Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэж эхлээд байна. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг зарлахаар болсон. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм байна.

Гэвч Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг татах асуудал нь баялгийн нөөцөөсөө илүү улс төрийн болон хууль эрх зүйн орчны тогтвортой байдал болчихоод байгаа. Ялангуяа хөрөнгө оруулагчдад хандаж буй олон нийтийн болон хууль тогтоогчдын хандлага, эрх барьж байгаа улс төрийн хүчний бодлого нь бараг "номер нэг" бэрхшээл болсон гэж болно. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид гадаад, дотоодын хэд хэчнээн хөрөнгө оруулагчдыг хөөж гаргав, тонож дээрэмдэв?

Салхитын мөнгөний орд дээр ажиллаж байсан Хятадын компанийг хөөж гаргаад, төрд аваад дампууруулсан. Ахмадуудын авсан тэтгэврийн зээлийг тэглэхэд ганцхан удаа хэрэглээд амыг нь барьсан даа. Хөтөлийн цементийн үйлдвэрийг ХХБ-ныхнаас булааж аваад жилийн дотор дампууруулсан, Хар төмөрлөгийн үйлдвэр зогссон. Халзанбүрэгтэй орд дээр явуулж байсан газрын хово элементийн төслийг зогсоосон. Хамгийн сүүлд "Эрдэнэт" үйлдвэрийн хаягдал овоолго дээр ажиллаж байсан "Ачит Ихт" компани ердөө оны өмнө үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн. Одоо энэ зууны хамгийн том уул уурхайн бүтээн байгуулалт гэгдэж байгаа Оюутолгой төсөл бас яах ийх нь тодорхойгүй. 

УИХ-ын гишүүн Н.Батнайрамдалын санаачилгаар өнгөрөгч сард /2025 оны 12.08-12.12/ УИХ-ын нээлттэй сонсгол явуулж, хөрөнгө оруулагч нарыг гурван өдөр шүүсэн. Сонсголын төгсгөлд сонсгол санаачилсан гишүүн нь "Оюутолгой төсөл бол Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа хамгийн том төсөл. Хөрөнгө оруулагч нартайгаа цаашид хамтран ажиллана гэж найдаж байна" гэж хэлээд нулимсаа залгиад тайзнаас буусан.  

Гэвч сонсгол зохион байгуулахаас өмнө эхлүүлсэн Засгийн газар болоод хөрөнгө оруулагчийн /Рио Тинто/ хэлэлцээр тийм ч таатай биш байгаа бололтой. Хөрөнгө оруулагч талаас "Өөрчилж болдоггүй гэрээ гэж байдаггүй, гагцхүү гэрээний хоёр талын хэлэлцээрийн үр дүнд шийдэгдэх асуудал юмаа" гэдгийг олонтаа хэлж байгаа. Харин өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар  хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” группын удирдлагуудад Оюутолгойн төсөлд Монголын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар "хатуухан" шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн.

Шаардлага эзэндээ хүрсэн үү, шаардлагад юу тусгагдсан байсан бэ гэдгийг мэдэхгүй ч энэ үйлдэл нь угаасаа хэлэлцээрийн шугамаас хальсан үйлдэл юм. Хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалж байгаа Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням сүүлийн үед чимээгүй болсон нь, танхимын тэргүүн өмнөөс нь мэдэгдэл хийхэд хүрсэн зэрэг нь ингэж хардахад хүргэж байна.

Сонсох нээ, манай нөхөд Оюутолгойн бүлэг ордын хоёр лиценз дээр үйл ажиллагаа явуулж байгаа "Онтрэ" компаниас дахин хувь эзэмшинэ гэж тулгаснаас болсон бололтой юм. Уг нь бол "Онтрэ" компани нь "Оюутолгой" ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад, хувь эзэмшлээ тогтоочихсон. Тухайн лицензүүд нь Хөрөнгө оруулалтын гэрээнд багтчихсан. Тэгэхээр хуулиараа "Оюутолгой" ХХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа Монголын Засгийн газар, "Эрдэнэс Монгол" компани ч гэсэн энэ ордын 34 хувийг эзэмшиж байгаа гэсэн үг. Угаасаа хөрөнгө оруулалтын гэрээндээ заагаад өгчихсөн байгаа. Дээр нь "Онтрэ"-гийнхан өөрт оногдох хувиас 34 хувийг Монголын Засгийн газарт өгөхөд бэлэн гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр асуудал юунд байна вэ?   

Сонсголоос үлдсэн хамгийн гол дүгнэлт бол манай тал буюу Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа хуулийн этгээд ажлаа бүрэн дүүрэн хийж чадаагүй байна аа, хөрөнгө оруулалтын гэрээнд заасан ажлаа хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүй байна аа. Энд томилогдож ажиллаж байгаа нөхөд уг төсөл дээр Монголын талын эрх ашгийг бүрэн дүүрэн хангаж ажиллаагүй байна аа гэдэг дүгнэлт. Тэгээд одоо хөрөнгө оруулагч талд дангаарчлан шаардлага тавих нь зөв зүйтэй үйлдэл мөн үү? гэдэг асуулт.

Өнгөрсөн сард болсон сонсгол дээр Оюутолгой төсөл, хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээг хамгаалж үг хэлсэн, хоёр талын эрх ашгийг эн тэнцүү ярьсан ганц хүн нь уг гэрээг байгуулсан, Сангийн сайд асан С.Баярцогт. Манай масс "хорин мянган хувьсагчтай" хэмээн мань хүнийг даапаалдаг боловч бодит байдал яг л тийм. Зах зээл, бизнес, хөрөнгө оруулалт гэдэг чинь тэр хэмжээний хүчин зүйлээс шалтгаалдаг гэсэн үг. Тийм болохоор хөрөнгө оруулагчтай "нэг хэлээр" /ижил түвшинд гэсэн үг л дээ/ ярьж чаддагаар нь, хоёрдугаарт анх энэ гэрээг хийсэн, тэрнийхээ хариуцлагыг ч хүлээнэ гэж өнөөдрийг хүртэл баталж байгаа С.Баярцогтоор хэлэлцээрийг ахлуулчих. 

С.Баярцогт гэдэг хүн сонсгол дээр ч маш тодорхой хэлсэн. Монгол Улсын төлөө чөмгөө дундартал зүтгэлээ, цаашид ч гэсэн зүтгэнэ гэж. Ямар ч байсан Г.Дамдиннямаас хувь дээр. Бүх зүйлийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Хэрвээ улс орны эрх ашиг ярих гэж байгаа бол тэр нь лав МАН-ын бодлого, үзэл суртлаас ангид байх ёстой. Эхний том төсөл дээрээ бид унавал цаашид Монголд хөрөнгө оруулах тухай ямар ч яриа байхгүй болно.