-Та Завхан руу сайн явж ирэв үү?
-Сайхан яваад ирлээ. Би чинь Завхан аймгийн Түдэвтэй сумын хүн шүү дээ. Бунхантын өвөлжөөнд төрсөн юм.

-Бунхант гэдэг ямар учиртай нэр вэ?
-Манай өвөлжөөний бэлд найман бунхан байдаг юм.Их Монголын үеийн язгууртан хүмүүсийн булш оршдог юм гэнэ лээ.

-Ингэхэд таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би долоон нас хүртлээ нутагтаа байсан. Аав маань намайг таван настай байхад өөд болсон. Бага дүү Жамбалралди маань нэг ой дөнгөж өнгөрч байсан. Дүүгээ харж, ойр зуурын аргал түлээ ойртуулах төдийхнөөр ээждээ тусалдаг байсан биз. Манайх Хавцгайт, Шаврын гол хавиар зусдаг, Бунхант, Ханан, Тулгын өвөлжөө сэлгэн нутагладаг айл байсан юм билээ. Би Бунхантад, миний дүү Дондовсамбуу Хананд, бага дүү Жамбалралди Тулгад төрсөн гэдэг. Өвөлжөөний орчимд худаг, ус байхгүй цасны хунгар хайлж уудаг байлаа. Зун Шаврын голоос усаа зөөнө. Хүний өөрийн хурга ишиг эргүүлсэн шиг өдрийг өнгөрөөнө. Айлын хүүхдүүдтэй шилбүүр унаж уралдаж тоглох ийм л ажилтай байсан байх.

-Та хэдтэй хотод орж ирсэн бэ?
-Намайг найман нас хүрэх жил ээж маань хотод нүүж ирсэн. Нүүх ч гэж дээ, тэмээний тэнгийн нэг талд хамаг хөрөнгөө хийсэн, нөгөө талд нь намайг арганд хийгээд тэгнэчихсэн, 10-аад хонь туугаад, ээж минь хээр морио унаад, гэр оронтойгоо нүүж явсан Галбадрахынх гэдэг айлыг бараадан сар гаруй явж Улаанбаатар гээч газар ирж байлаа шүү дээ.

-Та чинь хоёр дүүтэй юм шиг байсан. Яагаад ганцаараа тэмээнд тэгнэгдэж ирдэг билээ?
-Дондовсамбууг багад нь авга ахынд өргүүлчихсэн юм билээ. Бага дүү Жамбалралдийг зун хот руу явахын даваан дээр айл ирээд аваад явчихсан. Би дүүгээ өгөхгүй гэж уйлж унжиж, зуураад тавихгүй өчнөөн юм болсон. Хөөрхий дөө, муу ээж минь хүн танихгүй, газар мэдэхгүй нутагт хоёр нялх хүүхэдтэй яаж амьдрахав гэж бодож, бас үр хүүхэдгүй нэг ч гэсэн айлд үрийн заяа хайрлах гэсэн юм байлгүй дээ. Чи хэрэггүй юм асууж байж баахан гуниг зарлуулчих юм. Гэхдээ яахав, миний хүүхэд нас энэ.

-Бүр сэтгэл эмзэглэчихлээ, уучлаарай. Та тэгээд хотод ирээд ямар сургуульд оров?
-Хотод ирээд Амгаланд суурьшсан. Амгаланбаатар хотын 8-р сургуульд бүртгүүлэхээр хамар хашааныхаа хүүхэдтэй очсон юм. Бүртгэж байгаа багш овог нэрээ хэл гэсэн. Би ойлгохгүй дуугүй зогсоод л байсан. Багш асуултаа давтахдаа чамайг хэн гэдэг вэ гэж асуухад нь би Очирбат гэсэн. Аавын чинь нэр хэн бэ? гэхэд нь би аав байхгүй гэсэн. Тэгвэл ээжийнхээ нэрийг хэл гэсэн. Би Пунсалмаа гэж хэлсэн. Энэ өдрөөс би Пунсалмаагийн Очирбат болсон хүн дээ.

-Та яагаад аав байхгүй гэж хэлсэн  юм бэ? Та аавтай ш дээ.
-Тийм л дээ. Гэхдээ бурхан болсон хүний нэр хэлж болохгүй. Лам хувраг байсан хамаатан садан, ойр төрлийн хүнийхээ нэрийг хэлдэггүй цээрлэдэг байсан болохоор тэр байх. Миний аав Гонсын Гэндэнжав гэдэг чинь Галуутайн хүрээний зурхайч лам байгаад хүрээ хийдийг тараахад “хар” болж ээжтэй минь гэрлэж, би төрсөн юм гэнэ лээ. Чи мөн үгэнд дуртай хүүхэд юм аа.

-Уучлаарай, мэргэжил минь ийм юм аа. Хэр сурагч байсан бэ?
-Би бусдын адил л хүүхэд байсан. Бөмбөг өшиглөдөг, лабтуу цохидог, ширээний теннис тоглодог, бас ном уншдаг, онц сурдаг сурагч байсан. Харин аравдугаар ангиас сэтгүүлчийн мэргэжлийг сонирхсон. Харамсалтай нь миний хүслээр болоогүй.

-Та Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер мэргэжлээр төгссөн байх аа. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Аж үйлдвэрийн яамны уул уурхай хариуцсан мэргэжилтнээр нэг жил ажиллаад Шарын голын уурхайн Ерөнхий инженерээр томилогдож зургаан жил ажилласан. Эндээс миний ажлын гараа эхэлсэн гэж үздэг дээ.

-Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаар ямар ажиг сураг сонсдог байв?
-Хамгийн түрүүн Эрдэнэтийн овоо гэдэг газар Чехүүд хайгуул хийдэг гэж сонссон. Харин Эрдэнэтийн үйлдвэрийн талаар бол 1972 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилогдоод байхад Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудлыг хариуцаж ажиллахыг М.Пэлжээ сайд надад үүрэг болгосон.

-Тэгвэл та Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй эрт холбогдсон юм байна...?
-Би Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй 1972 оны тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн холбогдсон. Энэ өдөр намайг Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны орлогч сайдаар томилсон юм. М.Пэлжээ сайд намайг дуудаж уулзаад эхэлж хэрэгжүүлэх долоон төрлийн ажлын даалгавар өгсний нэг нь Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах асуудал байсан. Эрдэнэт үйлдвэр байгуулах асуудал Монгол Зөвлөлтийн эдийн засгийн харилцаанд мөрдөж байсан журам дүрмийг зөрчсөн, дүрмийн гадуур урьд өмнө байгаагүй хурдтай тоглолт болсон юм. Ордын нөөц батлагдаагүй байхад ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлах, улмаар уулын баяжуулах үйлдвэрийн техникийн зураг төслийн даалгавар боловсруулах, уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэт хот, төмөр зам, авто зам зэрэг барилга байгууламжийн талбайг сонгох комисс байгуулагдан ажиллах шийдвэрүүд ар араасаа ойрхон гарч хэрэгжүүлсэн.

Эрдэнэтийн Зөвлөлийн гурван дарга Костин Владимир Николаевич, Пунсалмаагийн Очирбат, Дугарын Рэнчинханд нар. 1974 он.

-Та түрүүн ордын нөөцийг баталсны дараа хийгдэх ажлууд түрүүлээд хийгдээд явсан юм ярилаа. Ордын нөөц чухам хэзээ батлагдсан юм бол?
-Эрдэнэтийн овооны Зэс-молибдений ордын нөөцийг Зөвлөлт, Монголын нөөцийн комиссуудын хамтарсан хурлаар 1972 оны 12-р сарын 18-ны өдөр баталсан шиг санагдаж байна. Чи түрүүн Эрдэнэт үйлдвэрийн түүхтэй та ямар холбоотой вэ? гэж асуусан. Товчхон хэлбэл 1972-1976 онд болсон Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл явдалд би холбоотой.

-Тэгвэл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан таны хувь нэмрийн тань талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцмаар байна л даа.
-Эрдэнэтийн бүтээн байгуулалтад нэг хүнд хамаатуулах юм тун бага. Энэ бол хамтын бүтээл. Тэр тусмаа Монгол, Зөвлөлтийн олон арван зураг төслийн байгууллага, олон мянган барилгачин, олон зуун инженерийн хамтын хөдөлмөрийн үр дүн. Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1973 оны 11-р сарын 22-ны өдрийн хэлэлцээрт Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Новиков нар гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр байгуулагдахаас өмнө 1973 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэтийн овооны ордыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан байсан юм. Эрдэнэт үйлдвэрийн ТЭЗҮ, техникийн зураг төслийг Улсын төлөвлөгөөний комисс, Засгийн газраар батлуулах болон засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажилд тус салбарыг хариуцсан орлогч сайдын хувьд байнга оролцож ажилладаг байлаа. Эрдэнэтийн үйлдвэрт ажиллах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг зохион байгуулах үүрэг бол цэвэр манай яамны, миний хариуцах ажил байсан. Би энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээж ажилласан. Хамтарсан үйлдвэрийн удирдах дээд байгууллага нь Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл байсан. Энэ Зөвлөлийн Монголын хэсгийн анхны дарга нь би байлаа. Зөвлөлтийн хэсгийн дарга нь эхлээд ЗХУ-ын өнгөт металлургийн яамны орлогч сайд Костин Владимир Николаевич, дараа нь Тюряков Александр Феодорович болсон. Хамтын үйлдвэрийн Зөвлөл анхныхаа хурлыг 1974 оны 6-р сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийж хурлыг Монголын хэсгийн дарга би даргалж, хамтарсан үйлдвэрийн Ерөнхий захирлаар Зөвлөлтийн иргэн Шлыков В.А-ийг, нэгдүгээр орлогч захирлаар Монголын иргэн Д.Лхагвасүрэнг томилж байлаа. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яамны орлогч сайд Э.Бямбажав, Материал техникийн хангамжийн улсын хорооны орлогч дарга А.Юндэндорж, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооны орлогч дарга Д.Жамбалдорж, Түлш, эрчим хүчний үйлдвэр геологийн яамны төлөвлөгөөний хэлтсийн дарга Г.Дорж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Д.Лхагвасүрэн нар байсан. Эд нар мартагдах учиргүй анхдагч хүмүүс юм шүү. Бид Эрдэнэтийн асуудлыг хамтарч шийддэг байсан. Би энэ ажлыг 1976 оны зургадугаар сар хүртэл хийгээд өөрийн хамтран зүтгэгч Дугарын Рэнчинхандад хүлээлгэн өгч байлаа.

-Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон түүхээсээ хуучлаач?
-Эрдэнэтийг барьж байгуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахаас нь эхлээд шүүлт хийх, нэмэлт өөрчлөлт хийж холбогдох дээд байгууллагад оруулж, хамгаалж батлуулах, барилга байгууламжийг эхлүүлэх, анхны 4 сая тонн хүдэр олборлох, ил уурхайг ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний жилд нь эзэмших техник-технологийн болон мэргэжилтэй ажилчдаар цаг хугацаанд бэлтгэх ажлыг бүрэн хангаж байлаа. Энэ нь үйлдвэрийн дараагийн ээлжүүдийг ашиглалтад хүлээж авах суурь болдог юм. Уулын инженерийн хувьд оруулсан хувь нэмэр гэвэл Эрдэнэтийн овооны ордын ашиглалтын систем, горимын тооцоог хийж зураг төсөлд нь өөрчлөлт оруулах санал тавьж, уулын үндсэн малталтын эхний үеийн хэмжээг 14 саяас 7 сая шоо метрээр багасгаж анхны хөрөнгө оруулалтыг 30 сая рублиэр багасгаж, тэр хөрөнгийг Засвар механикийн заводыг барихад шилжүүлэн хэрэглэх боломжийг бүрдүүлж байлаа. Энэ аргачлал дээрээ үндэслэн Техникийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дээр 1975 онд хамгаалсан юм. Ингэж Эрдэнэтийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн болсон.

-Ер нь та дэлхийд данстай энэ үйлдвэрийн Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд оруулсан өгөөжийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Асар их хувь нэмэр оруулсан. Бүтээгдэхүүний үнэ тогтоох, валют санхүүгийн тооцооны аргачлалын зөрүүгээс шалтгаалж 1981 оныг хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай, Монгол улсаас дотаци өгдөг байлаа. Энэ нь Зөвлөлтийн гадаад худалдааны доогуур, Монголын дотоодын бөөний үнийн дээгүүр байсны зөрүүгээс үүдсэн алдагдал байсан. Энэ гажуудлыг Монголын эдийн засагчид арилгах талаар шаргуу хөөцөлдсөний дүнд 1984 онд талууд харилцан зөвшөөрч хэвийн болгосон юм. Ер нь Эрдэнэтийн үр ашиг өгөөжийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө тэндхийн үе үеийн удирдлагууд байнга санаачилгатай ажиллаж, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж, хүч чадлаа нэмэгдүүлсээр уурхай гүнзгийрэх тутам хүдрийн агуулга буурдаг байгалийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс эдийн засгийн үр ашгаа бууруулахгүй хамгаалж, өндөр байлгаж чадсаар ирсэн гавьяатай улс.Зах зээлд шилжих хүнд үед монголын эдийн засгийг малчид, уурхайчид нуруундаа үүрч гарсны дотор Эрдэнэт үйлдвэр гадаад худалдааг бараг дангаараа авч гарсан шүү дээ. Эрдэнэтийн гүйцэтгэсээр байгаа нэг гавьяат үйлс бол уул уурхайн мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг “Их уурхай” болж чадсан явдал юм. Уурхайн “хүмүүн капитал” гээчийг жинхэнээр нь үйлдвэрлэдэг газар бол Эрдэнэт. Мөнгөн болоод хүмүүн капиталыг 40 жил үйлдвэрлэсэн Эрдэнэт үйлдвэр дахиад 40-өөс доошгүй жил тасралтгүй үйлдвэрлэх болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ бол уурхайчин бидний итгэл юм шүү.

-Хэрэв та Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал бол хамгийн түрүүнд ямар өөрчлөлт шинэчлэлт хийх байсан бэ?
-Хэрэв би Эрдэнэтийн Ерөнхий захирал байсан бол Шагдарын Отгонбилэг болон түүний багийнхны хийснийг л хийх байсан. Эдүгээ цагийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, түүний багийнхны хийж байгааг л хийх байсан. Ш.Отгонбилэг бол социализмын хаалттай хязгаарлагдмал үед Монголын уул уурхайг дэлхийд нээж өгсөн хүн. Бадамсүрэн бол дэлхийн уул уурхайг монголд нээж байгаа хүн. Энэ онд Бадамсүрэн дэлхийн 15 орны уул уурхайн салбарынхныг Эрдэнэтэд цуглуулж тэднийг өөр хооронд нь өрсөлдүүлж чадаж байна билээ. Би очиж үзсэн. Бахархаж байсан. Залуу байсан бол хийх л ажил даа гэж бодож явсан.

-Монголын уул уурхайн салбар таны амьдралтай салшгүй холбоотойг гэрчлэх сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Хүний эзэмшсэн мэргэжил гэж тухайн хүний амьдралтай салшгүй холбоотой байдаг эд юмаа. Би төрийн тэргүүн байж үзлээ. Хийх ажил их байсан. Тэдэн дотроос давын өмнө өнөө л уул уурхайгаа шүүрээд авсан байх юм. Улсын валютын сан хөмрөг дундраад ирэхийн цагт юун түрүүнд “Алт хөтөлбөр” толгойд ороод ирэх юм. Бензин шатахууны гачигдалд ороод ирэхээр “Нефть хөтөлбөр” өөрийн эрхгүй хөтлөөд явах юм. Их Британы дэлхийд алдартай Бритиш Петролиум компани дээр Лондонд очоод манай монголд нефть байна уу? гэж сураглаад, дагуулж ирж судлуулаад, Америкийн СОКО интернейшнлийн Эдуард Сторийг ятгаж байж өрөмдүүлээд баярлахдаа гоёлынхоо дээлийг нефтээр мялааж байлаа шүү дээ. Үүнээс сайхан дурсамж гэж юу байхав.

-Таны энэ цагийн бодол, мөрөөдөл...?
-Алт, Нефть, Оюу толгой, Таван толгойн баялаг ард түмний минь нурууг тэнийлгээд сэтгэлийг нь амраагаад өгөөсэй л гэж бодож мөрөөдөж сэтгэлээ чилээж сууна даа.

-Таны үр удмаас мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?
-Байлгүй яахав. Миний зээ хүү Аранжиндорж Санктпетрбургийн Уул уурхайн их сургуульд суралцаж төгссөн. Уулын инженер. Миний бага охин бизнесийн эрх зүйч мэргэжилтэй. Эрдэс баялгийн салбарын бизнест хүчин зүтгэж байна.За, үг олдож үхэр холдлоо. Ингэсхийгээд өндөрлөх үү дээ, хоёулаа.Эрдэнэтийн гэрэлт ирээдүйд итгэл төгс байна. Уурхайчдадаа 40 жилийн ойн баярын мэнд хүргэе!

-Цаг зав гаргасан танд баярлалаа.


Эрдэнэтийн Зөвлөлийн хоёр дахь дарга Тюряков Александр Феодорович, Пунсалмаагийн Очирбат нар. 1990 он.


М.ОДГЭРЭЛ