Бээжинг хооллосон шар мухлаг
Бээжин хот 20 сая гаран хүнтэй. Энэ олон сая хүн дотор баян ч бий, ядуу ч бий. Хоолоо олоод идэх тэнхээтэй ч бий, төр засаг нь туслахгүй бол тураад үхэх нь ч бий. Гэвч Бээжин энэ олон сая хүнийг хооллоод л байна. Олон арван сая хүнийг дажгүй чанартай, үнэ хамгийн хямд, цэвэр, халуун хоолоор хооллож байгаа шар мухлаг хэмжээгээрээ хоёр хүн багтан ажиллахаар жижиг ч гэсэн төрийн том бодлого энд байна.
Манайхан чинь өглөө босоод санд мэнд, хүүхдээ яаран хувцаслаад ажилдаа явах, хоосон ходоодтой үдээс өмнийг барж ажил хийх гэж тэгэс ингэс хийж байгаад өдөр хүргэнэ. Орой бол харин чирч өгнө дөө. Хотынхоо дарга нарт хэлье гэж бодоод Бээжин хотыг үнэ хямдтай халуун хоолоор хооллож чадаж байгаа шар мухлагийн туршлагаас судаллаа. Ард түмнээ тэжээнэ хооллоно гэдэг төрийн бодлого байдаг юм байна. Энэ шар мухлагт нэг ам.долларын хоол зарахад төрөөс нэг ам.доллараар тэтгэдэг юм байна. Өдөр ресторанд нэг аяга цай нэг ам.доллар байхад өглөөний хоолны бүрдэл нэг ам.долларын үнэтэй байхаар зохион байгуулжээ. Машин, дугуйгаар чирдэг хоолны зориулалтын мухлагууд хийжээ. Нийтийн хоолны бэлтгэлийн том цехүүдэдэд гурилыг нь зуураад, ногоог нь арилгаад жигнээд, хайрч шараад хүнд өгөхөд бэлэн болгоод шар мухлагуудад хүргэж өгнө. Нэг хоолны мухлагт зориулан ажлын байр тавыг гаргасан гэнэ. Мухлагийн үндсэн худалдагч нэг, өглөөний гэрээт тогооч хоёр, цехээс хагас боловсруулсан бүтээгэхүүн зөөдөг тэрэгчин нэг, хамгаалагч, ариун цэврийн байцаагч тус бүр нэгийг ажиллуулдаг гэв. Том хотын хүн амыг эрүүл цэвэр, хямд халуун хоолоор хангах нь Хятадын төрийн хамгийн гол бодлого болон шинээр тавигдсан байна. Ши дарга төрийн байгууллагуудыг том том үнэтэй ресторанд элдэв хүлээн авалт хийх, дарга нар нь төрийн мөнгөөр урьсан зочдоо өндөр үнээр хооллохыг хатуу хориглож, авлигын нэг хэлбэр гэж үзжээ. Томоохон зоогийн газрууд хүнд байдалд орж магадгүй ч ард иргэд нь хямд, чанартай хоолонд дуртай байгаа гэв. Хятад улс дэлхийн газар тариалангийн газрын дөнгөж долоон хувьд тариа ногоо тарьж, дэлхийн хүн амын 25 хувийн хэрэгцээг хангаж байгаа гэнэ. Ийм их хөдөлмөр хийж байгаа тариачдынхаа гурил, ногоог төр нь худалдан авч алдагдлыг нь үүрээд өглөөний халуун хоолыг нь төр бэлтгэн өгч байна. Хүн амыг ингэж халуун хоолоор хангахад хүнс хоолны хяналтын алба нь гол үүрэгтэй орлцож байна. Төрийн хяналтынхан өглөөний хоолны шар мухлагуудыг торгож шалгаж биш хамтран ажиллаж төрийн хувьцааг эзэмшдэг хамгаалдаг гэнэ. Хятад улс эдийн засгийнхаа суурь үнийг тариа ногоо гэж тооцдог. Тэгээд л тариа ногооныхоо үнийг барьж ард түмнээ хооллохыг бодлого болгодог гэнэ. Манайх чинь эдийн засгийнхаа суурь үнийг бензин гэж үздэг. Бензиний үнэ өсөхөөр бүх үнэ өсч төр, иргэд хоёр хоёулаа сандардаг биз дээ. Манай суурь үнэ бензин биш байх аа. Тэгэхэд хятад хүн ингэж ярьдаг гэнэ. Амьд явсан хүн аяга будаа иднээ гэдэг. Харин Монголын маань эдийн засгийн суурь үнэ нефть арай биш байх аа. Ус юм болов уу. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэг биз дээ. Хятад хүн гэдсээ өлсөхөөр нүгэлтэй их уурладаг, бухимддаг гэнэ. Тэгээд ард түмнээ хооллох шар мухлаг төрийн бодлого болжээ.