Д.Жаргалсайхан: Үндэсний компаниуд цул сульфидийн ордод түшиглэн эдийн засгийн чадамжтай болох боломжтой
Эгэл малчны хүүд БНУУ-д геологич мэргэжил эзэмших хувь тохиосон нь түүний амьдралыг эрс өөрчилсөн гэлтэй. “Мундаг ах” хэмээн геологичдодоо хүндлэгддэг Д.Жаргалсайхан төр засгийн итгэлийг дааж эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон хүн. Тэрээр Геологийн мэдээллийн сан байгуулах санал санаачлагыг гаргаж, бодит ажил болгосноороо түүхэн гавьяатай нэгэн.
“UNIVERSAL RESOURCES” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ГЕОЛОГИЧ Д.ЖАРГАЛСАЙХАН: ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ЦУЛ СУЛЬФИДИЙН ОРДОД ТҮШИГЛЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАМЖТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ
Эгэл малчны хүүд БНУУ-д геологич мэргэжил эзэмших хувь тохиосон нь түүний амьдралыг эрс өөрчилсөн гэлтэй. “Мундаг ах” хэмээн геологичдодоо хүндлэгддэг Д.Жаргалсайхан төр засгийн итгэлийг дааж эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон хүн. Тэрээр Геологийн мэдээллийн сан байгуулах санал санаачлагыг гаргаж, бодит ажил болгосноороо түүхэн гавьяатай нэгэн. Мөн “Guide to the geology and mineral resources of Mongolia” хэмээх англи хэл дээр бичсэн түүний номыг гадаадын хөрөнгө оруулагчид гол гарын авлага болгон ашигладаг аж. Түүнчлэн тэрээр Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт орших Ширтийн хүдрийн дүүргийн “Цахир толгой” цул сульфидийн орд газрыг нээж илрүүлсэн. Монголд төдийлөн судлагдаагүй уг ордоороо “Цахир толгойн цул сульфидийн зэс-цайрын ордын хүдэржилтийн онцлог” нэртэй номоо бичиж, хэвлүүлжээ.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
-Намайг Д.Жаргалсайхан гэдэг, “Universal resources” компанийн ерөнхий геологичоор ажиллаж байна. Миний уугуул нутаг Говь-Алтай аймгийн Чандмань сум. Би бага насаа хөдөө нутагт малын дэргэд өнгөрөөсөн. Аймгийнхаа дунд сургуулийг онц дүнтэй төгсч, БНУУ-д геологичийн мэргэжлийг эзэмшсэнээс хойш геологич инженерээр 30 гаруй жил ажиллаж байна.
-Та геологич мэргэжлийг хүсэл сонирхлоороо сонгов уу, эсвэл оноогдсон хуваарь тань байв уу?
-Анх дөнгөж дунд сургуулиа төгссөн хөдөөний хүүхэд, геологич гэдэг мэргэжлийн утга учир, сайхныг нь мэддэггүй байлаа. Намайг дунд сургуулиа төгссөн жил Ю.Цэдэнбал дарга гадаадын сургуульд малчдын хүүхдийг түлхүү явуул гэсэн албан даалгавар өгсөн юм билээ. Өмнө нь Улаанбаатарт амьдардаг, сэхээтний хүүхдүүд л голдуу гадагшаа сургуульд явдаг байсан бол 1973 онд анх удаа хөдөөний хүүхдүүд олноороо явж таарсан. Ингээд нам засгаас сургуульд хуваарилсаны дагуу геологич мэргэжлийг эзэмшихээр Унгар улсыг зорьж байлаа.
-Унгарт мэргэжил эзэмших боломж тохиосон нь таны хувьд үнэхээр аз завшаан, хувь тавилан болжээ. Нийслэл хотод очиж үзээгүй хүүхэд хилийн дээс алхахад “Соёлын шоконд орно” гэдэг шиг сонин байсан болов уу?
-Тэгэлгүй яахав, би аймгийнхаа дунд сургуулийг төгсөөд анх удаа Улаанбаатар хотод очиж үзэж байгаа нь тэр. Тухайн үед 20 гаруй хүүхэд Москвагаар дамжин Унгарт сурахаар явсан юм. Ганцхан сарын дотор өндөр хөгжилтэй орнуудыг үзэхэд хөдөөний хүүхдэд маш сонин содон санагдсан нь дамжиггүй. Тухайн үед биднийг том зааланд суулгаж байгаад халбага, сэрээгээ яаж барихаас эхлээд биеэ хэрхэн авч явахыг зааж билээ. Би Унгар улсын Будапешт хотын Их сургуулийн геологийн ангид зургаан жил сурсан. Анхандаа харь оронд, гадны хэл дээр, огт төсөөлөлгүй мэргэжил эзэмшинэ гэдэг хэцүү байсан. Хэл, соёлыг нь ойлгохгүй будилахаас эхлээд бэрхшээл цөөнгүй. Мажар хэлийг сайн эзэмшээгүй байсан учраас онолын нарийн зүйлсийг ойлгоход хүнд байлаа. Зарим үед Монголдоо сурсан бол багш нарынхаа хэлж буй бүхнийг ойлгоод сурахад амархан байх байсан даа гэж хүртэл боддог байснаа нуугаад яахав. Гэсэн ч би сургуулиа онц дүнтэй төгсч геологич мэргэжил эзэмшсэндээ баяртай байдаг.
БИ ЕРӨНХИЙ ЭРЛЭЭС НАРИЙВЧИЛСАН ЭРЭЛ ХҮРТЛЭХ
ГЕОЛОГИЙН АЖИЛ ХИЙДЭГ, ҮҮНДЭЭ МЭРГЭШСЭН ХҮН
-Сүүлийн үеийн залуус гадаадад л сайн боловсрол эзэмшиж чадна гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?
-Геологийн шинжлэх ухаан хаана ч адил учраас гадаадад ч бай дотоодод ч бай багш нар нэг ижил зүйл зааж байгаа. Тиймээс гадны улс оронд сурлаа гээд сайн боловсрол эзэмшинэ, харин дотоодын сургууль төгссөн бол муу гэсэн үг биш. Гадаадад сурсны нэг давуу тал нь хэлний мэдлэгтэй болдог. Англи хэлтэй бол орчин үеийн мэдээллийг олж авахад арай илүү дөхөмтэй, давуу талтай болох юм. Мөн хамгийн сүүлийн үеийн техник технологитой танилцах боломж нь арай давуу болов уу. Ер нь аливаа мэргэжлийг эзэмшихэд гадаад, дотоодын сургууль гэхээсээ илүү хувь хүний хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалдаг. Монголд их сургууль төгссөн ч англи хэлний өндөр боловсролтой мэргэжилтнүүд олон байгаа.
-Сайн геологич болохын тулд ямар зүйлүүдийг сурч мэдэж эзэмшсэн байх ёстой байдаг вэ?
-Геологийн мэргэжлийн боловсролын 60 хувийг их сургуульд заадаг онолоос олж авдаг бол үлдсэн 40 хувийг ажил дээр гарч дадлага туршлага хуримтлуулснаар сурдаг гэдгийг би ойлгосон. Ер нь их сургуулиас үндсэн суурь ойлголтыг олж аваад гол зүйлийг практикаар сурдаг шүү дээ. Залуу геологичид хөдөө хээр ажиллаж, аливаа зүйлийг өөрийн нүдээр харж, гараараа барьж, олсон мэдээллээ онолын мэдлэгтэйгээ нэгтгэн толгойдоо боловсруулснаар илүү их мэдлэг хуримтлуулж авдаг. Тиймээс сайн геологич болохын тулд хээрийн судалгааны ажилд оролцож, олон газраар явж, их зүйлийг үзэх хэрэгтэй.
-Та ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан дурсамжаа хуваалцана уу?
-Би 1979 онд их сургуулиа төгсөөд Модотын цагаан тугалганы уурхайд анх ажилласан. Тус уурхайд Чехийн экспедиц ажиллаж байсан бөгөөд ганц Монгол геологич нь би. Тухайн үед Модотын цагаан тугалганы уурхайд Монголын болоод Чехийн хоёр уурхай зэрэг олборлолт явуулж байлаа. Анх тэнд л барууны орчин үеийн техник технологийн дэвшлийн давуу талыг харж билээ. Чехийн уурхай нэг экскаватор, нэг бульдозер, хоёр тээвэрлэдэг машин нийлээд ердөө л дөрвөн техниктэй ажилладаг байсан. Харин хажууд нь байгаа Монгол уурхайд маш олон хүн, 50-60 техниктэй ажиллаж байсан ч бүтээмжийн хувьд Чехийнхээс дөрөв дахин бага байсан. Бараг Монголд анх удаа барууны техник орж ирж байсан үе байх. Би тус уурхайд нэг жил ажиллаад, дараа нь олон улсын геологийн экспедицийн Унгар ангид 10 шахам жил ажилласан. Түүний дараа УУЯ-д мэргэжилтэн болсон. Мөн Улсын геологийн фондыг түшиглэн хэрэгжүүлсэн геологийн мэдээллийн сан байгуулах төсөл дээр олон жил ажилласан даа.
-Та анх Чехүүдтэй хамтран ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл олон орны геологичидтой ажиллаж байгаа учраас дотоодын болон гадаадын мэргэжилтнүүдийн ялгааг харж байгаа. Ер нь монголчууд гадныханаас юугаараа илүү санагдсан бэ?
-Монгол хүн оюуны чадамж өндөр, аливаа зүйлд овсгоотой, гүйлгээ ухаан сайтай ханддаг. Шинэ соргог зүйлийг маш хурдан сурч, эзэмшиж чаддаг. Ер нь аль ч орны геологичдоос дутахгүй гэдэг нь хаана ч харагдаж байна. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэж гадны том компаниудад ажиллаж буй Монгол геологичид олон байгаа. Тэгэхээр дотоодын болоод гадаадын мэргэжилтнүүдийн хувьд ялгараад байх зүйл нэг их байхгүй. Гадны мэргэжилтнүүдийн хувьд гадаадын олон ордыг үзэж танилцаж, туршлага хуримтлуулсан мэдлэгээрээ л арай илүү байх.
-Өнгөрсөн хугацаанд та хэдэн ордод хайгуулын ажил хийсэн бэ. Хийж байсан ажлуудаасаа сонирхуулна уу?
-Би ерөнхий эрлээс нарийвчилсан эрэл хүртэлх геологийн эрлийн шатны ажил хийдэг, үүндээ мэргэшсэн хүн л дээ. Харин хайгуулын ажилд нэг их оролцож байгаагүй. Хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт орших Ширтийн хүдрийн дүүргийн “Цахир толгой” цул сульфидийн орд газрыг нээж илрүүлсэн. Тус ордыг бид анх нээж олсноосоо хойш геологийн хайгуулын ажил хийж дуусгаад нөөцийг нь тогтоосон. Энэ орд бол миний хувьд нээхээс нь эхлээд хайгуул хийж нөөцийг нь тогтоох хүртэл бүх шатанд нь оролцон, гардаж хийсэн ажил. Энэ орд маань цул сульфидийн хувьд Монголд бага судлагдсан шинэ төрлийн орд. Тиймээс энэ ордынхоо тухай “Цахир толгойн цул сульфидийн зэс-цайрын ордын хүдэржилтийн онцлог” нэртэй ном бичсэн. Шинэ орд нээж олно гэдэг геологич хүний амьдралд тэр бүр тохиогоод байдаггүй, мянган тохиолдлоос нэгд нь л байж болох тун ховор зүйл. “Цахир толгой” цул сульфидийн орд хэдийгээр жижиг ч гэлээ металлын дундаж агуулга өндөр учраас орчин үеийн техник технологиор ашиглахад порфирийн ордуудыг бодвол эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай орд. Хайгуулын ажил гэвэл тус ордыг нэрлэж болохоор байна. Харин геологийн эрлийн хувьд олон ажил хийж байсан. Миний хийсэн ажлыг төр засгаас үнэлж 2009 онд Үндэсний Геологийн алба үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяраар сүхбаатарын одонгоор шагнасан юм.
ЦУЛ СУЛЬФИДИЙН ОРД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАГАТАЙ,
ҮР АШИГ НЬ ӨНДӨР БАЙДАГ
-Та “Цахир толгой” ордыг анх хэрхэн нээж байв. Мянгаас нэгд тохиох магадлалтай орд нээж олно гэдэг амаргүй байсан байх. Анх энэ ордыг хэрхэн нээж байсан тухайгаа манай уншигчдад сонирхуулна уу?
-Эхлээд нэр томьёоны хувьд жаахан тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Биднийг очихоос өмнө “Цахир толгой” орд маань Ширтийн зэсийн скарны илрэл нэртэй байсан юм. Бид 10 шахам жил энд геологийн судалгаа хийж, тус районы геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг нарийвчлан судалснаар зарим нэр томьёог шинээр бий болгосон. Тухайлбал, олон тооны цул сульфидийн илрэл бүхий 15 км урттай, 3-4 км өргөнтэй цул сульфидийн хүдрийн бүсийг шинээр илрүүлж Ширтийн цул сульфидийн хүдрийн бүс гэж нэрлэсэн ба хайгуул хийсэн Ширтийн зэсийн скарны илрэлийг “Цахир толгой” цул сульфидийн зэс-цайрын орд гэж нэрлэсэн. “Цахир толгойн” ордыг Хүрэл зэвсгийн үед олборлож байсан ул мөр нь байдаг. Мөн өнгөрсөн зууны эхээр олборлож байсан Хятадын ухмалууд ч бий. Харин геологичдоос анх Б.Лувсанданзан гуай 1948 онд газар дээр нь очиж зэсийн скарны төрлийн илрэл байна гэсэн бичиглэл хийсэн юм билээ. Мөн 1965 онд А.К.Уфлянд тэргүүтэй Оросын геологичид судлан геологийн тойм зураг зохиож, хүдэржилтийн талаар бичиглэл хийж үлдээсэн байдаг. 1986 онд Л.Б.Заботкин тэргүүтэй Орос, Монголын геологичид 1:200 000 масштабын геологийн зураглалын ажил хийх үедээ арай илүү нарийн судалсан байдаг. Энэ ажилд Монголын талаас манай ахмад геологичид болох Ч.Цэдэнбал, Г.Ээнжин, Д.Даваадорж нарын хүмүүс оролцсон юм. Тухайн үед 19 цооног өрөмдөж, суваг малтан эрлийн ажил хийсэн ч анхдагч хүдрийн биетийг нь олж чадаагүй. Урьд нь скарны төрлийн хүдэржилт байх магадлалтай гэж тэмдэглэснээс болсон уу гол төлөв шохойн чулууг тойруулан өрөмдсөн байдаг. Бид ч гэсэн анхандаа скарны илрэл байж магадгүй гэж судалсан ч гадаргаас анар, магнетит, эпидот зэрэг ямар ч скарны эрдэс олоогүй. Тиймээс скарны хүдэржилт биш гэсэн таамаг дэвшүүлсэн. Түүнчлэн дээж авч шинжлэхэд цул сульфидийн хүдэржилтэнд илэрдэг элементүүдийн ассоциаци үзүүлж байсан ба гадарга дээр байгаа их хэмжээний төмрийн ислүүд нь цул сульфидийн хүдрийн дээр байрлах төмөр малгайн хэсэг байх магадлал өндөр байв. Ингээд цул сульфидийн хүдэржилт юм байна гэсэн таамаг дэвшүүлж, галт уулын чулуулагт илүү анхаарч ажилласнаар үр дүнгээ өгсөн. Бид 2006 оны тавдугаар сард 19 дэх цооногоор цул сульфидийн хүдрийн биетийг анх удаа огтолж маш их баярласан. Энэ нь бол Монголд анх удаа илрүүлсэн галт уулын чулуулагтай холбоотой цул сульфидийн хүдэр байлаа. Одоо Ширтийн цул сульфидийн хүдрийн бүсийг Монгол компани, Монгол геологичид үргэлжлүүлэн судалж байна.
-Энэ ордыг хайгуулын ямар аргачлалаар олж өрөмдсөн бэ?
-Хайгуул болоод өрөмдлөгийн хувьд ерөнхийдөө бусад ордуудтай адилхан. 50х50 метрийн харьцаатай тороор өрөмдөж, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. “Цахир толгой” цул сульфидийн ордыг яаж илрүүлэв гэдэг нь геологичдод сургамжтай байх болов уу гэж бодох юм. Учир нь дээрх ордыг өмнө нь судалж байсан зарим хүмүүсийн хувьд скарны хүдэржилт хэмээн үзэж, онолын үндэс нь өөр байснаас эрлийн ажлын зорилго нь бас өөр байсан байх. Тэгэхээр геологичдод тухайн хүдэржилт нь ямар төрөлд багтаж болохыг анхнаасаа зөв олж тогтоох нь маш чухал байдаг. Ер нь нэг илрэл дээр геологичид 10 удаа эргэж ирж нэг нь илрүүлдэг гэдэг үг байдаг. Орд илрүүлнэ гэдэг маш төвөгтэй асуудал. Миний хувьд цул сульфидийн орд байж магадгүй юм гэсэн таамаглал дэвшүүлж, галт уулын чулуулагт илүү анхаарал хандуулснаар өмнө нь судалж байсан геологичдоос илүү оносон.
-Тэгэхээр геологич хүнд сэтгэхүйн өндөр мэдрэмж чухал гэдэг нь батлагдаж байх шиг байна.
-Онолын үндсэн дээр мэргэжлийн ур чадвар, туршлага, мэдрэмж хэрэгтэй юм л даа.
-Ер нь VMS төрлийн /галт уулын үйл ажиллагаатай холбоотой цул сульфидийн төрөл/ орд дотор хэдэн төрөл байдаг вэ. Монголд аль төрлүүд нь байх боломжтой вэ?
-Цул сульфидийн ордуудыг дэлхий даяар Киприйн, Бэшшийн, Курокогийн гэж гурван төрөлд ангилдаг. Монголд эдгээр гурван төрлийн аль аль нь бий. Манай улсад цул сульфидийн 100 шахам илрэл байдаг. Харин орд болсон нь “Цахир толгой”, “Хөх Адар”, “Баян-Айраг”, “Борц-Уул” юм. Энэ төрлийн 100 шахам илрэл байна гэдэг нь Монголд цул сульфидийн ордуудыг шинээр илрүүлэх боломж их байгааг харуулж байна. Биднийг “Цахир толгой” ордыг нээж, энэ тухайгаа өгүүлсэн ном бичсэнээс хойш энэ төрлийн ордыг эрэх, хайх геологичид эрс нэмэгдэж, судалгаа явагдаж байгаа. Алтайн нуруу болон Хан Хөхий-Ургамлын бүс нь энэ төрлийн ордуудын байршиж болох гол бүс нутаг. Алтайн нуруу гэхэд л ОХУ-Казакстаны 1000 шахам цул сульфидийн орд, илрэлүүдтэй Хүдрийн алтайн нурууны үргэлжлэл юм.
-Энэ төрлийн ордын геологийн онцлог юу вэ?
-Цул сульфидийн ордын онцлог нь хүдрийн биетүүд нь жижигхэн боловч нэг бүсд олноороо тархсан байж болно. Мөн хүдэр доторх металлийн агуулга нь маш өндөр байдаг. Тухайлбал Эрдэнэтийн зэсийн агуулга 0.4-0.5 хувь байхад цул сульфидийн ордод 1.2-2.0 хувь буюу Эрдэнэтийнхээс дөрөв дахин их гэсэн үг. Тиймээс уг ордыг олборлоход эдийн засгийн хувьд маш их ашигтай юм. Ер нь харж байхад дэлхийн томоохон компаниуд анх ийм төрлийн ордыг ашиглаж хөл дээрээ боссон байдаг. Тухайлбал, дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” компани анх Испанид яг ийм төрлийн орд олборлоод эдийн засгийн чадамжтай болж бүрэн бие даасан. Мөн Японд энэ төрлийн ордууд элбэг тохиолддог бөгөөд томоохон корпорациуд нь ч гэсэн анх цул сульфидийн ордыг ашиглаж босч ирж байсныг түүхээс нь харж болно. Тэгэхээр манай үндэсний компаниуд цул сульфидийн ордыг ашиглан эдийн засгийн хувьд бие даасан чадамжтай болох боломж бүрэн бий.
-Таны нээж илрүүлсэн “Цахир толгой” цул сульфидийн орд хэр хэмжээний нөөцтэй вэ, хэдэн жил ашиглана гэсэн тооцоотой байгаа вэ?
-Сүүлийн үед манайхан Оюутолгой, Тавантолгой зэргээр дандаа том юм ярьдаг болж. Бидний нээсэн ордын хувьд хэмжээгээрээ Оюутолгойн арав, хорь хуваасны нэгтэй тэнцэхээр жижигхэн л дээ. Гэхдээ нэг компанийг бол эдийн засгийн хувьд бүрэн хөл дээр нь босгож чадна. Яг манай Монгол компаниудад тохирсон орд юм. Хөрөнгө оруулалт багатай, үр ашиг өндөртэй, ядаж л порфирийн ордоос дөрөв дахин бага хүдэр зөөнө. Үндэсний компаниуд цул сульфидын орд дээр дөрөөлж уул уурхайн компани болж хөгжих ёстой. Порфирийн орд бол том шүү дээ, одоохондоо бидний шүд даахгүй.
-Манайд цул сульфидийн төрлийн 100 гаруй илрэл бий гэхээр үүнийгээ эргэлтэнд оруулж ашиглах юм бол Оюутолгойгоос илүү өгөөжтэй юм биш үү?
-Гэхдээ илрэл гэдэг нь эдийн засгийн утгаараа орд болоогүй гэсэн үг шүү дээ. Гэсэн ч хайгуул хийж орд олох юм бол асар их ашигтай. Порфирийн төрлийн ордыг ашиглахад асар их цаг хугацаа болоод их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг. Харин энэ төрлийн ордыг ашиглахад бага хугацаанд, бага хэмжээний хөрөнгөөр асар их ашиг олж болдгоороо онцлогтой.
-Гадны томоохон ордуудыг үзэж танилцаж байсан байх. Түүнээс хамгийн их сэтгэл хөдөлгөсөн нь ямар орд байв?
-Миний хувьд цул сульфидийн нэлээд хэдэн ордуудыг үзэж танилцсан. Тухайлбал, Оросын нутагт орших Уралын ордуудыг нэрлэж болох юм. Тэнд маш олон тооны уурхайнууд байдаг. Мөн Японы Курокогийн орд гэж бий. Япон улс тэрхүү Курокогийн районд цул сульфидийн маш олон жижиг орд байсан юм билээ. Үндэсний том компаниуд нь тэрхүү жижиг ордуудаа нэг нэгээр нь авч ашиглаж байсан тухай түүхэнд нь дурьдсан байдаг. Хэдийгээр Япон жижиг газар нутагтай улс ч гэлээ уул уурхайн салбараа нэг хэсэг эрчимтэй хөгжүүлсэн. Япончууд уул уурхайгаа түлхүү ашиглалаа гээд өнөөдөр сүйдчихээгүй байна. Харин ч уул уурхай дээрээ дөрөөлж байж өнөөдөр хүчирхэг гүрэн болж чадсан. Одоо бол Япончууд өмнө нь ашиглаж байсан тэрхүү ордуудынхаа ойр орчмыг нөхөн сэргээлт хийж зүлэгжүүлсэн. Өмнө нь уурхай байсан гэж бараг мэдэгдэхгүй болгодог. Орос улсын хувьд 100 гаруй жилийн өмнөөс цул сульфидийн ордуудыг ашигласан ч жижиг ордуудаа одоо хэр нь ашиглаж байна.
-Тэгэхээр байгаа зүйлээ зүй зохистой ашигласнаар ямар их амжилтанд хүрч болдгийн бодит жишээ нь Япон орон юм байна шүү дээ?
-Тухайн үед Япон улс эдийн засгийн хувьд хүнд, ер нь манайхтай төстэй байсан юм билээ. Харин тэд баялгаа олборлож, уул уурхайгаас орж ирсэн ашгаараа хөгжлийнхөө суурийг тавьж чадсан. Өнөөдөр Япончууд толгойгоо ажиллуулж амьдарч байна.
-Тэгвэл манай улс уул уурхайдаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх боломж байгаа л юм байна?
-Манай улсын хувьд уул уурхайдаа түшиглэн хөгжих боломж бүрэн байгаа. Гэтэл газар доорх баялгаа ашиглах нь буруу, зөв гээд л маргалдаад байх юм. Бид уул уурхайдаа түшиглэж л хөгжихгүй юм бол үнэндээ үүнээс өөр арга зам лав харагдахгүй байна шүү дээ.
-Ер нь цул сульфидийн орд жижиг жижгээрээ тархдаг онцлогтой юм уу. Энэ төрлийн томоохон орд гэж байдаг уу?
-Цул сульфидийн ордын тухайд, хүдрийн биетүүд нь шувууны үүрэнд байгаа өндөгнүүд шиг л жижиг жижиг бөөгнөрөл үүсгэсэн байдаг. Том ордууд ч бий л дээ, гэхдээ ховор.
-Nevada төрлийн /Carlin type/ ордуудтай танилцаж байв уу. Энэ төрлийн орд Монголд байх геологийн үндэслэл бий юу?
-Би Nevada төрлийн ордуудтай танилцаж байгаагүй. Монголд Nevada-гийн Carlin-ий төрлийн ордуудыг сонирхож судалдаг геологичид маш олон байдаг ч яг энэ төрлийн орд нээгдсэн тохиолдол одоогоор байхгүй.
-Таны хувьд цул сульфидийн төрлөөр дагнан ажилладаг гэж ойлгож болох уу?
-Миний хувьд цул сульфидийн болоод порфирийн төрлийн хүдэржилтийг дагнан судалдаг.
-Та “Цахир толгой” цул сульфидийн ордыг нээсэн. Мэдээж дахин өөр орд нээхийг зорьж судалж л байгаа байх?
-Ер нь геологич хүн үргэлж шинэ зүйлийг эрэлхийлж, хайж явдаг. Гэсэн ч тэр бүр санааныхаа зоргоор шинэ орд нээнэ гэж бас байхгүй л дээ. Хээр явж байхад энгийн хүмүүст хөдөө тал, уул нуруу, байгаль энгийн л харагдаж байхад бидэнд бол гарал үүсэл, хувьсал өөрчлөлттэйгөө харагддаг. Харах бүрт л шинэ, сонин зүйл харагдаж байдаг онцлогтой.
ЦААШИД ЭРДЭНЭТИЙН ОРДЫН ДАЙНЫ 3-4 ОРД НЭЭГДЭХ БОЛОМЖТОЙ
-Монголд порфирийн орд нээгдэх потенциаль хэр байдаг вэ. Ер нь энэ төрлийн ордын судалгааг ямар түвшинд хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-Монгол орны хувьд порфирийн ордын потенциаль өндөр бөгөөд цаашид нээгдэх боломжтой. 1997 оны “Ашигт малтмалын тухай хууль” гарч байх үед миний бие УИХ-ын гишүүдэд энэ төрлийн ордын талаар мэдээлэл хийж байсан юм. Тухайн үед Оюутолгой орд нээгдээгүй байсан. Тэр үед би Монгол орны геологийн тогтцыг харахад порфирийн төрлийн 4-5 орд нээгдэх боломжтой гэж хэлж байсан юм. Түүний дараа Оюутолгой нээгдсэн. Цаашид Эрдэнэтийн ордын дайны 3-4 орд нээгдэх боломжтой гэж би хувьдаа боддог. Харин жижиг ордууд бол нээгдсээр байгаа.
-1997 онд Оюутолгойн орд нээгдээгүй байх үед таныг порфирийн хэд хэдэн том орд нээгдэх боломжтой гэж хэлж байхад “Энэ нөхөр ч сайхан залж байна даа” гэх ч юм уу, эргэлзэж байсан хүмүүс байв уу?
-Тухайн үед УИХ-ын гишүүд миний ярьсныг ихэд сонирхож, тэгээд тэр таван орд чинь яг хаана байгаа юм бэ гэж асууж байсан шүү. Тэдгээр порфирийн ордуудыг хаана байгааг эрж, хайж олно. Мэдээж геологич хүний мэдрэмж, Монгол орны геологийн тогтцын шинж чанараар бол томоохон ордууд байх боломжтой гэдгийг л хэлж байсан юм. Ер нь геологийн шинжлэх ухаан нь судалгаан дээр үндэслэсэн таамаглалд хөтлөгдөж явдаг.
-Тэгэхээр Эрдэнэтийн дайны порфирийн орд нээхийн тулд тэр талын судалгааг та түлхүү хийж байгаа юу?
-Энэ бол геологич бүрийн зүрхэндээ тээдэг хүсэл.
-Байгалийн сайхныг мэдрэх зуураа түүний нууцыг тайлах аугаа боломж олгодог нь геологич гэх мэргэжлийн нэг сайхан нь болов уу. Монголынхоо үзэсгэлэнт газруудаар их явсан байх. Танд очиж үзээгүй газар бий юу?
-Миний хувьд ихэвчлэн зүүн аймгийн нутгуудаар явсан. Монгол орны нутаг дэвсгэрт очиж үзээгүй газар, танилцаагүй орд надад бараг байхгүй дээ. Социализмийн үед нэг газар томилдог байсан учраас тухайн хариуцсан төслөө дуусгаж, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд тус бүс нутгаасаа бараг хөдөлж болдоггүй байсан. Харин зах зээлийн нийгэмд бол хаашаа ч явсан чөлөөтэй. Тиймээс ардчилал хөгжсөнөөс хойш би Монгол орны нутгаар эрлийн ажил хийж их явсан. Би удахгүй чөлөөндөө гарна. Тэгэхээрээ л жинхэнэ өөрийнхөө зоргоор хөдөө хээрээр явъя гэсэн бодолтой байгаа.
ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫГ УЛСЫН БОЛООД ХУВИЙН ХӨРӨНГӨӨР ХОСЛУУЛАН ХИЙВЭЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ
-Та Монголын олон ордуудтай танилцсан. Тэдгээрээс аль нь геологийн тогтцынхоо хувьд таны сонирхлыг илүү их татаж байсан бэ?
-Гадаадын ордуудыг үзнэ гэхээсээ өмнө эх орныхоо газар нутаг, ордуудыг үзэж танилцъя гэсэн үүднээс их явсан. Тэгээд ч зардал мөнгө харьцангуй бага учраас сонирхсон газраа очиж үзэх боломжтой. Бүгд адилхан порфирийн орд байлаа ч геологийн тогтоц болоод бусад зүйлээрээ өөр бөгөөд нэгэн хэвд цутгасан юм шиг ижил байна гэж байхгүй. Тиймээс орд бүр сонирхолтой байдаг. Аль ч ордыг очиж үзэхэд өөр орчин, шинэ зүйлтэй учирдаг учраас геологич хүнд шинэ мэдлэг, мэдрэмж төрүүлж байдаг.
-Монголын газар нутгийн дийлэнх нь судлагдаагүй байгаа. Тиймээс цаашид геологийн ямар төрлийн судалгаа хийх шаардлагатай байна вэ?
-Уг нь социализмийн үед геологийн судалдаанд их мөнгө зарж, идэвхтэй ажилладаг байсан. Тухайн үед гадны тусламж ч их байлаа. Харин өнөө цагт улсын төсвөөр хийгддэг региональ суурь судалгаанд зарцуулах хөрөнгө мөнгөний боломж дутмаг байдгаас болоод санасан хэмжээнд хүрэхгүй байна. Ашигт малтмалын хайгуулыг хувийн хөрөнгөөр л хийж байна шүү дээ. Уг нь геологийн судалгааны ажлыг улсын болоод хувийн хөрөнгөөр хослуулбол илүү үр дүнтэй байх байсан. Ашигт малтмалын эрэл, хайгуулын ажил их эрсдэлтэй учраас үүнд төр засаг нэг их оролцоод байх шаардлагагүй. Харин региональ болон суурь судалгаанд төр засгаас хөрөнгө мөнгө зарцуулах ёстой.
-Геологич хүн ашигт малтмалын талаар судалгаа хийхдээ байнга эрдэнэс хайж байдаг. Харин таны хувьд геологичоор ажилласан өнгөрсөн хугацаанд өөртөө олсон эрдэнэсээ нэрлээч гэвэл юуг хэлэх вэ?
-Геологич хүн үргэлж шинэ юм эрж хайж явдаг. Үнэхээр үр ашигтай эрдэнэсээ олж чадвал ард түмнийхээ аж амьдралд тустай зүйл хийнэ шүү гэж бодож явдаг. Тиймээс аль болох геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, бусад салбарт хэрэгтэй хөрөнгө мөнгөнийхөө эх үүсвэрийг олох ёстой хэмээн бодож, зүтгэж явна даа.
-Геологийн эрэл хайгуул бол тэр чигээрээ эрсдэл дагуулдаг гээд хэлчихвэл дэгсдүүлсэн хэрэг лав болохгүй болов уу. Таны хувьд “Цахир толгой” ордыг олохоосоо өмнө нэлээд олон удаа эрлийн ажил хийж байсан байх. Хайгуул хийгээд юм гарахгүй тохиолдолд урам хугардаг уу?
-Ер нь юм гарахаасаа гарахгүй нь элбэг, хэцүү шүү дээ. Маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ч ашигт малтмал олохгүй байх тохиолдол түгээмэл. Гэхдээ нэг сонин зүйл нь миний хувьд эрэл хийгээд юм гарахгүй газар байна гээд орхиод явахад өөр нэг геологич ирээд судлаад ашигт малтмал олж болохыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр юм гарахгүй байлаа гээд тухайн газарт баялаг байхгүй гэсэн үг биш.
-Энэ нь юутай холбоотой байдаг юм бол?
-Олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Магадгүй хөрөнгө мөнгөний боломж тааруу байсан учраас судалгааг дутуу хийсэн байж болно. Эсвэл онолын хувьд буруу таамаг дэвшүүлснээс юм олохгүй байж болно. Нэг сонирхолтой жишээ ярья л даа. Бидний очиж үзсэн Оросын Уралын нурууны Сибайн ордыг 100 жилийн өмнөөс олборлож байсан. Гэтэл саяхан тэр ордоос хоёрхон км-ийн зайд шинэ орд нээжээ. Мэдээж ашиглаж байгаа орд учраас Сибайн эргэн тойрныг сайн л судалсан байж таарна. Тэгэхээр тааварлахын аргагүй л дээ. Цаг хугацааны явцад технологи шинэчлэгдэж, багаж төхөөрөмж сайжраад ирэхээр нэг газраас дахин өөр орд нээгдэх боломжтой болдог.
ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛЫН АЖЛЫН ГОЛ ТҮЛХҮҮР НЬ
ГЕОЛОГИЧ ХҮН ӨӨРӨӨ БАЙДАГ
-Монгол орны геологийн тогтоц асар олон үе давхаргатай. Тиймээс сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг ашиглан бүрэн утгаар нь судлах юм бол асар их баялаг олох боломжтой. Харин өнөөдрийн хувьд “Оюутолгой” орд газрыг нээсэн ч гэлээ таны түрүүний хэлсэн бусад порфирийн ордыг олоогүй байна. Тэгэхээр манайхан орчин үеийн дэвшилтэд технологиудыг худалдан авч төдийлөн ашиглаж чадахгүй байна гэсэн үг үү. Магадгүй үндэсний компаниудийн хувьд хөрөнгө мөнгөний асуудлын улмаас хүссэн техникээ авах боломж хомс байдаг байх?
-Геологи хайгуулын ажлын гол түлхүүр нь геологич хүн өөрөө байдаг. Геологич хүний толгойг ямар ч техник, технологи орлож чадахгүй. Бусад техник, технологи, аргачлал нь баялаг олохын тулд ашиглаж буй хэрэгсэл. Үзэг, цаас, харандаатай адилхан гэсэн үг л дээ. Мэдээж хэрэгсэл нь сайжрах тусам баялаг олох боломж нь нэмэгдэнэ. Гэхдээ техник технологи, аргачлал бол нэгдүгээр асуудал биш. Геологич хүн нэг орд илрүүлэхийн тулд маш олон арга аргачлалыг ашигладаг.
-Бөх хүнд мэх гэж байдагтай адил геологичид байнга хэрэглэж гаршсан аргачлал гэж байх уу?
-Тухайн ашигт малтмалын онцлогоос шалтгаалаад нэлээд тус дэм болдог аргачлал гэж бас байна. Эмч хүн тухайн өвчтөний оношийг тогтоохын тулд ганц шинжилгээ хийгээд бүрэн төгс тодорхойлох боломжгүй. Олон янзын шинжилгээ хийж байж тухайн өвчнийг баттай оношилдогтой адил геологич хүн олон арга аргачлалыг хослуулан хэрэглэж байж баялгийг олж нээдэг.
-Олон жил геологичоор ажилласан таны хувьд төчнөөн мянган км газрыг туулжээ гэсэн тооцоо байдаг уу?
-Миний хувьд өнгөрсөн хугацаанд төчнөөн км зам туулжээ гэж бодож байгаагүй юм байна шүү. Бид нэг жилд ойролцоогоор 40-50 мянган км замыг унаа тэргээр болон явган туулдаг. Ер нь их юм үзэж, олон газраар явж байж мэдлэг, туршлагатай болдог.
-Би Монгол Улсад нэг ийм юм хийж өгчээ гэж бахархдаг ажил тань юу вэ?
-Миний хувьд “Цахир толгой” цул сульфидийн ордыг нээсэн явдал. Үүнийг мөнгөн дүнгээр үнэлвэл бас нэлээд их тоо гарна шүү. Мөн Монгол Улсад Геологийн мэдээллийн сан байгуулах ажлын суурийг тавьж өгсөн. 1990-ээд оны эхээр миний бие Геологийн яаманд мэргэжилтнээр ажилладаг байлаа. Тухайн үед сайд нь З.Барс гэж хүн байлаа. З.Барс сайдын хувьд шинэлэг зүйлийг маш сайн хүлээж авна. Тиймээс миний Геологийн мэдээллийн сан байгуулах гэсэн санааг дэмжиж тус яамны ерөнхий нягтлан бодогч бид хоёрт 5000 ам.доллар өгч Сингапураас компьютер олж ир гээд явуулсан. Тэгээд бид 286 гэдэг хоёр компьютер, нэг принтер зэрэг нэлээд юм авч ирж байлаа. Ингээд геологийн ерөнхий мэдээллийг авч ирсэн компьютертээ оруулж эхэлсэн. Түүний дараа 1992 оноос энэ төсөл маань НҮБ-ын дэмжлэгийг авч өргөжсөн. Улмаар надад Геологийн мэдээллийн санг байгуул гэсэн үүрэг даалгавар өгч Улсын геологийн фонд руу томилсон. Ер нь геологийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил 20-30 жил үргэлжилнэ. Би мэдээллийн санг анх яаж үүсгэх талаар 20-оод институтэд хичээл заасан. Миний хувьд Монголд мэдээллийн санг бий болгох ажлын суурийг анхлан тавилцаж, зааж сургасан гэдгээрээ бахархдаг. Үүнийг ажил хэрэг болгоход НҮБ их тусалж дэмжсэн. Одоо ч гэсэн энэ ажил дэлхийн бусад олон орны тусламжтай үргэлжилж байна.
-Та үнэхээр үнэлж баршгүй гавьяа байгуулсан юм байна шүү дээ. Геологийн мэдээллийн сангаар дамжуулж л судалгааны ажлын мэдээллээ авч байгаа биз дээ?
-Монгол орны геологийн мэдээллийн сангаас хувь хүн, төрийн албаныхан, эрдэм шинжилгээнийхэн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид гээд бүх хүн мэдээлэл авдаг. Мөн би 1996 онд яамны зөвшөөрлөөр Монголын геологи, ашигт малтмалын тухай номыг анх удаа англи хэлээр бичсэн юм. Салбарын эрдэмтдийн бүтээлийг орчуулж, зарим хэсгийг нь би өөрөө бичсэн. Номоо Унгарт очиж хэвлүүлээд “гахайн”-д хийгээд үүрээд ирж байлаа. Хөрөнгө мөнгөний дутмагаас болоод маш цөөхөн хувиар хэвлэгдсэн “Guide to the geology and mineral resources of Mongolia” гэдэг ном маань тухайн үедээ гадаадын хөрөнгө оруулагчдын гол гарын авлага болсон доо.
-Та төрд төдийгүй хувийн хэвшилд ажиллаж байсан. Тиймээс дан хувийн хэвшилд ажиллаж байсан хүмүүстэй харьцуулахад төрийн бодлогыг арай өөр өнцгөөс хардаг байх. Ер нь геологийн салбарт төрөөс баримталж буй бодлогод ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай улсын хувьд геологи, уул уурхайн үндэсний бодлого гээч зүйл огт алга. Гол асуудал нь энэ. Үндсэн бодлого байхгүйн улмаас сонгууль бүрийн дараа сайд дарга нар солигдох бүрт баримтлах бодлого нь өөрчлөгддөг. Тиймээс геологи, уул уурхайн салбарт төрөөс баримтлах үндсэн бодлогыг сайтар боловсруулж гаргах нэн шаардлагатай байна. Цаг нь ч болсон. 1990 оны эхээр Ардчилсан нийгэмд шилжиж олноороо хэлэлцэж байгаад Үндсэн хуулиа баталсан шүү дээ. Яг үүн шиг геологийн салбарт баримтлах бодлогоо гаргамаар байна. Уг нь энэ ажлыг хийхэд тийм ч хэцүү биш. Геологийн салбарыг хөгжүүлж байж тэндээс олсон мөнгөөрөө бусад салбараа тэтгэнэ. Гэтэл гол салбар нь нэгдсэн бодлогогүй байгаа нь надад үнэхээр харамсалтай санагддаг. Нэлээд хэдэн жилийн өмнө төр засгийн зарим хүмүүс үзмэрч дагуулаад орд хайхаар явж байсан гэж сонссон. Ийм зүйл байж болохгүй байх. Тэгэхээр үндсэн бодлогодоо юу хийж болох, болохгүй гэх мэт асуудлыг тусгаж өгөх ёстой. Мөн Монгол Улсын хуулийн дагуу хувийн компани өөрийнхөө хөрөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулж олсон үр дүнг улс булааж авна гээд “Ашигт малтмалын тухай хууль”-нд зааж өгч болохгүй биз дээ. Энэ мэт байж болшгүй зүйлийг халах хэрэгтэй. Газрын баялаг бол ард түмний өмч гээд “Үндсэн хууль”-нд заасан. Тэрхүү баялаг гэж яг юуг нэрлээд байгаа юм, баялаг нь хаана байгаа юм бэ гэдгийг тодруулж, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод геологичдийг судалгаа хийхээр очиход нутгийн иргэд та нар ард түмний өмчийг сүйтгэх гэж байна гээд эсэргүүцдэг. Уг нь газар доорх баялгаа тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж олборлож, мөнгө болгосноор ард түмэнд үр өгөөжөө өгөх юм шүү дээ. Тэрнээс газар доорх баялаг нь шууд утгаараа ард түмний өмч биш. Улсын санд ашигт малтмалын татвараас орж ирсэн мөнгө чинь ард түмний баялаг, өмч юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Гэтэл ард түмэн геологичдоос өмч, баялгаа нэхдэг. Энэ мэт энгийн зүйлийг ойлгуулж, үндсэн бодлогодоо тусгаж өгөх хэрэгтэй юм. Бид олон жил хэрэлдлээ, одоо энэ талаар өргөн мэдлэгтэй боллоо. Уул уурхайг мэдэхгүй хүн ч гэж алга. Энэ мэт тогтворгүй бодлогын улмаас дөрвөн жил тутамд гадаадын хөрөнгө оруулагчдыг зайл гэж хөөж байна. Ер нь УИХ-ын сонгуулийг 10 жилд нэг удаа хийвэл зүгээр юм уу гэсэн бодол хүртэл төрөх юм. Богино хугацаанд хэтэрхий улстөржсөний улмаас тогтвортой ажиллах нөхцөл бүрдэхгүй байна. Сонгууль болохоор улстөрчид ард түмэндээ жигтэйхэн хайртай болох юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг нутгаасаа хөөж гаргана, баялгаа бид өөрсдөө эзэмшинэ гэж ухуулж байгаад л УИХ-д гарч ирнэ. Тэгээд сонгууль дуусч мөнгөгүй болохоороо хөрөнгө оруулагчид минь хүрээд ирээч гээд гуйгаад байдаг. Нэг бол хөөгөөд, эсвэл ирээч гээд гуйгаад байхаар нэгэнт гараад явсан гадны хөрөнгө оруулагчид юу гэж амархан орж ирэх юм бэ. Ийм тогтворгүй бодлоготой улс орноос дайжина биз дээ. Сонгуульд ялсан улстөрч, сайд дарга бүхэн өөр өөр зүйл ярьж байна. Зарим нь бүр одоо Монголд геологи, уул уурхайг хөгжүүлэх шаардлагагүй, Тавантолгой, Оюутолгойгоо ашиглахад л болно гэх юм. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй байна шүү дээ. Үнэхээр геологи хэрэггүй болчихсон юм бол геологичид бид бас ар амьдралаа бодмоор байна.
“ТОЛГОЙ” БОЛСОН ГЕОЛОГИЙН САЛБАРАА ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө Геологийн алба байгуулахаар тусгаж, ажил хэрэг болох гэж явна. Геологийн албатай болсноор энэ салбарын бэрхшээл үгүй болно гэх юм. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?
-Уг нь геологи, уул уурхайн салбараа хөгжүүлж түүнээсээ олсон мөнгөөрөө бусад салбараа хөгжүүлэх ёстой юм шүү дээ. Ямар ч байсан “толгой” болсон геологийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд системтэйгээр хөгжүүлэх ёстой. Зарим хүмүүс эрдэс баялгаа олборлох хэрэггүй, хадгалах хэрэгтэй гэх юм. Ингэж ярьж байгаа хүмүүсээс эрдэс баялгаа ашиглаад траншейнд өлмөн зэлмүүн амьдарч буй хүмүүсийнхээ амьдралыг сайжруулмаар байна, тиймээс ашиглах хэрэгтэй юм биш үү гэж асуумаар санагддаг юм. Газар доорх баялгаа ашиглаж хөгжилд хүрсэн Монгол орныг дараагийн үедээ хүлээлгэж өгөх хэрэгтэй биз дээ. Энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс яагаад хохирох ёстой юм бэ.
-Монголын геологийн салбар хөгжлийнхөө ямар шатанд явж байна гэж та боддог вэ?
-Уг нь социализмийн үед геологийн бодлоготой байсан юм. Харин одоо үнэндээ алга. Бодлого байхгүй болохоор хаашаа, яаж хөгжихөө мэдэхээ байсан. Тиймээс хамгийн түрүүнд бодлогоо боловсруулах хэрэгтэй. Тэгснээр тогтвортой ажиллах боломжтой болно. Ер нь цаашид геологи хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг хэлээд өгөх хэрэгтэй байна шүү дээ.
-Цаг зав гаргаж ярилцсанд тань баярлалаа. Таны цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Өнөөдрийн хувьд хөрөнгө оруулагчид маань гараад явчихсан. Миний хувьд бусад геологичидтойгоо адилхан “лааз өшиглөөд” л явж байна. Дашрамд хэлэхэд, одоогоор ашигт малтмалын судалгаа хийх мөнгө Монголын төрд алга, геологичдод бүр ч байхгүй. Үндэсний компаниуд маань уул уурхайн компани болохоор зүтгэж байгаа боловч хөл дээрээ босч чадаагүй байна. Тиймээс геологичид бидний ихэнх нь гадаадын хөрөнгө оруулагчдыг даган амь зууж явна. “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу гадаадын хөрөнгө оруулагчдын олсон үр дүнгээс Монголын төр хуваалцдаг болохоор бид Монголын ард түмний төлөө зүтгэж байна л гэж боддог. Удахгүй эрх баригчид маань үндсэн бодлогоо тодорхойлоод асуудлыг шийдвэрлэж, Монголчууд бид өөрсдийнхөө төлөө ажиллах цаг үе ирэх байх.
Ахмад геологичийн хувьд залуучууд та бүхэн идэвх зүтгэл гаргаж ийм сайхан сэтгүүл гаргаж байгаад баяртай байна. Үйлдвэрлэл дээр ажилладаг энгийн геологичдод зориулсан “Хайгуулын мэдээ” сэтгүүл надад маш их таалагдсан. Та бүхний ажилд амжилт хүсье.
Д.ОЮУНЖАРГАЛ
Гана
dd