишгээр ажиллуулах тухай сүрхий амбицтай хуулийн төсөл явж байгаа бололтой юм. Нийт баялгийнхаа багцааг гаргаж үзээд “Үлгэрлэвээс Норвеги лугаа хөгжих” бодол тээсэн залуу гишүүд хамжиж байгаа юмдаг уу? Дэмжээд батлуулчих юмсан.
Бараг л уналтын эцсийн цэгээс эргэн босох оролдлого энэ байх аа даа! Хэрэв бүтэхгүй бол ёстой өөр шийдэмгий арга зам хайсан нь дээр. Одоогоор бол овоо солонгорсон эдийн засагтай байгаад түүнийгээ “коммунизмын солонго” гээд нураагаад хаясан Монголчууд дараагийн солонгоны тухай ярьсаар удаж байна. “Оюутолгой”-н гэрээг Дубайд муутгаж мутарлаж байхдаа “Абу Даби” шиг сан байгуулах ч лөөлөө болсон гээд хэсэг мартсан байх. Зарим УИХ-ын гишүүн “Сан бүрдүүлэхийн тулд ядаж мөнгө олдог гэрээтэй баймаар байна” гэж байгаа нь энэ тухай муухай дурсамж л даа.
Норвегийн сангийн их наяд доллар ба түүний хүүгээр тансаглаж байгаа Норвегийн шинэ викинг домог дэлхий нийтийн өдрийн бодол, шөнийн зүүд мөрөөдөл болоод эхэлсэн байна. Сэхээ самбаатай нь дуурайгаад ажиллаад амжилт олоод эхэлсэн нь бусад орнуудад ч хэрэгжүүлж болмоор эд юм гэсэн итгэл төрүүлж байгаа бололтой.
Голдуу атаархлын нүдээр хардгаас “Нурсултаны дарангуйлалд зовон тарчилж байгаа -стан” гэхээс өөдтэйгээр хэлэхээ байсан өрнөд хөрш Казахстан Норвегийн жишгээр ажиллаад амжилт олж эхэлсэн нь нүүдэлчид ч хуримтлал хийж чадна гэдгийн баталгаа. Гадаад валютын нөөц нь 123 тэрбум ам.доллар, нэг хүнд оногдох ДНБ нь тусгаар тогтнолын хур түүхтэй Монголынхоос 10 дахин их энэ “-стан” нэн шинэ түүхэнд манайд үлгэрлээд эхэлсэнд атаархсанаас уралдсан нь дээр л дээ.
“Сентерра гоулд” гэдэг жижиг компанид “хөгжихийн тулд шулуулж” шившгээ хутгасан нөгөө хоёр нүүдэлчин Киргиз, Монголоос аль нь түрүүлж босох нь Норвегийн туршлагыг хэн нь түрүүлж авч хэрэгжүүлснээс шалтгаалах юм. Нефть л сан бүрдүүлдэг гэсэн ойлголт Ботсвана, Казахын жишээгээр өөр баялгаас ч бүрдүүлж болно гэсэн туршлагаар өргөжжээ. Ботсвана бол алмазын уурхайгаа төрийн мэдэлд авснаар түргэн зуур өндийжээ. Хүү нь бослого гаргаж, Ерөнхийлөгч аавыгаа гэртээ хорьчихоод хамгийн түрүүнд авсан арга хэмжээ нь ийм үр дүн өгч!
Гэхдээ Монголд хэрэгжихэд бас асуудал бий. Юуны өмнө бүхнийг хувийнханд, бүхнийг гадныханд (хуучин фронтод гэдэг байсан) гэсэн уриа нэлээд асуудал болж магадгүй. Учир нь сандаа хуримтлал төвлөрүүлж чадсан улсуудад гол (ойлгомжтойгоор стратегийн) баялгаа төрийн мэдэлд авсан байна. “Төр муу менежер” гэдэг үгийг мартахгүй бол ахихгүй шинжтэй. Одоо манай төрд арай танагтай гялтайх нь өнөө муу “Эрдэнэс-Таван толгой” л байх шив. Гэтэл зэрэгцээд олон компани өмнөд хөршид нүүрс гаргах гэж уралддагаас үнэ унагах ганц аргаар “уралцаад” ашиг нь барагтайхан байх шиг! Хажуудах хувийн уурхайнууд нь хүртэл дээрэлхэнэ гэж юүхэв.
Харин үүний үр дүнд манайхаас нүүрс авдаг “ченж” компани Хятаддаа төдийгүй дэлхийд ашиг орлого гайхуулаад суу алдраа мандуулж байх юм. Дээр нь зардал хэмнэх гэж сорчилж ухдагаас үнэ хямд үед ордоо сүйтгээд үнэ өсөх үед зардлаа нэмэх янзтай. Гэхдээ орд нь том юм болохоор одоохондоо энэ зэрэгт санаа зоволтгүй мэт.
Монгол бол зэс-нүүрсний л орон.
“Оюу толгой”-н 66% “Рио Тинто”-гийнх, Эрдэнэтийн 49 хувь Монголдоо ирлээ энэ тэр гэтэл 51 хувийг нь зөрүүлээд “ломбарданд тавьчихсан” байх жишээтэй.“Цагаан суваргын” цомхон аятайхан ордыг өдрийн хугаст дөрвөн хууль өөрчилж байгаад стратегийн ордоос хасаж, хувьчлаад санаа амарсан улс. Уг нь энэ “Баялгийн сан”-г бүрдүүлэх дотоод тулгуур нь эхнээсээ энэ мэтчилэн алдагдаж байгаа өнөөх л стратегийн арав гаруй орд юм байна л даа!
Гэхдээ энэ бүхэн үнэтэй сургамж. Үнэтэй байхаас ч аргагүй, энэ сургамжийн төлөө юу төлж байгаагаа одоо бие дээрээ мэдэрч байгаа улс.Ашгаа алдахгүйн тулд экспортын нэг цонхоор гадаадтай харьцах ёстой юм байна, үнийн бодлогыг төр зангидах ёстой юм байна, харин нэгэнт сан бүрдвэл “төрөөс” аль болох холхон “нуух” хэрэгтэй юм байна гэх мэт сургамжууд “Баялгийн сан” бүрдүүлэх Монгол мөрөөдлийн “оюун санааны үнэт зүйл” болой. “Эрдэнэт”, “Оюу толгой”, “Цагаан суварга”, “Хармагтай”... гэх мэтчилэн хөврөх зэсийн уурхайнууд өнөөгийн нүүрсний компаниуд шиг нэг зах зээлд борлуулалтын үнээ унагаж өрсөлдвөл бахь байдгаараа үлдэх нь ойлгомжтой.
Бас төрийн оролцоо хэтэрвэл, төрийн нэрээр хэсэг бусаг нь бүхнийг шийдээд эхэлбэл нэг сайдын бугуйнд ээлжлэн гялалзах цагны төлбөрт нийтээрээ гуйлгачин мэт амьдардаг өнөөгийн амьдрал үргэлжилнэ. Үндсэн хуулийн 6.1 буюу “Байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна” гэсэн заалтыг “Би ард түмнээ төлөөлж соногдсон учраас ард түмнээ төлөөлж хэрэглэнэ” гэж ойлгосон нөхдийг аль болох л хол байлгах тусмаа өлзийтэй мэт. Нэгэн үед Оросын Ерөнхий сайдаар дамжиж “Газпром”-ын захирлын суудалд дөхдөг гэлцдэг байсантай яг адил өнөөгийн Засгийн эрхийн төлөөх тэмцэл “Эрдэнэт”-ийн төлөөх тэмцлээс “Эрдэнэс Таван толгой”-н төлөөх тэмцэл болон төгөлдөршсөн нь сан бүрдүүлэхэд гай болохоос тус болохгүй л байх. Энэ төгөлдөршлийг давж сантай болох санаа ер яадаг бол? Гадныхнаас алдаж асгаж байгаагаа цуглуулахын өмнө дотоодынхны алдаж асгаж байгаад цуглуулах хэцүү байж магадгүй юм.
Их эвгүйдвэл “Баялагийн сан”-тай болох гэсэн биш Засгаараа тахил өргөчих ч гэмтэй. Гээд яах билээ, хийж л таарах байх даа! Муугаар бодоход толгой дээр нь тойдол уншаад эхэлчихсэн үхлүүт засгийн үлдсэн хугацаанд ядаж нэг ийм хуультай болоод авбал хойдын буян нь тэр дээ! Их өлсвөл иргэдийнхээ ирээдүйгээ бодож хийсэн даатгалын санг ч цөлмөчихдөг увайгүй дарга нартай улс аа, бид.
Жил бүр л хөрөнгө оруулалтын нэртэй мөнгө хулгайлах санаатай хөрөнгө гарзадсан чуулган хийж, нэг нь сайхан худлаа хэлж, нөгөө нь худлааг нь мэдсээр савхдаж алиалж байхын оронд “Баялгийн сан”-гийн хууль гаргаад түүнийгээ хэрхэн додомдохоо бодож суусан нь дээр шүү!
Гадаадын империалистуудын зөвлөгөөг нь сонсвол сайн байгуулахад “Төрийн хийх ажил бол өөрсдөө л тогтвортойхон шиг байж үз” гэлцэх юм. Түүнийг нь насаараа сайд хий гэж ойлгож болохгүй юм билээ, харин сонгуулиар “нам засаг” солигдох байтугай сонгуулийн завсар “фракц засаг” солигдох бүрийд хуулиа өөрчилж тоглодгоо л больчих гэнэ ээ гэж орчуулбал зөв байх. Одоо “Баялгийн сан”-гийн хууль батлаад жаахан хуримтлал үүсч гэмээ нь дараагийнх нь засаг гарч ирээд “Баялгийн шудрага хуваарилалтын сан” гэсэн хоёрхон гоё үг нэмчихээр л өнөө тогтворгүй байдал гэгч нь үүсчихнэ шүү л гэсэн санаа...
Ер нь жаахан хатуу гараар зангидсан улс орнуудад “Баялгийн сан” бүрдээд байгаа тал ажиглагдаад байна. Экспортын гол бүтээгдэхүүний салбаруудаа төрийн хяналтанд авч, дотооддоо өрсөлдөгчгүй эзэмшиж, худалдаж байж хуримтлал үүсгэж чаддаг ажээ. Түүнээс хаалга нээчихсэн хэр нь, хаяа хатавч, ханын нүх, туурганы цоорхойгоор хулгайлж зардаг улс оронд хуримтлал тогтохын заяа байхгүй. Босгоо элтэл зочин уриад ч нэмэргүй.
Бүрдэтлээ ийм юм гэхэд бүрдсэний дараа “Өнөө сангаар нь дарга нарын хэдэн хүүхэд муушиг тоглоод алдчихаж гэнэ ээ” гээд амаа барьж суухгүйн тулд бас чамбай хандах ёстой юм байна. Сангаа сайдуудын гараас холхон байлгахгүй бол аягүй бол тэндээ хувь оффшор дансаар тарчихаж ч магадгүй эд юм. Сохор зоосыг ч болов хөдөлгөж байж үржүүлдэг, зүгээр хав дарчихвал “Баялгийн сан” утгагүй, харин ч сангаа сайн хөдөлгөж байж түүнээс олсон ашгаа дотоодын эдийн засагтаа авч ашиглах нь Норвегичуудын туршлага. Сангийн хөрөнгөө харин авч идэлгүй хөдөлгөөд ихээс их ашиг унагах л арга. Залхуу улсад завагтай махандаа хүрэх шиг төвөгтэй ч одоо яая гэх вэ? Ийм л замбулин хойно...
Хуримтлалаа хувааж идчихээд, нэмээд өр тавиад явдаг манай өнөөгийн төгөлдөршсөн системийн яг эсрэг систем. Ингэж байж эдийн засгаа солонгоруулах боломж олж авах юм. Их ч тэвчинэ, их ч зүтгэнэ. Тэгэхээс аргагүй ээ, гучин жил “жаргалаа”, гэхдээ үүндээ гурван жил ч нэммээргүй байна.
Өнөөдөр манай эдийн засаг улиг болсон доо, уул уурхайд түшиглэсэн, экспорт нь дан ганц энэ салбараас хамаатай, өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас импортдоо дарлуулсан ийм л улс. Гадаах нь гэртээ ордоггүй, гэр дэхээ залгиад дуусаж байгаа айл. Гэвч амны билгээс ашдын билэг. Ам нь “Баялгийн сан”-гийн тухай хууль, ашид нь шаргуу хөдөлмөр л юм.
Байгалийн баялаг шавхагдана. Шавхагдахдаа зүгээр ч урсчихгүй ардаа асар их сүйтгэл үлдээнэ. Харин баялгаа байгаа дээр нь хуримтлуулаад сүйтгэлийг нь засаад бас гэж солонго татсан эрүүл газар орон цогцлоох эсэхийг бидний сэтгэлийн чин зориг л мэднэ.
Иргэн баян бол улс баян гэдэг байлаа. Хүн бүр хөдөлмөрлөөд л байвал баяжчихдаг гэдэг бас л худал юм. Сангийн зарчим нь “Улс баян бол иргэн баян”. Үүний тулд зарим хүнд бас л муухай санагдах ч эмх цэгц, сахилга бат, зохион байгуулалт чухал.
TGT
Гана
Зочин
Зочин
Зочин
Good job
Зочин
OG
зориг
Ямар ч чадваргүй Баатархуяг дандаа захиалгаар бичих юм