Либэриа – Кон аморэ?
Испаничууд Төв ба Өмнөд Америк дахь өөрийн колониуд руу Африкаас боол зөөж эхэлсэн нь удалгүй Хойд Америкт халдварлалаа. Шинэ тив рүү хийх боолын худалдааг испани, португаличууд санаачилсан ч, газар дээр нь олзлон тэдэнд зардаг нь арабууд байжээ.
Испаничууд Төв ба Өмнөд Америк дахь өөрийн колониуд руу Африкаас боол зөөж эхэлсэн нь удалгүй Хойд Америкт халдварлалаа. Шинэ тив рүү хийх боолын худалдааг испани, португаличууд санаачилсан ч, газар дээр нь олзлон тэдэнд зардаг нь арабууд байжээ.
АНУ тусгаар тогтнолоо заралсны дараагаас хүнийг боолчлох асуудал шүүмжлэлд өртөх болов. Ялангуяа хойд мужуудад боол чөлөөлөх хөдөлгөөн өрнөв. Харин газар тариалангаар амьдардаг өмнөдийнхөн боолоос татгалзах дургүй. Иймдээ ч Америкт иргэний дайн болсон юм.
1816 онд “Америкийн чөлөөт өнгөт арьстнуудыг нутагшуулах нийгэмлэг” байгуулагджээ. Чөлөөт иргэн болсон нигерүүдийг Африк руугаа буцах хүсэлтэй бол туслах зорилготой. Хар арьстнууд уугуул Африктаа очвол Америкт байснаас илүү чөлөөтэй, аз жаргалтай амьдрах болно гэж нийгэмлэг байгуулагчид итгэж байлаа. Тэд зорилгоо хэрэгжүүлэх нэлээд мөнгө цуглуулсан ба чөлөөлөгдсөн нигерүүдийн холбоогоор зөвшөөрүүлж, АНУ-ын сэнатаас дэмжлэг авав. Санхүүжүүлэлтэд төрөөс эхлээд үй олон хувь хүмүүс хандив өргөсөн. Ингээд Британий мэдэлд хамаардаг Африк дахь Сиөра Леоны нутгаас газар худалдан авсан байна.
Боолчууд уугуул нутаг руугаа цувж өглөө. АНУ төдийгүй Карибийн орнуудаас ч нутаг буцах хүсэлтэн олноор нэгдэв. 1822 онд анхны шилжигсэд Африкт суурьшсан бол улам олширсоор 1847 онд Бүгд найрамдх Либэри улсыг зарлан тунхаглалаа. Либэри гэдэг бол эрх чөлөө гэсэн утгатай латин үг. Эрх чөлөө мандтугай! Шинэ улсын Үндсэн хууль нь АНУ-ын хуулбар. Дэлхийн анхны бөгөөд хамгийн сайн хуулийн нэг. Төрийн далбаа нь мөн л Америкийнх шиг. Дээд өнцөг дахь од нь харин ганцхан ширхэг. Төрийн бүтэц зохион байгуулалт нь бас л америкчуудынх шиг. Өөрөөр хэлбэл хар тивд бас нэг эрх чөлөөт ардчилсан бяцхан Америк улс үүслээ. Этиопыг эс тооцвол Африк дахь цор ганц тусгаар улс. Цор ганц Үндсэн хуульт бүгд найрамдах улс. Дэлхийн хамгийн анхны хэдхэн ардчилсан төрт улсын нэг. Бод доо, тэр үед Европт хичнээн ардчилсан төр байлаа? Ер нь бараг бүх юмаараа л анхдагч даа. Нийслэл хотоо Монровиа гэж нэрлэсэн нь АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр. Боолчууд эх нутагтаа буцаж нүүх хөдөлгөөнийг Ерөнхийлөгч Монро асар их дэмжиж, санхүүжилт үзүүлж байсан учир түүний дурсгалд нэрийг нь мөнхжүүлжээ. АНУ албан ёсны уриатай нь: “In God We Trust”, урьд нь латинаар бас “E Pluribus Unum” байв. Либэриa бас өөрийн албан уриатай нь: “Эрх чөлөөний төлөөх хүсэл биднийг энд авчирсан”.
Эхэндээ ч яахав, наануу цаануутай боловч эрх чөлөө, ардчилал, тэгш эрхийн зарчим үйлчилсээр байлаа, Либэрид. Америкчууд нэг хөөрхөн хар хүү төрүүлчихсэн болохоор байнга санаа тавин хөрөнгө мөнгөөр байнга тусалж байсан юм. Шилжин ирэгсэдийн байгуулсан Виг нам (Америкт Бүгд найрамдах нам байгуулагдахаас өмнө Виг гэж хүчирхэг нам байжээ) бүх төрлийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна. Энэ нь ч аргагүй юм, юун ардчилал, чөлөөт сонгууль байтугай төр гээч юмыг мэддэггүй нутгийн уугуулууд дунд эрх биш Америкаас ирсэн хүмүүс байна даа, илт давамгайлах нь тодорхой. Бүх эрх мэдэл америк-либэриачуудын гарт.
Яван явсаар биш боллоо. өмнөд хөрш Сиөра Леон (Британий колони), хойд хөрш Зааны ясан эрэгтэй (Францын колони) газар нутгийн маргаан хийн мөргөлдөөн үүсгэв. Дэлхийн нэгдүгээр дайнд өөрсдийгөө “төвийг сахьсан” гэж заралсан боловч Германтай идэвхитэй харилцан нэлээд хожоо олов. Дайны дараа хамаг холбоотноо алдсан Либэриад төрүүлсэн эцэг АНУ нь 5 сая долларын буцалтгүй тусламж өгсөн нь тэр үеийн хэмжээгээр сансрын тоо байв. Шилжин очигсод өөрсдийгөө “америкчууд” гэж нэрлэх ба нутгийн уугуулуудыг дээрэлхэх, гадуурхах, дорд үзэх явдал улам лавшрах болов. Тэд боолын худалдаагаар занималж эхэлсэн нь мэдэгдэв. Яг л өөрсдийг нь АНУ-ын өмнөдөд боолчлон тариалангийн талбайд ажиллуулж байсны нэгэн адил тэд зэргэлдээ орнуудаасаа хүн хулгайлан авчирч боол болгон ажиллуулж, худалдаалж байжээ. Үүнийг төрөөс хөхиүлэх төдийгүй зохион байгуулж байв. Британи энэ явдалд асар хилэгнэж, энэ улс өөрсдийгөө авч явах чадваргүй учир асрамжлагч орон хэрэгтэй гэсэн шаардлагыг Лиги Нацид тавьж байв.
Төрсөн хүү нь дэлхийгээр нэг шившиг тарьсан учир америкчууд ичиж, Ерөнхийлөгч Чарльз Кингийг шахаж байж огцруулав. Энэ Ерөнхийлөгч үүнээс гадна бөөн паянтай учир Гиннесийн номд тэмдэглэгдсэн рекордтой нэгэн. 1927 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр 234 мянган санал авч ялалт байгуулжээ. Гэтэл сонгуульд бүртгүүлж оролцсон хүний тоо 15 мянга байв. Нийт санал өгөгчдөөс бараг 20 дахин илүү санал хуссан байгаам. Зуун жил өнгөрөхөд энд тэнд иймэрхүү булхай их гарсаар авч арай ч ингэж дооз хэтрүүлсэн тохиолдол өөр байсангүй.
1980 онд төрийн эргэлт гарлаа. Ерөнхийлөгч Толбэрт алуулж, хамтран зүтгэгчид нь дүүжлүүлэв, Төрийн эрхийг түрүүч Доу гэгч авч тэр дороо өөртөө генерал цол олгов. Урдах Ерөнхийлөгч нь бас л таарсан таар шуудай байсан болохоор либэриачууд алга ташин угтлаа. Гэвч ямар ялгаа байхав дээ, улс орон улам л уруудан доройтлоо. Ингэхээр нь 1985 онд иргэний засаг байгуулж сонгууль явууллаа. Доу мэдээж яллаа. Харин гадны ажиглагчид сөрөг хүчин 80 хувь санал авсан гэж нэгэн дуугаар илтгэсэн.
Ийнхүү америкчуудын Африкт авчирсан төрийн ардчилсан ёс, эрх чөлөө, хүний эрх, Үндсэн хууль, тэгш эрхээс юу ч үлдсэнгүй. “Эрх чөлөө” гэсэн улсынх нь нэр л газрын зураг дээр хэвээр хадгалагдах шив дээ. Ерөнхийлөгч Доуг цэргийн хээрийн ангийн хамаандлагч Жонсон гэгч баривчлан тамалж аллаа. Эхлээд гарыг нь хугалж, тэгээд төмсөгийг нь сугалж, дараа нь чихийг нь огтолж, нүдийг нь ухаад өөрт нь идүүлсэн байна. Энэ бүхнээ видеогоор бичиж аваад дэлхийгээр нэг үзүүлжээ.
1989 онд иргэний дайн дэгдэж бараг 15 жил үргэлжлэв. Фракц бүлэглэлээрээ талцсан тэд энэ самуундаа хөрш орнуудаа татаж оруулав. Хагас сая хүн дүрвэж одлоо. Дайн хамгийн зэрлэг хэлбэрээр үргэлжилсэн. Тамлах, хядах, хүчиндэх, шатаах, түйвээхэд нь энгийн иргэд үй олноороо хамрагдаж байв. Хядлагын толгойлогч Тэйлор эцэст нь сонгууль явуулахын зөвшөөрч өөрөө ялдаг байгаа. Дэлхий даяараа эсэргүүцэж, түүнийг хүн төрлөхтний эсрэг гэмт хэрэгтнээр зарлан Гаагийн шүүхэд дууджээ.
Олон улсын шахалтаар 2005 онд “шударга” сонгууль боллоо. Гол өрсөлдөгч нь Жоорж Веа гэх алдартай хөл бөмбөгчин. Энэ орны хүн төрлөхтөнд төрүүлж өгсөн цорын ганц мундаг эр. Хэдийгээр Либэриа хөл бөмбөгөөр дэлхийн аваргад орж үзээгүй ч мань Веа ФИФА-ын оны шилдэг, Африкийн оны шилдэг, Европын алтан бөмбөгийн эзэн болж байсан юм байна. Үзээд өгье гэхнээ цор ганц сартваахи болохоор тэрээр Ерөнхийлөгч болох байсан ч Элен Жонсон-Сөрлиф гэх авгай боловсролоороо дээрэлхээд суудлыг нь авчихлаа. Олон жилийн аймшигт дайныг зогсооход идэвхийлсэн хэмээн энэ эмэгтэйг энх тайвны Нобелийн шагналаар мялаасан. Мэдээж америкчуудын л лобби байх. Авгай дараагийн сонгуульд 90 хувийн саналаар улиран сонгогдсон. Еэ мэдэхгүй, чөлөөт оронд 90 хувийн санал авна гэж байдаг юм болов уу!? 78 настай энэ чавганц олон хүүхэд, зөндөө ач гучтай, тэд бүгдээрээ Америкт амьдардаг.
Төр улсыг тогтвортой дэвшилттэй байлгахад Үндсэн хууль, төрийн байгууламж, хууль, дэг журам, бичигдсэн зарчим, уриа, бэлэгдэл тийм ч ач холбогдолтой биш байж болохыг Либэрийн богино түүх харуулж байна. Ардчилалаар тоглож дампууруулж, хогийн тантан болгож болдгийг ч тэд тод үзүүллээ. Огт Үндсэн хуульгүй Швед, Британи зөв зүгээр сайхан болоод байхад дэлхийн хамгийн шилдэг Үндсэн хуулийг хуулбарлан хэрэглэж ирсэн Либэриа юу гээчийг харуулав? Яг ижил хуулийн зарчим, тогтолцооны загвартай мөртөө шал өөр үр дүн үзүүлж болдгийг хэрхэн тайлбарлах вэ?
“Африкийнх учраас”, “хар арьстнууд болохоороо” гэх мэтийн расист тайлбар худлаа. Ботсваны омгийн удирдагчид зуу гаруй жилийн өмнө Лондонд очин “дамжаанд суужээ”. Африк тивийн Ботсван улс нь өдгөө төрийн тогтворжилт, ардчиллын үзүүлэлт, хөгжлийн эрэмбээр үлгэр жишээ орон. Өөр тийм “хар улс” нэг биш. Намиби, Рванда гэх мэт.
Өнөөдөр Африкийн хамгийн анхны тусгаар улс, энэ тивд үлгэр жишээ үзүүлэхээр томилогдсон, “Эрх чөлөө” нэрт ардчилсан улсыг тогтож нэг харцгаая. Дэлхийн 226 орныг харьцуулахад Либэриагаас ядуу гуравхан улс байгаа нь: Зимбабвэ, Конго, Бурунди. Хүн амын 80 хувь нь ядуурлын доод төвшнөөс доогуур. Төрөлт 38 промиль, нас баралт 12 промиль, нялхсын эндэгдэл 77 промиль, бичиг үсэгтэй эмэгтэйчүүд нь ердөө 40 хувь, дундач наслалт 52.
Яахаараа ийм заяа нь хаячихсан улс орон гэж байнаа? Liberty – Con Amore!
2017.5.14