Түүх ба үлгэр
Бид нүүдэлчид. Хэрэн хэсэх, дураараа амьдрах зөн совин мах цусанд минь шингээстэй. Гурав дөрөв дэх үеийн хотын хүн хэмээн өөрийгээ цоллож, саяхан хөдөөнөөс ирсэн нэгийгээ “Хөдөөний хөөсөн мантуу”-гаар хочлогчийн госчоомтой цээжинд ч нүүдэлчний зүрх цохилж, хаврын урь унахтай хамт хэрэн одох дон нь хөдлөн, сэтгэл нь “төрөлх гудамжиндаа” тогтохгүй дэрвэлзэнэ.
Эрмэг хүлэг нь уяан дээрээ хантайраастай эзнээ хүлээн үүрсэхийг чагнаж баймаажин монгол хүн жаргалтай байдаг. Аль ч тийшээ явахгүй, авгайгаасаа алхам холдохгүй насыг барж болох ч амгай шаргин тургилах аргамаг хүлэг л уяан дээр нь үгүй бол жаргалгүй. Шилийн ууланд шилийн ажлаар яваа хархүү , шилэн байшинд шинэ төсөл дээр суугаа сэхээтэн хоёрт энэ тал дээр ямар ч ялгаа байхгүй.
Нийслэл хотод хүн нь багтсан ч, гэр нь багтсан ч унаа тэрэг нь багтахгүй байгаагийн учир эндээс эхтэй. Монгол хүн одоо гараад Алтайг зориход, Хангай руу гарахад хүргээд өгөх унаа хүлэггүйгээр сэтгэл амар амьдарч чадахгүй. Унаагүй монгол өөрийгээ хүн гэж мэдэрч ч бас чадахгүй. Өнөөгийн цагт морийг машин орлоно.
Хуучны монгол хүн эхлээд чөдрийн морьтой, дараа нь юүлээд унах унаатай, улмаар хурдан, жороо морьтой болоод явдаг. Үүнийгээ монгол хүн болж төлөвших замнал гэж хардаг.
Шинэ цагийн монгол хүн жижиг тэрэг, тэндээсээ дунд гарын жип, улмаар бартаа туулагч гэр тэрэг рүү дөхнө. Унаагаа машинаа сайжруулж байгаа гэхээсээ илүү монгол хүн болон өсч байгаа процесс нь тэр. Боломж бүрдэхийн цагт айл бүр өөрийн гэсэн авиакомпанитай болж л таараа. Хүний онгоц хүлээж суухын оронд өөрийн муу нисдэг тэргээ асаагаад хөөрөхийг илүүд үзнэ. Ямар ч сайн нийтийн тээвэр, метро, төмөр зам энэ мөрөөдөлд садаа болохгүй.
Үлгэр туужид ядуу зүдүү нэгнээ “Чөдрийн ганц морьтой, ачлагын ганц тэмээтэй, саалийн ганц үнээтэй, таргийн таван ямаатай” гэж дүрсэлдэг. Монгол хүний минимум бол гурван бод, таван ямаа нийлсэн найман мал бол монгол хүний амжиргааны баталгаажих доод түвшин. Сүүг нь ашиглах үнээ, таргийг нь уух болон шаардлага гарвал идэх ямаа зэрэг нь гурав, дөрөвдүгээр зэргийн хэрэгцээ. Идэж уух өмсөх зүүхээс өмнө унаа морь хэрэгтэй. Учир нь тэр дуртай үедээ, дуртай тийшээ явж чаддаг байх учиртай.
Чухам ийм нүүдэлчин амьдрал, оюун санаа нь гайхамшигт түүхтэй энэ үндэстнийг бүтээсэн түүхийнхээ бичмэл шастир хийгээд бусад биет дурсгалыг тээж явахад амаргүй болгожээ. Шашин дэлгэрүүлэгчид ариун гэгээн сургаалийн судар номоо эрдэнэсээр урлан агуулгаасаа илүү материалд нь өртөг шингээх арга хүртэл бодож олж байж.
Түүх уламжлал дамжин өвлөгдөж байж үндэстэн оршин тогтноно. Учир иймд нүүдэлчин монголчууд үндэстнийхээ түүх суртал, хүсэл эрмэлзэл,үе дамжсан мөрөөдлийг үлгэр домогт шингээн өвлүүлэх арга болжээ. Амнаас ам дамжин оюун санаанд үлдэх шастир түүх зай эзлэхгүй, гээгдэж хаягдахгүй. Харин гуйвах, баяжих, өөрчлөгдөхийг бол ярих юм биш. Угаасаа ер бусын адал, ид шид шингээхгүй бол ямар ч түүх сонирхол татахгүй.Сонирхол татах юмгүй бол ам дамжихгүй. Ам дамжихгүй л бол нийтэд тарахгүй, өвлөгдөхгүй.
ХХ зууны эхээр Баруун монголд амьдарч байсан Алексей Бурдуков тухайн үеийн монголчуудын оюуны төв болсон Богдын хүрээнээс гарсан мэдээлэл тэнд хэрхэн хүрч байгааг ажигласнаа бичсэн байдаг. Мэдээлэл олон сарын дараа зах хязгаар нутагт хүрэх нь ойлгомжтой. Өртөө улаагаар хааяа явах төрийн төлөөлөгч нар тайны гэр буюу буудалд хооллонгоо амнаасаа унагасан үг, хэдэн сар юмуу жилийн өмнө хүрээнээс гарсан бадарчин хэмээх аяны хувраг айлын цай хоол буудахын тулд хачирлан хуучилсан зүйлс цааш ам дамжин улам баяжсаар “албан ёсны мэдээлэл” болон түгж байгааг харжээ.
Тэр үеэс бараг хоёр зууны тэртээд Орост зугатан гараад, тэндээ олон улсын харилцааны ашиг сонирхолд их л нийцтэй байдлаар “нас барсан” Амарсанаа босогч 200 шахам наслан амьд мэнд суугаа бөгөөд нэгэн гэгээн өглөө ирж Манжаас биднийг чөлөөлнө хэмээн итгэл төгс ярьж, Хутагт гэгээдийн нэг нь үсээ хусуулахад л ширхэг үс бүрийн тоогоор хятад цэрэг хиарч “бид ялав”болох нигууртайд үл эргэлзэн аж төрж байжээ.
Сайхаан. Алдсан тусгаар тогтнолоо сэргээх эрмэлзэл үрээс үрд үл тасалдсан учраас л бид нэг л өглөө эрх чөлөөт байдлаа эргүүлэн тунхагласаан. Тоо ба чанараар илт давуу дайсныг ялах ид шид бидэнд бий гэж ноттой итгэсэн учраас л монгол үндэстэн дэлхийн хамгийн том хоёр гүрний дунд тусгаар тогтнолоо сэргээж, бататгах сэтгэлийн бяр, итгэлийн хүчийг олж байсан. Сайхан уламжлал.
Гэвч цаг үе өөрчлөгдсөөр, шинэ эрин өөрийн шинэ итгэл үнэмшил, шинэ эрмэлзлийг бий болгосоор. Мэдээллийн шинэ технологи, хөгжлийн эрэмбэ ертөнцийн улс үндэстнийг жигдрүүлсээр. Үүнийг бид “дэлхий хавтгай болов” гэхчлэн томьёолсоор. Дэлхийн залуус барьж байгаа Айфоон, Самсунг галааксиг манай хөвүүд барьж, “виндовс 8” гармагц л маргааш нь бидний ноотбуукэнд сууж, Харри Поттерийн шинэ шинэ хэсгийг ертөнцийн хүүхдүүдтэй бидний багачууд зэрэг үзэж байна. Саяхан орчуулагдаад гардаг Билл Брайсоны” Шинжлэх ухаан товч түүх” бол манай гаригийн оюутан сурагчид ид уншиж байгаа бүтээл шүү дээ.
Үнэнийг явуулын хүний амнаас, хоол горьдсон бадарчны панаалаас олж мэддэг үе эгүүрд ард үлдэж. Гэвч бидний сэтгэлгээ, мэдээлэл авах эрмэлзэл хуучнаасаа салж өгөхгүй л зууралдаж байна. Энэ нь хоёр шалтгаантай. Эхний учир шалтгааныг өгүүлснээр энэ бичвэр эхэлсэн. Харин удаахь нь бидний туулж ирсэн замнал буюу социалист үзэл сурталтай холбоотой. Төрөөс хуурмаг үнэнийг ард түмэнд тулгаж, өөрийнхээрээ бодох, дүгнэхийг хатуу хорьсон дэглэмд жинхэнэ үнэний тухай мэдээлэл ард иргэдийн дунд ам дамжсан цуу маягтай үлдсэн юм.
Эрх баригчид түүхийг ч мөн үлгэр болгодог аргыг өвлөн хөгжүүлэв. Ялгаатай нь тэрийгээ бичмэл байдлаар тараана. Чингэс хаан гэгч балмад этгээд Монголыг сүйрүүлсэн ба Ардын намыг Сүхбаатар ганцаараа байгуулаад, Данзан урваад, Бодоо шарваад, Богд хаан тэмбүүрээд... одоо л амар сайхан жаргаж байна...гээд л.Харин ард түмэн үнэнийг мөнөөх л бадарчны үгнээс хайсан хэвээр үлдэв. Итгэж найдсан нэгэндээ “Уг нь ярих юм биш. Лоохууз гуай чинь монголын нэг амьд ямааг тоглоомын хаймар ямааны үнээр л орост өгдгийг шүүмжлээд буусан гэж байгаа”, “Хөөрхий муу Бал даргыг маань Орос хадам нь загнаж байгаад л төрсөн бууцыг нь авчихсан юм гэнэ лээ”, “Ринчин гуай тэгж хэлсэн гэж байгаа” гэхчлэнгээр “мэдээлэл” түгээнэ. Тэр хэрээр төр засгийн албан ёсны мэдээлэлд итгэл алдаж, ам дамжсан үгнээс л үнэнийг эрнэ. Манайхан “олны үг ортой” хэмээдэг нь “албан ёсны мэдээлэл бол худлаа, харин цуу яриа бол үнэн” гэсэн утгатай бөлгөө.
Ардчилсан хувьсгалаар нийгэм нээлттэй болж, төр засаг өөрийн үнэнийг тулгах, “албан ёсны үнэн” гэж байх бололцоо алдагдав. Харин олон нийтийн дунд мөнөөх л “цуурхал нь л үнэн” гэдэг зарчим үйлчилж дуусаагүй хэвээр...Модун Шанью хэлсэн гэж байгаа...Концесс бол ер нь... гэж... яг л тийм байгаа да гм гм.
Иргэн
Зочин
Зочин
Ц.Алгаа
argaa barsan mongol
argaa barsan mongol
argaa barsan mongol
zochin
Зочин
сувд
Зочин
Зочин
Хотын иргэн
Dorj
hsr
иргэн (202.21.111.90)-д
zocin
Зочин
Зочин
band
Зочин
МОНГОЛ
ABCD-korea-gaas
зочин
Зочин
Зочин
Баярлалаа
Зочин
Зочин
иргэн
Зочин
Зочин
Батнэрэн
Зочин
haha
Зочин
иргэн
Зочин
Эрдэнэ
irgen
tugchih
Batoyun
maral
Зочин
irgen