Монголын эдийн засаг төрөлжөөгүйд л гол асуудал байна
Олон Улсын Парламентын Холбоо, УИХ-аас хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганы гадаадын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахдаа ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн билээ. Энэ бол Монгол Улс ертөнцөд юугаараа ондоошдог вэ гэсэн асуултын хариулт гэж үзэж болно.
- “Бүтээн байгуулах эрх чөлөө”-гөө эдлээгүй явсаар 30 дахь жилдээ
Олон Улсын Парламентын Холбоо, УИХ-аас хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганы гадаадын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахдаа ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн билээ. Энэ бол
Монгол Улс ертөнцөд юугаараа ондоошдог вэ гэсэн асуултын хариулт гэж үзэж болно.
Энд би “онцлог-ондоошил” гээд хоршоо үг болгоё. Ардчилал ба хэвлэлийн эрх чөлөөгөөрөө бид ондоошдог. Ардчиллын индикаторууд нь лут. Олон улсын хэмжээнд тархсан цаасан дээр (илтгэл мэдээллүүд) бол Монгол маань сарнай цэцэг шиг сайхан улс, ардчиллын гялалзсан од. Бодит байдал дээр бол тэр баянбүрд нь огт өөр.
Ардчилал нь нэг тусдаа, аж амьдрал нь тэс зөрөөд алга болчихсон. “Бүтээн байгуулах эрх чөлөө” гэдгийг амссангүй 30 дахь жилээ туулж байна.
Ардчиллын сүүдэр дор авилга хээл хахууль нь системийн шинжтэй болчихсон, популизм хөгжиж буй, шүүхийн хараат бус байдал нь асуудалтай, төрийн институциудын санамж бүрдэхгүй явсаар ирсэн, нийгэм нь нуль стресс гэсгээд монголчуудын ядуурал ажилгүйдлийн тухай цувралаа үргэлжлүүлье. Ядуурал дээр 1995 оноос хойш олигтой сайжрал гараагүй. Хүртээмжтэй өсөлт хэмээн XXI зуун гараад ярьсаар өнөөг хүргэсэн. Үр дүнгүй. Үүнийг л тайлах гээд би үглээд байна.
Ингэхэд ерөөсөө манай эдийн засагт л маш их учир байна. Макро түвшинд эдийн засгаа маш томоор харъя. Уул уурхайн бүтээгдэхүүний өсөлт л харагдаад байдаг. Тэр чухал. Ирээдүй байна. Гэтэл микро түвшинд сайнгүй.Эдийн засагтаа өнгө будаг оруулахгүй бол уул уурхайн тийм өсөлт юу хийж гийгүүлэх вэ? ОУВС өнөөг хүртэл манай улсад 6 хөтөлбөр хэрэгжүүлжээ. Эдийн засгаа солонгоруул, илүү зардлаа боль, төсөв хэмнэ, гол нь хүмүүсээрээ ажил алба эрхлүүл, хөдөлмөрлүүл, үр ашигтай бизнес хийлгэ гэсэн ОУВС-гийн зөвлөмж зөндөө. 1990-ээд онд шилжилтийн үеийн хөтөлбөр үр дүнгээ өгсөн байх. Stand by хөтөлбөр 2008-009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед үр дүнгээ өгсөн. Дефолт болоход тун ойртсон дараагийн үе буюу 2016-2017 онд дараагийн хөтөлбөр хэрэгжээд одоо явж байна. Гэгээ байна. Өрийн дарамт ДНБ-ийхээ 100 хувьтай тэнцэж байснаа одоо наашилж 70 хувь дээр бууж байна. Манай улс 11 тэрбум ам.долларын ДНБ-тэй. ОУВС-гийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх хөтөлбөр 5.5 тэрбум. +17 хувийн өсөлт унаад хасах 2 хувь дээр ирчихсэн байхад ОУВС-гийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Харин хасахыг нэмэх үзүүлэлт болгоход биднийг юу аварсан бэ гэвэл үнэндээ Хятадын нүүрсний импортын өсөлт л бидэндээ буян болсон юм шүү дээ.
Манай эдийн засаг бол хамгийн их хамааралтай. Дэд бүтэц сул хөгжсөн. Саяхныг хүртэл, бараг XXI зуун алхтал уртаашаа 1000 км замтай, түүнийх нь 3-хан хувь хатуу хучилттай, магистрал зам гэвэл хойноос урагш чиглэсэн төмөр замын ганц шугам, тэр нь оросын геополитикоос хамааралтай, сайжруулъя, нэмж барья гэхлээр оросын геополитикийн сонирхлоор нөхцөлддөг, УБТЗ гэж хамтын үйлдвэртэй, тэнд нь ОХУ-ын эрх ашгийг заавал харгалзаж байх ёстой. Үүнийг би буруутгах гээгүй.
Гэтэл сонгож авсан олон тулгуурт гадаад бодлого нь дэлхийн бүх улс оронтой зэрэг дотносохыг уриалдаг. Бүх улс оронтой зэрэг дотносно гэж байхгүй. Тэгвэл эдийн засагтаа аль нэг улстай маш нягт дотносоод өөртөө ашигтайгаар эргүүлчихсэн юм бас алга. Далай шиг газар нутгаар нь жишээлээд хүн амын хамгийн бага нягтаршилтай улс гээд дэлхий дахин үздэг, бүр тэгээд заачихсан. Гэтэл нийслэлдээ бөөгнөрөөд чигжчихсэн. Үүнээс шалтгаалан нийгмийн асар том асуудал хиймлээр үүсгээд түүндээ бүдрээд уначихсан.
Монголын нийгэмд задралын процесс ид явагдаж, социал ялгарал эрчтэй өрнөж буй. Итгэлцэл хаа хаанаа суларсан. Нийгмийн лицензийн асуудал хурц байна. Уул уурхайд итгэл суларсан, уул уурхайн эсрэг хэрүүл тэмцэл, мөргөлдөөн цаашдаа өсөх хандлагатай, иргэний хөдөлгөөнүүд хүчээ авсан нь нийгмийн задралыг бүр ч ташуурддаг. Хэдийгээр 70 сая малтай ч хөдөө аж ахуй нь нийгмийн капиталыг бэхжүүлж чадахгүй байна. Уул уурхай нь бусад салбаруудаа бүр дарангуйлчихсан. Тэр нь сөрөг нөлөөлөл болчихсон. Баялгийн сангийн тухай ярих боловч хэрэгжсэн нь үгүй. Уул уурхайн бус салбарыг сайжруулъя гэхлээр ганцхан ноолуур гээд зөрүүлээд тавьчихна. Хөдөө орон нутгаа хөгжүүлэх, хөдөө аж ахуйгаа бүхэлд нь ашигтай эргэлтэд оруулах талаар идэвхтэй хийж байгаа ажил байхгүй. Хэрэв ноолуураар дэлхийд гарч ирнэ гэвэл Хятадтай л халз өрсөлдөхөөс өөр гарцгүй.
Уул уурхай ба эдийн засгийн бусад салбар хоорондын зохицуулалт байхгүйгээс уул уурхай ба мал аж ахуйн хооронд нэг ёсны дайн явагдаж байна. Задралыг популизм заавал дагалдана. Популист тэмцлээс болж ардчиллын суурь зарчмуудыг эвдэж эхлээд байна.
Дээр нь Монголын улс төр гэж эдийн засаг, хөгжилдөө ямагт гацаа саад. Бодлого нь тогтворгүй, тодорхойгүй. Боловсруулсан ба мөрдөх ёстой хөгжлийн бодлого, хөтөлбөр 140 байна. Хамгийн сүүлд “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлав. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэргүүлэх салбар, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлогоор ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилт дэвшүүллээ гэсэн байсан. Энэ нь улиг болоод сүүлдээ мартагдаад, эсвэл дараагийн хөтөлбөрөөр бүү үгүйсгэгдчихээсэй!
Ерөөсөө боловсруулсан бодлогын шинжтэй, зөвлөмжтэй элдэв баримт бичиг, хурлын тогтоол, зөвлөмж 2000 болж, дэлхийд нэг ёсны рекорд тогтоосон. Энэ олон баримт бичгийн хэрэгжилтийг хянадаг механизм байхгүй. Ерөөсөө хяналт байхгүй.
Төв Ази-Өвөр Азийг дамнуулсан посткоммунист орнуудын эдийн засгийн төрөлжилтийн судалгааг олж үзээд бүр гутармаар. Эдийн засгийн төрөлжилтөөр Монгол Улс сүүл барьж явна. Төрөлжөөгүй эдийн засаг нь Монголынх гээд тэмдэглэчихжээ. Татаасны шинжтэй эдийн засаг гээд ялгарч харагдана. Бүр Тажикистанаас ч дор. Анхдагч бараа бүтээгдэхүүн гаргаж байсан бол түүндээ нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн болгох талаар хий ярихаас хэтрээгүй. Тийм учраас төрөлжилт байхгүй, энэ утгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын онож хэлснээр ердөө л «үхээнц эдийн засаг».
Уг нь нөгөө муу нэрт ЖДҮ чинь энэ улсын эдийн засгийн төрөлжүүлэх ёстой юм л даа. Засгийн газрын сангууд нь ЖДҮ дээр нүдээ олоогүй, харин олон улсын санхүүжилттэй нь үр дүнтэй. Гэхдээ тэр нь эдийн засагт төрөлжилт үүсгэх хэмжээнд хүрээгүй. Уг нь экспортын чиглэлтэй эдийн засаг л энэ улсыг аварна, ард түмнийг нь ядуурлаас гаргана гэж төсөөлдөг, төр нь уриалдаг. Уриалга ятгалгаас цаашаа явдаггүй.
Экспортыг дэмжих үндэсний гинжин хэлхээ илт дутагдаж байна, экспортыг хөхиүлэх төрийн бодлого нь төвлөрсөн бус, зангидагдаагүй, тархай бутархай, монголчууд хамтран ажиллаж чаддаггүй гээд олон гацаа саад буй. Экспорт дотроос орчин цагт хүний нөөцийн экспорт дэлхийд түгээмэл болсон бол манайд “А” ч байхгүй. Энэ талын ойлголт бол ердөө л гадаадаас орж ирэх мөнгөний гуйвуулга. Ажил хийхгүй байх, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэхгүй байх нийгмийн олон шалтгаантай. Шалтгаануудыг арилгах наад захын алхам хийгдээгүй. Тухайлбал албан бус орлого, амьжиргааны албан бус эх үүсвэрүүд, албан бус сүлжээнүүд тун олон байна. Тэдгээр нь нийгэмд их нөлөөтэй. Гэхдээ улсын хөгжилд нэмэргүй.
Хүний капитал гэдэгт анхаарал төвлөрүүлж чадахгүй байна. Хүний капитал, нийгмийн капиталд илүү анхаарахгүй бол болохгүй боллоо. Улс төрийн ба хувь хүний харьцааны шалтгаан хослоод ирэхлээр Монгол нь хүний хөгжил дээрээ асар их хохирол амсаж, алдагдал хүлээж байна.
Ур чадварын үл дүйцэл, үл зохицол гэх гаж үзэгдэл хавтгайрсан. Ажилгүйдлийг өөгшүүлдэг гол хүчин зүйл бол энэ бөгөөд залуусын ажилгүйдлийн түвшин ахмад настнуудын ажилгүйдлийн түвшингээс 2 дахин өндөр. Их дээд сургуульд төгсөгчдийн үлэмж их нь ажлын байргүй, эсвэл ажлын байранд тэнцэхгүй, өөрсдөө очихгүй, амьжиргааны албан бус эх үүсвэрээр тэжээгддэг.
Монгол хүн ажлын байранд удаан тогтдоггүй жишээг аж үйлдвэрийн япон зөвлөх нэг нөхөр нүдэнд харагдтал, биднийг ичтэл ярьж байхыг би сонссон. Мань хүн 3000 ажилчин албан хаагч бүхий томхон үйлдвэрт зөвлөсөн бололтой. Нэг жилд тэр 3000 хүнийх нь 60-70 хувь солигддог, байгууллагын санамж байхгүй болсон, ажил олгогч ба ажил хийгч хоёр талаасаa итгэлцэхээ больсон, ажлын гүйцэтгэл “Нойл” гэж ярих авай.
Эдийн засгийн төрөлжилт маань цаасан дээр их удлаа. Уул уурхай л голлоод байхаас бус бусад салбарууд урагш муутай. Уул уурхай, нэхмэл сүлжмэл эдлэл (ноолуур), аялал жуулчлал, эрчим хүч (сэргээгдэх ба цөмийн), хүнсний үйлдвэрлэл гээд төрөлжүүлэх ирээдүй бий, гэгээн саруул ирээдүй гээд нэрлэчихье. Сэтгэл их дутлаа. Залхуурал амарчлал их нөлөөллөө.
Уул уурхай гэснээс сэтгэл уяраах тоонууд байх нь байнаа. Потенциал их өндөр байх үндэстэй. Дэлхийд гянтболдоор 6 дугаарт, нүүрсээр 11 дүгээрт, молибден, ураанаар тус бүр 12-р байрт, зэсээр 14 дүгээрт, алтаар 21 дүгээрт гээд л явж өгнө шүү дээ. Гучин хувь нь судлагдсан геологийн газрын зураг дээрээс харахад л ийм байна. Хэрэв 100 хувь судалбал дэлхийн 200 улс орноос нэгдүгээрт цойлоод гараад ирэхийг хэн байг гэхэв?
Ийм учраас байгалийн баялагт түшиглэсэн эдийн засаг байхыг үгүйсгэх гэсэн юм биш шүү. Улсын төсөвт татан төвлөрүүлдэг орлого 2004 оноос эхэлсэн, 2013 оноос үйлдвэрлэл явагдаж байгаа, татварт орлого оруулдаг топууд Оюутолгой, Эрдэнэт гэхэд л татварын орлогын 40 хувийг дангаар бүрдүүлдэг. Цаана нь уул уурхайн 100 хол давсан компани байгаа шүү дээ.
Манай уул уурхайн экспортын 97.2 хувь нь Хятадын зах зээлд гардаг, гэтэл Хятадад нүүрсийг эрчим хүчний гол эх үүсвэр биш болгочихоод байдаг. Бид нийлүүлсээр худалдсаар байгаа. Түүндээ төрийн дээд эрх баригчдаас эхлүүлээд нийгмийн доод шатандаа хүртэл бүгд итгэж найддаг. Энэ лут 97.2 хувьтай байгаа экспорт, цаашлаад уул уурхайн нийт салбарт чинь ажиллах чадвартай хүн амын 4.7-хон хувь ажилладаг гэдгийг бид бодолцсонгүй. Үйлчилгээний (голдуу зах худалдаа, нийтийн хоол, хувийн тээвэр) салбарт 50 хувь нь ажилладаг, 27 хувь нь үйлдвэр-хөдөө аж ахуйдаа гэсэн статистик махан тоонууд, бас ихэнхи үйлдвэрлэл улирлын шинжтэйг харьцуулаад үзвэл ажилгүйдлийг бараг зөвтгөчихөөр. Эрчүүдийн олонхи нь жолооч, эмэгтэйчүүдийн олонхи нь худалдагч, тогооч ердөө сонгосон түгээмэл мэргэжил нь энэ.
Энэ лут “97.2” хувийг өөр юугаар халах вэ? Боловсруулсан хүнсний экспорт дэлхийд их гүйлгээтэй, дэлхийд хамгийн хурдан хөгжиж буй салбар, дэргэд маань Хятадын зах зээл тэр чигтээ нуль боломж, бүр асар их боломж гэдгийг манайхан ухаарч байдаг л байх. Гэхдээ тэр боломжийг ашиглах гэхээсээ бэлэнчлээд халбагаар хутгаж ачсан шороотой нүүрсээ зөөгөөд байх нь тэр. Боловсруулсан хүнс гэдэг маань манай малчид, үйлдвэрлэгчдээс хүч хөдөлмөр шаардана. Тэр мэдээж. Нэмүү өртөг шингээх, гол нь мал ургамалын эрүүл ахуйн шаардлага хангуулах, мөн шошгожуулалт, сав баглаа боодол гээд олон ажил хүлээж байна. Хүнсний экспорт одоо нийт экспортын дотор 3-7 хувийг эзлэж байгаагаа эрс өсгөх шаардлагатай.
Чөлөөт худалдааны хэлэлцээр бусад улс оронтой байгуулаад байгаа чинь боловсруулсан хүнсээ экспортлооч ээ л гэсэн нэг ёсны Засгийн газрын дэмжлэг шүү дээ. Хариуд нь хөрөнгө оруулбал хөнгөлөлт эдлүүлнээ л гэсэн үг. Үүнийг ашиглаж чадаж байна уу?
Монгол маань жилийн 4 улиралтай, өвөлдөө хахир, далайд гарцгүй, дэд бүтэц сул гэдэг ч үнэндээ Африкийн далайд гарцгүй орнуудын дэргэд асар их давуу талтай гэдгээ монголчууд ухаардаггүй. Дэргэд маань олон хэмжээст эдийн засагтай, асар том зах зээл бүхий Хятад байна. Эдийн засгаа бид байдгаар нь нээчихсэн. Энэ тал дээр сайн ажилласан гэх олон улсын үнэлгээтэй, түүнийгээ л сайн зөв авч явах хариуцлага сахилга бидэнд дутаад байх шиг. Худалдаа нь нээлттэй боловч олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар сул. Экспорт гэхлээр л 90 хувь уул уурхайгаас, 2005 он хүртэл буюу уул уурхайн цөмрөлт болохоос өмнө аж үйлдвэрийн экспорт харьцангүй өндөр байсан.
Гадаадын хөрөнгө оруулалт гэж одоо болтол тайлагдашгүй оньсого. Хоёр үзүүртэй жад гэж ч хэлэхээр. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар аж ахуй, үйлдвэрээ босгоод хэдэн зуун мянган ажлын байр гаргачихмаар. Тэгж цаасан дээр уриалан бичсэн нь маш олон. Уул уурхайн салбар pуу л нөгөөх нь орох сонирхолтой. Популизм үүн дээр нь тоглочихно. Оруулсан хөрөнгөө алдах эрсдэлтэй, итгэлийг сулруурна, үргээнэ. Шууд хөрөнгө оруулалт орж ирэнгүүт эдийн засаг оволзоод мөнгө босчихгүй. Төсөл нь хэрэгжиж байж ашгаа өгдөг тул монголчууд хүлээж тэвчихгүй мөнгө нэхээд эхэлнэ. Тэмцэлд шилжинэ.
Төсвийн сахилга хэмээн лав 30 жил ярих шиг боллоо. Төсвийн тогтвортой байдлыг хангаж байж улс төрийн тогтвортой байдлыг хангана, улс төрийн тогтвортой байдлыг хангаж байж төсвийн ба эдийн засгийн тогтвортой байдлыг хангана гэдгийг улиг болтол ярьдаг даа. Бид яг 30 жил шилжилт хийж байна. “Шилжсээр байгаа улс” гэх шошготой. Экспортын баримжаат улс болж чаддаггүй. Өрсөлдөх чадварын индексээр дэлхийд доогуур. Доогуур дунд орлоготой улс гэж тооцогддог. Гадаад зах зээлээс хэт хамааралтай. Гаргаж байгаа нь – зэс, түүхий нефть, нүүрс, алт, ноолуур гэсэн хэдхэн амин зуулгатай, ийм нэг улс л дэлхийд яваад байдаг.
АНУ хэрхэн яаж босч ирсэн, хөгжсөн, баяжсан, хүчирхэгжсэн түүх бол тун энгийн юм шүү дээ. Дан боолчуудын хүчээр, дээрмээр баяжсан хэмээн хийрхдэг, цаанаа бол АНУ-ын ЭСЯ-ны визийн мэдүүлэг дээр уначихсан, тэр уур уцаараа АНУ-ыг үзэн ядаж гаргадаг монгол хүнд ганц л тайлбар хэлье. “Бүтээн байгуулах эрх чөлөө” гэдгийг л америкчууд жинхэнээсээ мэдрээд, амсаад хэрэгжүүлчихсэн хэрэг шүү дээ.
Дэлхийн эдийн засгийн хүндийн төвүүд рүү Монгол маань ойртож хөгжихөөс өөр замгүй болж байна. Тиймийн тулд “Бүтээн байгуулах эрх чөлөө”-гөө жинхэнээсээ эдлэхгүй бол хором бүр үнэтэй болж байна. Бараа бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж байж л дэлхийн эдийн засаг руу ойртоно. Олон сорилт өмнө маань байна. Эдийн засаг төрөлжиж чадахгүй бол, эдийн засгийн чанартай өсөлт хангагдахгүй болбүр ч олон сорилт биднийг угтан авах болно.
ОУПХ-ны “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт”-ийн асуудлаархи бүсийн II чуулганаасаа эргэж эшлэе. ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Баррон хэлж байна:– Бидний өмнө 2030 он хүртэл дэлхий ертөнцийг өөрчилж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 11 жил үлдээд байна. Бидний гол зорилго хэнийг ч ардаа орхихгүй байх нь чухал. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа нэг чухал зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Дэлхийн олон оронд тэгш бус байдал санаа зовоож байгаа бөгөөд энэ чиглэлээр бид оновчтой арга хэмжээ авч буй эсэхдээ дүн шинжилгээ хийх шаардлагатай. Тогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхдээ төрийн бодлого нь иргэн бүрийг хамруулж, хэнийг ч ардаа орхихгүй байхад чиглэх учиртай. Тогтвортой хөгжлийн зорилгуудын агуулгыг авч үзвэл боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах асуудлыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө улс орны нөхцөл байдлыг оновчтой үнэлж, хөгжлөөс хоцорч байгаа бүлэг, давхаргад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд парламент анхаарч ирсэн гэжээ.
УИХ-ын дарга асан улс төрч М.Энхболдоос эшлэе:– Өнөөдөр эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч, цаашид 8.6 хувьд хүргэхээр төсөөлж байгаа. 2016 онд Монголын нийт хүн амын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу байна гэсэн дүн гарсан. Хоёр жил тутамд энэ судалгааг хийдэг. Одоо гарах судалгаагаар ядуурлын түвшин хэр буурсан бэ гэдгээр бидний ажлын үр дүн хэмжигдэх учиртай. Эдийн засаг өсөөд ядуурал буурахгүй байвал эдийн засгийн өсөлтийн үр дүн, өгөөж иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс аргагүй гэжээ.
Яг одоо манай улсад ядуурал 29 хувьтай байгаа нь гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг ба 2030 он гэхэд (гялс манс өнгөрсөн 11-хэн жил) ядуурлыг нэг оронтой тоонд хүргэнэ гэх лут зорилттой. Ингэхийн тулд эдийн засгийн өсөлтөө хүртээмжтэй буюу иргэддээ хүргэж түгээх нь чухал, мөн иргэд нь түүнд гар бие оролцож, бүтээлцэж өөрсдөө үр дүнг үзэх нь чухлaac чухал.
“Бүтээн байгуулах эрх чөлөө” гэдгийг монгол хүн Та бид жинхэнээсээ мэдэрч, амсахсан даа!