ХАЛХ ГОЛЫН ТУЛАЛДААНД ХЭН ХОХИРСОН ВЭ?
Сергей Лузяниний бичсэнээр Берия Улаан Армийн газрын зургийн газар 1934 оны 1 дүгээр сард чухам ямар материалд тулгуурлан Монгол-Манж Го улсын хилийг Халх голоос баруун тийш зурсан болохыг шалгаж эхэлсэн байна.
Халх гол дахь хачирхалтай явдал
Халх голын дайнаас хойш 80 жил улирсан ч асар их цус урсгасан, догшин ширүүн тулалдаан яагаад хүн, амьтангүй, эзгүй бүс нутагт болох болов гэдэгт хэн ч хариу өгөөгүй байна. Манай болон Зөвлөлт, Оросын түүхчид империалист дайнч Япон БНМАУ-ыг эзлэн авч түшиц газар болгон улмаар ЗХУ-ын Байгал нуур, Транссибирын төмөр замын зангилгаа руу халдан түрэмгийлж, Эрхүүгээс Владивосток хүртэлх газар нутгийг эзлэн авах зорилготой эртнээс төлөвлөсөн цэргийн ажиллагаа нь БНМАУ-ын хилийг зөрчин Монголын хилийн цэргийн Номон хан-Бүрд овооны застаав руу 1939 оны 5 дугаар сарын 11-нд Баргын морьт хороо дайрснаар эхэлсэн гэж баталж нотолдог. Үүнийг үйл явдалд оролцсон Зөвлөлтийн цэрэг, улс төрийн зүтгэлтнүүд дурдатгалдаа өчүүхэн ч гажуудуулалгүй давтсан байдаг. Жишээлбэл Г.К.Жуков “Японы тал 1935 онд БНМАУ-ын газар нутгаас 20 км газрыг өөрийн талд оруулан, хилийн заагийг Халх голын эргээр зурсан хуурамч газрын зураг үйлдсэн” гэснийг Армийн генерал Иван Федюнинский баталсан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд судалгааны эргэлтэд орж буй баримтууд дээрх дүгнэлтийг батлахгүй байна.
Тухайн үед БНМАУ, Манж Го улсын Халх голын бүс нутаг дахь хилийн шугам, зааг нь газрын зурагт бүрэн ороогүй, тодорхой бус багана тэмдэг цөөн байсан ч нутгийн иргэд хүний, өөрийн газар нутгаа сайн мэддэг, хэдэн зуунаар уламжлан ирсэн аман захиастай, урьд нь газар нутаг булаалдсан маргаан цөөн гарч байсан байдаг. Гэтэл 1932 оноос эхлээд Улаанбаатар ч биш, Токио ч биш бүр Манж Го Улсын нийслэл Мүгдэн ч биш, харин ЗХУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-наас Халх голын бүс нутгийн хилийг аль болох тодорхой болгох, Номон ханы өндөрлөгүүдийг нарийвчлан газрын зурагт тусгахыг гэв гэнэт шаардах болов. Тэгэхдээ хилийн зөв шугам тогтоох биш, харин Халх голын зүүнтээх өндөрлөгүүдэд өөрсдийн эзэмшлээ бататгах (монголчуудын бодол санааг Москва ер хайхарсангүй) зорилго агуулжээ. Ингэхдээ Сталины барилаар “...маш тодорхой ч бидний оролцоо үл мэдэгдэх” гэсэн хэлбэрээр монголчуудыг шахаж эхлэв. Тухайн бүс нутагт хэдэн зуун жил малчин ардууд нааш цааш нүүж, өвөлжиж, намаржсаар ирсэн уламжлалт дэг журам тогтсон байсан учир нэг талаар хил нарийвчлан тогтооход ихээхэн хүндрэлтэй, нөгөө талаар монголчууд ямар учиртайг нь сайн ойлгоогүй юм уу назгайраад зөвлөлтийнхний зааврыг биелүүлж өгсөнгүй. Тэр жилдээ Улаан армийн Жанжин штабын Зурагзүйн газраас Халх голын бүс нутагт анхны хэмжилтүүд хийж зурагжуулжээ. Улаанбаатарт Жанжин штабын Зурагзүйн газрын зургийг зориуд хуурамчаар үйлдсэн эсэргүү бүлгийг илрүүлж, гишүүдийг нь баривчилсан тухай нууц илтгэх хуудыгс 1934 оны эхээр Улаан армийн Улс төрийн удирдах газраас Сталинд танилцуулав. Сталин ийм хуурамч материал бэлдэж байгаа нь япончууд БНМАУ-д халдан довтлох гэж байгаагийн нотолгоо гэж шууд дүгнэжээ. Зөвлөлтийн чекистүүд хаанаас тэр хуурамч зургийг илрүүлсэн, ер нь тийм зураг байсан эсэх нь өнөө хүртэл нууц хэвээр үлдэв.
1935 он гарангуут Улаан армийн байлдааны хуягт болон агаарын байлдааны нэгжүүдийг маш нууцаар БНМАУ-ын нутаг руу оруулж эхлэв. БНМАУ-ЗХУ-ын хоорондын харилцан туслалцах гэрээ байгуулагдахаас 1 жилийн өмнө шүү. 1936 онд энэ нэгтгэлүүдийг хороо, бригад болгон зохион байгуулж, командлагчаар нь корпус командлагч Леонид Вайнер томилогдсон ба энэ хүн МАХЦ-ийн ерөнхий командлагчийн үүргийг давхар гүйцэтгэж байгаад 1937 онд цаазлагдсан. 1937 оны 9 дүгээр сар гэхэд Монголын нутаг дэвсгэрт Улаан армийн 57 дугаар корпус бүрэн бэхжиж, амьд хүчний тоо нь 32 мянгад хүрсэн байна. Командлалыг нь корпус командлагч Иван Конев хүлээн авлаа. Иймд бие бүрэлдэхүүнээс нь зарим хэсгийг нь Монгол ардын хувьсгалт цэрэг (МАХЦ)-ийн мэдэлд шилжүүлжээ. Эндээс харахад Улаан арми Монголыг гадны довтолгооноос хамгаалахын зэрэгцээ өөрийн зэвсэгт хүчний салбарыг шилжүүлэн байрлуулах давхар зорилготой байжээ.
Япон судлаач Кирилл Чевекогийн сүүлийн үед гаргаж ирсэн баримтаар бол 1935 оны 1 дүгээр сарын 8-нд МАХЦ-ийн морьт хороо Буйр нуурын хойд зүгт байх өндөрлөгт бэхэжжээ. 20 хоногийн дараа Японы морьт хороо мөн хүрэлцэн ирсэн байна. Энэ үйл явдал талууд хилийн хэлэлцээ эхлүүлэх шалтаг болов. Зөвлөлтүүд урьдын адилаар хэлэлцээнд оролцсонгүй, харин монголчууд тэднээс Японы талд өчүүхэн ч буулт хийхгүй, аль болохоор асуудлыг сунжруулах хатуу чиглэл авчээ. Японы тал Халх голын баруун цутгал болох Хайлааст голын орчмыг зурагжуулсан ба талууд байр суурин дээрээ хатуу зогсож, бие биеэсээ баримт шаардаж байв. Баримтууд ч хангалттай байв. Тухайлбал, Хаант Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Газрын зургийн албанаас 1884, 1906 онд гаргасан зураг, Матусов, Никитин нарын Манж Чин улсын 1888 оны газрын зураг, Байгалын чанадад 1906 онд зохион байгуулсан газарзүйн отрядын зураг, БНХАУ-ын Ардын армийн Жанжин штабын Газарзүйн отрядын 1918 үйлдсэн гадаад Монголын 1:10000 хэмжээст зураг, 1919 онд гаргасан Хятадын шуудангийн хорооны зураг, 1935 онд Шанхайд хэвлэсэн Хятадын газрын зураг. Үүнээс гадна Квантуны армийн амбан захирагчийн албаны 1919, 1926, 1934 оны зургууд, Японы эзэн хааны армийн Жанжин штабын 1928 оны зураг, Квантуны армийн Жанжин штабын 1937, 1938, 1939 оны зураг тус тус байв.
Дорно дахин судлаач, түүхч Сергей Лузянины олж тогтоосноор 1936 оны 2 дугаар сарын 17-нд Гадаад хэргийн ардын комиссариатын орлогч Борис Стомоняковын Монгол Улс-Манж Го улсын бодит хил хязгаарын асуудлаар хийсэн хуралдаанд Улаан армийн Жанжин штабын дарга Александр Егоров, Улаан армийн Тагнуулын удирдах газрын дарга, корпус командлагч Семён Урицкий болон газрын зургийн мэргэжилтнүүд оролцжээ. Хуралдаанаар ямар ч зураг хөргийн асуудал хэлэлцсэнгүй. Дөрөв хоногийн дараа Стомоняков Улаанбаатар дахь Элчин сайдын яам руугаа (Тэр үед яаманд цэргийн тагнуулын мэргэжлийн ажилтан Владимир Таиров ажиллаж байсан) “албан ёсны” гэх нэг зураг илгээж, “энэ удаагийн мөргөлдөөн Манж Го улсын нутаг дэвсгэр дээр болно гэдэгт Японы тал бат итгэлтэй байгааг нь бид мэдэж байна гэжээ.
Таиров мөргөлдөөн болсон цэгүүд яг аль улсын нутаг дэвсгэрт хамаарахыг нь хэлж мэдэхгүй байсан учир бөөрөнхийлж, Улаан армийн газрын зургийн мэргэжилтнүүдийн зургаар бол асуудал үүсгээд буй хоёр цэг нь Манж Го улсын нутагт, нэг нь маргаантай нутаг дэвсгэрт байна гэж хариулжээ гэсэн баримт гаргаж ирсэн байна.
Кремлийн хувьд газрын зураг шалтаг төдий зүйл байсан ба Халх голын бүс нутаг нь их хэмжээний цэргийн хүч байрлуулахад тохиромжтой уудам тал учраас шохоорхлыг нь татаж байсан гэж цэргийн түүхч, хурандаа Владимир Мильбах дүгнэж байна. 1938 онд хэвлэгдсэн Зөвлөлтийн их нэвтэрхий тольд Монгол-Манж Го улсын хилийг Халх голоор заагласан, БНМАУ-ын газрын зураг зүгээр ч нэг орчихоогүй юм. Манж Го улсын талд нь газарзүйн тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тод, шулуун шугамаар холбосон байдаг. Өмнө нь Зөвлөлтийн удирдлагууд Хаант Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын Газрын зургийн албаны 1884, Матусов, Никитин нарын Манж Чин улсын 1888 оны газрын зургуудыг өргөн хэрэглэдэг байсан. 1938 он хүртэл Politische Karte von China Bielefeld und Leipzig (1900 г.)-ын талаар элдэв яриа гаргадаггүй байсан гэж Мильбах бичсэн байдаг. Дээрх зургуудад БНМАУ - Манж Го улсын хилийг 1938 оны Зөвлөлтийн их нэвтэрхий тольд зурсан шиг биш, Халх голоор ч биш, баруун өмнө зүгт Монголын тал руу зурсан байдаг. Тэгэхээр байлдааны үйл ажиллагаа Манж Го улсын нутагт болсон болж байна уу?
Тулалдаан хэдийнэ эхэлчихээд байсан 1939 оны 5 дугаар сарын 17-нд 57 дугаар тусгай корпусын командлагч Николай Фекленко Жанжин штабтаа Монголын эрх баригчдад өгөх газрын зураг шаардлагатай байгааг илтгэжээ. Өмнө нь хил тогтоож байсан хүмүүсийн баталж хэлснээр хилийн шугамыг тодорхой зурсан зураг дор нь хийсэн байна. Мөн 1887 оны 7 дугаар сарын 5-нд Барга, Халхын хошуудын хилийн маргааныг шийдвэрлэсэн зураг ч олов. Эдгээр зургуудад тулалдаан яалт ч үгүй Монголын нутаг дэвсгэрт болж байгаа нь илэрхий боллоо. Дотоод хэргийн Ардын комиссариат Лаврентий Берия энэ олдворын тухай Сталин, Молотов нарт 1939 оны 5 сарын 21-нд илтгээд яагаад ч юм бэ Гадаад хэргийн ардын комиссариат болон Жанжин штабаас ч төстэй зураг олдсонгүй гэж нэмж хэлжээ.
Сергей Лузяниний бичсэнээр Берия Улаан Армийн газрын зургийн газар 1934 оны 1 дүгээр сард чухам ямар материалд тулгуурлан Монгол-Манж Го улсын хилийг Халх голоос баруун тийш зурсан болохыг шалгаж эхэлсэн байна. 1934 онд газрын зургийн мэргэжилтнүүдэд шаардагдах зургийг олохыг тушаасан бөгөөд олдохгүй бол шинээр зохиож хийхийг үүрэг болгосон аж.
Яагаад ч юм хэрэгцээтэй зураг нь олдоогүй учир нам, засгийн бодлогын таамагласан газрын зурагчид өөрсдөө хийж орхисон нь эргээд төр, засгаа хуурсан хэрэгт унажээ. Тэд мэдээж буудуулсан. Дээр олдсон газрын зураг дороо байлдааны зураг болж хувирав.
Гэхдээ ямар ч газрын зураг байлаа гээд олон улсын хууль эрхзүйн үүднээс тухайн үед БНМАУ,Манж Го гэж улс байсангүй. Хятадын нэг хэсэг гэгдэж байсан автономит засагтай Гадаад Монгол, Хятадын Манжуур гэж л байлаа. Харин Хятадын хоёр мужийн хооронд засаг захиргааны л хил байна.
Гадаад Монгол нь 1911-1918 оны хооронд Оросын протекторат, Хятадын автономит бүс байсан бөгөөд 1919-1921 оны хооронд Монголд Хятад цэрэг нэвтэрчээ. Хятад цэргийг хөөж зайлуулсан барон Унгерн фон Штернберг хэдэн сарын турш Монголд эзэн суусан ч эргээд Зөвлөлтийн цэрэгт цохигдсон. 1921-1926 онд Монголд Улаан арми нэвтэрч, 1924 онд Кремлийн харьяа гэж болох тоглоомын БНМАУ байгуулагдсан. Монгол улс өөрийн гэсэн бодлоготой байх аргагүй, Улаанбаатарт сууж байсан ЗХУ-ын төлөөлөгчид бүхнийг мэдэж, хэнийг цаазлан хороох вэ, хэнийг өршөөх вэ гэдгийг шийдэж байв. Ардын коммисариатын төлөөлөгчид мөн тэнд сууж байсан бөгөөд Монголын аюулгүйн алба, хил хамгаалалтынхан Лубянкад харьяалж байсан гэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй. Монгол ардын хувьсгалт журамт цэрэг ч Зөвлөлтийн мэдэлд байлаа. 1946 он хүртэл БНМАУ-ыг дэлхийн аль ч улс хүлээн зөвшөөрөөгүй юм. Түүнчлэн Манж Го-г ч хүлээн зөвшөөрсөн улс үгүй гэж үзвэл хилийн зурвас татах тухай ярих ямар ч боломжгүй нь тодорхой болж байна. Монгол, Манж Го хоёр үнэндээ сүрхий эвдрэлцсэн үү гэвэл үгүй. Гэтэл яг хэрэгтэй мөчид зөрчилдөөн үүссэн нь хэнд ашигтай тусав?
Владимир Воронов
Александр Крушельницкий