УИХ өчигдөр буюу пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн” тухай Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээж авсангүй. Уг асуудал Цэцийн их суудал руу явах нь тодорхой болов.


Хэрэв их суудлын дүгнэлт мөн энэ хэвээр гарвал УИХ түүнийг авч хэлэлцэхгүй, Цэцийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болох хуультай. Мөн нэгэнт уг хуулийг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн эхний байр сууринаасаа Цэц ухрах магадлал ч тун бага. Хэрвээ улс төрийн ямар нэг нөлөө орчихгүй бол гэсэн үг шүү дээ.

Тиймээс УИХ өчигдөр УИХ-ын гаргасан шийдвэр “нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэдэг болов. Ийм байдалд хүрэлгүйгээр эхний дүгнэлтийг хүлээгээд авчихсан бол илүү “цэвэрхэн” өнгөрөх байлаа л даа. Нэгэнт Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээж авахаас УИХ татгалзсан учир нэг хэсэг хүмүүсийн хийсэн алдааг нийтээрээ үүрэхээр шийджээ гэж үзэхээс өөр аргагүй.

Өмнө нэг удаа бичиж байсан. Х.Нямбаатарын /УИХ-ын гишүүн байхдаа/ санаачилж, УИХ-ын баталсан /2020.01.10/ уг хуулиар 2017-2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авилга, албан тушаалын бүх хэргийг /ЭХ-ийн 22-р бүлэг/ архиваас татаж гаргаж ирээд сэргээн шалгах үүргийг хуулийн байгууллагуудад өгсөн билээ. Мөн энэ хугацаанд хууль шүүхийн байгууллагууд дээрх хуулийн шаардлагаар нэхэн шалгасан нэг ч хэрэг байхгүй гэдгийг өмнө хэлсэн. Цагаа тулахад хууль, шүүхийнхэн ч гэсэн ийм хууль бариад хэрэг нээгээд явж болохгүй гэдгээ ухамсарласан хэрэг биз.

Харин эсрэгээрээ 2020 оноос хойш шүүхийн тогтоол сонссон өөр хэргүүдэд хамаатай болсныг бид мэднэ. Тухайлбал, Оюутолгойн гэрээгээр ял сонссон Д.Ганболд, С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, мөн Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтыг гэрээг боловсруулсныхаа төлөө /УИХ гэрээг батлаагүй/ ял сонссон М.Энхсайхан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан хэргээр ял сонсоод байгаа Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр гэх мэт.

Д.Эрдэнэбатын хувьд бүр ч эмгэнэлтэй л дээ. Сонгуулийн сурталчилгаа хийгээд тойрогтоо явж байсан чинь Засгийн газар хуралдаад, тогтоол гаргачихсан. Танхимын гишүүн учраас туслах руугаа утасдаад тамганы дардсаа өгчихсөн чинь гэмт хэрэгтэн болчихсон. “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ирсэнийг өөрөө ч бараг мэдээгүй явсан шиг байгаа юм. Харин нөгөө гэрээ хийсэн, тогтоол баталсан нөхөд нь эрх чөлөөтэй, гадуур давхиад байдаг.

Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын хувьд Дубайн гэрээг байгуулсан нь 2015 он, хэрвээ гэрээ байгуулсан явдал гэмт хэрэг гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нь энэ оны тавдугаар сард дуусчихсан. С.Баяр, С.Баярцогт нарын хувьд бүр 2009 оны гэрээг байгуулсан хүмүүс. 2015 онд баталсан Дубайн гэрээтэй огт холбоогүй /чухам ямар сэжмээр холбогдуулсан гэдгийг хожим өгүүлнэ/ М.Энхсайханы хувьд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьсан нь бас л 2015 он. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үг. Гэсэн ч түүнд тохсон “Монгол Улсын эдийн засгийг хорлон сүйтгэсэн” гэх гэмт хэрэг буюу зүйл анги нь нотлогдоогүй. Харин үүнээс бүр өмнө албан хэрэгцээнд нь зориулж ЭХЯ-ны хөрөнгөөр худалдаж авсан “Лексус-570” маркийн автомашинаар ял сонсгосон гэх мэт.

Дагаж мөрдөх тухай хуулийг УИХ батлах үед Х.Нямбаатар нар Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хасаад гурван жил өнгөрчихсөн байсан. Үүний улмаас “хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон” авилга, албан тушаалын хэргийг сэргээн шалгах зорилгоор дээрх хуулийг баталсан. Харин тэр ажил нь огт яваагүй боловч хууль баталснаас хойш шүүхээр шийтгэгдсэн бүх гэмт хэргүүд дээр уг хуулийг барьж шүүх шийдвэрээ гаргасан байдаг юм.

Тиймээс Х.Нямбаатарын батлуулсан Дагаж мөрдөх журмын тухай хууль нь Х.Баттулгын өрсөлдөгчдөө зайлуулах зэвсэг болсон. Анхнаасаа түүний захиалгаар хууль санаачилсан байх ч магадлалтай. Нөгөө “нисдэг бор мориных нь нүдийг сохлоод ир гэсэн чинь нисдэггүй бор мориных нь нүдийг сохолчихлоо” гэдэг шиг.

Уг нь хуульчид Дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ баталснаас хойш сарын дараа /2020 оны 02-р сар/ уг хууль Үндсэн хууль зөрчиж байгаа талаар Цэцэд мэдээлэл гаргасан байдаг. Үүнээс хойш арван сар өнгөрсний дараа, “улс төрийн хоригдлууд” шүүхээс ялаа авч дууссаны дараа сая Цэц уг асуудлаар хуралдсан байдаг юм. Үр дүн нь энэ.

Энэ удаад зөвхөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн дүгнэлттэй холбож энэ сэдвийг хөндөв. Харин тэдгээр хүмүүст тохсон гэмт хэрэг гэдэг нь юу байсан талаар хожим дэлгэрэнгүй өгүүлнэ

www.inews.mn