“Валдай”-н тухай нэмж өгүүлэх нь
“Валдай” клубын хуралд оролцоод ирснийхээ дараа нийтлэлч Баабар, Цэнддоо нартай уулзахад тэд хурлын талаар ихэд сонирхон асууж байсан учраас хүмүүст сонирхолтой байж магадгүй юм байна гэж бодоод “Олон улсын оюуны мэтгэлцээний “Валдай” клуб” гэсэн нийтлэл бичсэн юм.
“Валдай” клубын хуралд оролцоод ирснийхээ дараа нийтлэлч Баабар, Цэнддоо нартай уулзахад тэд хурлын талаар ихэд сонирхон асууж байсан учраас хүмүүст сонирхолтой байж магадгүй юм байна гэж бодоод “Олон улсын оюуны мэтгэлцээний “Валдай” клуб” гэсэн нийтлэл бичсэн юм. Нийтлэл гарсны дараа бас манай ганц нэг ахмад дипломатчид ярьж “Валдай” клуб, монгол-оросын болоод олон улсын харилцааны талаар санаа бодлоо солилцсон учир энэ клубын хурлын үеэр хөндөгдөж яригдсан зарим зүйлийг нэмж бичье гэж бодлоо.
Энэ удаагийн хурал “Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ: маргаашийн дэлхий ертөнцийн дүр төрх” гэсэн нэрийн дор болсон учраас төлөөлөгчид глобал асуудлыг задгай ярьж байв. Жишээ нь, нэг нөхөр дэлхий дээр тасралтгүй гарч байгаа зэвсэг мөргөлдөөнүүдийг зэр зэвсгийн хувьд хамгийн хүчирхэг АНУ, ОХУ болон БНХАУ л хамтраад шийддэг эрхийг олгох хэрэгтэй гэв. Хурлын завсарлагаанаар надаас ярилцлага авсан телевизийн сурвалжлагч энэ саналын талаар асуухад нь НҮБ, цөмийн зэвсэгтэй таван орон ордог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гэж байгууллага байхад үүнээс гадуур шинэ бүтэц байгуулах шаардлага байхгүй биз дээ гэж хэлэв.
Хурал дээр ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн Шадар сайд И.Шувалов Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридорын талаар хэлэхдээ бүх зүйл Монголын талаас шалтгаалж байгаа гэсэн нь манайх тодорхой тооцоогүй, үндэслэл муутай санал тавьдаг, бас тавьсан саналаа өөрчилдөг нь юуны өмнө манай ажил хариуцсан хүмүүс ойр ойрхон өөрчлөгддөгтэй холбоотой. Ойр ойрхон өөрчлөгдөөд ажил явуулахад хүндрэлтэй байдаг гэж оросын тал ярих юм билээ. Олон жил яригдаж байгаа гэх асуудлуудын нэг нь ч өнөөдөр тодорхой төсөл болон цаасан дээр буугаагүй учраас хүн бүр өөр өөрөөр ярьдаг.
Казахстаны Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Төв банкны даргаар ажиллаж байсан Г.Марченко ШХАБ бол улс төр, аюулгүй байдлын хувьд чухал үүрэгтэй байгууллага, гэхдээ эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах нь эргэлзээтэй гэв. Харин ИКАР (Индия, Китай, Азия, Россия гэсний эхний үсгүүд) гэдэг байгууллага, эсхүл холбоо байгуулаад аль нэг том орны үндэсний валют биш мөртлөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн НК долларыг бүс нутгийн валют болгох хэрэгтэй гэж ярив. Өөрөөр хэлбэл АНУ болон ам.доллараас хамааралгүй болох нь зүйтэй гэж байлаа. ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Арменийг эгнээндээ нэгтгэдэг Евроазийн эдийн засгийн холбооны хувьд гэвэл хоорондын худалдааны 70 хувь нь рублиэр хийгддэг юм байна (өөрөөр хэлбэл ОХУ болон бусад гишүүн орнуудын хоорондын тооцоо рублиэр, бусад гишүүн орон нь хоорондоо чөлөөт валютаар тооцоо хийдэг). Уг холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан анхны орон нь Вьетнам бөгөөд хэлэлцээр энэ оны 10 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг хэлэлцээрийг байгуулснаар өнөөдөр 4 тэрбум ам.долларт эргэлддэг Орос-Вьетнамын худалдаа 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа юм билээ. Тус холбоотой манайх ийм хэлэлцээр байгуулбал ОХУ болон холбооны гишүүн орнуудтай хийх худалдаа үлэмж нэмэгдэх нөхцөл бүрдэж таарна.
ОХУ-ын Засгийн газрын Шадар болон Сангийн сайдаар олон жил ажилласан А.Кудрин (аав нь 1968-1972 онд Чойбалсан хотод алба хааж байсан учраас Монголд 3 жил амьдарсан гэж өөрөө ярьдаг)-ы ярьсан зүйлүүд олны анхаарлыг татаж байсныг өмнө нь дурьдсан. Түүнийг өндөр үнэлдэг гэдгээ В.Путин хурал дээр ч хэлж байсан. Одоо тэрээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн орлогч дарга (уг зөвлөлийг В.Путин өөрөө даргалдаг), Засгийн газрын дэргэдэх “Стратегийн судалгааны төв” гэдэг ТББ-ын тэргүүний ажлыг хийж байгаа бөгөөд Эдийн засгийн шинэ программ боловсруулах даалгавартай юм байна. Эдгээр зөвлөл, төвийн дүгнэлтийг Засгийн газар болон түүний гишүүд заавал сонсох үүрэгтэй гэнэ. “Намайг төр, засаг сонсдог учраас би сэтгэл хангалуун байна. Надад төрийн өндөр албан тушаал хэрэггүй” гэж тэрээр хэлж байна лээ. Яагаад үүнийг бичээд байна гэхээр манайд ч мөн нэг иймэрхүү үүрэг, эрхтэй бүтэц байгуулах хэрэгтэй байж магадгүй гэснийх.
Криптовалютын талаар дахин дурьдах нь зүйтэй гэж бодлоо. Анх 2009 онд гарч ирсэн түүнийг одоо Япон зэрэг оронд нэлээд өргөн хэрэглэх болжээ. Үүнийг судлахын тулд БНХАУ-д эрдэм шинжилгээний тусгай хүрээлэн байгуулаад ажиллуулж байгаа бол ОХУ-ын Төв банк тусгай ажлын хэсэг байгуулжээ. Чиг хандлагыг нь нарийн ажиглаж байхгүй бол Монгол шиг жижиг орнуудад яваандаа ихээхэн хүндрэл учирч болзошгүй юм байна. Энэ талаар манайд судалгаа хийдэг эсэхийг мэдэхгүй юм. Хэрэв хийдэггүй бол нэн даруй судалж эхлэх хэрэгтэй болов уу.
“Валдай” клубын хуралд оролцдог гадны төлөөлөгчид нь олон улсын харилцааны асуудал, ялангуяа Оростой хэрхэн харилцах талаар өөр өөрийнхөө орны удирдлагуудад зөвлөдөг, зөвлөсөн зүйлийг нь цаадуул нь анхааралтай сонсдог тийм хэмжээний судлаачид учраас оросууд тэднийг ийнхүү жил бүр урьдаг, В.Путин заавал оролцож үг хэлдэг, өөрөөр хэлбэл нэгд, тэдний байр суурийг сонсох, хоёрт, тэд нараар дамжуулан өөрийн орны бодлого, байр сууриа илэрхийлэх зорилготой юм билээ. Мөн мэдээж Оросын гадаад, дотоод бодлогыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах бас нэг боломж гэж үздэг.
Уг хурлын талаар манай Гадаад харилцааны яам болон Москва дахь Элчин сайдын яамныхан нэг их сонирхохгүй байна лээ. Гэтэл Баабар, Цэнддоо, чөлөөндөө гарсан ахмад дипломатчидаас илүү тэдэнд уул нь сонирхолтой баймаар юм. Харин Улаанбаатар дахь Оросын Элчин сайдын яамныхан хурлын талаар мэдээлэл авахыг хүсч утсаар ярив.
Уншигч
Дарь
Зочин
Зочин
Москва дах Монголын төлөөлөгчийн газрыг зарсан гсн
Зоригто.
Уншигч
Зочин
Зочин