Ханшийн зөрүү хэмээх хийсвэр “МАНГАС”
Xаншийн зөрүү хэмээх хийсвэр “МАНГАС”-ыг үеийн үед байлгах нь хэнд ашигтай вэ? Төрд үү? эсвэл түүний бодлогыг тодорхойлдог албан тушаалтнуудад уу? Бүр цаашлаад хэтэвчээрээ нэгдсэн хэсэг бүлгийнхэнд үү?...
164… Энэ бол Барилгын болон Эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дугаар. 126,6… “Монполимет” компани олон улсын жишигт нийцсэн цементийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 65 сая ам.доллар буюу тухайн үеийн валютын ханшаар тооцож олгосон мөнгөн /тэрбум/ дүнгийн хэмжээ. Үүнийг зориуд дурдсан нь учиртай. Үндсэндээ Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу “Монцемент” төсөлд 65 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг хоёр үе шаттайгаар олгохоор шийдвэрлэсэн нь 2014 оны тавдугаар сар.
Энэ хүрээнд “Монполимет” компанийн хэрэгжүүлсэн төсөлд 65 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулж, хоёр үе шаттай олгожээ. Тогтоол албажсан уу? албажсан. “Монполимет” компани санхүүжилтээ авсан уу? авсан. Үйлдвэрээ барьсан уу? барьсан. Төсөл амжилттай хэрэгжсэн үү, хэрэгжсэн. Монгол Улс цементийн хараат байдлаасаа гарсан уу? гарчээ. Гэвч ганцхан асуудал уг төсөл хэрэгжсэн өдрөөс дагаж, дуусгавар болсон ч дагасаар өнөөдрийг хүрэв. Юу гэдгийг бараг бүгдээрээ мэддэг болсон байх. Ерөөсөө л ханшийн зөрүүний хамгийн том хохирогч нь улс биш “Монполимет” өөрөө болсон тухай.
Уг нь “Монцемент” төсөлд 65 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг олгох тухай Засгийн газрын 164 дугаар тогтоолд цагаан дээр хараар тодорхой бичсэн байгаа юм. Ам.доллар биш төгрөгөөр гэдгийг дахин тодотгоё. Ам.долларын ханш дунджаар 1950 орчим төгрөгт хэлбэлзэж байсан үе гэж тооцвол тоо ёсоороо яг л 126.6 тэрбум орчим. Харин ямар шалтгаан, ашиг сонирхол байсныг хэлж мэдэхүй, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагын зүгээс санхүүжилтийг төгрөгөөр биш ам.доллораар өгснөөр асуудал эхэлсэн түүхтэй.
Угтаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын гарын үсэг бүхий Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарт өгсөн зөвшөөрлийн дагуу “Монцемент” төсөлд 65 сая ам.долларыг валютын ханштай уялдуулж төгрөгөөр тооцож санхүүжүүлэх байлаа. Гэвч Хөгжлийн банкны зүгээс ийм шийдвэр гаргасан нь Засгийн газрынхаа тогтоолын эсрэг ажилласантай агаар үйлдэл байтал өнөөг алдаагаа эргэж харах талаар ярихгүй суугаа нь хачирхам.
Бэсрэгхэн түүх сөхвөл “Монцемент” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны 100 хувийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр анх тохирсон байдаг. Төрийн нүүр харахгүйгээр, төсвөөс мөнгө гуйхгүйгээр өөрсдөө бүх хөрөнгө оруулалтаа босгоод явах бүрэн боломжтой байсан гэсэн үг. Харин стратегийн томоохон төслийн хөрөнгө оруулалтын 25-30 хувийг дотоодоос санхүүжүүлэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Хөгжлийн банктай холбогдож. Хөрөнгө оруулагчдын зүгээс ч дотоодын нөхцөл байдлыг хүндэтгэн үзсэнээр 25 хувийг тус банкнаас авахаар болсон байна.
Засгийн газрын тогтоолоор 65 сая ам.долларыг “Монцемент” төсөлд олгохоор шийдвэрлэсэн шалтгаан ердөө л энэ. Хамгийн анхаарал татах нэг АСУУЛТ энд дагадаг нь 35, 30 сая ам.долларыг хоёр үе шаттайгаар тус бүр олгох байтал зургаан удаагийн үйлдлээр тасалж олгосон гэдэг. Ойролцоогоор 10, 10 саяар хуваасан гэх. Өнгөн дээрээ санхүүжилтийг бүтэн олгосон нь үнэн л болохоос валютын ханшийн өсөлт хувийн хэвшлийн нуруунд хэрхэн дарамт болж буух нь огт падлийгүй байсныг төвөггүйхэн ойлгож болохоор.
Яг үнэндээ “Монцемент” амжилттай хэрэгжсэн нь, өнгөрсөн хугацаанд хуваарийн дагуу зээлээ төлж ирсэн нь төслийг буруутгах ямар ч үндэслэл болохгүй ч ханшийн алдагдлыг дангаараа үүрч, 100 орчим тэрбум төгрөгийг ам.долларын өсөлтөд төлж буй нь зөвтгөх шалтгаан биш. Хэрвээ Засгийн газрын 164 тогтоол цагаан дээр хараар албажсан шигээ 65 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний төгрөг болох 126.6 тэрбумыг ном журмаар нь төсөлд олгосон бол өнөөдөр тэд хэдийнэ зээлээ төлөөд дуусгах байжээ. Гэдэг нь 2014 онд Хөгжлийн банкнаас авсан 65 сая ам.доллараас зээлийн үндсэн төлбөрт 43.4 сая буюу 114 тэрбумыг, хүүнд 27 сая буюу 69.2 тэрбумын эргэнт төлөлт хийжээ. Анх авсан зээлээсээ даруй 5.4 сая ам.доллараар илүү төлөлтийг хийчихсэн яваа нь энэ. Төгрөгөөр 183,1 тэрбум.
Хэрвээ ханшийн алдагдалд төлж буй 100 тэрбум төгрөгийг зээлэнд биш үйлдвэрийнхээ хүчин чадлыг одоогийнхоос нэмэгдүүлэхэд зарцуулсан бол тэр хэрээрээ аймаг, орон нутгийн хөгжилд ч хэрэгтэй байсныг үгүйсгэхгүй. Улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээнд ч нэмэртэй. Гол нь Төрийн шийдвэр дунд шатандаа очоод өөрчлөгддөг, дур мэдэн өөрчилдөг, хурган дарга нарын үзэмжээр явдаг байдлын эцсийн хохирогч нь хувийн хэвшлийнхэн болж ирсний бодит жишээ нь “Монполимет” болсныг энд өгүүлэх гэсэн юм.
"Шаварт унасан шарын эзэн" гэгчээр төслийг гардан гүйцэтгэсэн "Монполимет"-ийнхан энэ талаар тэр болгон дуугардаггүй, өөрсдөдөө ногдсон өмнөх ажлаа хийхийг илүүд үзэж иржээ. Зээл авсан нь, гарын үсэг зурж баталгаажуулсан нь үнэн болохоос 126 тэрбумыг 203 хувийн өсөлттэйгөөр буюу 255 тэрбум болгож төлөх нь баргийн компанийн хүсэх зүйл биш. Бараг хаалгаа бариад төрд буруугаа чихээд тэндээс хохирлоо нэхэмжлээд суусан нь ашигтай. Тийм аж ахуйн нэгж компани нэгээр зогсохгүй олон бийг УИХ-ын байгуулсан Түр хорооны нээлттэй сонсголоор бид хангалттай харлаа. Бүр хамаарал бүхий компанидаа хэдэн арван тэрбумаар нь зээл авчихаад түүнийгээ төлмөөргүй байна гэж яриад суудаг улстөрчийн яриаг ч сонслоо.
Гэвч тэгсэнгүй, Тэгэхийн хүссэнгүй. Эсрэгээрээ ам.долларын ханш 1,854.56 төгрөг байхад авсан зээлээ 3,476.89 төгрөгөөр төлсөөр яваад асуудлын зангилаа оршиж байгаа юм. Эндээс нэг л асуулт хөвөрнө. Тэр нь "Монполимет" шиг ам.доллар 1,854.56 төгрөг, түүнээс ч бага ханштай байхад Хөгжлийн банкаар дамжуулан зээл авсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд ханшийн зөрүүнд алдагдалд хүлээсэн компаниудын хувь заяаг цаашид хэрхэх вэ? Том дүнтэй, тэр нь олон нийтэд ил болсон нь энэ болохоос ханшийн өсөлт, "Ковид" цар тахлын хоригоос үүдэж хаалгаа барьсныг дурдвал олон. Адаглаад энэ бүгдэд хамгийн бодитой тайлбар өгөх ёстой Монголбанкны удирдлагууд өнөөдрийг хүртэл яагаад таг дуугүй явна вэ? гэдэг нь өөрөө асуудал, АСУУЛТЫН ТЭМДЭГ! Ингэхэд ханшийн зөрүү хэмээх хийсвэр “МАНГАС”-ыг үеийн үед байлгах нь хэнд ашигтай вэ? Төрд үү? эсвэл түүний бодлогыг тодорхойлдог албан тушаалтнуудад уу? Бүр цаашлаад хэтэвчээрээ нэгдсэн хэсэг бүлгийнхэнд үү?...
UZEG.INFO