Стратегийн түншлэл
Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаа
БНХАУ
2014
ОХУ (Гэрээ)
2019
Стратегийн түншлэлийн харилцаа
ОХУ
2006
ОХУ
2009
Япон
2010
БНХАУ
2011
Энэтхэг
2015
АНУ
2019
БНСУ
2021

Иж бүрэн түншлэл
Иж бүрэн түншлэлийн харилцаа
Япон
1997
Япон
1998
Япон
1999
АНУ
2004
АНУ
2005
Турк
2005
ХБНГУ
2008
Энэтхэг
2009
БНСУ 
2011
Өргөтгөсөн түншлэл
Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа
АНУ
2018

Өргөн хүрээтэй түншлэл
Казахстан
2007
Канад
2004
Австрали
2007
Сайн хөршийн түншлэлийн харилцаа



Сайн хөршийн   уламжлалт түншлэл
ОХУ
2003

Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл

БНХАУ
2003
Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл

БНСУ

2006

Xарилцан нөхсөн түншлэл
XXI   зууны харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн   түншлэл
БНСУ
1999
Хамтын ажиллагааны түншлэл

Олон талтай хамтын ажиллагааны түншлэл 

Украин

2011
Тэгш эрхтэй түншлэл

Тэгш эрхтэй түншлэлийн харилцаа

Финланд
2011

Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр
Европын
Холбоо
2013

Монголчуудынхаа мэдлэг мэдээлэлд зориулаад энэ хүснэгтээ толилуулъя. Хуулаад, санаад аваарай, хожим хэрэг болж магадгүй. Өөрсдөө үргэлжлүүлээд хөтлөөрэй. 

Гадаад бодлого монгол хүн бүрт амин чухал болсон тийм цаг үе мэт сэтгэгдэл ойрын нэг сард, өнгөрсөн зун яалт ч үгүй гүн суулаа. Туйлшрал ч их байна.

Туйлшрах шаардлага уг нь алга. Учир нь бид гадаад бодлогоо үзэл баримтлалаараа хуульчилж, түүнийгээ УИХ-аараа батлаад дагаж мөрдөж ирсээр өнөө хүрсэн. 

Гадаад бодлогын үзэл баримтлалд ингэж заажээ. Үүнд:

  • 4. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.
  • 5. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

Миний үзэж байгаагаар Монголын өнөөгийн төр, засаг Үзэл баримтлалын дээрхи заалтыг мөрдөж байгаа ба түүнээсээ гажсан ноцтой алхам хийгээгүй байна. Олон тулгуурт гэдгийг эхний хүснэгтэд буулгалаа. Санаа сэдэл өгөх санаатай. Тэнд түншлэлийн дэсийг нэгд нэгэнгүй гаргалаа. 

Одоо маргааны сэдэв болоод буй ОХУ-ын Алс Дорнодод явагдаж байгаа цэргийн хээрийн сургуульд Монголын зэвсэгт хүчний баг цэрэг оролцсон тухайд хэргээр Оростой, мөн Японтой түншлэлийн ямар харилцаатай байгаа, түүний үе шатуудыг өнгөөр ялгаж үзүүллээ. Тэндээс санаа сэдэл авах биз ээ. 

Монгол-Японы харилцааг сүйтгээд хаясан гэдэгтэй би огтоос эвлэрэхгүй байна. Япон бол монголчууд бидэн шиг туйлширсан, сүр сар хийсэн хүмүүс биш. Долоо хэмжиж нэг огтолдог онцлогтой ард түмэн. Тэр утгаар Монголын зэвсэгт хүчний төлөөлөгчид ОХУ-ын нутагт хээрийн сургуульд оролцож байгаа тухай улс төрийн дүгнэлтээ гаргаагүй байна.Монголын зовлон, гачаал, бэрхшээлийг ойлгохтойгоо түнш улс. Ямар зовлон бэ?

Өвлийн хүйтэн хаяанд ирлээ. Өвөл нийслэлээрээ осгож хөлдөх, эсвэл нийслэлээрээ, улсаараа бензин шатахууны хомсдолд ороод паг зогсохыг хэн ч хүсэхгүй. Тэр дундаа Төр, засаг бүр ч хүсэхгүй. Оросоос 100% хамааралтай байгаа гашуун үнэнтэй бүгд эвлэрэн суудаг. Гэтэл тэр Монголыг хамааралдаа оруулчихсан ОХУ нь эдүгээ цэрэг-улс төрөөс өөрөөр гадаад түнш улсуудтай хамтран ажиллахаас өөр хамтын ажиллагааных нь бүх салбар олон улсын хүчтэй санкцын дор байна. ОХУ холбоотны эрэлд цөхрөлтгүй явж байна. Ерөөсөө ч Оросын цаад натур нь олон улсын тавцанд геополитикийн олон фронт нээж Өрнөдтэй (Япон ч орно) сөргөлдөх өрсөлдөхийг хичээж ирсэн. Орос бол нутаг дэвсгэрийн эзэнт гүрнээр 300 жилийг туулж ирсэн том тоглогч. Гэтэл тэр улсаас бид цахилгаан эрчим хүч, бензин шатахууны 100% хамааралтай байж байдаг. Энэ бол түүхийн шоглоом юм даа.

Хэрэв МАН биш, өөр улс төрийн хүчин засгийн эрх барьж байсансан бол энэ удаа нөгөө хамаарлаа нэгдүгээрт тавиад л ОХУ-ын нутагт цэргийн хээрийн сургуульд цэргээ оролцуулах л байсан. Тэр тухай цэц булаацалдаад нэмэргүй. Олон улсын хээрийн сургууль. Тэнд нь Монголоос гадна дэлхийн хамгийн ардчилал гэгддэг Энэтхэг цэргээ оруулсан байна. БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд айлчлалаар ирж байна. Гуравдагч, тэгэх тэгэхдээ АНУ, Японы дараа жагсдаг гуравдагч хөрш маань шүү дээ. Энэтхэгийн энэ сайд Улаанбаатараас Токио руу нисч айлчлалаа үргэлжлүүлэх юм гэсэн. 

Бас нэг бодолцох асуудал. Монгол маань ардчиллын замаар 32 жил замналаа. Ард түмэн нь эрх чөлөөтэй. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлдэг. Гэтэл хоёр хөрш маань ардчиллаас гадуур улс. Автократ дэглэмтэй, удирдлагын босоо хатуу тогтолцоотой улс. Хүч чадал, нөөц нь дэлхийн энгээр яригдана. Гэтэл Монгол бол 3.5 сая эрх чөлөөтэй ард түмэн, жижиг эдийн засаг, хоёр их хөршөөсөө хамааралтай. Монголд ардчилал хөгжөөд гадаад харилцааг шүүмжлээд олон жилийг үдсэн нь ердийн хэвийн үзэгдэл болсон ба тэр шүүмжлэл нь гадаад харилцааны ололтуудыг бусниасан, гадаад бодлогоос нь ухраасан нэгээхэн ч тохиолдол үгүй тул монголчуудын шүүмжлэл, жагсаал тэмцэлд хоёр хөрш нь нэг их хямарч сүйд болж байсныг би мэдэхгүй. 

Монголын ардчиллын нэг ололт бол гуравдагч хөршийн бодлого. Ийм бодлого явуулсны хүчинд бид гадаад бодлогодоо бүх талын тэнцвэр барьж чадаж байна. Хойшид ч энэ талаар санаа зовинох зүйл алга. Хоёр хөршийн хооронд ч тэнцвэр барьсаар байна. 

Гадаад бодлогын үзэл баримтлалд ингэж заажээ. Үүнд:

  • 14. Монгол Улс улс төрийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийг баримтална: 14.1.ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ингэж заажээ. Үүнд:

  • 3.1.1.4.ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ.

Үзэл баримтлалын дээрхи заалтуудыг үе үеийн бүх УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газруудтууштай хэрэгжүүлж ирсэн хэмээн би бахдан бичдэг, ярьдаг. Яг тэр байр суурин дээрээсээ өнөө ба ойрын ирээдүйг харж байна.

“Юу нь буруутчихаав, агрономич оо?” хэмээн “Анхны алхам” МУСК-д гардаг шиг Монголын гадаад бодлогын “Юу нь буруутчихаав?” хэмээн асуулт тавьж хариулсан маань энэ болно. Авах гээхийн ухаанаар уужуу тайвуу уншиж болгооно уу!

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой ахмад дипломатч Д.Баярхүү

2022.9.5