Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд болох Баабар, Баярхүү нар “Манай зууны хөрөг” хэмээх хамтын бүтээлээ 1997 онд уншигчиддаа толилуулсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, шинэ зуун гарч, уг номд бичигдсэн улс төрийн зүтгэтнүүдийн үүх түүхийг баяжуулах үйл явдал дэлхийд чамгүй ихээр өрнөжээ. Олон улсын харилцааны агуулга, дүр төрх ч эрчтэй өөрчлөгдөж шинэчлэгдлээ.  Шинэ зууны хөргийг бичилцэж буй улс төрчид ч олноороо төрөн гарч ирлээ. Иймд хоёр зохиогч маань хамтын бүтээлээ нэмж баяжуулан “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид” хэмээх шинэ бүтээлээ туурьвиж дуусч байна. Шинэ номд орж буй сонирхолтой хоёр зүтгэлтнийг  уншигчиддаа урьдчилан танилцуулъя – baabar.mn 

    
Ираны лалын хувьсгалын удирдагч энэ хүн 1970, 1980-аад онд дэлхий дахины анхаарлын яг төвд нь байлаа. Харин түүний улс төрийн зүтгэлтэн болсон замнал, үзэл бодлын талаар тэр бүр мэдэхгүй байв. Лалын фундаментализм, лалын ариун дайн–жихад, Хэзболла хөдөлгөөний тухай хэвлэлд олонтаа мэдээлдэг боловч энэ бүхэн нь Ираны удирдагч асан  Хомэйнийн нэртэй холбоотой болохыг хэн бүхэн мэддэггүй.

Рухолла Мусави Хомэйни (энэ бол жинхэнэ нэр нь, аятолла гэдэг нь лалын шашны шиит урсгалын тэргүүн ламын цол мяндаг) өнгөрсөн зууны эхээр Ираны алслагдсан нэг мужийн Хомэйн гэдэг хотод төржээ. Тэр хотынхон суугаа газрынхаа нэрээр овоглодог байсан байж магад. Дөрвөн настайдаа шашны сургуульд шавилан сууж, 6 настайгаасаа лалын шашны коран судрыг цээжилж, 12 жил суралцаад шашны дээд сургуульд элсчээ. Энэ бол лалын шашинт ямарч оронд мулла хүний туулдаг ерийн зам ба 1935 онд тэрээр Кум хотын тэргүүн лам болж, (манайхаар бол нэг томхон хийдийн хамба лам гэсэн үг) түүний шашны зэрэг дэв, мяндаг ийнхүү тэртээ 1930-аад онд бэхжжээ.



1940-өөд онд тэрээр Ираны Шах (эзэн хаан) Мохаммед-Рэзагийн ойрын шадар, Ираны лалын шашны тэргүүн Мохаммед Хосэйн Боружэрди гэгчтэй тэрээр ойртон нөхөрлөх болсон нь түүнийг аль эрт Ираны улс төрийн нэг томхон зүтгэлтэн болгох эхэн байлаа. Дэлхийн II дайны үеийн Хомэйни бол улс төрийн сэжиг бүхий нэгэн байсан бололтой. Жүүдийг үзэн ядагч, нацизмыг талархагч гэдгээрээ  Ирандаа алдаршсан аятолла Наваб Сафави болон алан хядах нууц байгууллагын толгойлогч Аболькасэм Кашани нартай Хомэйни хамтран ажиллаж байсан баримт түүхнээ буй. Жүүдийг үзэн ядах хар зөн нь тэднийг Германы нацистуудтай нөхөрлүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Тэр үед Хомэйни нь шашны том зүтгэлтэн төдийгүй газрын том эзэн болжээ. Тэрээр олон мянган зарц барлагийг газар дээрээ ажиллуулдаг ихээхэн бэл бэнчин, хөрөнгө чинээ бүхий феодал болсон байлаа. 1960-аад он гэхэд түүний өмчилсөн газар дээр 3000 гаруй өрх зарцлагдаж байжээ. 1962 онд Ираны шашны тэргүүн Боружэрди нас нөгчиж түүний орыг залгамжлах асуудал босч иржээ. Түүний орыг авах санаа Хомэйнид байсан төдийгүй тэр зорилгодоо хүрч чадаагүй явдал хожмын лалын хувьсгал гэж нэрлээд байгаа түүхэн үйл явдлын үндэс болж өгсөнд хэргийн учир байгаа юм. Шашны тэргүүний суудалд заларч чадаагүй Хомэйни Шахын дэглэмд өс хонзон өвөрлөж, улмаар улс төрийн тэмцлийн замд эргэлтгүй оржээ.

Хорсож цөхөрсөн, тэгсэн хэрнээ зоригтой шийдмэг Хомэйни олны өмнө Шахаа гэнэт хурцаар шүүмжилж, төр засгийг эсэргүүцсэн хэд хэдэн жагсаал зохион байгуулав. Гэвч амжилт олсонгүй, Шахын дэглэмийг түлхэн унагаах сэтгэл санааны бэлтгэл нийгэмд хангагдаагүй байж. Ард түмэн лалын хувьсгалд босчих нөхцөл бүрдээгүй хэрэг. 1963 онд Шах урьдын танилаа баривчиллаа. Кум, Шираз, нийслэл Тегеран хотод Хомэйнийг дэмжсэн жагсаал хийснийг цэргүүд хөөн тараалаа. Хомэйни болон жагсаал зохион байгуулагчдад цаазаар авах ял заналхийлэв. Гэвч шашны том мяндагтан, хуваргууд Шахыг ятгаж нөлөөлж чадсаны хүчээр Хомэйни суллагдан төрөлх Кум хот руугаа буцжээ. Ийнхүү шашны дээд эрхийг булаан авах авантюр нь замхарлаа. Хэрэв 1962 онд Шах түүнийг Ираны шашны тэргүүнээр томилчихсон бол 1979 онд лалын тэр хувьсгал тэгтлээ түргэн ялчихгүй байсан болов уу. Эсвэл Хомэйни Шахынхаа адилаар эх орноосоо дүрвэн гарсан байхыг хэн байг гэхэв.

Кум хотод тэр дахин улс төрийн тэмцэл өрнүүллээ. Тэмцлийн хурц үзүүр зөвхөн Шах руу бус, түүнийг ивээн тэтгэж шордон хатгаж байдаг АНУ руу чиглэх нь тэр. Уг нь ч гогцоог зөв олоод авчээ. Энэ үеэс Хомэйни АНУ-ын империализмын заналт дайсны тоонд орлоо. Олон улсын тавцанд нэр нь түгж эхэллээ. Шахын нууц цагдаагийн газар түүнийг баривчлан хороох гэж хэд хэдэн удаа оролдсон боловч тэр хэрээрээ алдаршиж, бусдаар хүрээлүүлж байгаагаа мэдэрсээр байв. Түүнийг Энэтхэг, Пакистан руу хөөж явуулах гэсэн төлөвлөгөө ч балрав.

1964 оны сүүлчээр Шахын Засгийн газар Турктэй хэлэлцэн тохирч, Хомэйнийг Анкара руу явуулж дөнгөв. Туркийн тал түүнийг хатуу хяналтанд барьж, гадаад орчноос тусгаарлаж байсан боловч хэдхэн сар болоод Ирак руу алдчихав. Иранд Хомэйнийн эхлүүлсэн тэмцлийг түүний хоёр хүү–Мостафэ, Ахмэд нар үргэлжлүүлж, эцгийгээ улам алдаршуулж байлаа. Хомэйни 1965-1978 онд Иракт дүрвэн сууж, тэгэхдээ зүгээр нэг бясалгагчаар байсангүй, Ираны дотоод байдал хурцдах цаг мөчийг тэсэн ядан хүлээж, бас оршин буй Иракийн дотоод улс төрийн байдлыг гярхай ажиж байв. Ирак ч тэсрэлтийн байдалд хэцүүхэн байлаа. Засгийн эрх үе үе  солигдож Ирантай ойр дөт харилцах бодолтой Арабын социалист сэргэн мандалтын намынхан гарч ирж бэхжлээ. Тэд Шахтай үнэхээр найрсаг харилцаатай байсан учраас урьдах хойтохыг бодолгүй хэлэлцэн тохирсны дагуу Хомэйнийг Иракаас шууд хөөн гаргажээ. Хожмын Иран-Иракийн дайны нэг шалтгаан ийнхүү нөхцөлдөх нь тэр.

Хомэйни Иракаас хөөгдөж гараад Францад 4 сар бүгжээ. Тэнд байхдаа хожим Ираны улс төрийн зүтгэлтэн болцгоосон Банисадр, Готбзадэ нартай хамтран “Санаачилгын хороо” байгуулсан нь Ираны лалын хувьсгалыг удирдах төв штаб болж хувирав. Хомэйни Францад байхдаа хэвлэлд зориулж 132 ярилцлага өгч, 50 гаруй удаа мэдэгдэл хийсэн аж. Түүндээ лалын шашны сүсэгтэн олонд хандаж Шахын дэглэмийн эсрэг босон тэмцэхийг уриалан дуудаж, нэг ёсондоо ираны хувьсгалын хилийн чанад дахь гол толгойлогч гэдгээ нотлон харуулав.

1978, 1979 оны зааг дээр тус орны байдал огцом хурцадлаа. Засгийн газар тогтохоо больж, арми цагдаа гуйван дайвж байв. Америкийн цэргийн бааз дараа дараалан хаагдаж, янкууд санд мэнд зугтан гарчээ. Бүс нутагт АНУ-ын байр суурь сүрхий ганхлаа. Шах бүрэн гарцаардлын байдалд орж эх нутгаа орхих нь бүрнээ ойлгомжтой болсон 1979 оны нэгдүгээр сард Хомэйни 15 жил хөл тавиагүй эх орондоо эргэж ирлээ. Иранчууд түүнийг баярлан угтацгаав.



Америк болон буруу номтнуудыг хараан зүхэж, орон даяар шударга ёс тогтоох, ёс заншлаа дээдлэхийг уриалсан түүний дайчин үгс иран хүн бүрийн сэтгэлд нийцэж байв. Учир нь ард түмний шударга үйлстэй эвлэрэхийг үл хүссэн хаан эхэндээ хүчиндээ эрдэн гал нээж, цэрэг хөдөлгөн олон хүний амь бүрэлгээд байсан тэр мөчид ганц авран хамгаалагч ирсэн нь Хомэйни гэж хэн ч үнэмшихээр байлаа. Тэр үеийн социалист ертөнц, коммунист ажилчны хөдөлгөөн ч Хомэйнийг үг дуугүй дэмжиж, үйлсийг нь “ардын хувьсгал” гэж шууд нэрлэв. Учир нь түүний тэмцэл АНУ-ын империализмын эсрэг чиглэжээ.

Хувьсгалын өмнөх Хомэйнийн хэлсэн дайчин үгс, хийсэн мэдэгдлүүд амьдрал дээр илт хөсөрдсөн нь тэр дорхноо харагдав. Тэр зөвхөн шашны дээд суудалд санаархаад төрийн хэрэгт оролцохгүй гэж мэдэгдэж байсан,  гэтэл төр засгийн бүх мэдлийг хяналтандаа авчээ. 1980-аад оны дунд үеийн байдлаар, тус орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Лалын дээд шүүхийн дарга, Засгийн газрын гишүүн 22 хүний бараг тал нь Хомэйнийн садан төрөл, удмын хүмүүс болжээ. Улсын нэр хаягийг сольж, Ерөнхийлөгчийн засаглал бүхий лалын бүгд найрамдах улс гэж зарласан боловч төр засгийн тогтолцоо, дотоод улс төрийн бодлого Шахын үеэс дордсон уу гэхээс айхтар дээрдсэнгүй.

Нэгэнт засгийн бүх эрх мэдэл гарт нь ороод ирсэн тул өс хонзон авахаас үндсэн ажлаа эхлэв. Лалын шашны шариатын хуулиар хатуу цээрлэл үзүүлдэг журам тогтоосон ба европын, гадны гэсэн бүх юмыг хуу арчин цэвэрлэв. Хүний эрх Шахын үеийнхээс улам дордов. Дэлхийн хэвлэлд тэр үед бичиж байснаар бол, хар жанч нөмөрсөн, сахал үсэндээ баригдсан имам, мулла нар гудамж талбайгаар нь хөлхөлдөж, эмэгтэйчүүдийн эрхийг айхтар хөсөрдүүлж, тэд нь хар гивлүүр нөмрөг өмссөн, хүний өөдөөс эгцэлж харахгүй шахам явдаг тийм ёсыг Хомэйни тогтоосон мэт байв.  

Засаг төрийн тогтвортой байдал удтал үгүйлэгдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг байнга халж сольж, анхлан өөртэй нь хувьсгал хийсэн зүтгэлтнүүдээс хэдхэн лам л үлдээв. Эх орноо орхин цагаачлан гарах, сэжигтэйгээр амь үрэгдэх явдал байнгын болжээ. 1981 оны намар Ираны парламентын байрны дээвэр дэлбэрч, дотор нь хуралдаж байсан дээд хэмжээний бүх удирдагч газар дээрээ дарагдаж үхсэн дуулиантай хэрэг хүртэл дэгдэв. Эртний өстөн Ирактай тооцоо бодох ажил 1980-1988 оны сунжирсан их дайнаар үргэлжлэв.



Өмнө амлаж байсан газрыг тариачдад өгөх газрын реформ нь лалын шашны дээд лам нарт 30 мянган га газар өмчлүүлснээр хязгаарлагдав. Аж үйлдвэр, банк, санхүү, байгалийн нөөц баялаг ард түмний мэдэлд очсонгүй. Хомэйнийн дотоод бодлого мухардалд орлоо. Үндэстэн ястны асуудал хурцдав. Ираны Хузестан мужид суннит арабчууд, умард нутагт курдууд салан тусгаарлах тэмцэлд шилжжээ. Дотоодын хүнд бэрхшээл нь гаднаас учирсан түрэмгийлэлтэй холбоотой гэсэн шалтгаар Ирактай эхлүүлсэн дайнаа шийдэхийг хүссэнгүй, 12-оос дээш насны бүх эрчүүдийг фронтод явуулах зарлиг буулгасан нь Ираны хүч чадал туйлдаа хүртэл доройтсоны шинж тэмдэг гэлтэй. Иракт Саддам Хусэйны дэглэм сүйрэн унатал Иран тулалдана гэж Хомэйни айлджээ. Дайнд улс орон сөхрөх шахав. Дайн зөвхөн Иракаар хязгаарлагдаагүй юм. Хүү Ахмэдаа Ливаны лалын шашны шиит урсгалын тэргүүн Муса Садрын ач охинтой гэрлүүлж ургийн холбоо тогтоосноор Хомэйний урт савар Ойрхи Дорнод руу тэлжээ.

Шахын дэглэмийн үед Дундад Дорнодод хамгийн хүчирхэгт тооцогдож, зээл тусламж хөрөнгө оруулалт хүртэж байсан орныг ийнхүү Хомэйни лалын шашны тамын газар болгож хувиргав.



Яг ийм үедээ Хомэйни 1989 онд ертөнцийн мөнх бусыг үзжээ. Засгийн эрхийн асуудлыг шашны ёсоор шийдэв. Лалын шашны удирдагчаар өөрийн шавь аятолла Хосэйн Али Монтазэриг үлдээж, хувьсгал болон төрийн үйл хэргийг шавь Рафсанжани, Хамэнэй нартаа даалгажээ. Иранд засгийн эрхийн төлөө хурц тэмцэл өрнөсөнгүй, бат тогтвортой үлдлээ. Рафсанжанийн дараа шавь Хатами нь Лалын БНИУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллалаа. Тэдний удирдлага дор 1989-2005 онд гадаад бодлогын үзэл баримтлалаа эрс шийдэмгий шинэчлэж, нэр хүндийг нь өргөж чаджээ. 1980-аад оны сүүлээр дайны хөлд чирэгдэн эдийн засгийн хувьд хямралд нэрвэгдсэн байсан тул бусад улс гүрэнтэй эе эвийг хичээх, хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа тогтоож, гаднаас учрах аюулыг багасгах нь гадаад бодлогын гол стратегийн нэг болж, олон улсын харилцааны хэм хэмжээ, дүрэм, зарчмыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Харин “Ертөнцийг лалжуулах” суурь үзэл баримтлаасаа ухраагүй бөгөөд дайтаж, байлдахын оронд үлгэр жишээ, хөгжин дэвшиж буй лалын Иран улсыг цогцлоон байгуулах нь бусдыг аяндаа татан дагуулах болно хэмээн шашны удирдагч аятолла Монтазэри мэдэгдэж байв.
 
Гадаад бодлого дахь лалын ариун дайн–жихадын номлол ёсоор нэг томхон тойргийг хамарсан лалын эвсэл буй болох бөгөөд түүнийг Иран тэргүүлэх ажээ. Тэр тойргийн доторхи хамгийн жижиг тойрогт Ойрхи Дорнод, Дундад Ази, түүний гадуурхи бүслүүрт Умард Африк, Өмнөд Ази, гадна талын тойрогт Зүүн Ази, лалын үлдсэн бүх ертөнц багтана гэж томъёолов. Энэ бол номлол төдий буй зүйл. СССР задарч, Дундад Ази, Кавказад шинээр тусгаар тогтносон улсууд үүссэн, нөгөө талаас тэдгээр бүс нутагт мөргөлдөөний голомт бий болсон зэргээс үүдэн Хомэйнийн залгамжлагчдын бодлого нэг хэсэг умард зүг чиглэлээ эргүүлсэн юм.

*        *        *
Хомэйнийн дараахи өнөөгийн Ираныг түүний Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дээр Хомэйнийн намтрыг дэлгэрэнгүй өгүүлэх маягаар ХХ зууны Иран, ялангуяа лалын хувьсгалын түүхийг гаргахыг хичээсэн бол энэ удаа Ахмадинежадын хувийн намтрыг дэлгэх шаардлагагүй гэж үзлээ. Намтар дотроос нь онцлохоор хэдэн баримт авлаа. Тэр бүр хүүхэд байхаасаа үнэнч мусульман-шиит, имам Хомэйнийн үзэл санааг шүтэн бишрэгч, Коран судрыг нэвт цээжлэгч, тээврийн инженер мэргэжилтэй, доктор, их сургуулийн багш асан, оюутан байхаасаа исламист болсон, 1978–1979 оны хувьсгалын жилүүдэд хувьсгалт, хэт консерватив хөдөлгөөнд оролцож явсан, 1980–1988 онд  Ирактай дайтах үед өрхийн цэрэг (Ираны курдуудын удирдагч Абдул Рахман Гассемлыг алахад оролцсон гэх баримт бас бий), 1993-1997 онд Ардебиль мужийн захирагч, 2003-2005 онд Тегеран хотын дарга, 2005 оноос Ерөнхийлөгч, 2009 онд дахин сонгогдсон гэх мөрүүд байна ...

(Үргэлжлэл бий)