Нойрны тухай нойр сэргэмээр ном
Дэлхийн олон судлаач нойр муудах, нойр хулжих түмэн шалтгаан тоочоод бас нойр алдахын хор уршиг гэж айдас жихүүдэс төрмөөр жагсаалт харуулдаг. Хидэр Дарволл-Смит Нойрны шинжлэх ухаан номоороо “Санаа бүү зов” гэдэг хариулт өгчээ. Хүн дарга цэрэг, баян ядуу, эр эм, хөгшин залуугаасаа үл хамаараад унтахаар програмчлагдсан байдаг. Гэтэл бас хэн ч байсан энэ төрөлх совин нь зүсэн зүйлийн шалтаг шалтгаанаар алдагдан ая зөнгөөрөө унтаж чадахаа больж, нойргүйтэхийн зовлонд унадаг. Яагаад? Яагаад гэдгийг Нойрны шинжлэх ухаан ном яруу сайхан тайлбарлаад зогсохгүй яавал нам унтах вэ гэдгийг зааж, зураад өгчээ. Нээрээ зурчихсан байгаа. DK Science of цувралын ном учраас зураг, график элбэгтэй нуршуу биш, уншихад урамтай, ёстой нойр хүргэхгүй. Ганц шөнийн нойр хугаслаад уншчихад маргаашаас нь бөх нойртой хононо.
Ном төрөлхтөн нойрыг судалсан түүхээр эхэлнэ. Цагийн товчоогоор харуулсан ганцхан график. Хүний биеийн дулаан, нойрны хэв маяг хоёрын уялдааг 1845 онд илрүүлсэн бол 2017 онд хүний биеийн байгалийн хэмнэлийг алдагдуулдаг Crypto-chrome 1(CRY1) буюу “нойргүйдлийн ген”-ийг нээсэн юмсанж. Ном бүхэлдээ нойрыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаад “нойртой хонох” шинжлэх ухааны болон өөрийгөө ятгах аргыг бас багтаасан.
Penguin Random House хэвлэлийн газар 2021 онд Хидэр Дарволл-Смитийн Зүүдний шинжлэх ухаан номыг анх хэвлэсэн. Номын эхний бүлэг нойр, нойрны мөчлөг, зүүдийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Удаах бүлэгтээ нойрны мөчлөг нялх, бага, дунд, ахмад насанд ямар нөлөө үзүүлдгийг харуулжээ. Хар дарах, зүүдэндээ явах мэтийн учир шалтгаан, тэдгээрийг эмчлэх арга ч бий. Бүтэн нойртой хонохын давуу тал, бүтэн нойртой хонох арга техникийг товч тодорхой тайлбарласан. Энэ бүгдийн эцэст нойрондоо шүдээ хавирах, хурхирах зэрэг зүүд нойронд тохиолддог хөндлөнгийн хүнд тээртэй муу зуршлыг засах зам мөрийг заасан буй.
Ном долоон бүлэг, нийт 119 гарчигтай. Нойртой холбоотой бүх асуултын хариулт энд бий. Гарчгууд нь бүгд асуулт. Та нойр, нойргүйдэлтэй холбоотой дурын асуултынхаа хариултыг эндээс олно. Жишээ нь, Яагаад буйдан дээр хэвтэхээр нойр хүрээд орондоо ормогц сэргэг болдог вэ? Номын 110, 111 дүгээр талд хариу нь бий. Мелатонины нэмэлт бэлдмэл унтахад тустай юу? Номын 101 талыг уншихад болно. Ядарсан үедээ унтахаар хэвтэхэд яагаад нойр хүрдэггүй вэ? Номын 108 дугаар нүүрийг сөхөөрэй. Пробиоток унтахад туслах уу? номын 106 дугаар тал... Дур тавих нь сайн унтахад нөлөөлөх үү? Номын 88 дугаар нүүрт товч, тодорхой хариулт байна. Зарим хүн яагаад шөнийн цагаар илүү бүтээмжтэй байдаг вэ? Номын 78, 79 талаас хариултаа олно. Кофе үнэхээр нойрны дайсан мөн үү? Номын 154 талыг нээж хараарай.... Та нойр, нойргүйдлийн талаар бүх хариултаа эндээс олно.
Номын зохиогч Хидэр Дарволл-Смит сэтгэл засал, тэр дундаа зүүд нойроор засах арга барил эзэмшихээр хөөж маркетинг, дизайны ажлаа орхижээ. Хидэрийн судалгааны ажлын үндсэн агуулга нь “муу нойр, муу сэтгэлзүй хоёрын аль нь анхдагч вэ” гэдэг асуулт.
Зохиогч Mindfulness-Based Cognitive Therapy буюу Ухамсарт суурилсан танин мэдэхүйн эмчилгээ сургалтыг дүүргэсэн. Үүнтэй зэрэгцүүлээд Лондоны нойр судлалын төвтэй хамтран Оксфордын их сургуульд нойрны сэтгэлзүйн үндсээр судалгаа хийжээ. Нойрны шинжлэх ухаан номыг уншчихад “ном нойр хүргэдэг” хэмээх аксиом батлагдана. Амлая.