Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай болон Н.Энхболд нарын гишүүний санаачилсан Сонгуулийн тухай хуулийг парламентаар хэлэлцэж эхэлснээр хаврын улс төрийн хамгийн төв цэг болов. Зэрэгцүүлээд сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиар дархалж, намын жагсаалтаар 76, тойргоос 76 мандаттай нийт 152 УИХ-ын гишүүнтэй болох магадлал нь өндөр саналыг Засгийн газраас авч буй нь парламентад суудалгүй хугацаанаас нь өмнө сэрээж орхилоо. Үүнийг Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн уур амьсгалаас бэлхнээ харж болохоор.

-СПИКЕРИЙН ЭЭЛЖИТ ТУНХАГ-

Хаврын чуулган нээлтээ хийхээс урьтаж амлалт шахуу ярилцлага өгсөн хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Энэ чуулган бүхэлдээ авлигын эсрэг байх тухай. Засгийн газрын авлигатай хийх тэмцэл "бай"-ндаа тусч эхэлсэн үү?, хуулийнхан Г.Занданшатар даргын ярилцлагаас "урам зориг" авсан уу? хэлж мэдэхгүй, Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулснаар хоёрыг нь сугалж чадсан. Үргэлжлүүлээд хэчнээн гишүүний нэрс хөврөхийг гагцхүү Улсын ерөнхий прокурорын сэтгэлийн чин зориг мэдэх ч дээр өгүүлсэн гурван хуулийн төслийг хэрхэх нь энэ парламент, УИХ-ын даргын нэн тэргүүний асуудал болоод буй. Ямар ч байсан Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн, судлаач бүхий хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдгээрийн байр суурийг тандлаа.

Ерөнхийлөгчийг төлөөлж Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ талаас МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Засгийн газрын нэрийн өмнөөс Хэрэг эрхлэхийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон эл хэлэлцүүлэг Г.Занданшатар даргын индрийг нь ашиглах төдий байв. Нэгдүгээрт, өөрөөрөө "овоглуулах" болсон 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулахад шаардлагатай дагалдах хуулиудыг батлах. Хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуультай болох. Гуравдугаарт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх талаар дурдана лээ. 

Улс төрийн намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж буйг дурдахаа тэрбээр мартсангүй. Араас нь "Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нэр дэвшүүлж байгаа гол институц болох улс төрийн намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой" гэв. Угаас хэлэлцэж буй асуудлыг зүйр үгээр төлөөлүүлж тодотгох нь олширсон спикерийн байр суурь энэ удаад давтагдсан ч парламентад суудалгүй намууд ямар байдлаар ойлгож, хүлээж авсныг хэлж мэдэхгүй. Яг үнэндээ ярих нэг өөр, түүнийгээ бодит ажил хэрэг болгох нь бүр өөр. Тэр болтол УИХ-ын дарга Г.Занданшатарын байр суурь ТУНХАГ төдий байсаар л байх болно.

-А.ОТГОНБААТАР Ц.ОЮУНГЭРЭЛИЙГ АМЛАСАН НЬ-

Төв талбайд лайвдаж, тэг хажууд нь байрлах нийслэлийн захиргаанаас Засаг дарга Д.Сумъяабазарыг "эрэн сурвалжилж" явсан Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Төрийн ордноор гүйдэлтэй болсоор удсан ч хүмүүжсэнгүй. Ардаа зөвхөн "Ард түмэн" гэсэн ганцхан шошго нааж өнөөх л ачирхал, бухимдал, хэн нэгэн рүү өндөр дуугаар үсчиж, үгүйсгэдэг лайвчин төрх нь хэвээрээ. "Ордонд орох эрхгүй намын дарга нар хэлэлцүүлэг хийсэн нэр зүүж байна" л гэнэ. "Ард түмэн тэнэг байх тусмаа та нарт ашигтай" л гэх. Улс төрд яваа тэднээс ой гутаж буйгаа ч илэрхийлэв. Уг тоондоо өөрийгөө ч оруулж амжлаа. Ард түмнийхээ эрх ашгийн өмнөөс цурам хийлгүй лайвдаж байхад "Ардын Намын амьд тролл" гэж хардагт нь мань дарга ундууцаж явдгаа байр сууриараа битүүхэн цухуйлгана лээ. Гэхдээ энэ нь А.Отгонбаатарын гол зорилго энэ байсангүй. 

Саяхныг хүртэл нийслэлийн захиргаанаас Төрийн ордон хүртэл лайваараа "дайлаар" мордож явсан Үнэн ба Зөв намын даргын ээлжит "бай" нь сайд асан Ц.Оюунгэрэл болсныг хэлэлцүүлгээр дамжуулж зарлав. Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн огноогоороо Монголын улс төрийн намуудын хамгийн отгон дарга. Нэр нь Иргэдийн оролцооны нэгдэл. Тэрбээр "Төрөөс үнэхээр мөнгө өгөх бол өөрийнх нь дансанд биш. Гэрээ хийсэн байгууллагууд руу нь өгдөг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр намын дансанд мөнгө өгснийхөө хариуд бүх дата мэдээллийг нь шаарддаг болох гээд байна. Намын дансанд төрөөс мөнгө орохыг би эрс эсэргүүцэж байна" гэсэн нь А.Отгонбаатарт таалагдсангүй. Үг хэлэх ээлж нь ирсэн тэрбээр уур бухимдлаа илэрхийлэхийн хажуугаар отгон намын даргыг нэр цохон чичилж, "Ногоон нүдэн лам номын зохиогч, соён гэгээрүүлэгч нэр зүүсэн популист Ц.Оюунгэрэл хаана байна. Хэлэлцүүлэгт сууж, хүний үг сонсож сураагүй" зэргээр буруутгав. Мэдээж энэ үед Ц.Оюунгэрэл дарга байсангүй. Хэдийнэ гарч одсон байв. 

Угтаа бол шинэчилсэн найруулгын хүрээнд улс төрийн намд төрөөс санхүүжилт олгохдоо намын биш байгууллагын данс руу хийх талаарх Ц.Оюунгэрэлийн санал зарчмын хувьд зөв. Ингэж байж тэдэнд олгож буй санхүүжилт нээлттэй, шилэн болно. Төрийн санхүүжилт гэдэг татвар төлөгчдийн л мөнгө. Харин намын данс руу хийх нь дан ганц даргаас хамаарах магадлал нь өндөр. Үйл ажиллагааны зардал гэх нэрийн дор хэдэн ч удаа хаашаа зарцуулах эрх нь нээлттэй гэсэн үг. Ийм зарчмаар л Ц.Оюунгэрэл дарга хэлсэн байж таарна. Гэтэл Үнэн ба Зөв намын даргын байр суурь МАН, АН-ын агуулгаасаа халиад Ц.Оюунгэрэлийг чиглэсэн нь ямар эрх ашгийг нь хөндөв? гэх асуулт төрүүлэв. Тэгээд ч А.Отгонбаатар даргатай Үнэн ба Зөв нам өнөөдрийг хүртэл хугацаанд хаанаас, хэнээс, хэрхэн санхүүждэг нь тодорхой бус явж ирсэн улс төрийн хүчний нэг. Нам л болсон хойно үйл ажиллагаа явуулахад санхүүжилт хэрэгтэй. А.Отгонбаатар дарга ч бусдын адил хүн л юм хойно амьдрал ахуйгаа авч явахад түүнд мөнгө хэрэгтэй. Эрх биш лайв хийхдээ зарцуулдаг утасны дата нь өөрөө тодорхой хэмжээний үнийн дүнтэй.

-ӨНӨӨХ Л ЖАГАА-

Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй, бүр "Төлмөөргүй байна" хэмээн гэдийж явсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан эл хэлэлцүүлгийн "хүндэт" зочин байв. Гэхдээ зөвхөн өөрийнхөө хэмжээнд, өөрийгөө тэгж харагдуулахаар хичээж буй нь илт. Ямар ч байсан "Я.Содбаатар ухаантай. Ц.Оюунгэрэлийн хэлснээр хуулиа засаад оруулаад ирэх байх аа. Тэр нь дээр шүү, Содоо" хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад тал зассанаар яриагаа эхлүүлэв. Цааш үргэлжлүүлэн "Монголд нэр төртэй улстөрч байхгүй боллоо. Бүгдийг нь харлуулж, чичилж байна. Араас нь аж ахуйн нэгжүүдээ харлуулж байна. Хэн татвар төлөх вэ. Тэр троллууд төлөх үү. Энэ янзаараа бид ямар нийгэм рүү явж байна вэ? 152 гишүүн гэж байна. 76 гишүүн яаж хэл аманд ороод байгаа билээ. 152 болоход юундаа эсэргүүцээд байгаа юм. Монгол Улс 152 хүн тэжээж чадахгүй байна гэж юу байдаг юм?" гэв.

Түүний хэлсэн байр суурь, хэлэлцүүлгийн уур амьсгал дунд гаргаж буй характераас харахад Улс төрийн намуудын шинэчилсэн найруулга болон Сонгуулийн тухай хуулийг аль, альныг нь дэмжихээр нэг талдаа гарчээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх Засгийн газрын саналыг ч дэмжиж буйгаа "Монгол Улс 152 хүн тэжээж чадахгүй байна гэж юу байдаг юм" гэсэн өгүүлбэрээр баталгаажуулав. Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, гишүүдийн тоог нэмэх нь парламентад одоогийнхоос илүү олон намын төлөөлөл орж ирэх боломжийг нээж өгөх нь хэн бүхэнд ойлгомжтой асуудал. Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй л болохоос бусдаар ганцхан дарга, ганцхан гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн нэр бүхий намын дарга нарт энэ нь алдаж болохгүй боломж. Ялангуяа 2008 оноос хойш сонгуулийн цикл бүрээр нэр дэвшээд өвдөг шороодож яваа БНН-ын дарга Б.Жаргалсайхан сайн мэдэх хүний нэг. Ядаж л тэрбээр ирэх сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүн болж дэвшвэл Хөгжлийн банкнаас авсан 14 тэрбумыг ойрын хэдэн жилдээ төлөхгүйгээр чих амар явна шүү дээ!

-МАН-ЫН ГЕНСЕКИЙН ЗОВЛОН-

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулиар жижиг намуудыг цэгцлэх хардлага яваа ч хамгийн хүнд тусах нь өнөөгийн эрх баригч МАН. Үүнийг Засгийн газрыг төлөөлж оролцсон Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Монгол Ардын Нам Улс төрийн намын тухай хуулийг дэмжмээргүй байна гэдгийг хэлмээр байна. Манай намд олон жилийн давуу байдлыг бий болгосон хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох нь. Жендэрийн тэгш байдал 40 хувьд байх ёстой гэсэн үндсэн эрхэд нөлөөлөх нь. Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулж Төрөөс авдаг санхүүжилт буурах нь. Хуулийг дэмжихгүй байх шалтгаан нь энэ" гэв. Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргын биш эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хэлсэн байр суурь энэ.

Харин "Ард түмэн төрийг шинэчлэх, өөрчлөх ёстой гэсэн бүх шахалтыг өгч байна. Өнөөдрийн төрийн тогтолцоо улс төрийн намуудаас шалтгаална. Намууд хариуцлагатай болсон цагт хариуцлагатай төртэй болно. Тиймээс өөрсдийн намын эрх ашгийг ярих боломж байхгүй" гэдэг Хэрэг эрхлэх газрын даргын албан ёсны үг байж таарав. Өөрөөр хэлбэл, тогтолцооны хувьд одоогийнхоос нэг шат ахих, нийгмээрээ урагшлахын тулд Улс төрийн намын тухай хуулийг дэмжиж явуулах нь зүй ёсны шаардлага бий болсныг тэрбээр хоёр өөр дүрээр ийн тайлбарлав. Үндсэндээ хэлэлцүүлгийн гол сэдэв болсон хоёр хуулийн төслийг парламентаар хэлэлцэж, ойрын хугацаанд батлах чиглэлийг эрх баригч намынхан хүссэн ч, эс хүссэн биелүүлэхээр шулуудсаныг Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргын, МАН-ын генсекийн хувиар ч баталгаажуулсан нь энэ. Мэдээж ард нь Засгийн газраас өргөн мэдүүлэхээр зэхэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэмээх тогтолцооны томоохон реформ, түүнийг дагасан эрх ашиг, сонирхол яваа нь ойлгомжтой.

ХҮН-ЫН ХИЛЭН

Хэлэлцүүлгийн товыг сонссон ХҮН-ын дарга Т.Доржханд хөдөө, орон нутагт томилолттой явсан учир бага зэрэг хоцорч орж ирэв. Д.Амарбаясгалан даргын хажууд суусныг ч хэлэх үү? ээлжээ хүлээх зуур хэдэн үг сольж амжив. Хуваарийн дагуу үг хэлэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэлээд хойгуур бичүүлсэн түүний үг хэлэх ээлж ирлээ. Парламентад суудалтай гуравдагч хүчний төлөөллийн дарга байр эхнээсээ л ширүүхэн байх нь тэр. "Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр огт хүлээж байгаагүй шийдвэр гарлаа. Улс төрийн намууд зөвшилцөөд дэмжих юм бол энэ асуудлыг шийднэ гэж байна. Бүгдээрээ дэмжээд гарын үсгээ зурсан. Тоглоомтой юм шиг "Намууд дэмжих юм бол явна” гэж байгаа нь юу гэсэн үг юм бэ?, Засгийн газар аа. Бид төртэй шүү. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай оруулж ир гэсэн УИХ-ын тогтоолтой шүү. ХҮН өнгөрсөн хугацаанд 1.2 сая хүнтэй уулзлаа. Дийлэнх нь тогтолцоогоо өөрчлөөд өгөөч гэж байна. Энэ хүмүүс мэдээлэлгүй байна, мэдээлэл өгөхөөр ойлгож байна. Одоогийн тогтолцоогоор мөнгөтэй хүмүүс,  тэдний хүүхэд нэр дэвшээд орж ирдэг системтэй. Ийм хөгийн системийг өөрчлөх ёстой. Ингэж байж бид том алхана" хэмээн эгдүүцэв. 

Түүнийг ийн ярих зуур зэргэлдээ ширээнд суугаа БНН-ын дарга Б.Жаргалсайхан "Дахиад л гарын үсэг зуруулчих л даа" гэсээр бусдыгаа тэрүүхэндээ уриалав. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай санаачилга гаргаж, хамгийн их акц өрнүүлсэн нь ХҮН-ынхан мөн үү? гэвэл мэдээж тийм. Намын дарга Т.Доржханд ч энэ тухай хэвлэлээр хангалттай, амаа "чилтэл" ярьсан дүр. Тийн явсаар сая л нэг юм Засгийн газраас санал авч эхэлсэн энэ цаг үед "Намууд дэмжих юм бол явна” гэх коммент явсан ХҮН-ын даргын эгдүүцлийг төрүүлсэн бололтой. Лав Д.Амарбаясгалан даргын хэлснээр хаа, хаанаа ярилцаад дэмжлэг хүлээвэл ирэх долоо хоногийн эхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас оруулж ирэхэд асуудалгүй гэдгийг онцлоно лээ.

-ЭЦЭСТ НЬ АЛГА ТАШИЛТ-

Улс төрийн намуудыг бодлогын институц болгон төлөвшүүлэх нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн гол ач холбогдол гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлж буй. Үүнд эрх баригч МАН, сөрөг хүчин АН, парламентад суудалтай ХҮН-ынхан ч багтана. Хэлэлцүүлгээс хэлэлцүүлгийн хооронд байр сууриа илэрхийлж, хааяахан хэвлэлийн гол дүрээр тодордгоос бусдаар яг хэдэн гишүүнтэй, хаанаас санхүүждэг нь тодорхойгүй Б.Жаргалсайхан, А.Отгонбаатар нарын даргалж ирсэн намд ч хамаатай асуудал. Үндсэндээ хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн цагаас хэрэгжилт нь хамгийн халтай, бүр намыг нь татан буулгаж мэдэх эрсдэл дагуулах атал эсрэгээрээ тэд алга ташиад суусан нь гайхширал төрүүлэв.

Жишээ нь, ХҮН-ын дарга Т.Доржханд үг хэлж дууссаны дараа хурлын танхимд суугаа хүмүүсээс А.Отгонбаатар ганцаараа алга ташиж байгаа юм. Хажууд нь суугаа Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрбаатар тэрүүхэндээ цочиж байгаа нь илт. Дэргэд нь суугаа хүнээс тийм их сэтгэлийн хөөрөл гарна гэж хэн мэдэх вэ, дээ?

БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч А.Отгонбаатараас дутсангүй. Цагаа тулахад А.Отгонбаатарыгаа хол хаях хэмжээний улс төрийн тайзан дээр тоглолт хийх хүн. Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан намаа биш улс орноо бодох агуулгатай үг хэлсний дараа бас л ганцаараа уулгалан дэмжиж танхимаар нэг алга ташив. Уг нь Б.Жаргалсайханд биш Д.Амарбаясгалан, Ардын Намд хамаатай асуудал. Эцсийн шийдвэр парламент гаргана, тэнд дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын гишүүд дэнсэлнэ.

Гагцхүү хэн хэнийг дэмжиж, хаана нь баярлаж, хөөрдгийг хэлэлцүүлэгт оролцсон 36 намын төлөөлөл өөр өөрсдийн түвшинд анзаарч, гадарласан л байх. Хамгийн гол нь, намууд нь гэхээсээ дарга нэртэй тамгаа халааслаад явдаг хүмүүс нь улс орны язгуур эрх шиг, хөгжлийн бодлого ярих бус гудамжны, ойрын зайны улс төрөөсөө салаагүй, салахыг ч хүсээгүй, хүсэхгүй байгаа цагт зөвшилцөл нэрийн дор хэлэлцүүлэг зохион байгуулах нь зөв үү? Ерөөсөө л хий хоосон тунхагийн шинжтэй цаасан дээр үлдэхээс өөрөөр бодит үр дүнд хүрэхгүйг энэ удаагийн хэлэлцүүлэг хангалттай харууллаа. Төрийн ордонд арав, зуу, магадгүй мянган хэлэлцүүлэг зохион байгуулсан ч тэд "Орилсоор" л байх нь. 

UZEG.INFO