Дэлхийн 50 шахам улс л газар нутагтаа ямар нэг хэмжээгээр цэвдэгтэй гэх. Өөрөөр хэлбэл, бөмбөрцөгийн хойд хагасын газар нутгийн 25 хүрэхгүй хувьд нь дэлхийн уур амьсгал, гол горхи, мод ургамлыг тэжээж, байгалийн тэнцэврийг хангадаг цэвдэг тархсан байдаг гэхээр ямар ач холбогдолтой тогтоц вэ гэдэг нь ойлгогдох биз ээ. Монгол нутгийн 30 хүрэхгүй хувь нь цэвдэгтэй. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаарт ордог аж.

Тэгэхээр Монгол нутагт тархсан цэвдэг нь зөвхөн биднийх биш, дэлхийн байгаль, цаг уурын зохицлыг хангаж, ургамлын бүтцийг хамгаалж байдгаараа нийт хүн төрөлхтөнд хамаатай байх нь.

Их хэмжээний мөс чийгийг өөртөө агуулсан, тэгээс доош градуст байгаа хөрс, чулуулгийг цэвдэг гэдэг. Манайхан мөнх цэвдэг гэж ярьдаг. Цэвдэг мөнх байхаа больжээ. Монгол орны хойд нутгуудаар тархсан цэвдэг хайлж, хэмжээ нь жил ирэх бүр багасаж байгааг судлаачид, цагуурчид тогтоосон байна. Энэ хэвээрээ үргэлжлэх аваас 2060 он буюу 35-хан жилийн дараа бидний мөнх гэж ярьж, ойлгож ирсэн цэвдэг хайлж дуусах нь ээ. Тэгвэл юу болох вэ гэж үү, тов тодорхой. Газрын гадаргын температур нэмэгдэж, усны нөөц багасаж, гол, горхи ширгэж, ургамлын төрөл зүйл их хэмжээгээр устана гэдгийг судлаачид хэлдэг. Монголчуудын шүтээн болсон хайрхнуудын буурал орой харлаж, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн их тайгууд хувхайрах гэнэ. Бид үүнийг хүснэ гэж үү.

Цэвдэг хайлхад юу нөлөөлж байна вэ. Маш олон шалтгаан нэрлэж болно. Энэ дундаас ирээдүйгээ хараагүй хүмүүн бидний үйл голлох буруутай. Уул уурхай нэрээр хөрс, чулуулгийг онгичиж, ой модыг их хэмжээгээр огтчин байгаа нь үүнд хамаатай.

Эрх мэдэлтнүүдийн харалган бодлогын уршгаар цэвдэг хайл, үүнээс үүдсэн гамшиг нүүрлэхэд ойрхон буй нэгэн үйлдвэрийг энд онцолъё. Сонгинохайрхан дүүрэгт, Улаанбаатар хотын салхин дээр байгуулсан баруун бүсийн гэж нэрлэж асан сайжруулсан түлшний үйлдвэр агаарын бохирдлыг бууруулахаасаа илүү өөрөө уршиг дагуулах болов. Хотынхоо салхины дээд талд энэ үйлдвэрийг байгуулсан нь манай эрх баригчдын мулгуу бодлогын уршгийг иргэд амссан. Гурван жил хүрэхгүй шахам ажиллуулаад олон арван тэрбумыг зарцуулсан дээрх үйлдвэрээ нүүлгэлээ. Хуучныг нь буулгах, шинийг барих гээд мөн л өчнөөн тэрбум төгрөг зарцуулан байж Налайх дүүргийн баруун талд, Богд уулын зүүн суганд байгуулсан сайжруулсан түлшний үйлдвэрээ мөд нүүлгэх хэрэг гарах вий. Учир нь Хөлийн голын эхний цэвдэг дээр байгуулсан эл үйлдвэр хөө тортгоороо орчноо хэдийн бохирдуулаад эхэлжээ. Хөрсийг битүү хучсан нүүрсний хөө тортог өөртөө дулаан хадгалж, тэр хэрээр цэвдгийг хайлуулна.

Хөлийн гол үерлэсэн үедээ эрэг дагуух гэр хороолол, орон сууц, барилгад ихээхэн хохирол учруулдаг

Богд уулын ар хормойг үзэсгэлэнтэй сайхан байлгаж, олон мал бэлчээрүүлж ирсэн хөндийгөөр урсдаг Хөлийн гол цэвдэг хайлсны улмаас хэдэн жил дараалан үеэрлэнэ. Угаасаа ч сүүлийн хоёр жил дараалан үеэрлэж байгаа. Үерийн улмаас голын хөндийд байгуулсан олон арван барилга байгууламж, орон сууцны хороолол усанд автна. Үүнээс учирсан хохирлыг үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан эрх баригчид хүлээх үү. Юу л бол. Тэнд барилга барьж, орон сууцанд орсон иргэдийн хохь болоод өнгөрөх биз.

Цэвдэг хайлах хэрээр хөрс суудаг. Хамгийн гол аюул энд байна. Татвар төлөгчдийн хэдэн зуун тэрбум төгрөгөөр цэвдэг дээр байгуулсан түлшний үйлдвэрийн байрилга байгууламж нурахдаа тулна. Үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоно, бүр зогсоохдоо хүрнэ. Улаанбаатар хотын иргэд, байгуулагууд түлшгүй болно. Хотын ихэнх хэсэг болсон гэр хорооллынхонд хөлдөх аюул нүүрлэнэ. Ийм аюул хол биш болсон.

Үүнийг Хөлийн гол орчмын байгаль орчны үнэлгээ хийсэн инженерүүд, үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан эрх баригчид мэдээгүй байсан гэвэл түүн шиг худал үгүй.

Илүү их хөрөнгө зарцуулахаасаа өмнө Зүүн бүсийн гэж нэрлээд байгаа түлшний үйлдвэрээ нүүлгэсэн нь л өлзийтэй болов уу.