Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ
"Иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бий болгоно" гэж амлаж гарч ирчихээд одоо гэтэл тэрийгээ маниусаар шийдүүлээд оноо өгөх юм гэнэ. Тэгвэл бид тэднийг сонгох ямар хэрэгтэй юм.
Нийслэлийн Засаг даргыг огцруулах сураг гарснаас хойш манай нийслэлийн орлогч нар ёстой нэг байгаа "бүх сумаа" тавьж байна аа. Гэнэт гэнэт гажиг гажиг ухаан сийлж, тэр нь бараг нэмэр гэхээсээ нэрмээс болох янзтай. Зарим нь бүр иргэдээ арай дэндүү элэглээд, элэгдээд байх шиг. Х.Нямбаатарыгаа аваръя гээд байгаа юм уу, арчья гээд байна уу?
Нийтийн тээврээр зорчвол оноо өгнө, нийтэд тустай мэдээлэл өгвөл оноо өгнө, зөв зуршилтай, байгаль орчиндоо ээлтэй иргэдийг оноожуулна, өөр юу юу гэнэ вэ. Аль нь алинаасаа үүсгэлтэйг ч таамаглах арга алга. Бодвол нийтийн тээвэр тэргүүлэх байх л даа, нийслэлийн нэн хүндрэлтэй асуудал юм чинь.
Автобусаа цагийн хуваариар нь, ойр ойрхон явуулаад байдаг, хяналт тавьж чаддаг, автобус нь хүрэлцээтэй байсан бол иргэд оноотой оноогүй автобусандаа сууна. Хөхөө өвлийн хүйтэнд гадаа хоносон машин халаагаад сууж байхыг, гараад нөгөө түгжрэлдээ орохыг, арай гэж ажил дээрээ очоод зогсоол хайж хараалаа барахыг хүн болгон ч хүсэхгүй л байх. Гэтэл манай автобусны жолооч нар яадаг билээ.
Би жишээ нь, Сүхбаатарын талбайн төв зогсоол дээрээс байнга суудаг. Чиглэлийн автобус нь ирэхгүй хүлээлгэнэ. Ирсэн хойноо "цагаа хүлээж байна" гээд холоо очоод хаалгаа хаагаад зогсчихно. Бүр 2, 3-аараа эгнээд зогсчихно гээч. Тэгээд буудал дээрх хүмүүс пиг дүүрээд, яг сайхан осгоод, хөлдүүс болоод ирэхийн цагт уралдаж ирээд авна. Даарсан, бээрсэн хүмүүс гадаа үлдэхгүйн тулд үхэн хатан зүтгээд, гахай нохой шиг чихэлдээд орно. Ингэж олноор нь хуйлруулан, дээр доор нь оруулан бах таваа хангах нь жолооч нарын хувьд нэг төрлийн зугаа бололтой юм. Автобусанд хүртэл тэгж өрсөлдөн тэмцэж орох нь бүр ерээд оны картын барааны үеэс үлдсэн "өлсгөлөн соёл" юм болов уу даа.
Тэгж зүтгэж орж байгаа хүмүүс картаа уншуулахгүй, юун карт манатай. Бүтэн автобус дүүрэхэд 2-3 хүн уншуулбал их юм. Жолооч нар нь ч тоож байгаа юмгүй. Аргагүй шүү дээ, сарын 3,5 саяын цалинтай хүнд зорчигч төлбөрөө төлнө үү байна уу хамаа байхгүй. Тэрний оронд зүгээр эхний буудлаас эцсийн буудал хүртэл цагтаа очих, цалингаа авах нь тэдний зорилго. Хоёр эгнээ зам дээр нэг чиглэлийн хоёр автобус хоорондоо уралдаад, нэгнийнхээ өмнө гарах гээд сигналдаад давхиад байна шүү дээ. Зорчигчийн аюулгүй байдал энэ тэр бүр түй ч хамаагүй.
Уг нь "автобусанд суувал оноо өгнө" гэж солиорч, солгойрч суухынхаа оронд нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудынхаа хөдөлгөөнийг хянаад байдаг бол, зорчигчдоо автобусны буудал дээр түлээ шиг бөөгнүүлээд байдаггүй бол хүмүүс хүссэн, хүсээгүй, ямар ч албадлагагүйгээр автобусандаа суух юм. Хаа байна нөгөө цахим хөгжил, ухаалаг хот энэ тэр нь.
Одоо тэгээд дарга нараас оноо авахын тулд осгож үхэхээ хүлээгээд буудал дээр бээрч зогсох уу? Тэрнийхээ оронд "хүний эрхээр үхэхээр өөрийн эрхээр үхье" гээд хөлдүү ч гэсэн машинаа асаагаад гарна биз дээ. Утаа, түгжрэл хоёртойгоо эвлэрнэ биз дээ.
Т.Даваадалай гэдэг орлогч юу гэнэ вэ, "Зөв зуршилтай, байгаль орчиндоо ээлтэй иргэдийг оноожуулна" гэнэ үү. Бас юун тэнэгрэл вэ? Автобусанд суугаад, явган алхаад, гудамжинд шүлсээ хаяхгүй бол зөв зуршилтай болчих уу? Уг нь хүн болгон, иргэн бүр л зөв зуршилтай, байгаль орчиндоо ээлтэй баймаар байгаа шүү дээ. Тэрэнд хот өөрөө тусалдаг баймаар байна. Ядаж зүгээр автобус хүлээдэггүй л болгочихооч. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй байж иргэдэд л хамаг асуудлаа тулгасан том том дарга нар.
НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын орлогч А.Амартүвшин ярьж байна, "Иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныхоо талаар саналаа илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтой" гэнэ. Уг нь өөрсдөө "иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бий болгоно" гэж амлаж, өрсөлдөж гарч ирсэн хүмүүс шүү дээ. Одоо гэтэл тэрийгээ маниусаар шийдүүлээд оноо өгөх юм гэнэ. Тэгвэл бид тэднийг сонгох ямар хэрэгтэй юм.
Ингэхэд манай нөхөд арай даварч байна, амьдралаас хэтэрхий тасарсан байна. Өөрсдийгөө тэнгэрийн амьтад гэж боддог бололтой. Аль дүүрэг, аль гудамжинд, хаана, юу хэрэгтэй байна? гээд асууж сураад, судлаад явах чинь уг нь дүүрэг, нийслэлийн төлөөлөгч нарын өөрсдийнх нь хийх ёстой ажил биш юм уу. Тэгсэн чинь одоо "Иргэд санал, хүсэлтээ төрд илэрхийлдэг ч олон шат дамжлага дамждаг тул иргэдээс ирэх саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор ийм шийдэл гаргасан" гэнээ.
Энэ одоо юу гэсэн үг вэ? Иргэн хаана, төр хаана байгаа юм? НИТХ, дүүргийн ИТХ чинь төр биш юм уу? Долоо хоног бүр, сар болгон хуралддаг хурлаараа тэгээд юу ярьдаг юм. Эсвэл хоёуланг нь тараачихаад А.Амартүвшинд даргад захиа бичээд сууж байх ёстой юу?
inews.mn


Зочин