Албан тушаалтан ажлын хариуцлага сахилга бат ал­дах явдал ардчиллын дал­баан дор газар аваад байсан. Одоо ч хэвээрээ. Үүнийг ши­нэч­лэлийн Засгийн газар тойроод өнгөрөөвөл ажил явахгүй. Хариуцлагагүй яв­дал­тай төр засаг тэмцэх нь үүрэг боловч хэрхэн яаж ажил­лах арга барил нь засаг­лах урла­гаас хамаатай.

Н.Алтанхуягийн Засгийн газрын  сүүлийн үеийн шийд­вэрүүд хуулиас давчихсан бөөн бяр чадал, ааг омгоор бялхаад байна уу. Цаанаа ямар учир начиртай нарийн ширийн юмыг эгэл ардууд мэдэх биш. Олон нийтэд зо­риул­сан, зориуд үзүүлэх зо­рилготой "видео хурал" гэд­гээрээ Алтанхуяг сайд айхтар бухимдаж байхыг харлаа.

Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан хэсэг нөхөд уг банкийг ашигтай ажиллуулсан гээд өөрсөндөө хувь шагнал хүрт­сэн юмаа даа. Хувийнх биш төрийн ажлыг ашиг­тай ажил­луу­лах нь төрийн албан хаагч­дын үндсэн үүрэг нь биз. Харин зах зээлийн өнөөгийн зарчмаар бол төр ч бай хувь ч бай зөв менежмэнт буюу зорилгоо хангасан бол аргыг  уучилдаг. Хоёр талтай. Зөвт­гөх, эс зөвтгөх шалтаг шалт­гаа­нууд хангалттай бий. Видео хурал дээр Ерөнхий сайд дураараа өөрсдөдөө мөнгөн шагнал олгосон Төрийн банкны ТУЗ-ийнхнийг ажлаас нь халах шийдвэр гаргаж байна. Гар­гах гаргах­даа бүр дахиж төрийн албанд хэзээ ч ажил­луу­лах­гүйгээр халахыг үүрэгдсэн. Хууль яривал төрийн албан хаагч­дыг улс төрийн сонгуу­лиар гарч ирсэн, дараагийн улс төрийн сонгуулиар солиг­дох, эс солигдох нь тодорхой бус Засгийн газар гэх субьект дур мэдэн халахыг хаасан хууль бий. Засгийн газар тогтвортой бус байж болно. Харин Мон­голын төр ямагт үйл ажилла­гаагаа хэвийн явуулах тийм тогтолцоог үнд­сэн хуулинд суулгаж өгсөн байдаг. Тэгэхээр шинэч­лэлийн ч бай  ямар ч Засгийн газар эрх барьж байх хуга­цаан­даа хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Алтанхуяг сайд төрийн албан хаагчдыг дахиж хэзээ ч төрийн босго  давуулахгүй мөнхийн шийдвэр гаргаж бяр чадлаа үзүүлэв. Уг нь ийм шийдвэрийг Засгийн газар биш хууль шүүхийн байгуул­лага гаргах тогтолцоотой. Ийм шийдвэр гаргахаас өөр гарцгүй байсан ч  Ерөнхий сайд өөрөө гардах биш хуулийн байгууллагадаа хан­даад л болоо баймаар. Хуулийнхан хийх ажилгүй болчих юм байна л даа.

Засгийн газрын тэргүүний уг шийдвэрийг шат шатны Засаг дарга нар анхааралтай харж сонсон байж таараа. Тэд Ерөнхий сайдаасаа үлгэр дуурайл аван орон нутаг хаа сайгүй сэлэмдэх цавчих ажиллагаагаа эргэл­зэх юмгүй хийх биз. Энэ нь даамжраад хууль ёсыг улан­даа гишгэж дарга нарын дур­гүйг хүргэсэн нөхдүүд үзэм­жээс шалтгаалан гудамжинд гарцгаах нугалаа гарах вий. Гэхдээ төрд алба хаагчдын ихэнх нь МАН, МАХН угшил­тай хоцрогдсон, хүнд сур­талд­сан нөхдүүд байдаг нь нууц биш. Тэглээ ч гэсэн зохих хуулийн заалт, журмын дагуу халж солих өөр боломж шалт­гаан,  баримт хангалттай бий.

Хууцуул гадуур ярьж байна л даа. Ардчилсан шинэ Засгийн газрын тэргүүн Алтан­хуяг урьдны Бал дар­гатай ямар адилхан харагдах юм гэж. Энэ нь хоёр утгатай. Зарим нь хуучнаа санагалзан бахархах янзтай бол нөгөө нь хуучин нийгэм эргээд ирсэн мэт харамсан өгүүлж байна.

Социализмыг ид бүтээн байгуулж байсан дал наяад оны үед дөнгөж тавь шүргэж байсан Сайд нарын зөв­лөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал дарга гэж ийм шуу­гиул­сан хүн байлаа. Цогт коммунист, олон улсын энх тайвны нэрт зүтгэлтэн Цэ дарга ам л ангайвал хариуц­лага, сахилга бат, социалист өмч хэмээн хяргаж өгдөг бай­сан юм байх. Социализмын материал техникийн баазыг бүрдүүлж, соёлын хувьс­галыг цогцлоон, коммунизм байгуулахын тулд хатуу зар­чим, чигч шулуун арга хэм­жээг улс даяар өрнүүлж явжээ. Түүн лугаа одоо Алтан­хуяг сайд  "Хүн бүр бага балч­раасаа эхлэн ...", "Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй..." гэдэг зарчмын лоозунг эргээд сэр­гээх л дутаад байна.

Шинэчлэлийн Засгийн газ­рын ирээдүй зорилго уг нь их сайхан сонсогдож байна. Өнөө жил гэхэд л хэд хэдэн аймаг шууд хар замтай болно гэнэ. Оюутолгой, Таван тол­гой ашиглалтад ороод мөн­гө­тэй болоод авна. Говийн нутгаар төмөр зам баригдаж газрын тосны хараат байд­лаас ангижирна. Шинээр цахилгаан станц баригдаж тог тасрах зовлонгүй болох цаг өнөө маргаашгүй. Ийм ойлгомжтой том том бүтээн байгуулалтын хажууд ажлын хариуцлага, сахилга батын талаарх шийдвэрийн аар саар алдаа эндэл байж болох юм. Гэхдээ эдгээр том том бүтээн байгуулалт буюу гоё амтат чихрүүдийг ард түмэн бид зөвхөн шилний цаанаас долоож байгаа. Яг бодитоор нь хазаад хүлхсэн юм байх­гүй. Энэ дөрвөн жилд (одоо гурав гэх байх) эдгээр гоё чихрүүдийнхээ  ядаж талыг нь долоолгох байгаа гэж найдаж суугаа.

Гялалзсан ажил хэрэгч сайд маань хагас сайнд ажил­лаад л, гадаадад хэрэгтэй хэрэггүй томилолтоор явахгүй гэж "зарчмын шийдвэр" гар­гаад л. Бөөн хариуцлага, чухал шийдвэрүүд. Одоо түр­гэн түргэн алхаж, хурдан хурдан ярих л үлдлээ. Удах­гүй тэгнэ биз. Ардчиллын жилүүдэд Ардын намынхан иймэрхүү шоуг хангалттай үзүүлж, хангалттай  хуурсан доо. Зах зээлийн нийгэмд ийм байх хэрэггүй. Ард түмэн гагцхүү бодит үр дүнг л хүлээнэ.