Буддизм шашин уу эсвэл гүн ухаан уу?

Буддизмыг ойлгохын тулд эхлээд шашин гэдэг зүйлийг мэдэх ёстой. Дэлхийн 8 тэрбум хүний 6.5 тэрбум нь шашин шүтдэг. Яагаад энэ олон хүн шашин шүтээд байна вэ гэхээр нэг ашиг байна гэсэн үг. Шашин шүтдэг хүн шүтдэггүй хүнийг бодвол аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах чадвараар илүү байдаг. Учир нь шүтлэгтэй хүмүүс ямар нэг итгэх найдвах зүйлтэй, тулах цэгтэй байдаг гэсэн үг. Дэлхийн бүхий л шашин энэрэнгүй сэтгэлийг номлодог. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Бурханы шашны хувьд бусад шашнаас ялгаатай олон зүйл бий. Саяхан сошиал медиа дээр нэг хүн Бурхан багшийг бурханд итгэдэггүй хүн байсан гэж бичсэн байсан. Энд ойлголтын зөрүү яваад байна. Бурхан гэдэг үг ба Христын шашны God гэдэг үгс хоорондоо өөр буюу утгын хувьд ялгаатай. Буддистууд бүтээгч эзэн тэнгэрт итгэхгүй харин бурханд итгэнэ. Бурхан багш ч өөрөө итгэдэг байсан. Учир нь аврал одуулдаг байсан. Иймээс энэ бол байх ёстой зүйл. Бурханы шашин аврал одуулах зарчмаараа бусад шашнаас ялгагддаг. Христийн шашны ахан дүүс ертөнцийн эзэн намайг аврана гэдэгт итгэдэг. Буддизмд бурхан багш биш би өөрөө өөрийгөө аврана гэж итгэдэг. Бурхан багшийн айлдварт “Хүн өөрөө өөрийнхөө аврагч бас дайсан нь. Иймээс авралыг гаднаас битгий эр” гэж сургасан. 

Шашин болгоны нийтлэг зорилго адилхан. Тэр нь хүмүүсийг зовлонгоос ангижруулж, жаргалтай болгох. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд Бурханы шашин мэдлэгийг голлодог. Өөрөөр хэлбэл, хэн мэдлэгтэй байна, тэр хүн өөрийгөө зовлонгоос гаргадаг. Хэн мэдэхгүй байна, тэр өөрийгөө зовлонд унагадаг. Бурхан багш зуны эхэн сарын шинийн 15-нд гэгээрсэн. Үүнээс хойш намрын эхэн сарын 4 хүртэлх хугацаанд ямар ч ном айлдаагүй. Үүнээс хойш нирваан дүрийг үзүүлж таалал төгсөх хүртлээ тасралтгүй ном айлдсан. Хүний сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах арга ухааныг эдгээр номоороо тайлбарласан. 

Бурхан багшийн айлдвар сургаалийг дотор нь шинжлэх ухаан, гүн ухаан, шашны хэсэг гэж 3 хувааж болно. Хүний сөрөг сэтгэлийг арилгахын тулд олон янзын арга хэрэглэх ёстой болдог. Уурламааргүй байвч уур төрөөд л байдаг. Хүсэл, шуналд автмааргүй байвч бидний эрхээр биш шунал зоргоороо төрөөд л байдаг. Тайван амгалан байхыг хүн болгон хүсдэг ч хямраад л яваад байдаг. Энэ бол хүн сэтгэлээ удирдаж чадахгүй байгаагийн жишээ юм. Иймээс тал талаас нь хашиж байж хүн сэтгэлээ жолоодож чаддаг. Ийм учраас Бурхан багш маш олон үзэл онолуудыг тайлбарласан. Хүмүүсийн оюун санааны цар хүрээнд тааруулж айлдварууд нь дотроо олон түвшинд хуваагддаг. Иймээс Бурхан багш хүн болгонд амар амгаланд хүрэх гарц гаргаж, замыг нь зааж өгсөн гэсэн үг. Энэ олон янзын түвшин дээшилсээр байгаад хамгийн оргил нь өөрийнх нь хүрсэн Төв үзэл болдог. Гэхдээ Бурхан багшийн анх тайлбарласан үзэл онол нь энэхүү Төв үзлээс эсрэг өөр байдаг. Тэр нь гарц олохын тулд өндөр дээд оюуны хүчин чадалтай хүн энгийн хүмүүсийн түвшинд үзэл онолоо буулгасан гэсэн үг. 

Буддизм мэдлэг дээр суурилдаг юм бол Гандантэгчэнлин хийд болон монголын лам, хуврагууд олон нийтийг соён гэгээрүүлж, мэдлэгжүүлэх үүргээ хэр сайн гүйцэтгэж байна вэ?

Маш чухал асуулт байна. Мэдлэгтэй болохгүй бол тэр хүн Бурханы шашинтан болж чадахгүй. Зан үйл төдийгөөр хүн буддист болохгүй. Бурхан багш “Миний сургаалийг судлаад үз. Таалагдвал дага, таалагдахгүй бол битгий дага” гэж сургасан. Энэ нь хэрвээ та Бурханы шашныг дагаж байгаа бол үзэл онолыг нь заавал мэдэх ёстой гэсэн үг. Иймээс бидний гол зүйл үүнийгээ олон нийтэд мэдүүлэх, заан сургах юм. Бид сүүлийн жилүүдэд ард түмнийг соён гэгээрүүлэх, сэтгэлийн амар амгаланг олох, стресс арилгах арга замыг чиглэлээр нэлээд өргөн дэлгэр үйл ажиллагаа явуулж байна. 

Саяхан Баянгол дүүргийн 2000 гаруй төрийн албан хаагчдад Д.Нямсамбуу гавж бид хоёр хичээл орсон. Удахгүй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргүүд дээр ажиллахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын олон газар ажиллахаас гадна Дархан, Эрдэнэт, Сэлэнгэд бид сургалтууд хийсэн. Эдгээр сургалтыг хийгээд явж байхад монголчууд буддизмд их ойрхон, ярьж хэлж буй зүйлийг амархан ойлгодог нь шууд анзаарагддаг. Буддын философийн гүн гүнзгий ойлголтууд манай өвөг дээдэст хэдийнээс байж ирсэн төдийгүй амьдралын хэв маягт нь орсон байжээ. Үүнийгээ хөгжүүлээд, ойлголтоо гүнзгийрүүлвэл бид стрессийг даван туулах чадвар бусдыг бодвол хавьгүй илүү байна гэсэн үг. 

Бурханы шашинг чин сэтгэлээс шүтэн ойлгож судалж буй нэг хэсэг байна. Нөгөө талдаа хэлбэр талаас нь хөөж буй ч хүмүүс бий. Бүр нөгөө талдаа үүнийг мухар сүсэг гээд үзэн яддаг бүлэг хүртэл байдаг. Нийгэм ингэтлээ хуваагдсан шалтгаан юу байж болох вэ?

Хүн бүхэн Бурханы шашинг таалах албагүй. Хүн болгон шар өнгөнд дуртай байх боломжгүй. Ингэвэл надад хэрэгтэй, өгөөжтэй, надад ийм үр дүн ирнэ гэж харж тооцоолохгүй, аялдан дагах маягтай шашин шүтвэл үр дүн багатай. Бурханы шашин шүтсэнээр надад яг ямар ашигтай вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Буддист болбол миний муу сэтгэл арилга гэдгийг ойлгох ёстой. Дан ганц зан үйл төдийгөөр шашин шүтэх аюултай. Жишээ нь, муслимын ахан дүүс үндсэн номлолоосоо холдоод зан үйлээ ихдүүлсний улмаас террорист зэрэг янз бүрийн хүмүүс гарч ирсэн. Яг үнэндээ муслим энэрэнгүй сэтгэлийг номлодог шашин шүү дээ. Гэтэл тэр нийгэмд өнөөдөр айхтар хүчирхийлэл явагдаж байгаа нь шашны үзэл номлолоосоо холдсоны шинж юм. Аливаа зүйлийн үндсэн үзэл санаа, номлолыг ойлгож чадахгүй бол тэр нь жинхнээсээ мухар сүсэг болж хувирдаг. Иймээс бурханы шашин ба мухар сүсэг хоёр эсрэг тэсрэг хоёр зүйл юм. 

Бурханы шашны мэдлэг жигд түгэхгүй буй шалтгаан нь хэлний асуудалтай холбоотой юу? Яагаад өнөөдрийг хүртэл олон зуун жил монгол биш Төвд хэлээр голлоод байдаг юм бэ?

Энэ яг Төвд хэл биш юм. Эртний Энэтхэгийн бандида нар болон Төвдийн лозава нар нийлж гаргасан тусгай академик хэл юм. Энэ хэлийг Төвдийн ард түмэн өөрсдөө ч бүрэн ойлгохгүй. Одоогоор энэ хэл нь буддын философи, гүн ухааныг хамгийн сайн нарийн тодорхойлж чадах хэл хэвээр байсаар байна. Иймээс 500 гаруй эрдэмтэд энэ хэл дээр бүтээлээ туурвисан. Монголчууд эмийн ургамлуудыг бүгдийг нь орчуулсан боловч буддын философийг үүн шиг орчуулж, монгол хэлээр илэрхийлж чадахгүй юм байна гэж үзээд академик хэлээр нь явж буй юм. 

Суралцахын хувьд яривал буддын шашин шүтдэг хүмүүсийг тоо сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдэхээс гадна сайн чанаржиж байна. Яагаад гэвэл олон ТББ-ууд системтэй сургалт явуулдаг болсон. Буддын гүн ухааныг тэнгэр мэт уужим, далай мэт гүн гэж тодорхойлдог. Системтэй сургалтгүйгээр ийшээ орвол хөл алдах эрсдэлтэй. Иймээс систем сургалтгүй бол буддын шашныг бүрэн гүйцэд ойлгож мэдэхэд амар биш. Системтэй сургалт л мэдлэг үйлдвэрлэдэг. Хэдхэн жилийн өмнө бурханы шашныг коммунизмын үеийн кинонд гардаг шиг шууд гүтгэдэг, утга учиргүй доромжилдог байсан бол сүүлийн жилүүдэд илтэд багасч байна. Нэг хэсэг буддист гэж хэлэхээсээ айдаг байсан монголчууд одоо үүгээрээ бахархдаг болсон.

2019 онд Холливүүдийн од кино жүжигчин Ричард Гир Монголд ирээд “Монголчууд мундаг юм байна. Яагаад гэвэл бурханы шашны хамгийн чухал хоёр зүйл болох бодь сэтгэл болон хоосон чанарын талаар маш олон хүн ярьж байна” гэж хэлж байв. Бурханы шашин ийм мундаг мэдлэг, ухааныг манай ард түмэнд өгсөн. Үүний үр шимийг ч хүртсэн. Манай өвөө, эмээ нар хавьгүй илүү тайван амгалан хүмүүс байсан. Коммунизмын үеийн эмээ, өвөө нар жаахан эвгүй болсон. Бурхан багшийн их дүйчэн өдөр саяхан болж өнгөрсөн. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж буйг анзаарсан. Цаг өөр болж байна. Саяхан Гандантэгчэнлин дээр номын үйл ажиллагаа болоход 4700 гаруй хүн ирж оролцсон бөгөөд манай Батцагаан дугана жижигдсэн. Өнгөрсөн зун бид Дүйнхорын ван хурахад 30 мянган хүн ном сонсож, бодож бясалгахаар Жанрайсигийн дуганын өмнө цугласан. Үр дүн гарахаар байна.

Дахиад нэг танин мэдэхүйн шинжтэй зүйл асуумаар байна. Богд, бурхан, сахиус, хутагт, хувилгаан, гэгээнтэн зэргийг эрэмбэ дараа, утга учрыг нь энгийнээр тайлбарлаж өгнө үү.

Хутагт, хувилгаадын талаар бид сайтар ойлголттой болох хэрэгтэй. Хүмүүсийн эгэл ердийн ба эгэл бус гэж хоёр хувааж болно. Эгэл бус хүмүүсийг хутагт, хутагтын дараа төрлийг хувилгаан гэж ойлгож болно. Оюуны цар хүрээ нь тэлсэн хүмүүсийг хутагт, хувилгаан гэж хэлж болно. 20 орчим ийм эгэл бус хүн Монголд бий. Эдгээр хүмүүсийн зорилго нь хүмүүсийн төлөө нийгэмд сайн, сайхан зүйл хийхийн тулд өөрийгөө бүрэн гүйцэд зориулдаг байх ёстой. Энэ зорилгоор нь сайн хувилгаан уу эсвэл муу хувилгаан уу гэж ялгана. Хутагт, хувилгаад өөрсдөө мэдлэгтэй байх ёстой, эрдэм мэдлэгтэй болох ёстой. Эрдэм мэдлэгтэй 1000 хувилгаан байсан ч цөөднө, буруу явдалтай хувилгаан нэг байсан ч ихэднэ гэж ярьдаг. Энэ нь нийгэмд ингэж хүчтэй нөлөөлдөг гэсэн санаа. 

Богд гэдэг нь оргил, бүхний дээд гэсэн утгатай эртний уйгуур үгнээс гаралтай. Ийм учраас Богд гэгээн бол яах аргагүй монголчуудын оройн дээд очир даря юм. Аливаа улсад оюун санааны удирдагч байх ёстой.

Гэгээнтэн гэдгийн гэгээн гэдэг үгийн үндэс багш гэдэг утгыг заадаг. Иймээс сайн хувилгааныг гэгээнтэн гэж хэлж болно. Сайн хувилгаан багш болдог. Богд гэгээнтэн гэдэг Богд багш гэдэг утгатай. Зарим нь сайн хувилгаан боловч багш болж чаддаггүй нь бий. Төвдэд маш олон хувилгаан байдаг. Монголд харьцангуй цөөхөн. Хутагт, хувилгааныг хүн болгон тодруулах боломжгүй. Тэдгээрийг Монголд Богд лам, Төвдэд Далай лам тодруулдаг уламжлалтай. Эгэл бус хүмүүсийг эгэл ердийн хүмүүс тодорхойлж дүн тавьж болохгүй гэж Бурхан багшийн айлдварт сургасан байдаг.

Богд гэдэг нь оргил, бүхний дээд гэсэн утгатай эртний уйгуур үгнээс гаралтай. Богд уул гэдэг нь дөрвөн уулаас хамгийн том нь, оргил нь гэсэн үг. Ийм учраас Богд гэгээн бол яах аргагүй монголчуудын оройн дээд Очирдара юм. Монголчууд үеийн үед Богд гэгээнээ шүтэн дээдэлж ирсэн ард түмэн. Аливаа улсад оюун санааны удирдагч байх ёстой. Би саяхан Камбож улсад хуралд оролцонгоо түүхийг нь сонирхож үзсэн. Пол Пот гээд айхтар хүн гарч ирэхэд нөгөө талд нь Maha Ghosananda гээд лам гарч ирсэн байдаг. Энэ лам тэрхүү айхтар том дэглэмийн эсрэг ард түмнээ авч явж, том зовлонгоос татаж гаргасан. Манай улсын хувьд оюун санааны удирдагч болох Богд гэгээн одоогоор нь нас нь залуу байна. Ид эрдэм номдоо суралцаж буй цаг үе дор явна. 

Бурхан гэдэг үг эзэн гэдгээс өөр утгатай. Будда гэдэг үгнээс гаралтай буюу сунжирч явсаар байгаад бурхан болсон гэж үздэг. Одоогийн Энэтхэгийн хинди хэлэнд том буюу bada гэдэг үг бий. Дуудан уншихдаа бада биш бара гэдэг. Тиймээс Будда гэж бичээд Бурха гэж дуудаж болохоор. Монгол хэлэнд бурханы шашинтай холбоотой маш олон энэтхэг үгс хэрэглэгддэг. Тухайлбал, дагина, очир гэх мэт. Иймээс Бурхан гэдэг үг Буддагийн нэр юм байна гэж үздэг. Католикийн шашны ахан дүүстэйгээ уулзаж ярьж байхад тэд эзэн тэнгэр гэдгийг оронд бурхан тэнгэр гэдэг үг гаргасан байна билээ. Энэ нэр томъёо дээр нь би саяны санаагаа хэлж тайлбарласан. 

Сахиус гэдэг нь сахих, хамгаалах гэдэг утгатай. Нарийн тайлбарлавал сүсэг бишрэлтэй холбоотой цэвэр шашны асуудал болно. Байна гэж бодвол бурхан бий, харин байхгүй гэж та бодвол байхгүй гэж манай номонд гардаг. Хэн сүжиглэнэ түүний өмнө бурхан бий. Сахиус үүнтэй адилхан буюу бодит бус. Итгэл үнэмшилтэй хүнд байгаа гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Сахиус таныг дотоод (бидний өөрсдийн сөрөг, муу сэтгэл), гадаад (хулгай, дээрэм гэх мэт) саад барцадаас хамгаална. Махгал сахиус бол жишээ нь Жанрайсиг бурханы догшин дүр юм. Амарлингуй бурхан ч гэсэн заримдаа ширүүн дүрээр гарч ирдэг. Хүүхэд нь болохгүй үед аав, ээж нь загнах үе гардагтай адил гэсэн үг. Сахиус хүний биед ордог, оршдог гэдэг нийтлэг яриа гадуур явдаг. Өндөр түвшний сахиус хүний биед ордоггүй. Учир нь сахиусуудыг олон түвшинд ангилж үздэг. Цааш ярьвал нэлээд том яриа болохоор байна. 

Сахиусын талаар дараа дахиад тусдаа нэвтрүүлэг хийе. Буддын шашны засаглал, институтын бүтэц нь ямар байдаг юм бэ?

Дэлхий даяар хагас тэрбум хүн бурханы шашин шүтдэг. Эдгээр нь хоёр хуваагддаг. Учир нь бурхан багш номлолоо хоёр хэл дээр айлдсан. Нэг нь эртний энэтхэгийн пали хэл, нөгөө нь санскрит хэл юм. Тухайн үед нийтлэг хэрэглэдэг нь энэтхэгийн пали хэл байсан бол санскрит хэл нь академик хэл байв. Иймээс Бурхан багш нийтэд зориулсан номлолоо пали, гүн гүнзгий суралцах судлах ёстойг нь санскрит хэл дээр айлдсан. Үүнийг дагаад Их хөлгөн (Махаяана) ба Бага хөлгөн (Теравада) гэсэн хоёр уламжлал үүссэн. Өмнөд Азийн улсуудад Бага хөлгөн илүү түлхүү дэлгэрсэн бол Монгол, Хятад, Солонгос, Япон, Энэтхэг, Төвд, Бутанд Их хөлгөний уламжлалыг дагадаг. Их хөлгөн буюу Махаяана уламжлал Төвдэд маш сайн чанартай дэлгэрсэн. Учир нь энэтхэгийн эрдэмтэд, том мастер багш нар Төвдэд очиж санскрит хэл дээр Бурхан багшийн номлолыг яг л Энэтхэгт дэлгэрсэн шиг хөгжүүлсэн. Төвдөөс өмнө Хятадад бурханы шашин дэлгэрсэн. Фашан, Тансан ламын тухай дуулж байсан байх. Энэ мундаг лам нар Хятадаас бурханы шашинг Солонгос, Япон, Вьетнам руу дэлгэрүүлсэн түүхтэй. 

Их хөлгөн Төвдэд дэлгэрэхдээ 4 гол чиглэлээр явсан байдаг. Нинма (Тарнийн ёсыг илүү голлодог улааны шашин), Сажа, Гаржүд, Гэлүгба (Шарын шашин) гэсэн энэ 4 урсгалын хамгийн сүүлд гарсан нь манай одоогийн Шарын шашин (Гэлүгба) юм. Энэхүү Гэлүгба урсгалыг Богд Зонхова одоогоос 500 орчим жилийн өмнө үүсгэн байгуулсан түүхтэй бөгөөд Бурхан багшийн санскрит хэл дээр айлдсан сургаал буюу Их хөлгөнийн номлол болон тарнийг ёсыг нэгтгэснээрээ бусад урсгалаас ялгагддаг. Өөрөөр хэлбэл, Бурхан багшийн үзэл онол, номыг цогцоор нь судлах сургалтын систем гэсэн үг. 

Их хөлгөний уламжлалыг дотор тарнийн ёс ба судрын ёс гэж мөн хоёр ангилдаг. Судрын ёс гэдэг нь Бурхан багшийн айлдсан хоосон чанарын үзэл онол, энэрэнгүй сэтгэлд илүү суралцана гэсэн үг. Тарнийн ёс гэдэг нь бясалгал хийх хэсгийг хэлж буй хэрэг. Бурхдын гүн гүнзгий бясалгал энд орж ирдэг. Бурхан багш тарнийн болон судрын ёсыг аль алийг нь номлосон учраас бид бүгдийг нь судлан суралцах ёстой. Үүний хамгийн мундаг сургалтын систем нь шарын шашин юм. Коммунизмын үед шарын шашинг сүйд хийсэн. Хамгийн бурангуй шашин, ламаизм зэргээр элдээр хэлдэг байв. Ерөөсөө тийм биш. Би өөрөө Бурханы шашин шүтээд 35 жил болж байна. Шарын шашин бусад хүмүүсийн ярьдаг шиг үнэхээр бурангуй байсан бол би аль хэдийнэ болих байсан. Судлах тусам шарын шашны гайхамшигийг би мэдэрч, уламжлалыг нь улам илүү ойлгож байна. Хятад, Япон, Солонгосын буддизм Монголоос өөр. Монголчуууд шашнаа амархан солихгүй байгаа нь, сольсон ч буцаж орж байгаа нь шарын шашны үндэс, Гэлүгба уламжлалын эртний цогц сургалтын системтэй холбогддог. 

Эртний Энэтхэгт шашин хоорондын мэтгэлцээн зохион байгуулдаг байв. Тухайн үеийн хаад нь шашин хоорондын мэтгэлцээнийг харж байгаад та нарын хэн ялсанд нь би шавь оръё гэж хэлдэг байсан. Монголын эзэнт гүрний үед ч шашны эрх чөлөөг тунхаглаж байсан. Шашинг философийн хувьд хүлээн зөвшөөрөхөөс гадна тухайн шашин өөрийгөө үзэл онолын хувьд нотолдог байх ёстой. 

Монголд нийтдээ 2000 гаруй лам бий. Бүх ламаа бүртгэлжүүлэн, нэгдсэн системд оруулах, аль нэг хийдэд харъяалуулах, хийд болгон Бурханы шашны стандартыг барин хэрэгжүүлэх ажлыг бид хийж байна. Ямар ч сургалтанд суугаагүй хэн дуртай нэгэн лам болж ард түмнийг мунхруулж болохгүй. Яг үнэндээ монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Үүнийг нь далимдуулж хувьдаа ашиглаж буй тохиолдлууд бий. Үүнийг бид зогсоох ёстой. Одоо бид олон гэхээс илүү цөөн, чанартай ламтай болох хэрэгтэй. Энэ зорилгоор лам нарийгаа тал бүрийн сургалт хамруулах ажлуудыг зохион байгуулаад ажиллаж байна. 

Монголын бүх хийдүүд нэгдсэн системд хамрагдаад Монголын бурханы шашны төвд зангидагдаж явна. Энэхүү төвийн хамгийн дээд оргил буюу тэргүүн нь Богд лам гэсэн үг. Богд лам бол Монголын бурханы шашны тэргүүн. Тэргүүн лам нарын зөвлөл гэж байгууллага бий. Аймаг, дүүргүүдийн хийдийн тэргүүн лам нар энэхүү зөвлөлд ордог. Энэ зөвлөлийг Монголын Бурханы Шашинтны Төв- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам удирддаг.

Гандантэгчэнлин хийдийн фэйсбүүк пэйж дээр удахгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ Баян-Өлгий аймгийг зорих тухай мэдээлэл байсан. Тэнд ямар арга хэмжээ болох вэ?

Баян-Өлгий аймагт Өлзий буян арвижих Раашгэмпэллин гэж хийд бий. Энэхүү хийдэд босгосон шинэ дуганын нээлт 7-р сарын 20, 21, 22-ны өдрүүдэд болохоос гадна монголчуудын нийтийн багш Жадо Ренбүчи заларч, ховор нандин номын айлдвар тавина. Баян-Өлгий аймгийн дийлэнх нь муслимын шашинтай ахан дүүс боловч Бурханы шашин шүтдэг ард иргэд бий. Тэдгээр иргэдэд зориулан бурханы шашнаа шүтэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хийх юм. Гандантэгчэнлин хийд Монголын бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. 1990 оны эхээр Монголд хамгийн анхны муслимын мечед байгуулагдахад Гандантэгчэнлин хийдийн зүгээс 1.5 сая төгрөгийн том хандив өгч байсан. Энэ нь одоогийн ханшаар бараг 150 сая төгрөгтэй дүйнэ.

6-р сарын 24 ба 25-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Богд Зонховагийн шинээр бүтээсэн том зээгт наамлыг арвайлайлан шүншиглэж мэлхийг нь нээх, Зая гэгээний нэг болон дөрөвдүгээр дүрийн Гүдэнг залж олон нийтэд нээлттэй болгох арга хэмжээ болно. Энд таниас гадна Д.Нямсамбуу гавж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж, Наро Банчэн гэгээнтэн оролцоно. Энэ арга хэмжээний ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

Энэ их чухал арга хэмжээ болно. Дээр ярьсанчлан бурханы шашинг шүтэхийн тулд үзэл онол, ном сургаал, философийг нь заавал мэдэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед барууны том сургуулиуд, орчин цагийн шинжлэх ухааны эрдэмтэд бясалгалын том хөтөлбөрүүд гаргах боллоо. Архангайн арга хэмжээнд Д.Нямсамбуу лам Mindfulness буюу Санамсэрийн бясалгал заана. Би залгаад Америкийн их сургуулиас боловсруулсан Энэрэнгүй сэтгэлийн бясалгал заах болно. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд стрессийг хэрхэн тайлбарлаж, түүнээс гарах гарц, арга замыг юу гэж зааж буй, хүмүүс нэг нэгнээ хайрлан энэрэхийг шинжлэх ухааны үүднээс юу гэж тайлбарлаж байгааг хуваалцана. Уламжлалт мэдлэг ухааныг орчин цагийн шинжлэх ухаантай холбох боломж бий болжээ. Түүнчлэн бурханы шашны нандин, гүн гүнзгий уламжлалт сургаал номыг бид тайлбарлана. Тухайлбал, арга хэмжээний үеэр нууц тарнийн номлол айлдаж, бясалгалыг тайлбарлана хийнэ. 

Хүмүүсийн стресс улам нэмэгдэж байна. 2060 он гэхэд хүмүүсийн стресс хамгийн оргил үедээ хүрэх судалгаа бий. Тэр үед бясалгал хийхгүй л бол өглөөний цайгаа уугаагүйтэй адил болно. Стрессийг арилгах хамгийн оновчтой арга бол бясалгал юм. Архангайн арга хэмжээний үеэр 2 янзын бясалгал хийгдэнэ. Эхнийх нь хүн сэтгэлээ тогтвортой байлгах анхаарал төвлөрлийн бясалгал юм. Хүн өдөрт 50-60 мянган бодол толгойдоо боддог. Энэ тоо улам нэмэгдэж буй. Энэ олон янзын бодлуудын ихэнх нь сөрөг бодлууд байдаг. Сэтгэлийг зөнд нь хаях тусам сөрөг бодлууд төрөх нь амархан болдог. Сөрөг бодол төрөх тусам та бидний хандлага сөрөг болдог. Улмаар хэчнээн сайхан зүйл болж байсан ч бүгдийг сөргөөр хардаг болно. Иймээс бид сэтгэлээ тогтоох сурах учиртай. Сэтгэлээ тогтоон барьж чадахгүй хүмүүс сөрөг бодолдоо автаад маш ихээр ядардаг. Энэ бясалгалыг бид эхэлж заана.

Харин залгаад хоёр дахь бясалгал нь Энэрэнгүй сэтгэлийн бясалгал байх болно. Хүн гэдэг нийгмийн амьтныг хооронд нь нэгтгэдэг гол зүйл бол энэрэнгүй сэтгэл юм. Энэ орхигдвол нийгэм их хэцүү, тухгүй болно. Ялангуяа энэ зүйл монголчуудад яг одоо маш чухал байна. Монголчууд огт танихгүй хүмүүс мэт бие биедээ хатуу ханддаг цаг үе явж байна. Адилхан зам дээр түгжирч байж яагаад тэр хүндээ уурлаад байна вэ? Юу дуртайгаа хэлж нөгөө жолоочоо доромжлох, очоод бүр машиныг нь цохиж байна. Иймээс бид яагаад нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр хандах ёстой вэ гэдгийг бултаараа маш сайн сонсож ойлгож авмаар байна. 

Багшийн эрдэм шавьд гэдэг үг бий. Зарим нэг хүн Бурханы шашин жигтэйхэн шүтээд, түүндээ багагүй мөнгө төгрөг, цаг хугацаа зарцуулаад явдаг атлаа нүгэл үйлдсээр байдаг. Гандан дээр ирээд ном уншуулж буй хүмүүс оочер дараалал дээрээ хоорондоо хэрэлдэн хараал тавьж байдаг. Ийм хүмүүсээс болоод шашны нэр хүнд унадаг. Багш лам нар нь тэр хүмүүст хэлдэггүй юм уу, та нар хүмүүжүүлж чадахгүй байна уу?

Сайн багш нар байнга хэлж буй. Хулгай хийж болохгүй, ёс суртахуунтай байх ёстой, бусдыг хайрлах ёстой, зөөлөн байх ёстойг байнга шавь нартаа хэлдэг. Төсвийн мөнгө идэж идчихээд ламаар ном уншуулаад зүгээр яваад байна, лам нар хүний гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөд байна гэдэг яриа хүмүүсийн дунд элбэг явдаг. Юуны тулд тэр хүн Ганданд ном уншуулж буйг бид ойлгох хэрэгтэй. Буруу үйл хийгээд чин сэтгэлээсээ гэмшиж буй хүний нүгэл хилэнц арилна. Эсрэгээр Ганданд ирж ном уншуулчихаад үргэлжлүүлээд хулгай хийдэг хүний нүгэл дээр нүгэл нэмэгдэнэ. Нүглээ арилгах хамгийн эхний арга бол гэмших юм шүү. Хүн хүчтэй гэмшиж чадвал дахиж буруу зүйл хийхгүй гэдэг бодол төрдөг. Гэмшихгүй бол хэчнээн сайн ламаар ном уншуулаад үр дүн гарахгүй. 

Хүн ном уншуулъя гээд ирэхээр бид нар өө та хулгайч хүн байна, таны номыг уншихгүй гээд буцааж болохгүй. Алуурчин хүрч ирээд ном уншуулмаар байна гэвэл бид за гээд л уншина. Энэ нь тэднийг өөгшүүлж байна гэсэн үг огт биш. Үйлдсэн нүгэл хилэнц нь арилах эсэх нь тэр хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Хулгай битгий хий. Ялангуяа төрийн мөнгө бүү завш гэж бид байнга хэлдэг. Америкт цуврал аллага гэж хааяа гардаг шиг Монголд автобус, банк, янз бүрийн сангууд гээд цуврал хулгай тасрахгүй явж байна. Энэ маш аюултай үйлдэл юм шүү. 

Хүмүүс үйлийн үрийг мэдэхгүй учраас зоригтой нүгэл хийдэг. Нэг хүнээс хулгай хийх нүгэл мөн. Нэг нүгэл хурааж буй гэсэн үг. Төрийн мөнгө хулгайлна гэдэг нь монголын 3 сая гаруй хүмүүст нүгэл хийж буй хүнд хэрэгт тооцогдоно. Ийм нүглийн төлөх төлбөр эргээд маш өндөр тусдаг. Үйлийн үр ба үйл, үр гэдэг бол өвөл болохоор хүйтэрдэг шиг зүй тогтол, жам ёс юм. Үүнийг Бурхан Будда, Аллах тэнгэр, Ертөнцийн эзэн, Исус Христ удирддаггүй. Хүн ч гэсэн үүнийг удирдах боломжгүй. Үйлийн үр хэзээ ч үүд андуурдаггүй. Үйл хийсэн л бол үр дагавар нь өөр дээр нь хэзээ нэгэн цагт ямар нэг хэлбэрээр эргэн ирдэг. Улсын гэлтгүй компанийн мөнгө хулгайлах нь ч дутахгүй аюулгүй. Өр төлбөр, үр дүнг нь эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашилбал амь насаараа төлөх аюултай. Үүнд магадлал бий шүү. 

За яах вэ, энэнд маань таагүй юм тохиолдсон юм байлгүй, за яахав дээ юманд стрессдээд бухимдалтай яваа юм байлгүй гэж хүмүүсийн харилцааны доголдол, ёс зүйгүй, бүдүүлэг байдал, нүглийг нь тэвчсээр байгаад өөрөө бараг мэдрэл муутай боллоо гэдэг пост сошиал медиа дээр явж байсан. Ер нь энэ хүлцэл, нигүүлсэхүйн сэтгэлд хэмжээ хязгаар гэж байх юм уу? Хэдий хүртэл мэдсээр байж, албаар нүгэл хилэнц үйлдэн бусдыг гомдоодог хүмүүсийг тэвчиж явах ёстой юм бэ?

Хүн жинхнээсээ энэрэнгүй сэтгэлтэй болж чадвал тэр хүн сэтгэлийн хат үүсдэг тухай шинжлэх ухааны эрдэмтэд баталсан. Сэтгэлийн хат үүссэн хүнд таны сая хэлсэн бодол төрөхгүй. Энэрэнгүй сэтгэлтэй байсаар байгаад ядарч байна гэж та хэлж байна. Эрдэмтэд энэрэнгүй сэтгэлийг дотор нь сэтгэл хөдлөлийн түвшин буюу хүнийг өрөвдөх, ухаарлын түвшин буюу бусдын зовлонг өөр дээрээ мэдрэх, эцэст нь хүсэл тэмүүллийн түвшин буюу үйлдэл хийдэг үе гээд 3 хуваадаг. Энэрэнгүй сэтгэл гаргачихаад ядардаг хүмүүсийг эмпатик дистресст (compassion faith) орсон гэж хэлдэг. Энэ бол жинхэнэ энэрэнгүй сэтгэл төрөөгүй байх үе юм. Өөрийгөө бодож хүнд тусалсан хүмүүс эргээд ядардаг. 

Хүнд туслаад байхад нөгөөх нь засрахгүй тохиолдол байж болно. Угаасаа байдаг ба үүнийг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Тэр хүн битгий хэл өөрөө хэчнээн хичээгээд өөрийнхөө хүссэн хэмжээнд байж чадахгүй тохиолдол бишгүй байдаг. Үүнийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ асуудлыг шийдэх боломж байх юм бол стрессдэх хэрэггүй. Асуудлыг шийдэх ямар ч боломж байхгүй бол мөн л битгий бухимдаж өөрийгөө зовоо, бүү стресст! Бурхан багш ч гэсэн зарим үед дуугүй суусан. Нэгэнт хүлээж авахгүйг нь мэдээд ном номлох шаардлагагүй гэж үзсэн байдаг. Нэг нэгэндээ туслах нь бидний үүрэг хэдий ч үнэхээр тэр хүн засрахгүй бол хэсэг зуур орхихоос өөр аргагүй. 

Шарын шашныг үндэслэгч нь Богд Зонхова юм байна. Энэ хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Архангайд болох шашны арга хэмжээ болох гэгээрэл, бясалгалын өдрүүдээр Монголд байхгүй том хэмжээгээр зээгт наамлаар дүрийг нь бүтээн залах юм билээ. Энэ арга хэмжээнд очихоор бэлдэж буй хүмүүс утга учрыг нь мэдэх ёстой байх.

Яг зөв. Буддын шашны Төвдэд дэлгэрсэн Их хөлгөний уламжлалаас хамгийн сонгодог загвар нь Богд Зонховагийн үндэслэсэн Гэлүгба буюу Шарын шашин юм. Шарын шашин Монголд дэлгэрсэн учраас 70 жилийн жилд коммунизмын хатуу чанга дэглэж дор энэ шашиндаа үнэнч үлдэж чадсан байдаг. Ардчилал гарсны дараа судалгаа хийхэд монголчуудын 90% нь бурханы шашинтай гэдэг үр дүн гарсан. Энэ бол яах аргагүй системтэй сургалт буюу шарын шашинтай холбоотой. 

Миний шүтдэг бурханууд дотроос хамгийн эрхэм нь Богд Зонхова бурхан. Би Богд Зонхова бурханыг өдөр болгон бодож бясалгадаг. Учир нь бодит хүн байж байгаад гэгээрч бурханы хутгийг олсон юм. Богд Зонховын тарни, мэгзэмийг хурдан морь унадаг хүүхдүүд уншиж гэнэтийн аюул, осол, саад барцадаас өөрийгөө хамгаалдаг. Богд Зонхова сэтгэлийг засаж, гэгээрэх гайхалтай сургаал номуудыг айлдсан. Нийтдээ түүний бүтээсэн 18 боть ном, эрдмийн бүтээл байдаг. Агуулгаар нь жигнээд үзвэл маш хүнд жинтэй буюу хэдэн зуу, мянган боть номтой тэнцэнэ. Муу сэтгэлийг засах хамгийнг дөт, системтэй сургалт энд бий. 

Хүний хамгийн том зовлонгийн үндэс та бидний дотор орших муу сэтгэл юм. Тэрнээс биш хажууд байгаа Дорж, Болдоо, Навчаа, Цэцэгээ биднийг зовоодоггүй. Иймээс зовохгүйн тулд хамгийн эхлээд муу сэтгэлээ арилгах ёстой. Уурлахгүй байя гээд хүн шууд өөрийгөө удирдаад уургүй болж чадахгүй. Ийм учраас сайн багшийн номыг үзэж, заасан зам мөрөөр нь явах хэрэгтэй. Энэ сайн багш бол Богд Зонхова юм. Ийм учраас Богд Зонховыг Хоёрдугаар Бурхан гэж бид өргөжилдэг. Учир нь Бурхан багшийн айлдварын гүн гүнзгий ухааныг маш цэгцтэй тайлбарлаж, системтэйгээр бичиж гарын авлага болгон амьдрал дээр буулгаж чадсан эрдэмтэн бурхан юм. Түүний сор бүтээлүүүдийн нэг болох Бодь мөрийн зэрэгт эгэл ердийн энэ цэгээс гэгээрэлд хүрэх эцсийн цэг хүртэл явах эрдмийн дэс дарааллыг газрын зураг мэт зааж өгсөн байдаг. 

Бурханы шашин мухар сүсэгийн эсрэг байдаг. Ийм учраас монголчууд Богд Зонховаг шүтнэ гэдэг нь маш чухалд тооцогдох учиртай. Бурханы шашин мэдлэгийг эрхэм болгож сүжигийг бүр ард нь номлож тухайн хүнд өөрт нь үлдээдэг. Харин бусад шашин сүжигийг эхэнд нь номлож, эхлээд өөрийн шашиндаа итгэх ёстой үздэг. Бурханы шашинг дагахаас өмнө итгэх, болих уу гэдгээ эхлээд судалж үзэх хэрэгтэй. Судалж мэдэх үй түмэн ном бий. Ганжуурын 108 ботиос авахуулаад үүн дээр тайлбар хийсэн энэтхэгийн эрдэмтдийн бичсэн 200 гаруй боть ном байна. Буддын шашинг ойлгож мэдэхийн тулд дор хаяж 300 боть ном үзэх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг лам нар мэргэжлийн түвшинд судлах суралцахаас гадна энгийн хүмүүст зохиулсан сургалтын хөтөлбөрүүд бий. Эдгээрийг сайтар судалж чадвал бусдыг бодвол зовлонгоос ангижрах боломж бидэнд хавьгүй их байгаа.

Монголчуудын үнэт зүйл, үндэстний тодотгол, ижилсэл, ондоошил нь юу вэ, юу байх ёстой вэ?

Хэдэн жилийн өмнө Удирдлагын академи дээр хэсэг эрдэмтэд цуглаад монгол хүний үнэт зүйлийн тухай ярилцсан. Би үүнд оролцсон. Их олон зүйл ярьсан боловч бид үнэт зүйлсээ тодорхойлж чадаагүй, нэг зүйл дээр бид нэгдэж чадаагүй. Сүүлд бас анзаарагдаад буй нэг зүйл байна. Янз бүрийн дуу, урлагийн тэмцээн тоглолт болоход голцуу гадаад хэл дээр уран бүтээлүүд тоглогддог болжээ. Мөн дэлгүүр, үйлчилгээний газруудын хаягуудыг анзаараад үзээрэй. Бараг бүгд гадаад хэлээр бичигддэг болсон. Энэ хаягийг харахаар манай Монгол тэр чигээрээ айхтар англи хэлтэй үндэстэн мэт харагдана. Намайг Энэтхэгт сурч байхад энэтхэгчүүд яг ийм байсан. Сүүлдээ англи хэлийг халаад бүх хаягаа хиндү хэлээрээ бичдэг болсон. Монголчуудтай харьцуулбал энэтхэгүүд англи хэлний мэдлэгээрээ хавь илүү. Тэгэхээр монголчууд юуг гоё гэж хараад, юуг сайхан гэж үзээд байна вэ гэдэг асуулт гарна. Нэг зүйлийг хурдан тодорхойлож авахгүй бол бид ямар ч чиглэлгүй яваад байна. 

Би энэрэнгүй сэтгэлийн хичээл, бясалгал заадаг хүн. Америкуудтай хамтран суралцаад хоёр жил гаруй явж байна. Сургалтаа дүүргэснийхээ дараа олон монголчуудад энэрэнгүй сэтгэлийн хичээл заалаа. Монгол хүнд энэрэнгүй сэтгэлийн хичээл заагаад бясалгал хийлгэхэд нүдэнд нь оч гийж, гэрэл асдаг. Тэр даруй тайвширч, тайван бөгөөд энэрэнгүй сэтгэлийг мэдэрч чаддаг. Олон хүмүүс уйлдаг. Гадныханд заахад арай өөр байдаг. Тийм учраас би монголчуудыг энэрэнгүй ард түмэн гэж тодорхойлно. Энэ бол аливаа шашнаас үл хамааран бидний үнэт зүйл байх ёстой. Бидний сэтгэлд энэрэнгүй сэтгэл төрөх амархан байна. 

Бид америктай санхүү, японтой технологиор шууд өрсөлдөхөд хэцүү. Гэхдээ бид дэлхийн бүх улстай энэрэнгүй сэтгэлээр өрсөлдөж чадна. Энэрэнгүй сэтгэлээр бид хэнтэй нь ч юм ярих том боломж байна. Эдийн засаг, хиймэл оюун ухаан хөгжих тусам хүмүүсийн сэтгэл ханамж буурч байна. Энэ үед бидэнд сэтгэлийн хат хэрэгтэй. Бидний сэтгэл хүчтэй байх ёстой. Хүн өөрийгөө хайрлахад амархан, хайрлаж чадна. Гэхдээ энэрэнгүй сэтгэлтэй болсон цагт хүн сэтгэлийн хаттай болно. Ийм хүн л бусдыг хайрлаж чаддаг. Хэдий хэмжээгээр бид энэрэнгүй байж чадна, төдий хэмжээгээр бид өөрсдөө тайван бөгөөд аз жаргалтай амьдарна.