(Бусдын толгойг эргүүлэх нь хэн бүхэнд заяадаггүй их урлаг)

Оросын нэрт сэтгүүлч, нийтлэлч, зохиолч Леонид  Млечиний Лениний улс төрийн хөрөг номыг манай нэрт хөрвүүлэгч Ц.Даваажав эх хэлнээ буулгаж, миний бие хянан ариусгаж дуусч байна. Энэ ном мөдхөн НЭПКО хэвлэлийн газрын бүтээгдэхүүн болон уншигчдын гарт очно. Урьдчилан таниулах үүднээс энэ удаа блогтоо хэсэглэн тавьсныг болгооно уу!

    
Владимир Ильич Ленин ХХ зуунд Оросын толгойг эргүүлэгч хамгийн гарамгай хүн байсан нь эргэлзээгүй. Төрөлхийн улс төрч түүнд эрч хүч, хүсэл таачаал, оюун ухаан харамгүй заяасан байжээ. Тэрбээр улс орны засгийн эрхийг авах, дэлхийн хувьсгалыг өөрийн биер үзэх, коммунист нийгэм байгуулах гэсэн цорын ганц зорилгод өөрийгөө зориулжээ.    

Хэн ч түүн шиг нөхцөл байдлыг маш нарийн зөв дүгнэж, олон түмний санаа сэтгэлийг ойлгож, өөрийн бодлогыг өөрчилдөг байж  чадаагүй юм. Тэрбээр өөрөө өөрийнхөө алдааг хүлээн зөвүөөрөхөөс ичиж байгаагүй, чиг шугамаа заримдаа бүр 180 градус өөрчлөхөөс ч айдаггүй байлаа. Тэрбээр ерөөс догматик байгаагүй ээ! “Ленинизм бол марксизмыг Төв Хорооны ээлжит бүгд хуралд тохируулах явдал байв” хэмээн унгарын филосифич Дьердь Лукач нэг удаа хэлсэн нь яах аргагүй үнэн үг ажгуу.

Өөрийнхөө зөв гэдэгт эргэн тойрныхоо хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх, холбоотон олноор нь элсүүлэх Лениний чадвар түүний амжилтын бас нэг үндэс байв. Тэрбээр 1917 оны намар хүн амын олонхийн мөрөөдөж байсан чухам тэр зүйлийг Орост амласан билээ. Нэг хэсэгт нь нэн даруй энх тайван тогтоохыг, нөгөө хэсэгт нь газрыг үнэ төлбөргүйгээр өгөхийг, гурав дахь хэсэгт нь Хоёрдугаар сарын хувьсгалын дараа бий болсон эмх замбараагүй явдал, эвдрэл сүйрлийн оронд  дэг журам, хатуу засаглал тогтоохыг амласан. Улмааар бүх нийтийн амьдралыг тэгш эрх, шударга ёсны замчим дээр төвхнүүлэхийг амласан. Эдгээр лоозон, түүний  татах хүчийг сөрж эсэргүүцнэ гэдэг сэтгэшгүй зүйл байв.



Гэхдээ өөр нэг асуулт гарна. Орос улс авъяастнуудаар ядмаг биш ээ. Арван долоон онд улс орныхоо хувь заяанд санаа зовиносон цөөнгүй сод хүмүүс, төрийн зүтгэлтнүүд улс төрийн талбарт ажиллаж байлаа. Хувьсгалт Орос чухам  юуг хүлээж, юуг шаардаж байгааг бусад улс төрчид ч бас ойлгож байв. Тэгвэл тэд яагаад Ленинээс түрүүлээгүй юм бэ? Владимир Ильич тухайн үед төр барьж байсан хүмүүсийг 10 дугаар сард хүчээр түлхэн унагаад зарлан тунхагласан зүйлийг тэд яагаад хавар юм уу, зун Оросын ард түмэнд санал болгоогүй юм бэ?

Оросын хариуцлагатай улс төрчдийн дотроос хэн нь ч огт биелэшгүй амлалт өгч болно гэж үзээгүй. Тэд Оросын амьдралыг өөрчлөн эмхлэх нь олон жилийн шаргуу хөдөлмөр шаардсан, алгуур хийх хүнд бэрх ажил байх болно. Зорилтуудыг аажмаар, алхам алхамаар шийдвэрлэх ёсстой гэдгийг ойлгож байлаа.

Дайн болж байхад зүгээр л жадаа газар зоож орхиод гэр гэртээ харьж болохгүй шүү дээ. Нийтийн дайсны эсрэг гурван жил хамтдаа тулалдсан холбоотнуудынхаа хамт найрамдлын гэрээ байгуулах хэрэгтэй.        
Газрын шинэтгэл хийх цаг болсоноор барахгүй бүр хоолой дээр тулж ирсэн байв!  Тэгвэл газрыг ямар зарчмаар дахин хуваарилах вэ? Түүнийг булааж авч болохгүй, тэгвэл хууль бус хэрэг болно. Худалдаж авах уу? Тэгвэл ямар хөрөнгөөр? Чамгүй амжилттай эмхэрсэн Орос орны хөдөө аж ахуйг шинэтгэлийн явцад бас яаж эвдэхгүй авч үлдэх ёстой вэ?

Энэ бүхнийг ултай судалж, удтал ярилцах шаардлагатай байв. Эцсийн хариуг парламент буюу тэр үеийн Зохион байгуулах хурал өгөх ёстой, түүнийг дайны цаг үед зарлан хуралдуулах нь тийм ч амар ажил биш байлаа.

Гэвч хүлээхийг хэн ч хүсэхгүй байв! Тэвчиж чадашгүй байдал – чухам энэ  л арван долоон онд сэтгэл бачимдуулж байв. Тэгвэл Ленин бүхнийг нэгэн зэрэг шууд өөрчлөхийг амлан энэ бачимдалыг тайлсан юм. Банкны эздээс мөнгийг нь, газрын эздээс газрыг нь, фабрикийн эздээс заводуудыг нь булаан авч, зах зээлийн эдийн засгийн оронд төлөвлөгөөт эдийн засаг тогтоосноор амьдралыг нэн даруй өөрчилж, улс орныг жаргалтай болгоно гэдэгт тэр өөрөө итгэж байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ тэр үүнд бусдыг итгүүлэн үнэмшүүлж чадсан билээ!

Бусдын толгойг эргүүлэх Лениний суут урлаг чухам үүнд л оршиж байлаа. Тэрбээр бүх асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ гэж өөр хэн ч амлаж үл зориглох  юмыг амласан. Түүний тэр амлалт талархал бахархалын давалгаа давалгаалуулав. Түүнийг дагагчид,  түүнийг удирдагчаа гэж үзэгсэд энэ бүхэн биелэх зүйл мөн үү  гэдэг талаар огтын ч юу ч бодож сэтгээгүй.

Тэгвэл түүний амласан зүйлээс юу ч биелээгүй. Нэгдүгээр дайны оронд улам харгис, цуст иргэний дайн дэгдэв. Ленинээс хойш боловч газрыг тариачдаас дахин булаан авч, бүхнийг хамтралуудад хөөн оруулж, үнэн чанартаа хамжлагат ёсыг санагдуулсан үйлсийг сэдсэн. Зөвлөлтийн хүмүүс тэгш эрхийг ч, шударга ёсыг ч бас  үзсэнгүй. Тэд энэ бүхнийг ухамсарлан ойлгосон хойно бүх юм нэгэнт хожимдсон байв. Зөвлөлт систем эсэргүүцэл, үймээнийг үл тэвчин, дургүйцлийн аливаа илэрхийллийг хатуу цээрлүүлж байв.

Тэгтэл дахиад толгой эргүүлж, хорхой хөдөлгөх зүйл гарав. Дараалсан хоёр хувьсгал, иргэний дайн, үй олноороо гадаадад цагаачилсан явдал ихээхэн орон зай бий болгов. Большевикуудын тогтоосон дэглэм боловсон хүчин томилон ажиллуулах  өөрийн гэсэн систем тогтоолоо. Нэр дэвшүүлэх зарчмыг ангич хандлага нь өөрчлөв. Өрсөлдөөнөөр бол зүтгүүлээд зүтгүүлээд явахгүй хүмүүс амьдралдаа амжилт олох, өндөр албан тушаалд ажиллах эрхтэй болж байлаа. Хэрэв энэ системийн нэг хэсэг нь болох юм бол бусдаас илүү сайхан амьдрах болно гэдэг нь тодорхой болов. Энэ системийг хэвээр байлгахыг мах цуснаасаа сонирхон хамгаалагчид бий болов.

Гэхдээ энэ бол их толгой эргүүлэлтийн зөвхөн нэг хэсэг нь.



Америкийн радикал үзэлт сэтгүүлч Жокеф Линкольн Стеффенс  хувьсгалт Оросоос буцаж ирээд “Би ирээдүйг олж харлаа, тэр ирээдүй ойртож байна” гэж хэлсэн нь алдаршсан үг болжээ.

Дэлхийн бүх шударга бус явдалд дургүйцсэн олон хүн Лениний үзэл санааг мурхардлаас гарах гарц гэж үзжээ.

“Намайг Улаан Арми аварсан гээд би  коммунист намд элсээгүй юм. Би орогнох газар, асрах байр хайж байлаа, тэгээд түүнийгээ даян дэлхийн энэ санаа нэгтнүүдийн нэгдлээс, дэлхийн бүх асуудлыг шийдвэрлэхээр амласан энэхүү түгээмлэл үзэл суртлаас олсон юм. Зорьсон газрын зах харагдаж байх шиг байв. Гэвч энэ бол зөвхөн зэрэглээ, харааны эндүүрэл төдийхэн байжээ” хэмээн германы нэгэн зохиолч бичжээ.

Гэвч манан мөд сарнисангүй. Бүгдээрээ тэр манан дунд байв. Коммунист үзэл санаа нэг хэсэгтээ л даян дэлхийн сая сая хүнийг зоригжуулж байлаа. Орост л гэхэд тийм олон хүн Ленинд итгэж байсан болохоор гайхах юу байх вэ?

“Арван долоон он”, улмаар Орос орны хувь заяанд Лениний гүйцэтгэсэн үүрэг миний хувьд манай гэр бүлийн түүх юм. Миний өвөг эцэг Вламир Михайлович  Млечин иргэний дайнд байлдаж явсан бөгөөд фронт дээр большевикуудын намд элсчээ. Амьдралынхаа сонголтын тухай ёстой чин сэтгэлийн үгээ хэлснийг нь би түүний тэмдэглэлээс үзсэн юм...