“Ноён уулаа аварья” ТББ нэхэмжлэл гаргах эрхгүй
“Ноён уулаа аварья” нэртэй төрийн бус байгууллага сүүлийн хэдэн жил “Сентерра Гоулд” компанийн эзэмшдэг Гацууртын ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар тэмцэл өрнүүлж байгааг бид бүгд мэднэ. Энд дөрвөн ч тусгай зөвшөөрөл яригддаг бөгөөд тэдгээрийн хамгийн эхнийх нь л гэхэд анх Сентерра шилжүүлэн авснаас хойш 17 жил өнгөрч байгаа. Үүнээс өмнө энэ талбай дээр Гурвангол холдинг, Гацуурт зэрэг компаниуд шороон ордын олборлолт явуулаад улмаар үндсэн ордын нөөц байх магадлалтай тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн нь өдгөө “Сентеррагоулд Монголия” компанийн нэр дээр байгаа юм.
“Ноён уулаа аварья” төрийн бус байгууллагын үндсэн зорилго нь түүхийн дурсгал, эд өлгийг агуулсан Ноён уулыг хөндөхгүйгээр хадгалах боловч цаадах үйл ажиллагаа нь “Сентеррагоулд Монголия” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тэмцэл юм. Гадаадын хөрөнгө оруулалттай тус компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн Ашигт малтмалын газрын шийдвэр хууль бус байсан гэх гомдлыг “Ноён уулаа аварья” хөдөлгөөнийхөн Захиргааны хэргийн шүүхэд 2016 онд гаргаснаас хойш хэд хэдэн удаа хурал болж, анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үнэн боловч цаана нь дахиад хоёр шатны шүүх бий. Тусгай зөвшөөрлийг “Сентеррагоулд Монголия” компанид олгосон шийдвэрээ хууль зөрчөөгүй гэдгийг нотлох үүрэг нь Ашигт малтмалын газрынх бөгөөд тэд ч энэ оны зургадугаар сард болсон ээлжит шүүх хурлын шийдвэрийн дараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдаад байна.
Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал 2015 оны нэгдүгээр сард “Сентеррагоулд Монголия” компанийн эзэмшлийн Гацууртын ордыг стратегийн ордын жагсаалтад багтааж, улмаар 34 хувийг нь төр эзэмших шийдвэрийг гаргасан юм. Нэг үгээр бол Монголын Засгийн газар нь “Сентерра Гоулд”-тай бизнесийн хамтрагч болов. Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч “Сентерра Гоулд” компанийн хувьд бизнесийн ирээдүйгээ төлөвлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь ойлгомжтой зүйл. Төр, захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авч, хамгийн сүүлд Засгийн газартай хамтрагч болох тогтоол хүлээн авсан “Сентерра Гоулд” компанид ямар буруу байгаа вэ?
Тус компанид тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газар уг шийдвэрээ гаргахдаа хууль зөрчсөн эсэхийг дараагийн шатны шүүхээр хэлэлцүүлэхээр давж заалдсан гэдгийг дээр дурдсан. Хэрэв тус шүүх өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг баталсан шийдвэр гаргаж, Ашигт малтмалын газар үнэхээр хууль зөрчин лиценз олгожээ гэж үзэн эрхийг нь цуцалбал өнөөдрийг хүртэл дээрх ордод ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа “Сентерра Гоулд” компани үг дуугүй хохироод үлдэх нь юу л бол. Өмнөх гашуун туршлагуудаас харвал ийм байдлаар хохирохдоо хүрсэн гадаадын хөрөнгө оруулагчид олон улсын Арбитрын шүүхэд давж заалдаж, тэр бүртээ заргаа авч байсан. Нэг жишээ нь “Хан Ресурс” компанид Монголын талаас төлж барагдуулсан 100-аад сая ам.долларын нөхөн төлбөр. Одоогоор хөрөнгө оруулалтаа хараахан хаяад гарчихаагүй байгаа ч “Оюутолгой”, “Сентерра Гоулд” компаниуд үл ойлголцлын асуудлуудаараа Арбитрын шүүхэд хандахад бэлэн гэдгээ ил, далд илэрхийлсээр ирлээ.
Бид гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгаа өөд татаад өөрсдийгөө асуудалгүй аваад явчих хэмжээнд хүрээгүй байна. Тийм атал хамтрах гээд ороод ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдын бизнесийг гацааж, хөөж, эцэст нь Засгийн газрыг гарцаагүй ялагдал, нөхөн төлбөрт унагах нь хэнд ашигтай юм бэ?
Голдуу гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг тэмцдэг иргэний хөдөлгөөнийхөн гэх хэсэг бүлэг “бизнес эрхлэгчид” нэрийг нь барьж ашигладаг иргэдээсээ баян тансаг амьдарч байна. Тэднийг бид толгой дээрээ гаргажээ. Гацууртын ордын лицензийн маргаан гомдол буюу нэхэмжлэл гаргагч “Ноён уулаа аварья” ТББ-аар жишээлээд аваад үзье. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол нэхэмжлэл гаргагч, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Тэгж байж захиргааны хэргийн оролцогчийн эрх зүйн чадвар үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болдог. Гэтэл “Ноён уулаа аварья” ТББ нь 2015 онд анх байгуулагдаад 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Монгол Улсын хуулийн этгээдийн хувиар холбогдох байгууллагад үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан өгдөггүй, өгч байгаагүй гэсэн нотлох баримт шүүхийн шатанд авагдсан байх боловч захиргааны хэргийн шүүх гомдлыг нь гурван жилийн турш хэлэлцэж байгаа хэрэг. Шүүхэд нийтийн эрх ашгийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрх зүйн чадамжгүй ийм нөхдийг хаа, хаанаа давраажээ.
“Ноён уулаа аварья” гэвэл хийх ажил ганц компанитай шүүхдэхээс хавьгүй өргөн цар хүрээтэй. Нэг жишээ хэлэхэд 2015 онд “Сентерра Гоулд” компани Гацуурт ордын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаасаа хамгаалалтдаа буулгахад зөрөөд арван мянга гаран нинжа дээрэм хийхээр дайран орж, хүний амь нас эрсдэж байлаа. Гэвч тэд юу хийв ээ? “Сентерра Гоулд”-аас тусгай зөвшөөрлийг нь хураагаад авлаа гэхэд технологигүй, бүртгэлгүй, татваргүй нинжа нэртэй дээрэмчид дайраад орох үед “Ноён уулаа аварья” хөдөлгөөнийхөн жинхнээсээ хамгаалж чадах уу даа ер нь. Бид ер нь хэнд ямар зэвсэг бариулчихаад юу хийлгээд байна аа?!
Гана
Hujaa
Зочин
Монголхүү
Зочин
Зочин
зочин
Зочин
Mongol humuun
иргэн
Зочин
MONGOL
Амгаа
Зочин
Зочин
Агваан
ӨЛЗИЙСАЙХАН
Нутгийн иргэн
ККК
mongol