Туркменистаны ерөнхийлөгчийн ард түмэнд нь наалдацгүй дээд амжилтууд

Тэрээр "Аумль-Хазар" раллигийн замыг хүүгийн хамт биечлэн шалгах үед элсэнд суусан ч уран ухаан, авьяас билгээрээ саадыг давсан тухай өгүүлсэн албан ёсны видео роллик

Есдүгээр сарын 15-нд “Амуль-Хазар” авторалли шувтрахад Туркменистаны ерөнхийлөгчид Акхан дуудлагатай ахалтек үүлдрийн хурдны морины Геннисийн амжилтын гэрчилгээг гардуулжээ. Гэхдээ уг морины дээд амжилтыг долдугаар сарын сүүлээр, ерөнхийлөгчийнх нь төрсөн өдрөөр бүртгэсэн юм. Энэ бол Туркменистан улсын Геннисийн номд бүртгүүлсэн арав гаран хачирхалтай дээд амжилтын ердөө л нэг нь. Хэрэв Туркменистан улсын эзэмшээд байгаа дээд амжилтуудыг сайтар анзаарах аваас тодорхой тэмдэглэлт өдрүүдтэй давхацдаг бөгөөд ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын өөрийгөө өргөмжлөх оёгийг нь дарах зорилготой гэдэг нь шууд мэдэгдэнэ.

Туркменистаны хамгийн туркмен хүн Гурбангулы Бердымухамедов

Геннисийн ном (Guinnes World Records) анхандаа гарын авлага хэлбэртэй байжээ. Ирландын шар айргийн Guinnes компаний захиалгаар 1955 онд үйлчлүүлэгч нарт нь зориулан төрөл бүрийн дээд амжилтын тухай лавлах гаргасан юм. Харин өдгөө Геннисийн номд хачирхалтай, гайхаш тасармаар амжилтуудыг бүртгэх болсны дотор Туркменистаны амжилтууд ч багтдаг болсон билээ. Жилдээ хэдэнтээ тогтоодог шинэ амжилтаараа Туркменистаны ерөнхийлөгч эдийн засгийн салбарт гаргаагүй амжилтаа дэлхийн олон улс оронд гайхуулъя гэж бодддог биз ээ.

Төрсөн өдрийн бэлэг

Долдугаар сарын 29-нд тогтоосон Акхан хүлгийн рекордыг эргээд харцгаая. Ахалтек үүлдрийн энэ аргамаг ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовынх бөгөөд хойд хоёр хөл дээрээ 10 метр зайг 4.19 секундэд туулсан нь Геннисийн номд нэрээ мөнхлөх шалтгаан болсон юм. Энэ рекордыг яагаад чухам тэр өдөр тогтоох болов? Үүнийг Туркменистаны хэвлэл мэдээлэл огтоос нуулгүй “энэ сайхан үйл явдал манай ард түмэн улсынхаа ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тэмдэглэж байхад тохиолоо” хэмээн мэдээллэж байлаа. Монголын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Амгалан төрийн ажнай шарга" дэлхийд бүртгэгдэх рекорд тогтоогоогүй боловч өөрт нь зориулсан дуугаараа Гурбангулы Бердымухамедовын морийг хол хаяна. 

НҮБ-ын рекорд


Тэр сард ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Спортын яам нь Ашхабадын нэгэн цэнгэлдэх хүрээлэнд хамгийн олон хүн оролцуулсан дугуйн спортын соён гэгээрүлэх хичээл зохион байгуулсныг Геннисийн төлөөлөгч албан ёсоор бүртгэж авчээ. Тус арга хэмжээнд 3 246 хүн оролцсон нь манай үндэсний бөхийн Геннисийн амжилттай дүйхгүй. Гэхдээ Туркменистаны ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ жил тойрон тэмдэглэхээр болсон Олон улсын дугуйчдын өдрөөр ийм шинэ амжилт тогтоолоо гэдгийг тус улсын телевиз улиг болтол давтсан байдаг.

Эвдэгдсэн рекорд


Туркменстан улс анх ерөнхийлөгч асан Сапармурат Ниязовын үеэс Геннисийн дээд амжилтын номд орж ирсэн байдаг. Гэхдээ түүнийг төрийн эрхэнд байхад ердөө ганцхан рекорд бүртгүүлжээ. Тэртээ 2001 онд 40 хивсчин найман сарын дотор дэлхийн дээрх хамгийн том хивсийг гараар нэхсэн юм. Уг хивс 301 ам метр талбайтай, 1.2 тонн жинтэй бөгөөд Туркменистан улсын тусгаар тогтнолын 10 жилийн ойд зориулагдсан эд байлаа. Өдгөө тус бүтээл Үндэсний хивсний музейд нь бий. Хивсэн дээр ерөнхийлөгчийн сүлд таван толгойт бүргэд, түүнчилэн “Рухман” номыг дүрсэлсэн байдаг.

Гэвч энэ дээд амжилтыг 2012 онд Ираны хивс нэхэгчид эвдэж Абу Дабигийн мечетэд зориулсан бүтээлээрээ “дэлхийн хамгийн том гараар нэхсэн хивс” дээд амжилтыг шинэчилсэн юм. Энэ аварга хивс 6 384 ам метр талбайтай, 48 тонн жинтэй, 1 200 уран гартны оролцоотой бүтжээ.

Харин Гурбангулы Бердымухамедов ерөнхийлөгч болсон эхнийхээ жилд хамгийн анхныхаа рекордыг бүртгүүлж байлаа. 2008 онд Ашхабад хотноо Үндэсний түүхийнхээ музейн өмнөх талбайд дэлхийн хамгийн өндөр шонд (133 м) Туркеминстаны төрийн далбааг мандуулах ёслол болсон юм. Гэтэл 2011 онд Душанбегийн төвд 165 метрийн өндөрт далбаагаа намируулсан Тажикстан энэ рекордыг нь эвдсэн ч 2014 онд Саудын Араб төрийн далбааны 170 метр шонгоороо хэн хэнийг нь давжээ. Манай улстөрч Лу.Болдын Энхтайваны гүүрний дэргэд босгосон шон эдний дэргэд гадас шиг харагдах боловч агуулгаараа бол адилхан билээ.

Архитектурын рекордууд

Төдөлгүй Туркменистанд жил бүр архитектурын дээд амжилт тогтоох заншил тогтсон. 2010 онд олон нийтийн газар байрлах хамгийн том талбай эзэлсэн усан оргилуурын “Огузхан ба түүний үр сад” хэмээх байгууламжийг нь Геннисийн амжилтаар бүртгэсэн юм. Цогцолборт 15 га талбай эзлэх 27 усан оргилуур багтдаг. “Эвдэршгүй нэгдсэн туркмен ард түмний нягтрал, бүтээлч оюун санаа хийгээд өнөөгийн Туркменистан хүч чадал”-ыг бэлгэдсэн уг байгууламж бол уран барималч Бабасары Аннамурадовыг бүтээл бөлгөө.

Харин 2011 онд тус улсын тусгаар тогтнолын 20 жилийн ойгоор дэлхийн найман хошуут од дүрсэлсэн хамгийн том архитектурын байгууламж бүртгүүлсэн нь Туркменистаны Үндэсний телевиз-радиогийн төв байлаа. Тус байгууламжийн дээр дүрсэлсэн Огуз-ханы өвөг дээдсийн одоороо Геннис номд багтсан билээ. Байсхийгэд л нийгмийн сүлжээнд зураг нь тавигдаж монголчуудынхаа сэтгэлийг баясгадаг ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Морин хуур цогцолборын зураг төсөл үүний дэргэд хавьгүй дээр харагддаг.

Хойтон жил нь, Үндсэн хуулиа баталсны 20 жилийн ойгоороо Ашхабад хотдоо хамгийн том буюу 57 метрийн өндөртэй гэрлэн чимэглэл бүхий дугуйн нээлт хийсэн байдаг. Түүнийг үндэснийхээ соёл амралтын “Алем” хүрээлэнд байгуулжээ. Улаанбаатар хотын мээр Су.Батболдын "Гэрэлт гудамж" дэргэд нь арай жул боловч эдлүүлэх эрх чөлөөгөөрөө хавьтуулахгүй ээ.

“Алем” төв, телевизийн цамхаг, төрийн яамд зэрэг нийслэлийн олон аварга байгууламжийг бүгдийг цагаан гантигаар бүтээсэн. Тиймээс 2013 ондоо хамгийн олон цагаан гантиг байгууламжтай хот гэдгээрээ Геннисийн номд оржээ. Тэр үед Ашхабад хотноо нийт 4 514 сая ам метр талбай бүхий 543 барилга баригдаж байлаа.

Түүний дараа рекорд амжилт нэг жилээр завсарласан ч Туркменистанд барьж босгосоор л байлаа. Энэ бүтээн байгуулалт эрүүл саруул ухааны хязгаарыг нэгэнт даваад гагцхүү Геннисийн амжилт руу л тэмүүлж байсан билээ. Ингээд 2015 онд Мары хотноо үндэсний сууцны хэлбэртэй аугаа том гэр ашиглалтад орсон. Мэдээж, дэлхий дээрх хамгийн том гэр шүү дээ. Үүний дараа ерөнхийлөгч муж болгондоо яг тийм гэр байгуулах тушаал гаргасан. 2017 онд яг тийм гэр Ашхабад хотноо баригдаж Ахмадын зөвлөл нь оржээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн АСЕМ гэрийг буулгаад буцаагаад барьж болдгоороо хувь илүү.

Анхны гэр өөр нэг төрлийн аварга амжилт тогтоосныг дурьдалгүй өнгөрвөл алдас болно. Ерөнхийлөгчийнхөө зохиосон “Урагшаа! Зөвхөн урагшаа, өлгий нутаг Туркменистан минь!” дууг нэг дор дөрвөн мянга гаран хүн дуулсан юм.

Туркменистаны нисэх буудал хоёронтаа Геннисийн номд бичигдэх учиртай байлаа. 2016 онд Ашхабадын шинэ нисэх буудлын зорчигчид хүлээх танхимын дээвэр нь 750 ам метр талбай бүхий хамгийн том үндэсний хээтэй архитектурын бүтээлээр тодорч аварга амжилтын номноо нэрээ мөнхлөв. Туркмений үндэсний хээ учраас өөр өрсөлдөгч гарах ч үгүй. 

Харин 2018 оны хоёрдугаар сард Туркменабат нисэх буудал дээвэр дээрээ хамгийн том найман хошуут одтой гэдгээрээ дахин дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. Яг түүнтэй ижил нь зөвхөн Ашхабадын телевизийн цамхаг дээр байдаг билээ.

Азийн дээд амжилтууд


Барилга байшингаар аварга амжилт тогтоож дуусаад ерөнхийлөгч Бердымухамедов Азийн хэмжээнд дээд амжилт тогтоох даруухан зорилт тавьсан билээ. 2017 онд Ашхабадын олимпийн цэнгэлдэх хүрээлэн дээрээ босгосон аварга том морины толгойгоороо дахин Геннисийн номд багтсан. Өндөр нь 40.05 метр, өргөн нь 40.24 метр. Ийм толгойг жижигхэн гэж хэн хэлж зүрхлэх билээ.  

Хамгийн аварга байгууламж нь Олимпийн хотхондоо босгосон Усан спортын төв. Төвийн нийт талбай, усан сангуудын хамтаар бараг 5 000 ам метр талбайтай. Та эргэлзэх хэрэггүй, 2020, 2024, 2028 оны Олимпийн тоглолт болох хотууд хэдийнэ тодорчихсон бөгөөд Ашхабадын нэр тэдэн дунд үгүй. Энэ бол зүгээр л ерөнхийлөгч Гурбангулы Бербымухамедовынх нь хайрласан нэр. Туркменистан Олимпын хотхонтой ч Олимп хийх эрхээ аваагүй бол манай ерөнхийлөгч Х.Баттулга эхлээгүй "Эко Майдар хот"-доо 2020 онд Азийн хүүхдийн наадам зохионо гэж амалсан байдаг. Хүний ерөнхийлөгчийн ганц биеэрээ "хийж бүтээгээд" байгааг Монголын улстөрчид хамжаад хамтраад хаана нь ч хүрэхгүй явааг харахаар гомдмоор мэт боловч хэн нэг нь ганцаар захирах эрх мэдэл олох аваас түүнийг ёстой хавьтуулахгүй билээ. 

Бонус

Гурбангулы Бердымухамедов бол энэ дэлхийн хамгийн "авъяаслаг" удирдагч гэдгийг доорх бичлэгээс мэдэж авахаас гадна манай олон улстөрчийг ч олж харна. Харин улс орон нь удахгүй Венесуэлийн араас орох гэж байгааг тэрээр мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч иргэдийнхээ сэтгэлийг "авъяас билэг"-ээрээ аргацааж ядаж суугаа юм.