Сонгууль булхайтай бол­сон. Үүнийг сонгуулийн хо­рооны дарга хүртэл өөрөө зөвшөөрсөн. Зарим нэг таг сохор коммунистыг эс тооц­вол булхай луйвартай болс­ныг хэн ч үгүйсгэхгүй л бай­на. Гэхдээ энэ анхных нь биш. Гол нь сүүлчийнх нь бай­гаасай гэдэгт л асуудал бай­на. Сүүлчийнх байлгахын тулд арга хэмжээ авах ёстой. Дахин сонгууль бол дэндүү бололцоогүй хэрэг. Луйвар болчихлоо гээд ерөөсөө төр­гүй хоцрох гэвэл нөгөө талын туйлшрал.

Дахин тооллого явуулъя гэдэг ерөнхий зарчим дээр талууд тохирох шиг боллоо. Эхлээд таван тойрог гэж байснаа сүүлд нь Баттулга гэх том дарга гурав болгоод оруулаад ирлээ. Ардчилсан нам үүнийг ядахнаа 5 тойрог байх ёстой гэж маргаж байна. Зүгээр, надаас асуудагсан бол ээлж дараатайгаар мар­гаан гарсан бүх тойрог дээр дахин тооллого явуулчих­маар санагдаад байгаа юм. Гэхдээ би ийм шийдвэр гар­гагчийг сонгогч болохоос шийд­вэр гаргагч биш учраас саналаа л хэлж байна. Миний бодоход эхний ээлжинд тан­гараг өргөхдөө гол хоёр улс төрийн намын гишүүний тоо аль алиных нь 39-д хүрэхгүй байвал хоёр тал хэлэлцээ хийх тэнцүү боломжтой болно. Ийм саналыг З.Энхболд та­виад байгаа л даа. Би л лав дэмжиж байна. Үнэндээ луй­вар орсон болохоор аль тал нь сонгуулийн дүнгээр ялсан нь тодорхой биш гэсэн үг шүү дээ.

Маргалдагч хоёр тал хүн томилоод хэлэлцээ хийх баг бүрдүүлжээ. Мал хөлөөрөө, хүн хэлээрээ, болж л байна. Хэлэлцээ хийх утга учир нь нэгэнт сонгуулийн явц луйвар гэхээ болъё гэхэд будилаан­тай болсон учир тэр асуудал дотроо л хэлцэж тэр л асууд­лаа шийдэхэд чиглэмээр байдаг. Гэтэл хэлцэх асуу­далд Үндсэн хууль өөрчлөх тухай яригдаад эхэлдэг бай­гаа. Үндсэн хуулийн 1999 оны нэмэлтийг хүчингүй болгоно гэж нэрлэж байна. 1999 оны нэмэлтээр буй болсон Үнд­сэн хууль чинь мөн л зүгээр л Үндсэн хууль шүү дээ. Одоо нэмэлт өөрчлөлт оруулбал бас л зүгээр Үндсэн хууль гэж нэрлэгдэнэ. Нэмэлт өөрч­лөлт, түүнийг хүчингүй болгосон, дахин сэргээсэн гэх мэтийн асуудал бол хуу­лийн өөрийнх нь түүх юм, энэ утгаараа ач холбогдол ч бага.

Сая Ерөнхийлөгч Монгол улс 116 УИХ-ын гишүүнтэй болчоод байгааг зарлалаа. Тоглоомоор л хэлж байгаа байх л даа. Гэхдээ үнэндээ манайх хууль тогтоох эрх бүхий ганц ч хүнгүй болчоод байна. Ерөнхийлөгч анхду­гаар чуулганыг зарлан дууд­сан учраас түрүүний хурлын гишүүдийн эрх үлдсэн бо­ло­хоос УИХ нь хууль тогтоох инс­титуцын хувьд бүрэн дуус­гавар болсон. Юун Үнд­сэн хуульд өөрчлөлт оруулах байтугай Нямдорж шиг сэм засах ч эрх байхгүй "хий тоологдсон" 116 хүн л байгаа байх. Тэд хууль өөрчлөх тухай ярьж байгаа бол долоон буудлын Должин эмээд ч бас тийм эрх бий. Тангараг өр­гөөгүй бол тэдний хэнд нь ч ямар ч эрх нээг­дэхгүй.

Цаашлаад Үндсэн хуу­лийн 1999 оны өөрчлөлтийг МАХН, МҮАН, МСДН гэсэн тэр үед УИХ-д суудал эзэлж байсан гол гурван нам зөв­шилцөн хэлэлцэж байж хий­сэн юм. Худлаа гэвэл бүг­дийнх нь гарын үсэг тэнд байгаа. Төрийн эрх барьж байсан, парламентад олонхи суудлыг эзэлж байсан Ард­чилсан хүчнийхний зүгээс энэ өөрчлөлт нь улс орныхоо ирээдүйг бодсон том хүлцэл, сайн санааны илрэл байлаа. Тухайн үед суудлын 66 хувь нь ирц бүрдүүлдэг нормтой байсан нь цөөнхи МАХН-д хэт давуу тал олгож төрийн ма­шиныг гацаах гол арга нь болж хувирсан билээ. Тэр жилүү­дэд махновцууд 120 гаруй удаа хурлыг хаяж сүржигнэн төрийн машиныг ямар ч шийд­вэр гаргахгүй болгон бах таваа хангаж байв. Зарим саналыг нууц өгч болдог тогтолцоо байлаа. Уул нь ард түмнээс сонгогдсон элчийн ямар асуудалд яаж санал өгч байгаа нь эргээд ард түм­нийхээ өмнө ил тод байх зарчимтай л даа. Гэтэл энэ гажигтай тогтолцоо нь богино хугацаанд 4 Засгийн нүүр үзэх байдалд хүргэжээ. Ур­вагчид, увайгүй шаарууд, явцуу эрх ашгийн шинэ бү­лэглэлүүдэд энэ нь сайхан боломж олгож байлаа. Үндсэн хуулийн зарчмаараа бид пар­ламентийн засаглалтай бо­ловч Ерөнхийлөгчийн тухай заалтууд нь тодорхой бусаас болоод түүнд логикоор олгог­доогүй эрхийг нь атгуулж байв. Мань Багабанди Зас­гийн газрыг хэнээр тол­гой­луулахыг шийддэг болж "зөв­шилцөл" гэдэг үгийг мөн ч сайхан мушгин гуйвуулж байсан даа. Ганболдын нэ­рийг 7 буцааж байлаа. Ерөн­хий сайд болохоор горилогчид өөрийн явцуу шаардлагаа ч тавьж "зөвшилцөх" гэж бай­лаа. Муутай ч сайтай ч Мон­голын төр, цааш ийм утга учиргүй механизмаар явах ёсгүй гэсэндээ Ардчилсан хүчин дараагийн парламен­таас мөрдөгдөх Үндсэн хуу­лийн өөрчлөлтийг санал бол­госон юм. Дараагийн парла­мент МАХН-ынх, Ерөнхий сайд нь Энхбаяр гэдэг нь тэр үед дэндүү тод болчихсон байсан хэрэг. Гэхдээ Энх­баяр мөнхийнх биш, ардчил­сан зарчим, ардчилсан төр мөнхийнх гэсэн хүлцэл бүхий сайн санааг бид гаргаж байв.

2005 оноос хойш энэ өөрч­лөлтийг хүчингүй болгох яриа их гарч эхэлсэн. Яриа гарч эхэлсэн цэг ч юмыг ялигүй логиктой харж чаддаг хүнд илэрхий байлаа. Харин энэ нь санал санаачлагыг гаргаж ирсэн улс төрийн хүчний албан ёсны шаардлага болоод босоод ирнэ чинээ сана­сангүй. Тэгээд тэрийгээ Мон­голын төр залгамжлан үр­гэлжлэх эсэх гэсэн маш хурц асуудлаар барьцаалагдан орж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ? Бүр болоогүй, сонгуулийн луйвар булхай ярьж байхад бидний амьдарч байгаа үнд­сэн зарчим, механизмтай холбогдуулж байна. Энэ бү­хэн хэнд хэрэгтэй юм бэ? Хэнд? Эхний ээлжинд ганц хүнд л хэрэгтэй мэт харагдаад байна.

Монголд хууль тогтоох, өөрчлөх, орондоо болон жор­лондоо засах эрхтэй ганц ч хүн өнөөдөртөө байхгүй бай­гаа шүү. Хоёр намын хэлэл­цээ нь сонгуулийн булхай луйврыг засах, луйвраас үүдсэн хор холбогдлыг аль болох багасгах чиглэлээр л байх ёстой баймаар. Бусад асуудлаар ярих эрх хэлэл­цээрт орж буй хэнд нь ч байхгүй. Яагаад гэвэл тэд тангаргаа өргөөгүй, яагаад гэвэл тэдэнд тэр эрх нь нээг­дээгүй байгаа. Асуудал хали­на халина гэхэд арай ч дэндэнээ!