НИНЖАГИЙН МАЛ АЖ АХУЙ АЙСУЙ
Бэлчээрээ гамнаж, сайхнаар нь байлгаж чадвал тэр нүүдлийн мал аж ахуй, бэлчээрээ цөлжүүлж уралдаж идэх л юм бол тэр нинжагийн мал аж ахуй. Хяналтгүй, хууль дүрэмгүй, хөлсний малчид механик техникээр уулгалан дайрч, эцэст нь хил хязгааргүй цөлжсөн нутаг үлдээх нь нинжагийн мал аж ахуй биш гэж үү?
Социализмын үед малчин өрх 90 мянга, малын тоо 20 сая орчим байснаа өдгөө малчин өрх 160 мянга, харин мал 70-80 саяд хүрчээ. СССР –ын асар их өр зээлийн 80-90 хувийг зөвхөн мал өсгөхөд зориулаад ч монголын мал өнөөгийнх шиг айхавтар өсөж байгаагүй. Шалтгаан нь хүний мөн чанараас л үүдэж буй, угаасаа нэгдлийн /бусдын/ малыг өсгөх гэж хэнхэглэх малчин байхгүй. Зөвхөн мал өсгөх гэлтгүй ер нь ямар ч социалист өмчийг хэн ч хайрлаж, хямгадахгүй нь практикаар нотлогдсон үнэн л дээ. Харин зах зээлд шилжиж, төр засаг мал хувьчлаад орхисон чинь харин арав хүрэхгүй жилийн дотор 20 сая мал 30 сая болоодхов, ямар ч ЗХУ тусламж, нэгдэл сангийн аж ахуйн оролцоогүй, хүчтэй ган зуд хэд хэд нөмөрсөн, зах зээлийн шилжилтийн тарчиг цагт шүү дээ! Нэгдэл сангийн аж ахуй тарж, аймаг сумын контоорын олон хүн ажилгүй үлдэж, зарим нь наймаа хөөж зарим нь мал дээр гарч малчдын тоо ч өсөв. Улмаар 2007 онд 40 сая дахь малаа тоолж Н.Энхбаяр дарга ТВ –ээр бахдан ярьж билээ. Малаа амжилттай өсгөсөн малчид маань 2000–аад оны эхээр бол улс ард түмнээ өлсөхөөс аварсан баатрууд байсан нь үнэн юм шүү. Тиймээс ч мянгат малчин цол шагнал бий болсон. Харин өдгөө нөхцөл байдал шал өөр. Зах зээлийн хүнд үеийг давж, хонь малаа хамаг чадлаар өсгөх гэж улайрахдаа бид хамгийн энгийн мөртлөө хамгийн чухал нэг зүйл анзаарсангүй. Нүүдлийн мал аж ахуйн жинхэнэ үнэ цэнэ нь малдаа биш, 40 төрлийн ургамал ургадаг байсан /өдгөө 10-20 төрөл болж цөөрсөн/ бэлчээртээ байгаа гэдгийг мартжээ.
Бэлчээрийг жимсний буттай зүйрлэбэл мал нь түүнээс жил бүр ургадаг жимс төдий юм. Нэг жил бүх жимсээ шувуунд идүүлж ч болно, гэхдээ дараа жил жимс дахиад л ургана. Монголын хамаг малыг нядлаад зарсан ч төдөлгүй буцаад л өснө, харин бэлчээр нэг цөлжвөл дахиж сэргэхгүй. Жимсний бутаа шатаачихвал дахиж ургуулах гэж олон жил, маш их хөдөлмөр шаардахтай ижил. Зүйрлэбэл мянгат малчин шагнана гэдэг нь 10 литр жимс түүсэн хүнийг л шагнаад байгаа юм. Хэрвээ тэр жимсний бут эзэнгүй бол бүгд жимсээ уралдаж түүнэ, яарч өрсөх гэсэндээ мөчир салаатай нь зулгаана, эцэстээ жимсний бут үхнэ. Зах зээлд шилжсэн өлсгөлөн үедээ бид жимс түүхдээ хэт анхаараад, жимсний бут арчлах асуудал нь таг орхигджээ.
Бэлчээр доройтож буй талаар бүгд ярьдаг, маш аймшигтай статистик тооцоог бүгдээрээ л мэддэг. “Морио гэрийн ойролцоох дэрсэнд цулбуураар нь уячихдаг, явахдаа дэрсний толгой илбэж, нүүх болгондоо өнчин гадас ч үлдээхгүй бууриа цэвэрлэн, жилдээ дөрвөөс таван удаа нүүж бэлчээр сэлгэдэг байж билээ хэмээн..” хууччуул хөөрнө. Харин өнөө цагт зүлэг ногоо халцарч тагжраад, суларсан хөрс хунгарлаж, энд тэнд элсэн довцогууд үүсч, ургамал ногооны төрөл цөөрч, голын ус шимэгдэн нэг л өнгө сүргүй. Бага байхад хөдөө очиход нэг л гоё хивс шиг ногоон зүлэг байдагсан, одоо халцархай онгорхой шарилж лууль ханхалсан харшил сэдэрмээр тал хээр зонхилох гээд байгааг бүгдээрээ л анзаарч буй байх.
Ховд аймгийн Дөргөн суманд өвөлжөөний туршилтын жижиг талбайд бэлчээрийн даацад тохирсон мал, гадна талд малын тоог хянахгүй бэлчээсэн байдал. Туршилтын жижиг талбай 3 жилийн дараа ингэж сэргэжээ
Асуудалд хандах өнгөц дүгнэлт олон. Бэлчээрийн зохицуулалт ярихаар “Нүүдлийн мал сөнөнө, бүтэхгүй” гэж таамгаар эсэргүүцэх нь бий. Эсвэл бүр туйлширч, Өвөрмонгол шиг болцгоох гэнэ. Бэлчээрийн даацтай уялдуулж идээшлүүлэх малын тоог хоног улирлаар нь хэрхэн арчлахыг малчид өөрсдөө сайн мэднэ. Шинэ арга технологи ч олох гээд байгаа юм биш, хуучин уламжлалаа сэргээх тухай л юм. Өвөлдөө ямар байхыг зундаа тандаж, өөх махан таргыг хэрхэн тэнцүүлж, өвөлжөө хаваржаа зуслан намаржаагаа тэнцвэртэй сэлгэж, хэдийд хэрхэн ашиглахаа мэдэж уян хатан амьдардаг малч чанараа эргэн сэргээх тухай л асуудал юм. Урьд нь гурван хонь идэж байсан бэлчээрт одоо хорин ямаа идээшлэж байгааг захын малчид ч, орон нутгийн удирдлагууд ч уг нь мэднэ. Асуудлыг олж хараад, малчид нь айл саахалтаараа нэгдэж зохион байгуулагдан, бэлчээрээ хуваарьтай амраан ашиглаж, нутаг усаа хайрлан малын тоонд бус чанарт анхааран ажиллаж байгаа зарим сум бий нь бий. Бэлчээр нь сайхан сэргэг, монгол өвс ихтэй Ховдын Дуут, Увсын Зүүнговь, Завханы Тэс, Сантмаргац, Архангайн Цахир сумдыг судлаачид дурдаж байна. Харин мянга мянгаараа малаа өсгөөд бэлчээр нутагаа дов болтол нь идсэн өмхий өвс шарилжаар дүүрсэн нутаг бэлчээртэй болсон сумд тэрнээс хэдэн арав дахин олон нь харамсалтай.
Гэхдээ асуудал ямаандаа ч биш, мотоциклондоо ч биш хүн хоорондын харилцаанд л байгаа юм. Нэг нь бэлчээрээ гамнаж байхад хажуудах нь гамнахгүй бол яах вэ? Сум багаараа овоо сайхан нэгдэж, бэлчээрээ чадан ядан сэргээж байтал нэг ганган жийптэй нөхөр 5000 ямаа, хурдны хэдэн азарга адуу туугаад ирвэл яах вэ? Ташуурдаад хөөх үү? Бэлчээр хамгаалах эх оронч үзэл зааж аргадах уу? Нөгөө талаас, үнэхээр зуд болоод отор хийх гээд очтол өөдөөс хөөж ташуурдаад байвал яах вэ? Ямар нэг зохицуулалт, хууль дүрэмтэй байхыг малчид өөрсдөө үнэхээр хүсэж буй ажээ. “Ногоон алт” төслийн судалгаагаар 2010 онд малчдын тал нь л бэлчээрийн хууль хэрэгтэй гэж ойлгож байв. Яваандаа 2016 онд хийсэн судалгаагаар малчдын 70 хувь нь, 2018 онд бүр 80 орчим хувь нь бэлчээрийн хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн байна. Яг одоо ихэнхи газар бэлчээрийн өвсийг хэн нь олон мал оруулж, хэн нь түрүүлж идэх вэ гэдэг уралдаан л явагдаж байна. Энэ “зэрлэг социалист” уралдааныг зохицуулах нь гарцаагүй төр засгийн үүрэг. Бүр Чингис хааны үед ч адуу малын бэлчээр нутаг, малчдын ажил үүргийг зохицуулах заалтыг Их Засаг хуулинд тусгаж, газарчин гэж мэргэжил бий болгож байсан түүхтэй.
Энэ эрчээр үргэлжилбэл нүүдлийн мал аж ахуй биш нинжагийн мал аж ахуй л манайд үлдэх нь. Мэдээж морио уна, мотоциклоо боль гэвэл тэнэг хэрэг. Харин ч малчид илүү тохитой аж төрж, тохитой чиргүүлд боловсон 00 душтэй болох нь цаг хугацааны асуудал биз. Хамгийн гол нь бэлчээрт хэрхэн хандах вэ гэдэг л юм. Бэлчээрээ гамнаж, сайхнаар нь байлгаж чадвал тэр нүүдлийн мал аж ахуй, бэлчээрээ цөлжүүлж уралдаж идэх л юм бол тэр нинжагийн мал аж ахуй. Хяналтгүй, хууль дүрэмгүй, хөлсний малчид механик техникээр уулгалан дайрч, эцэст нь хил хязгааргүй цөлжсөн нутаг үлдээх нь нинжагийн мал аж ахуй биш гэж үү? Уул уурхайг нөхөн сэргээгдэхгүй баялаг л гэдэг, цөлжсөн бэлчээр ч бас нөхөн сэргээгдэхгүй баялаг биш гэж үү?