НЭПКО хэвлэлийн газар XIV Далай ламын намтраар хөмрөгөө баяжууллаа. Зүгээр ч нэг намтар бус аа. Урьд өмнө хаана ч хэвлэгдээгүй ховор сонин гэрэл зургаар бүтээсэн дэндүү баялаг намтар. Дээрхийн гэгээний хувийн нарийн бичгийн даргаар 40 жил ажилласан Данзан Гэчой Дайтон бичсэн учир алдаа мадаггүй чин үнэн түүх. Ахыгаа даган 1959 онд 12 насандаа Төвөдөөс дүрвэсэн XIV Далай ламын төрсөн дүү Данзанчойжил энэ номын төслийг ивээн тэтгэхийн зэрэгцээ хянан тохиолдуулж, өмнөх үгийг нь бичжээ. 

Далай лам нарын намтар бол Төвөдийн түүх. Дээрхийн гэгээн XIV Далай ламын намтар бол XX зууны Төвөдийн түүх. Тэр дундаа Энэтхэгт дүрвэн гарсан төвөдүүдийн түүх юм. Түүгээр ч зогсохгүй Энэтхэг-Хятадын харилцааны ч түүх. Тэр бүхэн энд зураг хөрөгтэйгөө багтсан. Далай лам Данзанжамц тэргүүтэй Төвөдийн дүрвэгчид Энэтхэг нутагт анх хөл тавихад Энэтхэгийн засгийн газар тийм ч таатай хүлээж аваагүйг Данзан Гэчой Дайтон илэн далангүй өгүүлсэн буй. Хятадын засгийн газар дүрвэн одсон төвөдүүдийн сэтгэлийг эргүүлэх гэж яаж хичээсэн нь ч өдөр судар, өнгөт зурагтайгаа энэ номд бий. 


Шашин номоор эртнээс холбоотой Монгол, Төвөд хоёрын цадиг түүх олонтоо огтлолцдог шигээ ижил төстэй тал элбэг ажээ. Ялангуяа дэлхий дахиныг эгнэгт өөрчилсөн XX зуунд хоёр улсад тохиолдсон үйл явдлыг эргэцүүлэн тунгаахад энэ ном авууштай эх сурвалж юм. 

Улс төрийн дүрвэгч XIV Далай лам Нобелийн Энх Тайвны шагналтан болтлоо дэвшсэн өрнүүн түүхийг 400 гаруй гэрэл зураг, тухайн үеийн дэлхийн улс орнуудын хэвлэлийн сурвалжаар баяжуулсан энэ намтар буддын шашны асрал нигүүслийн утга учир, шашин-шинжлэх ухаан хоёрын хоршлыг ч өгүүлсэн билээ.