Сагсны шигшээ
Нэг үзэгч юм шидэхэд бүгд дургүйцэж байгаа нь бид соёлын хувьд дэлхийд ойртож буйг харуулж байна. Монголын сагс хөгжиж байна, агуулга нь хэдэн жилийн дараа өөрөө ярих болно, яг л Пакын дараах арван жил шиг
Өмнө нь дасгалжуулагчаа соль гэдэг яриа хүчтэй өрнөж байлаа. Монгол дасгалжуулагчид монгол тоглогчдоо сайн мэддэг учраас бидний хамгийн сайн мэддэг сайн тоглогчдыг шигшээ багтаа авч явдаг байв. Хамгийн сайнуудаа авч яваад хожигдохоор тэрийг аваад яв гэдэг яриа гардаггүй байлаа. Харин гадаад дасгалжуулагч ирэхээр сайн ур чадвараас гадна, системээ ойлгодог, багийн тоглолтын сахилга баттай, багаар тоглох сэтгэхүйтэй гээд өөр дагалдах чадваруудыг харж авдаг учраас бидэнд сайн гэж боддог тоглогчид үлдэх тохиолдол бий. Өмнөд Солонгосын Пак Сун Гин дасгалжуулагчийг боль, соль гэдэг яриа зөндөө байлаа. Монголд болсон Олон Улсын тэмцээнд гадаад дасгалжуулагчийг солих яриа өрнөж л байлаа. Донг Гукын Их Сургуульд хоёр удаа ниргүүлэхэд Солонгосын байдаг л нэг хувийн сургуульд хожигдлоо гэх яриа зөндөө өрнөж байв. Сошиал байгаагүй учраас тэндээ яриа нь дуусаж байлаа. Донг Гуктай тоглоход манайх нуруугаар өндөр байсан шүү.
Манай хоёр төв Ц.Шаравжамц ах 212, Э.Анар 199 см байсан. Донг Гукын төв О Ки Сок 194 см байлаа. Тоглолтоор нуруу өндөр ч манайх алуулж билээ. Макаод болсон 2005 оны Зүүн Азийн Наадамд үнэн гоё залуу баг явсан. Бас л хал соль яриа өрнөөстэй. Гэтэл жилийн дараа нөгөө Донг Гук нь ирэхэд системтэй болсон Монголын шигшээ Эрдэнэтэд нөхөрсөг дээр хожиж яг үндсэн тэмцээн дээрээ хоёр удаа өгөө аваатай үзлээ. Жилийн дотор хамгаалалтын хэд хэдэн хувилбар сурсан, гүйж сурсан, довтолгооны олон хувилбартай болсон байлаа. Эрдэнэтээс тоглосон Н.Эрдэнэбулган гэж лигт ч тоглож байгаагүй тоглогчийг шигшээд дуудаад талбайд 10 гаран минут тоглуулж байв. Нөгөөх нь тэнцээний оноо ч авч байх шиг. Эндээс Монголын сагс дараагийн шатанд гарах асар том дэвшил гарсан. Тухайн үед тайлбарлагчаар ажиллаж байхад таван жилийн дотор зогсож тоглодог, хэдхэн хүнээр тоглодог монголын сагс танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Өнөөдөр Грек дасгалжуулагчийн хажууд нь болон зэрэгцээ ажиллаж буй ихэнх дасгалжуулагчид монголд ирсэн хамгийн сайн дасгалжуулагч гэдгийг хэлдэг. Ахиад л нөгөө бидний шалгуураар хамгийн сайн хэдээ авч яваагүй учраас соль, боль гэх нь яриа гарч байна. Спортоо сайн ойлгохгүй хүмүүс ялах нь чухал болохоос цаашаа агуулгын хувьд ахихыг барагтай бол олж харахгүй. Тэдэнд агуулга биш хожих нь л чухал. Ихэнх нь үзэгчид, сагсныхан дотор байвал сагс сайн тоглодог ч үзэгч шиг сэтгэхүй л гэсэн үг. Спортод тийм хүмүүс нэлээдгүй байдаг. Ийм хүмүүсийг ер нь тоох хэрэггүй. Япон, Хятадтай бид агуулгын хувьд ойрхон тоглох нь чухал болохоос хожил 4, 5 дахь асуудал. Агуулгаар эхний үе тэнцүү л тоглож байна. Бүтэн тоглолт агуулгаа барих амаргүй байгаа цохилтыг янз бүрээр авч байна. Гэхдээ чадвар, нуруу, систем гээд яах аргагүй дутаж байна. Агуулга ойртвол хожил ойрхон болно. Монголын спортын холбоодыг харахад мэргэжлийн гэмээр бодлоготой холбоо олох хэцүү. Цөөн чадварлаг хүмүүс гараад түр хугацаанд тэгэх тохиолдол бий. Харин сагсны холбоог мэргэжлийн гэмээр бодлого гаргаж буйг харж байна. Үнэхээр шигшээ багт хэрэгтэй байсан 3х3 гэж тоглогчдоо хуваалаа. Өнөөдөр ашиггүй мэт боловч энэ нь ирээдүйд үр дүнгээ өгөх шийдвэр.
Айдас
Ч.Маргад бол дараагийн Т.Санчир мэт тоглож байна. Монгол сагсчдаас гадна монгол тамирчдад байдаггүй зоригтой, итгэлтэй, айдасгүй тоглолт. Энэ бол талбай дээр биш нийгмээс авдаг зан. Коммунист буй эрх чөлөөг хаасан нийгэмд хүн чадварыг нь сурдаг ч сэтгэлзүйн хувьд айдастай, түгшдэг эмгэгтэй болдог нь спорт шиг шийдвэрлэх мөч ихтэй зүйл дээр шууд илэрдэг. Олимпт оролцож буй монгол тамирчдаа бодоход л нүдэнд чинь харагдах байх. Дандаа сүүлийн шийдвэрлэх мөчид ялалтаа алдана эсвэл явж өгдөггүй. Чадвар биш сэтгэлзүйгээ хуваарилж чадахгүй байна, сэтгэлзүйгээ давж чадахгүй байгаа юм. Монголын сургалт зарчмын биш цэрэгжилтийн, уучлал, урмын биш шийтгэлийн, хөгжлийн биш зөвхөн хожлын төлөөх (ийм арга барилтнууд насанд хүрээд ч зааланд тоглохдоо хожих гээд хэрэлдэж зодолдох нь холгүй байдагтай холбоотой) арга барилтай. Багш нь хүчтэй мэт боловч багшаасаа алдартай болчихвол шавь бараг багш мэт аашилна. Анхнаасаа зарчим сураагүй бол цэрэгжилтийн гэдэг тушаалын сургалт хүнийг ийм л болгоно. Эндээс монгол хүнийг байнга дарж байхгүй бол болохгүй, сул тавихаар дийлдэхээ больдог гэх мэт ярианууд гардаг. Ахлах сургуулийн сургалт ч ийм. Гэтэл ийм нийгмийн сургалтаар яваагүй Маргадад ямар ч айдас алга. Нийтийн эсрэг алдаа гаргаад асуудалгүй зогсож чадах зориг байна. Шийдвэрлэх мөчид үүсдэг айдас бүгд миний эсрэг болох байх, би алдвал бусад маань юу гэх бол гэдэг олонтойгоо байсаар байгаад сурсан зан юм. Тэгэхээр айдасгүй байх нь ур чадвар юм байна. Спортын талбай дээр биш нийгмээс гэр бүлээсээ авч буй чадвар юм. Санчир яагаад тийм биш юм гэж үү! Ийм онцгой сэтгэлзүйтэй тамирчид маш цөөхөн төрдөг, тэдний нэг. Манайд нэлээд дураараа өссөн хүүхдүүд сахилга бат тааруу болдог ч, сэтгэлзүй хүчтэй болж буй харагддаг. Дураараа байх нь сахилга баттай нийлбэл тэгээд дийлдэхээ больж байгаа юм даа. Систем болон дүрэм нь тодорхой нийгэмд дураараа өсөөд сэтгэлзүй сайн болдог нь хөгжилтэй улсуудаас харагддаг. Ч.Маргадыг онош бараг л энэ болов уу
Багийн эзэд
Монголын сагсанд оруулж буй хөрөнгө оруулагчид маш чухал. Хөрөнгө нь таашаал, нэр хүндээс өөр ирэх зүйлгүй цааш явж байгааг ихэнх нь мэдэж байгаа. Тэгсэн ч дуртай юм болохоороо мөнгө босгосоор яваад баярладаг. Манай нэг найз бий. Би сагсанд дуртай, монголын сагсыг хөгжөөсэй гэсэндээ л баг авсан гэж байгаа нь 20 орчим хүний цалинг өгч, төдий тооны хүнийг сагсанд амьдруулж байгаа. Энэ олон чадварлаг гадаад тоглогчдыг авчрах нь монгол тоглогчдын өндөр хүний эсрэг тоглох болон ур чадвартай хүмүүстэй тоглож сурах чадварыг тогтмол сайжруулсаар. Сайн хүнтэй тоглох тусам сайжирдаг спортын “хууль” бий. Ийм үнэ цэнтэй бараануудаа сагсны холбоо өнгөрсөн жил өшиглөөд явуулангаа алдсан. Мэдээж хөгжих замын нэг хэсэг ч алсын хараатай байхгүй бол болохгүй гэдгийг ойлгосон сургамж. Бас дээр нь эздийн алсын хараа, зан характер чухал. Монгол шиг босоо удирдлагад дуртай нийгэмд эзэн ямар байна баг тийм л байдаг. Эзэн жоохон авиргүй бол баг тийм л болдгийг харуулсан жишээ бий. Сонирхогчийн тэмцээнд хожигдоод шүүгч зодох гэж улайрч байсан хүн дээд лигийн багийн эзэн болоход баг нь яг л тэр зам руу явж байсан жишээ мэднэ. Гэхдээ сагсны холбоо хүчтэй болсноор энэ байдал өөрчлөгдөж байна. Нэг үзэгч юм шидэхэд бүгд дургүйцэж байгаа нь бид соёлын хувьд дэлхийд ойртож буйг харуулж байна. Монголын сагс хөгжиж байна, агуулга нь хэдэн жилийн дараа өөрөө ярих болно, яг л Пакын дараах арван жил шиг