Оссендовскийн номын тухай асуултад Дилова хутагтын өгсөн хариу, залруулга
Хайнз Котткэ Оссендовскийн номыг гарсан даруйдаа нэлээд шуугиан дэгдээснийг, гэвч олон судлаач номд гарч буй үйл явдлууд үнэхээр тохиосонд эргэлзсэнийг дурдаад Дилова хутагтаас өөрөөс нь асууж байж үнэн мөнийг олъё хэмээн шийдсэнээ өгүүлжээ.
Польшийн аялагч, зохиолч Фердинанд Антони (Антони Фердинанд, Антон Мартынович) Оссендовский (1876–1945) Нью-Йорк хотноо 1923 онд “Хүн, араатан, бурхад” номоо хэвлүүлсэн нь тухайн үедээ дориухан шуугиан дэгдээжээ. Нууцлаг дорнын гайхамшигт хүн зон, ид шид, илбэ жатга, ирээдүйг харагч нарын тухай өгүүлсэн уг ном эгэл жирийн уншигч нарын дунд ихэд алдаршсан боловч монгол судлаач нар харин үеийн үед шүүмжлэлтэй хандсаар ирсэн түүхтэй.
Жишээлбэл, алдарт аялагч Свэн Хэдин 1925 онд тусгай шүүмж өгүүлэл бичиж, Оссендовскийн гаргасан газар зүй, угсаатны судлалын олон алдаа мадаг, зохиомол хуурамч баримтуудыг дурдан няцааж байв (Hedin S. Ossendowski und die Wahrheit. Leipzig: Brockhaus, 1925). Оссендовскийн өөрийнх нь уулзан ярилцсан хэмээн номдоо дурдсан оросууд ч хожим “тийм зүйл болоогүй” хэмээн батлан өгүүлсэн нь бий (Голубев. Вспоминания, Hoover Institution on War, Revolution and Peace, DK254/U7G662, 1926). Тийм ч учраас аливаа түүхэн үйл явдлын тухай өгүүлэхдээ Оссендовскийн (ерөөс бүхий л аялагчдын) номыг эш татах хэрэгтэй бол тун болгоомжтой хандах хэрэгтэй юм.
Оссендовскийн номд Дилова хутагттай холбоотой, сүм хийдээр нь зочилсон, заяа төөргөө үзүүлсэн хэсэг байдаг. Хутагтын тухай “баримтат” роман бичсэн зохиолч Л. Чойжилсүрэн үүнийг бүтээлдээ ашиглан, Оссендовскийтэй уулзсан, заяа төөргийг нь хэлж өгсөн, Чүлтэм бэйсийг яагаад мэргэлж өгөөгүй гэдгээ дурдсан зэрэг хэсгийг оруулжээ. (Л. Чойжилсүрэн “Дилав хутагт”, баримтат роман эссэ, УБ, 2004 бүтээлийн 41-42-р талд үзнэ үү)
Тэгвэл энэхүү нийтлэлд Оссендовскийн дурдсан, Л. Чойжилсүрэн гуайн эш татан ашигласан энэ хэсгийн талаар Дилова хутагт өөрөө чухам юу хэмээснийг авч үзнэ.
Зураг 1. Фердинанд Оссендовский “Хүн, араатан, бурхад” номын анхны хэвлэл
Хайнз Котткэ-гийн захидлын хавсралт
1956 оны 2 сарын 26-ны өдөр Дилова хутагтад Герман улсаас нэгэн захидал иржээ. Өдгөө Конгрессын Номын санд хадгалагдаж буй уг захидалд Гөттингэний их сургуульд, нэрт монголч эрдэмтэн Валтэр Хайссигт шавилан сурч буйгаа оюутан Хайнз Котткэ илтгээд багш нь Herbert Harold Vreeland “Mongol Community and Kinship Structure” номыг уншуулсан, тэндээс Дилова хутагтын аливаа зүйлд шинжлэх ухаанчаар ханддаг үзлийг олж уншаад ихэд талархсан зэргээ дурдсан байна. Тэгээд энэ удаад харин Хутагтаас тэр ном биш, огт өөр нэг номын талаар асууя хэмээсэн нь мөнөөх Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” байв.
Хайнз Котткэ Оссендовскийн номыг гарсан даруйдаа нэлээд шуугиан дэгдээснийг, гэвч олон судлаач номд гарч буй үйл явдлууд үнэхээр тохиосонд эргэлзсэнийг дурдаад Дилова хутагтаас өөрөөс нь асууж байж үнэн мөнийг олъё хэмээн шийдсэнээ өгүүлжээ. Ингээд мөнөөх зартай номын англи хэлээр гарсан уг эхээс хоёр хуудсыг машиндан хавсаргасныг (орчуулагч Ж.Нэргүйн монгол орчуулгаар) хүргэе:
Нэгдүгээр хуудас:
Фердинанд Оссендовский, “Хүн, араатан, бурхад”, Нью-Йорк, 1922
18-р бүлэг: Өшөө авагч нууц ламтан, 115-р тал:
... Түшээ гүн- лам! Энэ хүний тухай ямар гайхамшигт зүйлсийг эс сонслоо доо, би. Оросын халимаг үндэстэн, тэрбээр Цагаан хааны үед Халимагийн ард түмний тусгаар тогтнолын төлөө идэвхтэй ухуулга явуулж байсан учир олон ч шорон дамжсан гэдэг. Большевикууд ч тэр л шалтгаанаар барин авч шорондоо хийж байсан бөгөөд Монгол руу зугадан ирж ард түмнийхээ дунд нэр цууд гарсан бөлгөө. Энэ хүн болбоос Будалин ордондоо залрагч Далай ламын дотны анд, хамгийн их гэгээрсэн санваартан, гайхалтай чадамгай оточ байсныг гайхах хэрэггүй...
... Түшээ гүн- лам толгойгоо гэнэт өргөн над руу нүд цавчилгүй хэсэг зуур цоо ширтсэнээ:
-Байгаль дэлхий дээр тайлагдашгүй үзэгдлүүд олон буй. Далдын хүчинд нэвтэрсэн хүн л тэр гайхамшигт үзэгдлүүдийг жолоодож чадмуй. Танд одоо би нэг юм үзүүлсү. Урьд нь ийм юмтай учирч явсан эсэхээ дараа нь надад хэлсүгэй гэв. Тэгээд босож шар торгон тэрлэгнийхээ ханцуйг шамлаад хуйнаас нь хутгаа сугалан барьж, гэрийн эзний өмнө очоод:
-Алив, Мишиг, босоод ир! гэлээ. Гэрийн эзэн ч хэлснийг нь тэр дороо ёсоор болгов Ламтан сурамгай гэгчээр цамцыг нь мулталж хаяад цээжийг нь нүцгэлчихлээ. Яах гэж байгааг нь төсөөлөх ч завдал өгөлгүй Түшээ гүн гэрийн эзний цээж рүү хутгаа дүрж орхих нь тэр. Хөөрхий малчин улаан цусаа хавь орчиндоо садруулан унаад өглөө.
-Та чинь юу хийчихэв ээ? Ламтан цаас адил болсон нүүрээ над руу эргүүлж.
-Чш ... Дуугай бай ... хэмээн шивнээд Мишигийн хэнхдэг цээж рүү мөнөөх урт хутгаараа дахин хэдэнтаа бүлээд авлаа. Цаадахынх нь уушиг өрөвдөлтэйеэ бүлхэлзэж, зүрх нь догшрон бөмбөлзөх нь ч нүдэнд минь үзэгдэв. Лам цээж рүү нь гараа хийж, уушиг, зүрх хоёрыг нь базаад авахуй дор цус нь годгонохоо болиод, малчин залуугийн царай гайхам тайван болчихов. Нүдээ анин хэвтэхийг нь харвал гүн нойрондоо дарагдсан хүн мэт. Тэгээд дараа нь хөөрхий малчны гэдсийг нь гаргаж эхэлмэгц айдас, аюумшигт үйлдлийг цааш тэвчин харахаасаа би халшран, нүдээ тас аничихлаа. Хэсэг хормын дараа нүдээ нээж харваас гэрийн эзэн нөгөө л байдлаараа унтаа юм шиг хэвтэж, цээж нь нүцгэн хэдий ч, өчүүхэн төдий шарх сорви үзэгдсэнгүй нь тун гайхалтай. Түшээ гүн- лам тулганы дэргэд гаансаа сорон, гүн бодолд дарагдаад гал ширтэн суужээ.
-Ёстой гайхалтай юм! Урьд өмнө огт үзэж харж явсангүй хэмээн намайг үнэн сэтгэлээсээ үгүүлбээс:
-Юун тухай та яриад байна гэв.
-Таны саяны үзүүлсэн ид шидийг гэвэл:
-Юун тухай яриад байгааг чинь ойлгохгүй л байна шүү гэж мөн л хэнэггүйхэн давтах нь тэр. Түшээ гүн - ламын ховсонд орчихсоноо би сүүлд нь ойлгосон...
Хоёрдугаар хуудас:
27-р бүлэг, Жижиг сүмд болсон ер бусын явдал
Чүлтэм бэйл биднүүс Нарванчин хийдээс явахаар зэхэж байв...
Арын хананд нь тод шаргал өнгийн чулуу шигтгэсэн нэгэн жижиг дуган руу биднийг хутагт дагуулан хүрээд хэлсэн нь :
-Далай лам ч, Даш лам, Богд хаан ч энд тухайн цагтаа заларсан бөлгөө. Ариун явдалт тэдбээрийн морилсон дуганыг бид шар өнгөөр хулддаг амой. Морилогтун! Дуганы дотор гайхамшигтай зүйл нүднээ туслаа. Манз цаваа барьдаг бололтой нэгдүгээр давхарт нь хар зандангаар сийлэн урласан мэлхий ширээнүүд, алтадмал хийгээд шаазан сав суулга дүүрэн тавиастай, дээд давхарт нь бас хоёр ч өрөө ажгуу. Нойрсох өрөөнийх нь сийлбэртэй модон адраас үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн том хятад дэнг нарийхан хүрэл гинжээр дүүжилж, ханыг нь шар торгоор доторложухуй. Энд мөн торгон жинтүүнүүд хийгээд олбог, дэвсгэрүүд тавилсан томоо гэгчийн дөрвөлжин ор байлаа. Орыг мөн л хар зандангаар урлаж майга дөрвөн хөлийг нь дорны уламжлалт сийлбэр болох нарыг залгиж буй Раахын дүрсээр чимжүхүй. Басхүү шашны зан үйлийн сэдэвт уран сийлбэртэй модон авдар тэр өрөөнд тавиастай харагдмой. Хамгийн сүүлд бидний нүдэнд туссан юм гэвэл суухад эвтэйхэн дөрвөн зөөлөн сандайлга, дорно зүгийнхний хүндэтгэлийн намхан суудал авай.
-Та энэ сэнтийг мэлмийдээн болгоогтун! Өвөл цагийн нэгэн үдшээр манай хийдийн хэрэмний хаалга нээгдэж, олон морьтой хүмүүс орж ирээд бүх л гэлэн, гэцлүүдийг хутагт, тойн, хамбатай нь энэ өрөөнд урин залсан болой. Тэгээд тэрхүү үл таних хүмүүн нарын нэг нь тэргүүнээ ороосон орхимжоо буулгахуй дор бүх лам нар газар сөгдөн унацгаасан бөлгөө. Ариун номын сургаалдаа Далай лам, Банчин лам, Богд хаануудын дурддаг асан. Тэрбээрийг лам нар танижухуй. Тэрбээр болбоос Шамбалын эзэн, Тэнгэрийн бүх нууцыг мэдэгч байваа. Тэрбээр төвөдөөр тарни уншаад цугларсан олонд ерөөл хайрласны дараагаар ойрын жаранд болох бүхий л үйл үртсийг ариун мэлмийдээн тунгаан тольдсон юм. Энэ явдал гучин жилийн өмнө тохиолдсон агаад айлдвар болгон нь эдүгээг хүртэл биелсээр буй. Тэрбээр хажуугийн өрөөнд шүтээний өмнө залбирч ахуйд яг энэ хаалга өөрөө алгуурхнаар нээгдээд, зулс нь бүгдээрээ өөрөө мандсан ба сангийн идээ үгүй атал бойпор уугиж, хавь орчинд арц хүжсийн үнэр түгэн дэлгэрвэй. Тэгээд ямар ч сануулга үгүйгээр Шамбалын эзэн бээр хийгээд түүний дагуулууд гэнэт алга болцгоосон юм даа. Зөвхөн Тэрбээрийн залраад боссон энэхүү сэнтийн торгон бүрээсний үл ялиг нугалаа л ирээд явсныг нь гэрчлэн, түр зуур үрчгэр чигээр үлдсэнээ төд удалгүй арилсан болой...
Хутагт над руу эргэн:
-Хадгаа нааш өгтүгэй! Төрөл садангийнхныхаа төлөө ихэд санаа зовж явааг тань би мэдмүй. Тэднийг тань бурханд даатган мөргөсү! Та ч гэсэн залбирал үйлдэж, гэр орныхондоо туслахыг бурханаас гуйтугай! Нэгэн цагт энд ирж, энэ газрыг ариулсан Ертөнцийг эзэгнэн захирагчид дотоод сэтгэлийнхээ буй бүхий бодлоо чиглүүлтүгэй! гэвэй... Дараа нь толгойгоо өргөн намайг сулхнаар дуудаад:
-Бурханы арын сүүдэр лүү сайн харж бай. Тэнд гэр орныхон тань үзэгдмой гэлээ. Би ч лүндэнг нь даган бурханы арын хөндийн сүүдэр лүү хамаг анхаарлаа чиглүүллээ. Асар удалгүй тув тунгалаг, утас лугаа ижил нарийн утаа тэндээс мөлхөн гарч ирвэй. Утаан цагирагууд нийлэн нийлсээр, олшрон олширсоор, улам өтгөрөн нягтарч, хүмүүс хийгээд эд юмсын дүрсийг үүсгэхийг харсаар байлаа. Тэг тэгсээр, урьд нь миний огоот үзээгүй нэгэн өрөөнд гэр орныхныгоо, басхүү хэдэн үл таних хүмүүсийг харлаа. Заримыг нь мэдэх ч юм шиг. Эхнэрийн минь өмссөн даашинз надад дэндүү танил байнаа. Сэтгэлд дотно царай, нүүрнийх нь зураас үрчлээ бүхэн ч тод харагднам заа. Тэгснээ аажим аажмаар дүрсүүд бүдгэрсээр, хувирсаар ор тас үзэгдэхээ болив. Будда бурханы ард зөвхөн сүүдэр нь л үлджүхүй...
Нэгэн цагт Шамбалын эзэн бээр морилон ирж, хүмүүн төрөлхтөний төлөө залбирал үйлдэн, улс гүрнүүд, ард түмнүүдийн хувь зохиолыг айлдсанаар ариуссан тэр дуганаас бид гарцгаалаа. Гайхалтай юм. Миний дагуулууд ч надад үзэгдсэн тэр бүх дүрсийг харсан агаад хэн нь ямар хувцастай байсныг сүүлд нь маш дэлгэрэнгүйгээр дурдан ярьцгааж билээ л.
Зураг 2. 1956 оны 2 сарын 26-ны өдөр Дилова хутагтад ирсэн захидал (Конгрессын Номын Сан)
Хайнз Котткэ-гийн асуулт
Энэ бүгдийг англи хэлээр хоёр хуудас болгон бичгийн машинаар цохиод, монгол судлаач оюутан залуу үнэхээр сонирхсоны улмаас Хутагтаас ийн асуужээ:
Эхний хуудсын тухайд:
- Түшэгүн ламыг та таньдаг байв уу?
- 18-р бүлэгт зохиогчийн дурдаж буй зүйл үнэн байх боломжтой юу?
- Тийм зүйл тантай бас тохиолдож байсан эсэхийг асууж болох уу, би?
Хоёрдугаар хуудсын тухайд:
- Наробанчин хийдийн доторхыг дүрсэлсэн хэсэг нь үнэнд хэр ойр байна вэ?
- Наробанчин хийдийн тэр Шар байшин одоо байгаа юу?
- Шамбалын эзэн хэмээгчийн 1890 онд Наробанчин хийдэд айлчилсан тэр түүхийн тухайд: 1920 он гэхэд тийм эзэн байсан гэж ярьдаг байсан уу?
- Номын зохиогчийн дурдсанчлан 1920 оны 4 сарын 5-ны өдөр эхнэрийнхээ дүрийг тийн харлаа гэсэн нь боломжтой юу?
- Шамбалын эзэн, Ертөнцийг эрхшээн захирагчийн газар доорх Агарта хэмээх их гүрний талаарх тэр домог урьд өмнө монголчуудын дунд яригддаг байсан эсэх, өдгөө цагт ярьсаар буй эсэхийн талаар хариу өгнө үү.
Эрхэм гэгээнтэн таныг хүндэтгэн ёсолсон
Болхи өчүүхэн Хайнз Котткэ хэмээгээд гарын үсгээ зуржээ.
Дилова хутагтын хариу
Хэдийгээр оюутан залуу ийм урт захидал бичиж, Оссендовскийн номоос хоёр бүтэн хуудас илгээсэн боловч Дилова хутагт тун товч тодорхой хариу өгсөн байна. Ингэхдээ монголч эрдэмтэн, дотнын анд Оуэн Латтимортоо хэлж, англи хэлээр орчуулуулан 1956 оны 4 сарын 12-нд бичсэн нь өдгөө мөн Конгрессын Номын Санд хадгалагдаж буй. Оуэн Латтиморын бичсэн уг захидлыг үг бүрээр нь орчуулбаас:
Эрхэм нөхөр Котткэ
Таны 2 сарын 26-ны өдөр бичсэн захидал дахь Оссендовскийн хоёр хуудас эшлэлийн талаар хариу бичиж өгнө үү хэмээн Дилова хутагт надаас хүслээ. Би өөрөө мөн тэр хоёр хэсгийн талаар хутагтаас асууж байсан, энэ удаад хутагт танд хариулснаар миний ой санамжийг мөн сэргээж өгөв.
- Түшэгүн лам.
Энэ нэрийг Tushegoun Lama гэж бичсэн учраас Tushiye gun (Түшээ гүн) хэмээх цолыг хэлж байна гэж бодохоор байна. Гэтэл дараагийн өгүүлбэрт Оросын Халимаг хүн гэснээс харахад бүх зүйл тодорхой ажээ. Энэ нэр нь “Түшэгүн” биш харин “Дошигун” буюу “дошгин, ширүүн, хэрцгий” хэмээх утгатай үгийг андуурч бичсэн хэлбэр болох нь тов тодорхой. Энд дурдаж буй хүн бол Дамбийжанцан/Дамбийжалцан буюу Жа лама, Жал лама хэмээгч. Миний “Монгол дахь үндэсний үзэл ба хувьсгал” бүтээлийн оршил хэсгийн зарим тайлбарыг уншаарай.
Тэр хүнийг “алсан хэрнээ алаагүй” байсан түүхийн тухайд Дилова хутагт тийм юм огт байхгүй гэнэ. Энд нэг зүйл нэмэхэд Дамбийжааг 1911-1912 оны хувьсгалын үеэр Ховдод хэдэн хүнийг ийм аргаар хөнөөсөн гэх домог яриа байдаг (Consten, Weidenplatze), Оссендовский тэр домгийн нэг хувилбарыг давсалсан бололтой.
- Чүлтэм бэйл гэж бол үнэхээр байж. Оссендовскийн Наробанчин сүмд зочилсон гэдэг нь бас үнэн, гэвч бас л их давс хужир оржээ. Номд гарч буй Хутагт бол Дилова хутагт мөн, учир нь тэр цагт Наробанчин хутагт бол жаахан хүүхэд байсан гэнэ. Тэр шар хана гэдэг зохиомол зүйл байна. Дурдаж байгаа байшин нь Дилова хутагтын сууж байсан гэр мөн аж. Гэвч Далай лам, Даш лам, Богд гэгээн гурвуул тэнд ирж байсан түүх үгүй, харин нэг өрөөнд тэдний хөрөг байсан ажээ. Шамбалын хаан, Ертөнцийн эзэн, тэр сүүдэрт харсан барьсан гэдэг огт оргүй, бүгд хуурмаг зохиосон зүйл гэнэ.
Др. Хайссигт миний мэндийг дамжуулаарай.
Хүндэтгэн ёсолсон:
... хэмээгээд зай үлдээсэн нь гарын үсгийн зай, уг захидал дээрээ Оуэн Латтимор гарын үсгээ зураад илгээсэн нь тодорхой, энэ нь хорт цаасаар хувилсан эх учраас гарын үсэггүй юм.
Зураг 3. Дилова хутагтын Латтимороор бичүүлсэн хариу (Конгрессын Номын Сан)
Бодууштай хэдэн зүйл
Дилова хутагт Монголын түүхийн нэн эгзэгт үеийн томоохон төлөөлөгч, төрийн зүтгэлтэн, нөгөө талаас шашны томоохон гэгээнтэн хүн учраас өдгөө Дилова хутагт судлал нь Монголын түүхэн дэх намтар судлалд байр сууриа нэгэнтээ эзэлж. Хутагтын амьдрал намтрыг тодотгохын тулд гадаад дотоодын аялагч, судлаач нарын тэмдэглэл бичвэрийг эш татаж буй нь зүйн хэрэг, гэвч бас энд авах гээхийн ухаанаар учир зүйтэй хандах хэрэгтэй байна.
Ялангуяа “баримтат роман” хэмээх төрөл зүйлд Хутагтын талаар өөрийнх нь “огт оргүй, хуурмаг зүйл” (nonsensical inventions) гэж дургүйцэн үгүйсгэсэн зүйлсийг өөрийг нь хийсэн хэлсэн болгон дүрслэх нь шинжлэх ухааны талаас үзвэл түүхийг гуйвуулсан хэрэг, шашны талаас авч үзвэл Хутагтын амьд ахуйдаа хэлсэн үг сургаалыг зөрчсөн нүгэл болох юм.
Мөн Түшэгүн лама гэж бичсэн нь Түшээ гүн биш, Дошигун буюу Дошгин лама гэхийг андуурчээ хэмээн тэртээ 1956 онд Дилова хутагт алдааг нь хэлж өгсөн байхад Оссендовскийн номын өнөөгийн монгол орчуулгад “Түшээ гүн лам” гэсэн хэлбэрээрээ байсаар буйг залруулах хэрэгтэй гэж бодно.
Өөр нэг зүйлийг энд жич дурдахад, Баруунд анхлан гарсан Бурханы шашны лам хувраг, монгол, халимаг, төвөд хүмүүс шашин номоо энэ нутагт үүтгэн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Нөгөө талаас бас дорнын лам нарын чухам хэн нь хэн бэ гэдгийг танихгүй, эрэмбэ дэс дарааг мэдэхгүй, шашны нарийн жаягийг ойлгоогүй байсан америкчуудын хувьд яг хэнийг нь багшаа хэмээн үг сургаалыг нь сонсох вэ гэдэг дээр эргэлзээ тээнэгэлзэл байсан юм. Энэ үед ялангуяа төвөд, халимаг лам нарын зүгээс өөрсдийгөө дөвийлгөх, шашны далд хүчтэй гэж итгүүлэх, Хутагтаас давах гэсэн оролдлого гаргаж байжээ. Энэ талаар яривал тусгай нэгэн өгүүлэл болох сэдэв, гагцхүү Дилова хутагтын хувьд Оссендовскийн энэ ном нэгэнтээ баруунд алдаршсан, Германаас оюутан залуус сонирхон асуусан зэргийг ашиглан, болсон бүх явдлыг өөртөө ашигтайгаар тайлбарлах боломж байсаар байтал “Огт тийм юм болоогүй, оргүй хуурмаг зүйл” гэхчлэн өөрийг нь шүтэн биширч, бурханчлан өргөсөн номыг үгүйсгэсэн нь үнэхээр даруу төлөв агаад худал хуурмаг үг хэлээр нүгэл үл үйлдэх хиргүй сэтгэлийг нь илэрхийлэх мэт.
Хүдэрхуяг
Санчир
Бадрах
Б
Зоригт жалайр
До.Бо
До.Бо
цолмон
Энхтөвшин
Ганбаа
man
ЛУВСАНДОО
Зочин
зочин
Зочин
Зочин
Эхний хүнд
Зочин
Зочих
Ринчен Дамдинсурэн Ширэндэв