“Ял бол гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн хэрэгсэл гэж саяхныг болтол үздэг байсан юм” гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн ахлах багш Ж.Эрдэнэбулган хэллээ. Социалист системийн үед МАХН-ын ТХ-ноос ялыг чангаруулах замаар гэмт хэргийг бүрэн устгах тухай зорилт дэвшүүлж байсан баримт ч бий. Энэ үзэл санааны нөлөөгөөр хүмүүсийн ухамсарт “шоронд хийх” гээч ойлголт гэмт үйлдэл болгонд оноодог цорын ганц шийтгэл мэтээр ойлгогдоод гүн бат хадагдчихсан гэхэд хилс болохгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулин дахь ялын оноолт ч яг хэвээрээ яваа. Тийм ч учраас сүүлийн үед хуульчид, улстөрчдийн дунд “моод” болоод байгаа “Монгол улс шоронжсон улс боллоо” гэх хэн хүн хэртхиймээр хэллэг чухамдаа 2002 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль руу чиглэсэн юм.

Ээжийн хүүгийн эвдрэл

Дөнгөж насанд хүрсэн иргэн Г ээж, дүүгийн хамт амьдардаг байлаа. Дүүтэйгээ хоюулаа орон сууцны хонгил түрээслэн оёдлын бяцхан бизнес эрхэлж, ээждээ нэмэр хандив болдог байж. Дэрсхэн хоёр хүү үе тэнгийн найз нөхөдтэйгөө дарвих, нийлж архидах явдал мэр сэр болно. Нэгэн удаагийн наргианы үеэр хэрүүл гарч, улмаар зодоон цохион болсон ч өөр хоорондоо төдийлөн өширхөж хорссон нь үгүй. Харамсалтай нь арай их уусан нэг нь цардмал дээр савж унаад тархиа хагалж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түлхсэн, түлхээгүй гэх шүүхийн маргаан мэтгэлцээний эцэст Г бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэсэн зүйлчлэлээр гурван жил хоригдох ял сонсчээ.

“Жил гаруйн дараа ээж нь утсаар ярьсан юм. “Хүүгийн минь ялыг наашлуулж, гаргаж авах арга чарга байна уу, тэнд байгаад дэмий юм байна, очих болгонд ааш нь эвдэрч, улам муудаж байна” гэж ярьсан” хэмээн өмгөөлөгч Н.Энхчимэг ярьж сууна. Г-г тэр үнэхээр эвдрээгүй хүүхэд байсан гэж тодорхойллоо. Түүнийг өмгөөлж байхад таньж мэдэх бүх хүмүүс ингэж л нотолж байж. Харин “хоригдол” болсноос нь хойш ээж нь хүртэл энэ тодорхойлолтыг нотолж чадахаа больжээ. “Гарч ирээд тэр урьдын адилаар ээжийн сайн хүү, дүүгийн сайн ах байж, гэрийнхэндээ тус нэмэр болоод ажиллаж, амьдраад явна гэж хүлээж авах итгэл ээжид нь лав байхгүй болсон” гэж нэмж хэлэхдээ тэр “ээж нь л ингэж байхад нийгэм яаж хандах вэ...” гэх асуулттай харцаар шөвөгдсөн юм.



Өмгөөлөгчийн асуулт

Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболдын нотолж байгаагаар 2006, 2009 оны Өршөөлийн хуулиудад хамрагдаж, суллагдсан насанд хүрэгчдийн 30 гаруй, хүүхдүүдийн 50 гаруй хувь нь өмнө хийсэн гэмт хэргээсээ илүү хүнд хэрэг давтан үйлдэж эргээд шорондоо оржээ. Энэ хүмүүсийн тоонд 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдалд оролцогчид ч багтаж байгаа юм. Онц байдлын үеэр нийтдээ 800 гаруй залуусыг хоморголон барьж 300 шахууд нь танхайн хэргээр 3-5 жил хорих ял өгсөн. Санаатай, санамсаргүйн алинаар ч байлаа алдаж эндээд, “аавын” хаалга татсан хэн ч бай тэндээс “гэмт хэрэгтэн болж” гарч ирдгийг хуульчдийн дийлэнх нь хүлээн зөвшөөрсөн юм.

Өмгөөлөгч Б.Энхзаяа надаар нэгэн “бодлого” бодуулав. Иргэн Ц шамшигдуулалтын хэргээр оржээ. Камерт нь малын, халаасны, орон байрны хулгайч нар сууж байна. Зөвхөн дансны аргаар хулгай хийхийг л мэддэг байсан тэр шоронгоос гарахдаа ямар мэдлэг, чадвартай болоод гарах бол? Ингэж асуугаад тэр надаас хариулт хүлээсэнгүй. Зүгээр л “шорон бол гэмт хэргийн их сургууль” гэсэн өөрийн дүгнэлтийг хэлсэн юм.

Гэмтнийг бөөнөөр үйлдвэрлэх механизм

Одоо үйлчилж байгаа Монгол Улсын эрүүгийн хуулийг баталж байсан 2002 онд эрүүгийн нөхцөл байдал хүнд байсныг зарим судлаачид онцолж байлаа. Тийм ч учраас тухайн үеийн бэрх хэцүү байдлыг даван туулахын тулд ялын бодлогыг чангатгах шаардлага байсан байх. Гэвч тэр чангатгал өнөөдөр хатуудаж байгааг хуульчид төдийгүй олон нийт ч хэлж байна. Уг хууль дахь ял шийтгэлийн хэм хэмжээг харьцуулан үзвэл, гэмт хэрэг гэж тооцож байгаа бүх 320 орчим үйлдлийн 90 шахам хувьд нь хорих ялыг сонгож оноох боломжтой байгаа юм.

Сүүлийн 20 жилийн дундаж үзүүлэлтүүдийг жигнэвэл, нийт гэмт хэргүүдэд оноож байгаа ялын 70 шахам хувийг хорих ял эзэлсэн байна. “Хорих ялын хэрэглээг илтгэх энэ үзүүлэлт барууны гэж бидний нэрлэдэг өндөр хөгжилтэй орнуудад 35 хувиас хэтэрдэггүй” гэж дэлхийн 80 гаруй улсын Эрүүгийн хуулийг судалж “Харьцуулсан эрүүгийн эрх зүй” хэмээх ном бичсэн, профессор Д.Баярсайхан өгүүлсэн юм. Пост коммунист гэж дэлхий нийтээр тодорхойлж байгаа Казахстан, Азербайжан, Армен зэрэг цөөн оронд хорих ялын хэрэглээ өндөр байдаг аж. Гэхдээ манай улс пост коммунистууд дотроо ч хамгийн их хэрэглэдэгт ордог бөгөөд хойд хөрш ОХУ нийт гэмт хэргүүдийнхээ 60 орчим хувьд хорих ял өгдөг байна. Орос ах нараасаа ч эрчимтэй “хорьж” байгаа манай хууль цаазын систем “гэмт хэрэгтнүүдийг бөөнөөр үйлдвэрлэх” механизм болж хувирсан юм биш байгаа гэх хардлага эндээс ургасан юм.

Ямар зорилготой ял вэ?

Өмгөөлөгч Б.Энхзаяагийн асуултад дахин анхаарлаа хандуулъя. Эрүүгийн эрхзүйн тэнхмийн эрхлэгч Д.Баярсайхан харьцуулсан судалгааныхаа үр дүнд тулгуурлан хорих ял асар боловсронгуй болж, улам нарийвчлагдан хөгжиж буйг жишээ баримттайгаар дурдсан. Тухайлбал, Германы эрүүгийн зохицуулалтад гэмт хэргийг хөнгөвтөр, хөнгөн, хүндэвтэр, хүнд, ноцтой, аюултай гэхчлэн ангилахын зэрэгцээ тус бүрийг нь дотогш задлан 6-8 түвшинд хуваадаг байна. Хүнд, ноцтой хэргүүдэд л хорих ял оноох бөгөөд ялыг эдлүүлэхдээ үйлдсэн хэргээр нь хоригдлуудыг тус тусад нь байлгадаг аж. Тэр бүү хэл анх удаа шоронд орж байгаа ялтныг олон удаа орсонтой нь хольдоггүй, гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдийг болгоомжгүйгээр хэрэг хийсэн хоригдолтой нэг дор байлгадаггүй гэнэ. Мөн нээлттэй, хаалттай гэсэн шоронгийн хоёр систем үйлчилдэг байна. Нээлттэй шоронд ялтан өөрийн зав, боломжийг харгалзан саналаараа хоригддог аж. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн долоо хоногийн эхээр ажил ихтэй байвал долоо хоногийн сүүлээр хорих газарт очихоор шийдвэр гүйцэтгэх байгууллагатай тохиролцох ч юм уу, эсвэл долоо хоногийн эхээр боломжтой бол тэр хугацаандаа очоод хоригдчихдог, түүнийг нь эрх бүхий байгууллага ялын хугацаанаас нь хасаж тооцсоор бүрэн эдлүүлж дуусгадаг тогтолцоо юм. Харин манай хорих ялын хэрэгжүүлэлтэд энэ мэт ангилал, зохицуулалт огтхон ч байдаггүй. Жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих ангиудад ял эдлүүлэхээр тогтоох боловч ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг нэг хорих ангид бөөгнүүлэн хорьж, зөвхөн амьдрах байраар нь тусгаарлах, бусадтай уулзах тоонд хязгаарлалт тавих гэх мэт хэлбэрийн төдийгөөр дэглэмийн ялгааг хэрэгжүүлж буй. Бүх хэв шинжийн гэмт хэрэгтнүүдийг ингэж нэг дор цуглуулаад, хүн бусаар харьцаад эхлэхээр Монголын хоригдлуудад засрах, хүмүүжих нөхцөл боломж огтхон ч үгүй.

Хорих ялыг, ер нь ялыг гэмт хэрэгтнүүдэд яах гэж оноодог юм бэ? Монгол улсын ялын бодлогод гэмт хэрэгт холбогдсон, амьдралдаа алдаж гишгэсэн хүмүүсийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, засан сайжруулах, хувь заяаг нь зөв тийшээ залж залуурдах үүрэг функц байхгүй гэж үү? Миний уулзсан бүх хуульч нар эдгээр асуултын хариуд толгой сэгсэрцгээсэн юм.

Хулиган бол гэмт хэрэгтэн

Хан-Уул дүүргийн шүүхэд шийдвэрлэсэн нэгэн хэргийг эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд жишээллээ. Насанд хүрээгүй 3-4 хөвгүүн нийлж дарвиж яваад баригдаж дуусаагүй барилгын цонх руу чулуу шидэж, хэд хэдэн цонх хагалжээ. Нэг сууцанд нь айл орчихсон байсныг тэд мэдсэнгүй. Гаднаас нь харахад айл орох болоогүй бололтой, дутуу барилга байсан аж. Өнөө айл хүүхдүүдийг цагдаад өгч, улмаар тэдэнд хэрэг үүсгэсэн байна. Шүүгч нар яах аргагүй цагаан дээр хараар биччихсэн хуулийнхаа дагуу тэдэнд “зэвсэг хэрэглэж, бүлэглэн танхайрсан” гэх зүйлчлэл тохож, доод тал нь таван жил хоригдох ял оноосон байна.

“Танхайн” гэх хэрэг Монгол улсын эрүүгийн хуульд хүнд гэмт хэрэг болон зүйлчлэгдсэн байдаг. Шүүхээс хорих ялаар шийтгэгдсэн нийт гэмт хэрэгтнүүдийн 30 орчим хувь нь ийм хэргээр ордог байна. Гэтэл манайхаас бусад улс оронд “hooliganism” гэх энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үздэггүй бөгөөд зөрчилд тооцогдох ийм үйлдэл хийсэн этгээдүүдийг эрүүгийн хуулиар шийтгэдэггүй. “Социализмын үеийн үзэл суртлын ийм зохиомол хэргээр бид хоригдлуудынхаа тоог жил тутам 1000 гаруйгаар нэмж байдаг” гэж Г.Оюунболд өгүүлсэн юм. Дутуу барилгын цонх руу чулуу шидэж тоглосныхоо төлөө шоронд орсон хүүхдүүд тэндээс чухам хэн болж гарч ирэхийг төсөөлөхөд бэрх.

Эмэгтэй хүмүүсийн эмзэглэл

Хууль зүйн Үндэсний төвийн Криминологи судалгааны сектороос 2007 онд явуулсан хорих ялын үр нөлөөний тухай судалгааны тайлан өмнө минь байна. Тус секторынхон энэ судалгаандаа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байгаа 119 ялтныг хамруулсан байна. Энэ судалгаа 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөлийн хууль хэрэгжсэний дараахь жилийн ажил гэдгийг хэлэхгүй орхиж болохгүй. Эмэгтэйчүүдийн хориход 2001-2007 онд нийт 1147 ялтан хорих ял эдэлсний 524 нь буюу 45.6 хувь нь 2-3 удаа, 147 нь буюу 12.8 хувь нь 4-7 удаа, долоо нь буюу 0.6 хувь нь 8-10 удаа ял шийтгүүлсэн байх юм. Судалгаанд оролцсон эмэгтэй хоригдлуудын 25.2 хувь нь буюу 30 нь 2-3 удаа, 1.7 хувь нь буюу 2 нь 4-өөс дээш удаа ял шийтгүүлсэн байж.

Эмэгтэй хоригдлуудын дийлэнх нь өөрт нь оногдуулсан хорих ялыг ихэдсэн гэж боддогоо хэлсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ялын бодлого чанга гэдэгтэй хоригдлууд бүгд санал нийлж байсан аж. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй хоригдлууд суллагдаж гарсны дараа учрах бэрхшээлүүдэд тун эмзэг хариулт өгсөн байгаа юм. Давхардсан тоогоор тэдний 79 нь буюу 66.4 хувь нь хүмүүсийн үл ойлгох байдлаас, 74 нь буюу 62.2 хувь нь ажил олдохгүй байх вий гэхээс, 49 нь буюу 41.2 хувь нь орон гэргүйгээсээ, 41 нь буюу 34.5 хувь нь бичиг баримтын асуудалтайгаасаа бэрхшээж буйгаа ярьсан байна. “Нарснаасаа” наранд гараад ирэхэд нь тэднийг шоронгийн хоригдол, гэмт хэрэгтэн гэж харьцаж, тэр чигт нь “тусгаарлаж” орхих нийгмийн хандлагаас хамгийн их эмээж байгаа нь судалгаанаас тов тодорхой харагдаж байна.



Амьдралын таван сар

“Бод доо”. Өмгөөлөгч Н.Энхчимэг ингэж анхаарууллаа. Шоронд хоригдоод гараад ирснийг битгий хэл урьдчилан хорих төвд саатуулагдан шалгагдаж байгаад, гэм буруугүйгээ нотлуулаад гараад ирсэн хүнийг хүртэл ойр тойрныхон, хамт олон, хамаатан садан төдийгүй гэрийнхэн нь өмнөхөөсөө тэс өөр харцаар харах болсон байдгийг тэр ярьсан юм. Өмгөөлөгчийнхөө үүргийн дагуу Н.Энхчимэг төлбөрийн чадваргүй, 19 настай нэгэн охиныг өмгөөлөхөөр томилогджээ. Түүнийг томилогдоод очиход охин аль хэдийнээ нэг сар хоригдчихсон байж. Охиныг Эрүүгийн хуулийн 91.2-оор буюу хүнийг санаатайгаар, онц хэрцгийгээр алсан гэмт хэргийн үндсэн хэрэгтний хам хэрэгтэн гэсэн тодорхойлолтоор хорьсон байж. Өмгөөлөгч хавтаст хэргийг нь шалгах явцад охин уг гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй болох нь тодорхой болжээ. Тэгээд түүнийг суллуулахаар хөөцөлдөж эхэлсэн байна. Тэгтэл мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрөлтэйгөөр охины хэргийн зүйлчлэлийг өөрчилж, дээрмийн хэрэгт холбогдуулан цагдан хорих ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Өмгөөлөгч дээрмийн хэргийг нь ч үргэлжлүүлэн шалгасаар мөн л холбогдолгүй болохыг нь тогтоож, томилогдсоноосоо хойш дөрвөн сарын дараа охиныг суллуулжээ. Охин нийтдээ таван сар цагдан хоригдсон юм. Гэм зэмгүйгээ нотлуулж чадсан ч түүний торны цаана өнгөрүүлсэн таван сарын хугацаа, ийм хугацааны амьдралынх нь үнэ цэнийг яаж тодорхойлох билээ. Мөрдөн байцаагч, прокурор, шүүхийнхэн, үндсэндээ манай улсын хууль, шүүхийн салбарынхан охины амьдралаас ийм хэмжээний хэсгийг зүгээр л хулгайлж орхисон гэж хэлэхэд хилс болохгүй.

Давхар хохирол

Охиных зүдүү гучуухан байж. Ээж, дүү нар, хойд эцэгтэйгээ амьдардаг түүнийг урьдчилан хорих төвөөс гарч ирэхэд гэрийнхэн нь тааламжгүйхэн угтжээ. Өмнө нь ч тэрээр хойд эцэгтэйгээ таарамж муутай байснаас хуурай ээжийнх болон төрсөн ээжийнхээ гэрийн хооронд тэлээ болчихсон байж. Гэтэл хоригдсоноос нь хойш хуурай ээж нь болзошгүй муу үр дагавараас болгоомжлоод түүнийг түлхэж эхэлжээ. Төрсөн ээж дээрээ очихоор хойд аав нь улам хажигласаар. Бараг л түүнийг гэмт хэрэгтэн мэт үзэх болж.

Н.Энхчимэг өмгөөлөгч түүний хилсээр хоригдсон хугацааны нөхөн төлбөрийг хөөцөлдөж эхлээд байтал охин ойрын хамаатны эгчийгээ бараадан Турк Улс руу гарсан аж. Харьд очсоныхоо дараахан тэр өмгөөлөгч рүүгээ утас цохин, “Одоо л нэг уужим амьсгаа авч байна” гэж ярьжээ. Зүгээр л саатуулагдан байцаагдаж байсан хүн хүртэл нийгмээс ийм хүнд дарамт хүлээж байхад гэм буруутай нь тогтоогдож “бүгд найрамдахаа” сонсоод, шоронд ялаа эдлээд гарсан хүнийг чухам ямархан хандлага хүлээж байдгийг төсөөлөх тийм ч амархан биш бололтой. Ойр тойрныхон нь, зөрж өнгөрсөн хүмүүс хүртэл “гэмт хэрэгтэн”, “шоронд орсон хүн” гэсэн байдлаар хараад, хандаад байхаар тэр өөрөөр байх гээд ч яахан чадах билээ.

Хатуугаас хатуу бодлого

Манай улсын хорих ялын хугацаа 1-25 жил байдаг. Гэхдээ тун цөөхөн тохиолдолд 1-3 хүртэлх жилийн ял өгдөг бөгөөд ихэнх хэрэгт оноож байгаа хорих ялын хугацаа доод тал нь таван жилээс эхэлнэ. Гэтэл баруун Европын орнуудынх нэг сараас эхэлдэг бөгөөд дэлхий нийтэд ялын бодлого хорихоос бусад шийтгэлийг түлхүү хэрэглэж зарчим руу улам бүр шилжсээр байна. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа ялын төрөл 20-24 байдаг бол манай эрүүгийн хуулийн 46.1-д торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, . эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих,  гэсэн ердөө долоон төрлийн ял нэрлэсний тав нь л үндсэн ялд тооцогддог. Энд дурдсан баривчлах ял хугацаа богино л болохоос хорих ялаас ялгаагүй.

АНУ-ын Төрийн департаментын хүний эрхийн тайлангийн мэдээг үндэслэн Шорон судлалын олон улсын төвийн http://www.prisonstudies.org/ сайтад Монгол Улс 2010 онд 7265 хоригдолтой байсан гэж мэдээлжээ. Хүн амын тоотой харьцуулбал 100 000 хүн тутамд 269 хоригдол ноогдоно. Гэтэл энэ үзүүлэлт ялын хамгийн хатуу бодлоготой гэгддэг БНХАУ-д 122 байна. Хятадын нийт хоригдлуудын 5.1 хувь нь эмэгтэйчүүд байхад манайд 6.2 хувь нь байх жишээтэй. Хэт хавтгайруулсан хорих ялын хэрэглээ хэрэгт холбогдогчдын ихэнхэд нь дэндүү хатуудсаар байна.

Өмнө өгүүлсэн Хууль зүйн Үндэсний төвийн судалгаанд хамрагдсан эмэгтэй хоригдлуудын 97 нь хуулийн байгууллагын буруугаас, тухайлбал, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажилтнуудын буруугаас болж ял эдэлж байгаа гэцгээсэн байна. Түүнчлэн үйлдсэн хэргийн гэм буруу, учруулсан хор хохиролд ялын хэмжээ нь тохирохгүй байгааг ч дурдацгааж. Энэ гоморхол, гомдлын цаана чухам юу бугшиж, нуугдаж байна вэ? Тэдний нэлээд нь давтан хоригдож байгааг энд дахин сануулья.

Гэмшлээс өширхөл тийш

Доод тал нь таван жил байхаар хэт өндөр тогтоосон ялын хугацааныхаа дор хаяж 2/3-ыг эдэлж байж хоригдол магадланд орох болзол хангана. Тэгэхээр ялтан наад зах нь их, дээд сургуульд суралцаж төгсөхийн дайтай шахам хугацааг зайлшгүй биеэр эдлэнэ гэсэн үг. Нийт хоригдлуудын 70 гаруй хувь нь 18-35 насныхан байгаатай уялдуулж би цаг хугацааны ийм зүйрлэл авлаа. Амьдралын 3-4 жил гэдэг ямар урт хугацаа байдгийг дээд боловсрол, мэргэжил мэдлэг эзэмшээд гардаг хугацаагаараа багцаалдвал илүү тодорхой болох болов уу.

Н.Энхчимэг өмгөөлөгчийн ажигласнаар хорих ял авсан хүн эхний жилдээ маш их гэмшдэг байна. Шал дэмий тийм юманд орооцолдлоо, юунд тийм юм хийв дээ, энд ингэж хайран цаг хугацаагаа алдах гэж хэмээн харуусан харамсдаг. Энэ үед ар гэр, найз нөхдийнх нь эргэлт ч их байдаг. Тэд нар нь чамайг харна шүү, дэмжинэ шүү гэж урам, уучлал өгч байдаг. Хоёр дахь жилдээ хүн ухаардаг байна. Тэр үед тэгдэггүй л байж дээ, архи уудаггүй байж дээ, тэр хүнийг тэгж хэлэхэд нь тэсээд өнгөрдөг байж дээ, тэдэнтэй хэрэггүй шөргөөцөлдөж дээ гэх мэтийг эргүүлж эргэцүүлэн, ухаарч сэнхрэх байдалтай болдог аж. Үүнээс үзвэл, анх удаа онц, ноцтой биш гэмт хэрэг хийсэн хүмүүсийг  хоёр жил суулгаад гаргахад нэлээд ухаан сууж, хэрсүүжсэн, амьдралд урьд өмнөхөөсөө илүү буурь суурьтай ханддаг болсон, нэг үгээр хэлбэл засарч хүмүүжсэн хүмүүс гарч ирэх юм байна гэж дүгнэснээ тэр хэлсэн юм. Харин гурав дахь жилээсээ хүн өширхөх байдалтай болдгийг тэр анзаарсан байх юм. Шорон орондоо дасан зохицоод, хуучраад ирэхээрээ нэлээд “хүнд гар” болж эхэлнэ. Шинээр ирж байгаа хоригдлын хэргийн зүйлчлэлийг хараад өөрийнхтэйгөө, хууччуулынхтайгаа харьцуулдаг болно. Бусад хоригдлуудыг гэмт хэрэг, ял шийтгэлийн түүхийг судалж, харьцуулж чаддаг болсноор их, бага ямар нэг хэмжээгээр шударга бус байдлыг гарцаагүй мэдэрнэ. Амьдрал шударга бус юм байна, хууль шүүхийнхэн мөнгөтэйд нь ч юм уу, танил талтай, боломжийн нэгэнд нь бага ял өгч, мөнгөгүй, танилгүйд нь их ял өгдөг юм байна гэж бодно. Яаж ийгээд ямар нэгэн ялгааг өөрөө зохиогоод ч болов гаргаад л ирнэ. Тэгээд дөрөв дэх жилээсээ тэр хийсэн хэргээ дахин яаж хийвэл баригдахгүй байх вэ гэдэг арга саамыг хайдаг, хууль эрх зүйн нүх сүвийг судалж эхэлдэг байна. Удаан хоригдсон хүмүүс хуулийн зүйл заалтыг хуульчдаас ч илүү мэддэг болдог. Өөрөөр хэлбэл, тэд өөрийгөө гэмт хэрэгт улам мэргэшүүлж, бэлтгэж байгаа нь тэр. “Ер нь хүнийг гурваас илүү жилээр хорих нь аймшигтай залхаалт болдог” гэж тэр эцэст нь дүгнэсэн юм.

Хүүхдүүдэд үлдсэн ял


Яг л ийм маягаар Монголын шорон болгонд гэмт хэрэгтнүүд мэргэшиж байна. Өнөөдрийн байдлаар манай улс 26 шоронтой. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, IV цахилгаан станцын урдхан талд өнгөрсөн онд 1200 хоригдлын багтаамжтай цагдан хорих шинэ төв ашиглалтанд орсон. Ганцаарчилсан болон хоёр, дөрвөөр нь байрлуулах тасалгаанууд, 14 сахилгын тусгаарлах,10 тусгай байртай, шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын ажилтнуудын ажил үүргээ явуулах 24 өрөө, шүүх хурлын танхим, 120 хүний ор бүхий иж бүрэн тоноглогдсон эмнэлэг зэрэг нийт  18.800 м2 ашигтай талбайтай энэ нүсэр байгууламж 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй. 2008 онд шоронгуудын байрыг томсгох, багтаамжийг нэмэгдүүлэх, 6.0 метр өндөр бетонон хашаатай болгоход зориулж улсын төсвийн хөрөнгөөс 3.0 тэрбум орчим төгрөг зарцуулсан байдаг. Үүгээр улсын бараг бүх шорон тус бүр нэг хорих байр нэмж барьсан. Зай талбай, цар хэмжээгээ нэмэхийн хэрээр “гэмт хэрэгтний их сургууль”-ийн хамрах хүрээ тэлж байгаа юм биш байгаа гэх бодол минь намайг эрхгүй цочоосон юм.

Энэ “сургуулийн” багагүй суралцагчид хүүхэд байгаа нь яах аргагүй анхаарал татна. Өнгөрсөн онд гэмт хэрэгт холбогдож шалгагдсан 17982 хүний 1163 нь хүүхэд байсан гэсэн тоон үзүүлэлт олдлоо. Эрүүгийн хуулиар хүүхдүүдэд ердөө л гурван төрлийн ял оноохоор хуульчилсан. Торгох, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах, хорих гэсэн энэ гурван ялаас эхний хоёрыг нь бараг хэрэглэдэггүй. Гэмт хэрэгт ихэнхдээ торгууль төлөх чадваргүй, эмзэг бүлгийн, ядуу айлын хүүхдүүд холбогддог болохоор торгох ялыг хүчирдэггүй бол хуульд заасан сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага гээч хуулийн этгээд чухамдаа хуулиасаа өөр хаана ч байхгүй. Хуульд тусгаад 20 жил болж байгаа хэдий ч одоо болтол байгуулагдаагүй. Байгуулагдаагүй байгууллага руу хэнийг ч явуулж чадахгүй. Ингээд л үлдсэн ганц ял болох хорих шийтгэлийг хавтгайруулан 15 хүртэлх жилийн хугацаатайгаар өгдөг. Хүүхдийг хүүхэд гэлгүй насанд хүрэгчдэд оноож байгаатай яг адилхан хэм хэмжээ бүхий ял өгч байгааг мэргэжилтнүүд ч, эцэг эхчүүд ч шүүмжилсээр байгаа. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, шийтгэх тогтоолыг хойшлуулах гэсэн хоёрхон зохицуулалтаар л хүүхдийн ял насанд хүрэгчдийнхээс хөнгөрдөг боловч амьдрал дээр тэр бүр бодитой хэрэглэгдэхгүй л байгаа.

Уул нь насанд хүрээгүй хүмүүст оногдуулж байгаа ял насанд хүрсэн хүмүүсийнхээс тусгайлсан байх ёстой гэж 1988 онд НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцид заагаад өгчихсөн. Онцгойлох тохиолдолд л хорих ялыг таван жилээс дээшгүй хугацаагаар өгөх жишгийг ч тогтоосон. Гэтэл манайд 10 жилийн ял оноогоод, биеэр нь эдлүүлж байгаа тохиолдол захаас аваад бий. Ямар ч юмыг сурахдаа хүүхдүүд томчуудаас хамаагүй хурдан, сэргэлэн шүү дээ. Гэмт хэргийг ч бас илүү сайн л сурч байгаа.

Гэмт хэрэгтэнд гишгэх газар хэрэгтэй

“Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг Зөвлөлтийн үеийн болхидуухан детектив кино байлаа. Хачин цэцэн мэргэн эшлэл мэт түгэн тархсан энэ киноны нэр хувь хүний эрх ашиг, эрх чөлөөг нийтийнхээс доогуур тавьдаг байсан социализмын үеийн хуучин сэтгэхүйн дурсамж болж үлдсэн байтал манай хууль цааз, эрүүгийн эрхзүйн салбарт харин бахь байдгаараа хадгалагдсан байгааг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ. Д.Баярсайхан профессор үүнийг нотолж, “Шүүхээр шийтгэгдээд өршөөлөөр суллагдсан хүн ялтайд тооцогддог. Шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон нэлээд тохиолдлуудад мөн л ялтайд тооцогдоно. Шийтгэлээ хүлээгээд, ялаа эдлээд суллагдсан ч ялтайд тооцогдоод л яваад байдаг. Хэрэгсэхгүй болгосон ч ялгаагүй тэгж тооцогдоод, ажил төрөл олж хийж чаддаггүй” гэж хэлээд толгой сэгсрэн шогширч байлаа.

Барууны орнуудад, ялаа эдлээд суллагдаж байгаа этгээдэд юуны өмнө, энэ хүн гэм буруугүй, ялтайд тооцогдоогүй гэсэн статус өгдөг байна. Бүр “Гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсүгэй, ялгүй гэж тооцсугай” гэсэн захирамжтай гарч ирдэг аж. Ийм захирамж, шийдвэртэй хүн ажилд шууд л орно, нөгөөдүүл нь ч авна. Үүгээр зогсохгүй ял эдлээд суллагдсан хүмүүсийг сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах, нийгэмшүүлэх журмын тухай тусгай хууль ч байдаг юм байна. Ажилгүй байх магадлал тэдний хувьд маш бага. Шоронгоос суллагдсан хүмүүстэй “зууралдах” ажлыг цагдаагийн байгууллага хийгээд байдаггүй. Бүр ял эдлүүлэхээс нь эхлээд бүх ажиллагаанд хяналт тавих, гараад ирсэн хүмүүсийг нийгмийн амьдрал руу хөтлөн оруулах үүргийг төрийн бус, иргэний байгууллага, өрх гэрийн, хөршийн эвслүүд шүүх болон шийдвэр биелүүлэх байгууллагуудтай байгуулсан гэрээгээр хариуцан гүйцэтгэж байдаг. Гэтэл Монголын хоригдлууд наранд гарч ирүүтээ л ажилгүйчүүдийн эгнээнд орно. Ажилгүй хүнд ч амьдрах хэрэгцээ байдаг шүү дээ. Гэм зэмгүй явах боломж нь нэгэнт хумигдчихсан, “насан туршийн хоригдол” болоод шоронгоос гарч ирдэг нь нууц биш.

Амьдралын хулгай

“Шоронжсон” гэх эв хавгүй хэлбэржсэн энэ зохиолмол үг Монгол Улсын ялын бодлогыг яг үнэнээр нь тодорхойлоод байх юм. Ялих, ялихгүй алдаа эндэл хийсэн иргэдээ шоронгийн хоригдол болгож, гэм буруугийн зам руу тэр чигт нь түлхсэн энэ бодлогын золиосонд шижигнэсэн, сэргэлэн цовоо залуус маань голдуу явж байгаад харамсаад ч барамгүй. Тэдний маань дөрвөн сар баривчлуулсан нь ч, хорин жил хоригдсон нь ч “наарнаасаа” босоод наранд гарч ирэхдээ “хоригдол” гэх штамптайгаа хүмүүсийн дунд орж, түүндээ өөрөө ч итгэж үнэмшээд гэмт хэрэгтнийхээс өөр амьдралын хэв маяг эрэлхийлж чадахгүй, олж дөнгөхгүй, тэгээд амьдралаараа сүйрэн мөхөж, гутран доройтож яваагийн ял зэмийг харин бид хаанаас хайх ёстой юм бол?

Архинд халамцаад, агсам тавьсныхаа төлөө таван жил, 10 хоногийн ял авсан залуугийн шүүхийн тогтоол өмнө минь байна. Хийсэн гэм, авсан ял хоёрыг нь уншигч та жигнээд нэг үзээрэй. Гэм нь танд гэм шиг биш санагдвал Эрүүгийн хууль хараарай. Авах л ёстой шийтгэл гэж хууль өөдөөс чинь ярих вий. Харин би хувьдаа, миний уулзаж ярилцсан бүх хуульчид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Агсам тавьсан хүнийг дээр үед нойтон эсгийд боогоод тавьчихдаг байсан юм гэнэ лээ. Шоронгоос гарч ирсэн гэснээс эсгийнээс гарч ирсэн гэвэл нэр цэвэр үлдэж ч мэдэх юм. Хоригдол, ялтан ч гэлээ хүн, түүнд цаашдын амьдрал, хувь заяа байгаа гэх хүмүүнлэг үүднээс хандаагүйн харгайгаар олон олон залуус амьдралаараа хохирч, хохируулж явна. Нэг орсон хүн дараа нь заавал татдаг шоронгийн хаалга, түүнийг зайлшгүй, гарцаагүй мэтээр хуульчилсан төрийн бодлогыг би энгийн, эгэл жирийн иргэдийнхээ амьдралыг “төмөр нүүр”-ээрээ далайлган хулууж буй хулгай гэж дүгнэмээр санагдана. Хууль ёсны энэ хулгай халаасны ч юм уу, орон байрныхтай зүйрлэмгүй их хор хохиролтой байна. Монголын төр иргэдээсээ амьдралыг нь хулгайлж байна. “Дансны” аргаар хөрөнгө завшихтай эгнүүлэмгүй “хуулийн” хулгай аймшигтай агаад харгис хэрцгий байна.

Үндэстний тойм сэтгүүл