В.Ганзориг: Яагаад хүмүүс бие биенийхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

Х.Номингэрэл: Бид хамтдаа амьдарч байгаа л юм бол бие биенийхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ингэж чадахгүй ууланд очоод ганцаараа амьдрах сонголт хийх хүн ховор. Хот, нийгэм, улсын хувьд хамтарч чадахгүй бол наад зах нь эдийн засгийн талаас үр ашиггүй. Ёс суртахууны үүднээс ч тэр аз жаргалтай, амар амгалан, тайван сайхан амьдарч, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бие биеийнхээ ялгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог. Дэлхий, хүн төрөлхтний олон мянган жилийн түүх бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй бол ямар аймшигтай үйл явдлууд болдог гэдгийг харуулдаг. Хүлээн зөвшөөрч чадсан мөчөөс эхлэн аз жаргалтай, энх тайван, сайн сайхан амьдрал тогтож байсан. Энэ бол өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний олж авсан ухаарал. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


О.Байгаль: Бид биесээ хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч үүнээс улбаалан үүсэх олон талын сөрөг нөлөө, эрсдлийг тооцох, урьдчилан сэргийлж удирдах ёстой болно. Энэ шийдлийн гаргалгаа нь эргээд л бид нар бие биенээ хүлээн зөвшөөрөх, бусаддаа тэгш боломж, ижил гараа бий болгох дээр очдог. Ард үлдсэн хүн хэзээ ч зүгээр суудаггүй. Ямар нэг байдлаар хэн нэгэн, эсвэл нийгмийн хэсэг бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй, нийгмийн гадны үлдээснээр тэр хүмүүст сөрөг зүйл хийх сэдлийг л төрүүлэхээс бус ямар ч нөхцөлд сайн сайхан зүйлд хүрдэггүй. Эцсийн бүлэгт энх тайван, сайн сайхан амьдралын гол шалтгаан бол ердөө бие биенийнхээ ялгаатай талыг хүлээн зөвшөөрөх юм. 

В.Ганзориг: Манай хоёр зочин бүсгүй хүйсийн тэгш эрхийн талаар нэлээд чанга дуугарч, идэвхтэй ажилладаг. Энэ тал дээр манай нийгэмд хэр үр дүн гарч байна вэ?

Х.Номингэрэл: Би жендерийн тэгш эрхийн чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд амжилт, ахиц дэвшил гарсан. Жишээ нь, хууль тогтоомж, бодлогын баримт бичиг гээд дурдаж болно. Үүнд төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн хүчин зүтгэл, төрийн дэмжлэг аль аль нь бий. Энэ хэрээр нийгмийн хандлагад багагүй эерэг өөрчлөлт гарсан. Би твиттерт ороод 11 жил болсон байна. Өнөөдрийг тэр үетэй харьцуулахад жендерийн сэдэв хөндөгдөхөд маш хурдан хүлээж авдаг болсон. Өмнө нь хэрэлдээд, хэлэлцээд, би дунд нь үзэж тардаг байлаа. Одоо зөвхөн жендер төдийгүй ялгаатай талыг хүлээн зөвшөөрөх сэдэв хөндөгдөхөд мэдрэмжтэй байр суурь илэрхийлдэг хүмүүс маш олон болсон. Ялангуяа залуучууд. Нөгөө талаас бодитой тоо баримтууд харахаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд болон бусад бүлгийн оролцоо хангалттай биш хэвээр байгаа. Ахиц гарч байгаа хэдий ч удаан байна. 

О.Байгаль: Манай байгууллага бизнесийн салбарын эдийн засгийн өгөөжийг өсгөхийн тулд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг нийгэмд түгээх, урам зориг өгөх чиглэлээр ажилладаг. Монгол дахь салбар маань байгууллагдаад дөрвөн жил болж байна. Үндсэн байгууллага 1992 онд байгуулагдсан бөгөөд Австралид төв оффис нь байдаг. Яг 25 жилийн өмнө эмэгтэйчүүдийн анхны чуулга уулзалт Бээжин хотод болж, энэхүү чуулганаас гарсан тунхаг бичгийн хүрээнд Generation Equality буюу үе хоорондын тэгш байдлыг хангах уриалга гарсан. Манай байгууллага үүнийг үндсэн зарчмаа болгон ажилладаг. Энэ уриалгын хүрээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг ухамсарлах том концепт явдаг. 2021 оны хувьд ковидтой холбоотойгоор эмэгтэйчүүдийн манлайлал дээр онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. 

Энэ тал дээр төрийн хүлээх үүрэг гээд ярьвал нэлээд ахиц дэвшил гарч байгаа. Бид бизнесийн үндсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ нь ажил олгогч, ажилтнаар дамжаад хэрэглэгчид хүрч байгаа үйл явц ямар нэгэн хүний эрхийн зөрчилгүй, болзошгүй зөрчлөөс хамгаалагдсан эсэх, тухайн бизнес өөрөө хүний үндсэн эрх, жендерийн тэгш байдал, хүүхдийн эрхийг хамгаалж чадаж байгаа эсэхийг анхаарч ажилладаг. Мөн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх чиглэл рүү бас ажиллаж байна. Бизнесийн салбарт эмэгтэйчүүд манлайлал үзүүлээд буй мэт харагддаг боловч цөөн хэдхэн хүний хүрээнд эргэлддэг. Яг удирдлагын түвшинд хүйсийн тэгш эрх лоозонгийн чанартай хэвээр байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд компаниуд, ялангуяа том корпораци, топ аж ахуйн нэгжүүд төлөөлөн удирдах зөвлөл дотроо хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг болсон. Жендер гэдэг үгийг эмэгтэй хүн гэж ойлгоод байдаг. Үнэндээ хүйс гэдэг утга шүү дээ. Энэ мэт хэвшмэл ойлголтоо бид халах ёстой. Түүнчлэн феминизм гэдэг нь аль нэг хүйсийн давамгайллын тухай биш, харин хүйсийн тэгш эрхийн тухай ойлголт шүү гэдгийг энд онцолж хэлмээр байна. 

В.Ганзориг: Ялгаатай хөгжилтэй иргэдийн эрхийг хангах чиглэл өнгөрсөн хугацаанд ямар ололт амжилт гарав? Өнөөдөр тулгамдаад байгаа хамгийн том асуудал юу байна?

Ч.Ундрахбаяр: “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийг үүсгэн байгуулалцаад 10 гаруй жил боллоо. Саяхнаас Ерөнхий сайдын дэргэдэх бодлогын зөвлөлд ажиллахаар болсон. Би гэмтэл авч хөгжлийн бэрхшээлтэй болоод 20 гаруй жил болж байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг 20 жилийн өмнөхтэй харьцуулбал олон ахиц дэвшил гарсан. Сайн тал нь хууль эрх зүйн орчин бүрэлдэж, бидэнд хамааралтай маш их бодлого шийдвэр гарсан. Гэхдээ ихэнх нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаа нь өнөөдрийн хамгийн том тулгамдсан асуудал болсон. Бид байгууллагаа үүсгэн байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүс хоорондын ялгаатай байдлыг арилгах зорилго тавьсан. Үүний тулд бид өөрсдөө идэвхтэй, нийгмийн оролцоотой байж, бусдад үлгэрлэн харуулах ёстойг ойлгосон. Бид бие биенийнхээ ялгаатай байдлыг заавал хүлээн зөвшөөрөх ёстой. Яагаад гэдгийг нь энэ бүх нөхцөл байдлыг биеэрээ даван туулж буй миний амьдрал, ажил, туршлага ойлгуулж чадах болов уу.

В.Ганзориг: Equity, Equality, Diversification, Inclusion гээд ялгаж орчуулахад төвөгтэй олон гадаад үг энэ салбарт яригддаг. Эдгээр нэр томъёоны утга, агуулгын талаар асуумаар байна.

Ч.Ундрахбаяр: Энэ яах аргагүй асуудал болдог. Хүний эрхийн холбогдолтой хууль, эрх зүйн орчин бүрэлдэхийн хэрээр хуулийн нэр томъёог амьдрал дээр буулгах асуудал үүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц 2006 онд батлагдахад Монгол улс 2009 онд нэгдэж орсон. Энэ конвенцийн утга, агуулгыг орчуулаад албан ёсны болгож хэрэглэсэн. Нэр, томъёоны орчуулгын хувьд маргалдах асуудал одоо ч гэсэн байдаг. Үүний нэг нь Social equality, equity гэдэг үгс. Ганц нэг онцлог үгсийг заавал монгол хэл руу орчуулахгүй хэрэглэх нь зөв юм биш үү гэж бид хоорондоо ярьдаг. Peer counseling гээд олон улсад байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маш чухал үйлчилгээг Зөвлөлдөөн гээд орчуулсан байдаг. Гэтэл утга нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ижилхэн бэрхшээлтэй хүмүүстэйгээ ярилцаж, бие биеэ дэмжин нийгмийн амьдралд оролцох тухай юм. Иймэрхүү үгсийг орчуулахгүй хэрэглэсэн нь дээр гэж гадны нэг зөвлөх хэлж байсан. 

В.Ганзориг: Саяхныг хүртэл хууль дээр тахир дутуу иргэн гэж бичдэг байв. Сүүлдээ хөгжлийн бэрхшээл болсон. Гадаадын улсууд хөгжлийн бэрхшээл гэдэг үгнээс татгалзаад ялгаатай хөгжил гэж ярьж бичдэг болсон. Энэ мэтээр олон нийт хандлага, сэтгэл зүйгээ өөрчилж байж амьдрал дээр тэр хууль нь амжилттай хэрэгждэг бололтой юм билээ.

Ч.Ундрахбаяр: Яг наадах чинь. Шууд орчуулахаас илүүтэй амьдралд яаж хэрэглэгдэж байгааг нь дагаад нэр томьёогоо хуульчилбал их зүгээр.

Х.Номингэрэл: Үгтэй хамт янз янзын утга явдаг. Тухайн утгыг сөргөөр хүлээн авах байдлаар орчуулбал хуулийн үзэл баримтлал дээр бууж чадахгүй. Social equity гэдгийг нийгмийн тэгш боломж гэж би ойлгож байгаа. Энэ бол Justice буюу шударга ёсны нэг хэлбэр. Харин Equality гэдгийг тэгш байдал гэж орчуулаад хэвшиж байна. Энэ бол эрхийг тэгш хуваарилах утга биш, түүнээс өргөн ойлголт юм. Тухайлбал, байгалийн баялаг энэхүү тэгш байдал гэдэг утга дотор орж болно. Хууль тогтоомжийн түвшинд тэгш эрхийн тухай асуудал харьцангуй сайн буусан ч амьдрал дээр хангалттай хэрэгжихгүй байгаа гэж Ундрахбаяр дурдсан. Санал нэг байна. Үүний шалтгаан нь тэгш эрх ба тэгш боломжийн ялгаанд оршиж байгаа юм. Тэгш байдал гэдэг нь уламжлалт Аристотелийн ойлголт буюу ижил нөхцөлд байгаа хүмүүст ижил ханд гэдэг концепт. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж дээр нэг тийм лоозонгийн шинжтэй та нар тэгш шүү гээд зарлаад орхисон. Гэтэл амьдрал дээр тэр тэгш стандарт руу нь хүрэхийн тулд ялгаатай хүн бүр өөр зам туулах болдог. Ийм өөр нөхцөлд, ийм өөр боломж дунд байгаа хүмүүст эрхийг нь бодитой хуваарилж эдлүүлэхийн тулд л Equity буюу тэгш боломж, нөгөө талаасаа шударга ёс гэдэг концепт үүссэн.

Гэхдээ бид яг одоо тэгш байдал, шударга ёсыг нийгмийн бүх баялгийг бүх хүнд тэгш хуваарилах тухай ерөөсөө яриагүй шүү. Харин хэзээ, юуг, ямар нөхцөлд тэгш хуваарилах, ямар нөхцөлд тэгш бус хуваарилагдсан нь харин ч шударга юм гэдгийг ялгах ёстой юм. Яагаад гэвэл шударга ёсны нэг утга нь тэгш хуваарилах тухай байдаг. Ямар ч байсан хүний эрхийг тэгш хуваарилах нь зөв. Энэ эрхийг олон улсын гэрээ конвенц, үндсэн хууль, бүх хууль тогтоомжоор баталгаажуулсан. Харин ажлын байрны эрх, албан тушаал хуваарилалт, эсвэл тодорхой нийгмийн баялгуудыг хуваарилах гэж байгаа бол ямар тохиолдолд тэгш хуваарилбал шударга юм, эсрэгээрээ ямар нөхцөлд тэгш бус хуваарилах нь шударга юм гэдэг нь магадгүй улс төрийн том концептийн ялгаа болох байх. 

В.Ганзориг: Том ба жижиг компанийн ялгаа, хот ба хөдөө гээд бизнесийн эрх дээр энэ асуудал бас адилхан яригдах ёстой байх, тийм үү?

О.Байгаль: Монгол Улс дөрөвдүгээр сарын 29-нд Бизнес ба хүний эрх гэдэг хөтөлбөрт албан ёсоор нэгдэн орсон. Энэ хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжиж, бид үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болох юм. Энэ ажлыг Гадаад харилцааны яам манлайлж байгаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр Азийн 10 улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улс долоо дахь улс болж орж чадсан. Европын холбоо энэ хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа. Бизнес ба хүний эрх гэдэг энэ ойлголт компанийн нийгмийн хариуцлагаас давсан ухагдахуун. Бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ нь аливаа зүйлээр дамжсан ямар нэгэн хүний эрхийн зөрчил гаргах ёсгүй гэсэн үг. Ийм эрсдлийг урьдчилан тооцож, хянан удирддаг. 

Сүүлийн үеийн жишээнүүдийг бид харж байна. Shell компанийн Нигери улсад үйл ажиллагаа явуулдаг охин компани нь бизнес ба хүний эрх зөрчсөн гээд шүүхээр шийтгүүллээ. Н&M, Gucci Шинжаан дахь түүхий эд бэлтгэлийн сүлжээ нь хүний эрхийн зөрчилтэй, орчин цагийн боолчлолын шинжтэй байна гээд тэр том Хятадын том зах зээлтэй хамтран ажиллахаа зогсоож байна. Дэлхий даяар ийм кэйсүүд гарч байгаа нь бизнес ба хүний эрхийн хөтөлбөрийн нэг хэлбэр, үр дүн нь гэсэн үг. Үүгээр дамжуулаад тэгш эрх, тэгш боломж, шударга ёс, ёс зүйтэй, хариуцлагатай бизнес гээд энэ бүх асуудлууд яригддаг. Наад захын жишээ нь өндөр, том барилга барихдаа хэнийг ч ардаа үлдээхгүйн тулд дэд бүтэц, орц, гарц хийх, ямар ч хүн хүртээмжтэй ажиллаж, амьдрах бүхий л орчныг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй, тэрэгтэй хүүхдээ түрээд явдаг гэр бүлд ээлтэй байх ёстой болсон. Нийгмийн бусад бүлгийнхээ хүмүүсийг үйлчлүүлэх, орох боломжийг хязгаарлаж болохгүй. Янз бүрийн бараа бүтээгдэхүүний реклам, сурталчилгаагаар дамжуулаад цаасан дээр байдаг хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг олон нийтэд хэрхэн хүргэх, үүнийг тулд бүтээлч үйлдвэрлэлийн салбар, контентоор дамжуулаад бизнес ба хүний эрхийг нийгэмд ойлгуулах гэх мэт олон зүйлийг ярьж болно. Бизнес ба хүний эрхийн хөтөлбөр бол аливаа бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь тэгш боломж, тэгш эрх, хүний эрхийг хангаж, тухайн байгууллага энэ чиглэлийн хариуцлага хүлээж, хамгийн гол нь энэ хариуцлага тогтвортой байх орчныг бүрдүүлэх хөтөлбөр юм. 

Энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил нийлсэн 60 хүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Бизнесийн байгууллагууд дээр очоод бизнес ба хүний эрх, хүүхдийн эрх, жендерийн асуудал гэх мэт нийгмийн бусад бүлгийн асуудлуудыг ярихлаар нэмэлт ажил эсвэл тэдэнд хяналт тавих гэж байгаа юм шиг албадлагын чанартай мэт ханддаг нь ажиглагддаг. Зүй нь танай бизнесийн үйл ажиллагаа хүний эрхийн ямар нэгэн зөрчилгүй гэдгээ нотолж чадвал бизнесийн тэлэлт, шинэ боломж, нөгөө талдаа орчин цагийн өөрчлөгдөж байгаа нийгэм, залуучуудын хандлага, ойлголт, мэдлэгтэй хөл зэрэгцэн алхах тухай асуудал юм. Хэрэглэгчид ингэж хурдтай хөгжиж байхад хуучин уламжлалт хэв маягаар тэдэнд хандахаар хүний эрх зөрчиж байгаа, бараг нөгөө хүндээ дарамт учруулж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг болсон. Тэгэхээр энэ бол ерөөсөө албадлагын эсвэл хүчилж байгаа, хуульчилж байгаа асуудал биш шүү. Харин компани чинь дэлхийн бусад компанитай хөл нийлүүлээд дараачийн түвшинд хөгжиж, зах зээлээ тэлэх, экспортоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж юм. 

В.Ганзориг: Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ид болж байна. Алдартай тоглогчид кока колаг яагаад байна вэ?

О.Байгаль: Брэндийн нүүр царай гэж байдаг. Сүүлийн үеийн тэд яг тухайлсан бараа бүтээгдэхүүнийг сурталчлахаас илүүтэй нийгэмд зөв зохистой зүйлийг танин мэдрүүлэх хандлага руу хүчтэй шилжсэн. Тухайлбал, Холливүүдэд гэр бүлийн харилцааны зохисгүй үйлдэл гаргасан жүжигчидтэй хамтран ажиллахаас татгалзаж байна. Цаашилбал том хөдөлгөөнүүд дэлхий даяар өрнөдөг боллоо. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн нүүр царай болсон алдартнууд сахарын өндөр агууламжтай, эсвэл хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, жендер хүний эрхийн зөрчилтэй компанийн бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглохгүй байхыг эрмэлздэг хандлагатай болчихсон. Энэ бол нийгмийн нөлөөлөгч хүмүүс бидний энд яриад байгаа тэгш эрх, тэгш боломжийг сурталчилж байна гэсэн үг. Нөгөө талдаа бизнесүүд маань анхнаасаа л зөв байх ёстой гэдэг ойлголт юм. 

Хувийн хэвшил компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд гээд ажлууд хийдэг боловч энэ хүрээнээс гадуур ямар ажил хийдэг юм бэ гэж бид асуух ёстой цаг ирсэн. Тэр нь үндсэндээ компанийн чинь бүхий л үйл ажиллагаа анхнаасаа зөв байх ёстой гэдгийг хэлж байгаа юм. Таны асуусан хөлбөмбөгчдийн асуудал бол яг энэ чиглэл рүү олны анхаарлыг татах ажлын эхлэл юм болов уу гэж харж байна. Зарим тамирчид хүүхдүүдэд эрүүл мэндийн зөв ойлголт өгөх зорилгоор зөвхөн лууван эсвэл цэцэгт байцаа иддэг гэж харагддаг болсон. Энэ бол бизнес ба хүний эрхийн сонгодог жишээ. Бизнесүүд ч гэсэн брэндийн нүүр царайгаа сонгохдоо ийм шалгуур тавьдаг болоод удаж байна.

В.Ганзориг: Тэгш ба шударга боломж гэдгийн ялгаа нь яг юу юм бэ? Ер нь бүх юмыг хүчээр тэгш болгох нь өөрөө хүний эрхийн шударга зарчимтай хэр нийцэх юм бол?

Ч.Ундрахбаяр: Тэгш ба шударга боломж гэдгийг харуулсан зураг фэйсбүүк дээр яваад байдаг. Цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэж байгаа өндөр намаараа адилгүй гурван хүний тухай зураг байдаг даа. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамааралтай маш олон хууль, дүрэм байгааг тэгш байдал гэж ойлгож болно. Тухайлбал, сонгох ба сонгогдох эрхийг дурдаж болно. Гэтэл сонгуульд саналаа өгөхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар бодитой боломжууд байдаг вэ? Тэргэнцэр орохгүй хаалтай эсвэл налуу биш зам биднийг угтдаг. Налуу зам, орц гарцаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг төсөөлж болохгүй. Үүнээс гадна харааны бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлага өөр. Цаашилбал сонсголын бэрхшээл, тархины саажилт гээд олон бэрхшээл бий. Энэ өнцгөөс харахаар тэгш байдлаас илүүтэйгээр тэгш боломжийг бий болгох нь асуудал болчихоод байна. Тэгэхээр нэг тийш нь хэлбийлгэх нь миний бодлоор хүний эрхийн зөрчил биш. Харин шударга боломжийг гаргаж өгч байгаа явдал гэж ойлгоно.

Х.Номингэрэл: Тэгш байдал дангаараа хангалтгүй ойлголт. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс адилхан сонгох ба сонгогдох эрхтэй болсон нь нэг алхам мөн. Гэхдээ агуулгын хувьд энэ эрхээ амьдаар нь мэдрэх, эрхээ эдлэхээр туулж байгаа зам, боломж хүн болгон, нийгмийн бүлэг болгонд өөр байдаг. Энэ ялгааг арилгах боломжийг нийгмийн шударга байдал гэж нэрлэж байна. Хүн бүр эрхээ эдлэх нь хүртэх ёстой зүйл. Гэхдээ хэн хэзээ, ямар нөхцөлд, юу хүртэх нь ихэвчлэн хууль тогтоомж эсвэл бодлогоор зохицуулагддаг. Хүний эрхийг маш ойлгомжтойгоор зохицуулсан. Хэн, яаж, ямар нөхцөлд байгаа нь хамаагүй эрхээ эдлэх нь шударга ёсны асуудал. Тэгш байдал яагаад хангалтгүй байна гэхээр Монгол Улс цаазаар авах ялыг халахаас өмнө эмэгтэй болон ахмад настай хүмүүст цаазийн ял өгдөггүй, зөвхөн эрэгтэй хүмүүст өгдөг байсан санаж байна. Тэгвэл үүнийг тэгш бус байна гэж үзээд эмэгтэй эсвэл ахмад хүмүүсийг цаазаар авдаг болговол шударга ёсонд нийцэх юм уу?

В.Ганзориг: Хүнд, ноцтой гэмт хэрэг хийсэн бол хүйс, нас ямар хамаатай юм бэ?

Х.Номингэрэл: Агуулга гэж яриад байгаагийн учир нь энэ. Цаазаар авах ял өөрөө шударга бус зүйл юм. Эмэгтэй, настай хүмүүсийг цаазаар авдаг болсон бол хэлбэрийн хувьд тэгшигтгэж буй мэт боловч шударга бус ялыг бид хүлээн зөвшөөрч байгаатай адилхан гэсэн үг. Хүртэх ёстой зүйлээ хүртэх нь шударга ёс, ял шийтгэлийн том зарчим хэдий ч цаазийн ял ямар ч тохиолдолд орчин цагийн хүмүүнлэг нийгэмд шударга бус ялд тооцогдоно. Үүнийг хэн ч хүртэх ёсгүй. Тэгэхээр ямар эрхийг хуваарилах гээд байгаа юм, түүнийг дагаад юуг шударга, эсвэл шударга бус гэж үзэх ёстой гэдгээ харж байж тэгшитгэх тухай ярихгүй бол ганцхан тэгш эрх гэдэг концепт өөрөө хангалтгүй. Бүх зүйлийг тэгшитгээд эхлэх юм бол нийгмийн бодлого ихэвчлэн олонхоо дагаад явна. Энэ нөхцөлд нийгмийн цөөнхийн асуудал хаягдана. Харин шударга ёс буюу тэгш боломжийн өнцгөөс харвал бүгдэд нь хүртэх ёстой эрхүүдийг нь эдлүүлэх ёстой, хүртэх ёстой халамжийг нь нөхөж өгөх ёстой. Халамж хүртэх ёсгүй хүмүүст тэр халамж хүрч байхыг үгүйсгэхгүй. Миний хэлэх гээд санаа бол энэ халамж гэж бид нар нэрлээд байгаа чинь нийгмийн баялгийн хуваарилалт шүү дээ. Тэгэхээр энэ хуваарилалтийг хэзээ, яаж хийхийг бид тэгш эрхийн өнцгөөс биш шударга ёсны өнцгөөс харах хэрэгтэй. 

В.Ганзориг: Яг үүнтэй адилхан байгалийн баялгийг тэгш эсвэл шударга хуваарилах ёстой гээд маргаан явдаг. Цаашилбал бүр Зүй ёсны онол гээд яваад өгдөг юм билээ.

Х.Номингэрэл: Шударга ёсны тухай концептууд дахиад дотроо ялгаатай байдаг.

О.Байгаль: Салбар салбарууд дээр их сонин байдлаар буудаг. Номингэрэл хуулийн талаасаа илүү харж байгаа бол одоо УИХ-аар батлагдаж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Соёлын тухай хууль дээр арай өөрөөр ойлгогдоно. Бүгдийг хамруулаад тайлбарлана гэвэл энэ нь өөрөө өрөөсгөл болно. Нийгмийн аль нэг төлөөлөл гарч ирээд энийг ингэдэг юм гэж хэлж байгаа учраас нөгөө талдаа бухимдал, буруу зөрүү ойлголтуудийг бий болгодог. Ингэж нийгмийн зөрчилдөөн эхэлдэг. Тэгэхээр энэ ойлголтуудыг тухайн салбар бүрт буулгах замаар зохистой хэрэглээ үүсгэж, нийгэмдээ зөв таниулахгүй бол нэг бүхэл мэт ярьж байгаад нийгмийг талцуулж байгаа мэт харагддаг. 

Бизнес талаасаа чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээл гэж ярьж байгаад шударга ёсоор баялгийн хуваарилалт гээд нэг юмыг хүчээр гурав хуваах ойлголт байхгүй шүү дээ. Банк, хөрөнгө оруулалтын сангууд ингэж өгөөжөө хуваарилдаггүй. Харин хэн хариуцлагатай, хэн зөв зохистой үйл ажиллагааг тогтвортой явуулж байгаад анхаарлаа хандуулдаг. Өөр салбарын өнцгөөс жишээ авъя. Монгол Улс 2005 онд ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, хөхүүлэн дэмжих тухай конвенцэд нэгдэн орсон. Дөрвөн жил тутамд нэг удаа бид тайлан илгээдэг. 2020 онд дөрвөн бүлэг тайлан бичсэний сүүлийн бүлэг нь яг энэ бид нарын яриад байгаа хүний суурь эрх, эрх чөлөөний тухай байсан юм. 

Соёл урлагийн салбар гэхээр дуулж хөгжимддөг хүмүүсийн хүрээнд, эсвэл Соёлын яам, түүний харьяа мэргэжлийн урлагийн байгууллагуудын асуудал мэтээр хүмүүс ойлгодог. Дээрх тайланг бичиж байхад танай улсын эмэгтэйчүүд хэвлэн нийтлэх, бүтээн туурвих эрхээ эдэлж байна уу, нөгөө талаасаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон соёл урлагийн үйл ажиллагаанд оролцож, үйлчилгээг нь авах эрхээ эдэлж байна уу гэх зэрэг асуултууд ирдэг. Ингээд задлаад асуухаар бидэнд тодорхой тоо баримт байхгүй, нөгөө талаас энэ нь нөгөө тэгш боломж нь юм уу, эсвэл тэгш байдал нь юм уу гээд хэцүү байдалд ордог. Салбар бүр дээр ийм нарийн асуудлууд үүсдэг. Тиймээс эрдэмтэн судлаачид, салбарын бүрийн төлөөлөл, ялангуяа салбар хооронд ийм сонирхолтой орчин үүсч байгаа тул судлаачид, ялангуяа шинэ үеийн залуучууд энэ сэдвүүдийг барьж аваад бас судалгааны ажил хийвэл маш сонирхолтой байх болно гэж боддог. 

В.Ганзориг: Хэн нэгнийг, эсвэл хэсэг бүлэг хүний ялгаатай байдал, өөр хөгжлийг нь бусдаас илүү тодотгох нь шударга ёс, тэгш ёс гэдэг зарчимтай хэр нийцэх вэ?

Х.Номингэрэл: Хаана тодотгох, эсвэл хаана тодотгохгүй байх вэ гэдэг хамгийн чухал. Жишээ нь, бага насны хүүхэдтэй ээж ажлын байран дээрээ хүүхэд хөхүүлэх газар бас тусдаа цагтай байх ёстой. Энэ тохиолдолд бага насны хүүхэдтэй эсвэл хөгжлийн бэрхшээл гэдэг нь ач холбогдолтойд тооцогдоно. Энэ онцлог шинжийг тодотгож, хэрэгцээг нь хангасан орчныг бүрдүүлэх ёстой. Зарим нөхцөлд эдгээр онцлог шинжийг тодруулах ёсгүй байдал үүсдэг. Тодруулсан нь нөгөө хүндээ ашиггүй, сөрөг нөлөөтэй болдог. Ажилд орох гэж буй залуу эмэгтэйгээс чи хэзээ хүүхэд гаргах юм бэ гэж асууж болохгүй. Энэ асуулт тухайн хүнийг ажилд ороход нь саад учруулна. Ялгаатай байдлыг нь тодруулахаар тэр хүний эрх нь зөрчигдөх гээд байгаа юм уу, эсвэл хангагдах гээд байгаа юм уу гэдэг талаас нь харах ёстой. Энэ өнцгөөс харах юм бол аль аль нь ашигтай учраас тухайн тохиолдолд тэр зүйлийг тодруулах нь зөв. 

Ч.Ундрахбаяр: Санал нэг байна. Дэд бүтэц дээр хөгжийн бэрхшээлийг тухайлах нь бид нарт сөрөг асуудал үүсгэдэг. Нийтийн тээврийн автобус байна. Автобус өргөгчтэй байхаар шууд хөгжлийн бэрхшээлийг тодотгодог. Байшин ч ялгаагүй. Налуу зам харсан хүн хөгжлийн бэрхшээлийг хамгийн эхэлж боддог. Тэгээд энэ бол чиний явдаг зам, тэр нь бидний зам гэж ойлгодог. Ингэж нийгмийн ялгаа, ангилал, сөрөг байдлыг үүсдэг. Тэгэхлээр энэ тохиолдолд хөгжлийн бэрхшээлийг тухайлах шаардлага байхгүй. Нийтийн тээвэр, байшингийн орц гарц шатгүй байвал бүр амар, ямар ч хүнд ялгаагүй таатай байхаар хийгдэх нь чухал. 

Нэг хүн надаас асууж байсан. Та нар хүний эрх яриад байгаа атлаа яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж тусдаа яриад байгаа юм бэ гээд. Энэ нөхцөлд тодотгож, сайн тайлбарлахгүй бол болохгүй. Ямарваа нийгэмд бусдынхаа дэмжлэгийг хамгийн ихээр авч байж эрх нь хангагдах боломжтой бүлэг байдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг тухайлаад ярих ёстой болдог. Боловсрол дээр ч ялгаагүй. Тэгш хамруулъя гээд байгаа атлаа яагаад хүүхэд болгонд тохируулна гээд байгаа юм бол гээд асуудаг. Яагаад гэвэл сургалтын хөтөлбөрийн дагуу энгийн хүүхдээс хоцролгүй сургахын тулд тухайн хүүхдэд заавал тохируулах ёстой болдог. Хараа болон сонсголын бэрхшээл яг адилхан тусгай тохируулга, дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй. 

О.Байгаль: Бизнесийн байгууллагууд маркетинг, зар сурталчилгаагаар дамжуулаад нийгмийн цөөнх, ялгаатай бүлгийг тодотгож гаргаж буй кэйсүүд бий. Тухайлбал, аль нэг хүйсийг тодотгохдоо хэвшмэл ойлголтоор илэрхийлбэл буруутдаг болсон. Ялангуяа өсвөр насны 10 охин тутмын долоо нь охидод зориулсан бараа бүтээгдэхүүний реклам, зар сурталчилгаанаас сөрөг мэдрэмж авдаг. Улмаар өөртөө итгэлгүй болдог судалгаа гарсан. Төгс мэт эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний реклам үзэж байгаа эмэгтэйчүүдийн 40 хувь нь эсрэгээрээ таагүй мэдрэмж авдаг. Энэ бол хүний эрхийн мэдрэмжгүй байгаагийн жишээ. Ажилд авахдаа яс үндэс, шашинг асуух ёсгүй гэдэг практик Сингапурт үйлчилдэг. Манайд эсрэгээрээ байдаг. Өөрөөр хэлбэл яс үндэсээ тодотгох шаардлагагүй байхад тэрийг нь хүчээр тодруулдаг. Нөгөө талаас түрүүний дурдсан хөхүүл хүүхэдтэй ээжүүдийн жишээ байна. Бид нар хоолоо идэхдээ 00 өрөө ордоггүй атлаа ээж нараа хөхөө саахдаа яагаад жорлонгийн өрөө руу явдаг юм бэ? Ялгаатай байдлыг тодотгож өгнө гэдэг нь энэ нөхцөлд байгууллагынхаа нэг буланд хөшиг хийж сандал тавиад тэр ээжийг хөхөө саах боломжоор хангана гэсэн үг. Энэ бол жендерийн асуудлыг шийдэж буйн жишээ. 

Х.Номингэрэл: Сая ярьдаг тэгш бөгөөд шударга боломжийг бүрдүүлэхийн тулд системийн буюу тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй. Бидний толгой доторх зүйлээс гадна байгууллагууд дээр бүтцийн өөрчлөлтийг шаардаж байгаа асуудал юм. Энэ бол том өөрчлөлт. Би энэ асуудал дээр өөдрөг байгаа. Тодорхой алхам, ажлууд хийгдэж байгаа. Өнөөдөр шүүмжлэх нь зөв хэдий ч 10 жилийн дарааг харвал ахисан зүйл нэлээд их байх болно. Гэхдээ зарим зүйлүүд дээр ухарч байгаа юм бий.

В.Ганзориг: Та олон улсын маркетингийн компанийн том захирал. Монголд салбараа нээх гээд чадварлаг хүн хайж байгаа. Гэтэл яг хайж байсан супер хүнтэй зэрэгцээд арай ялгаатай чадвартай хөгжлийн бэрхшээлтэй хүн олджээ. Бизнесийнхээ ашиг, орлогоо бодоод мундаг хүнийг ажилд авах уу, эсвэл тэгш эрх, шударга боломж бий болгонгоо компанийн ашгаа багахан золиослоод хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах уу?

Ч.Ундрахбаяр: Хэрвээ 20 жилийн өмнө байсан бол би ашиг талаа хараад мундаг залууг нь ажилд авна. Одоо бол ашгаас илүү зүйлийг харна. Орчин цагт нийгмийн хандлага тэр ашгийг бүрдүүлдэг хамгийн том хүчин зүйл болсон. Тэгэхээр өнөөдөр энэ чиг хандлагаа дагаж байгууллагад ирээдүйтэй сонголтоо хийж хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авна. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах гээд компаниуд нь өрсөлддөг. Үүнийгээ давхар маркетингдаа ашигладаг бөгөөд өрсөлдөх давуу тал нь болдог. Японд хаана ч явсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, ер нь ямар ч хүнд орж гарахад саадгүй байдаг. Тэд нарын хувьд энэ нь чимээгүй маркетинг юм байна л даа. Энэ утгаараа ийм хандлага нь алсыг харсан том маркетингийн акц болж, цаашилбал хөрөнгө, ашгаа нэмэгдүүлэх боломж болдог юм билээ.

В.Ганзориг: Хоёр бүсгүйдээ тавих асуулт байна. Та хоёр яг хүсч байсан ажлаа олсон. Ажилд орох ярилцлагад орохоосоо өмнө жирэмсэн болжээ. Үүнийг ажил олгогчид хэлбэл хүссэн ажилдаа орж чадахгүй. Энэ нөхцөлд үнэнээ хэлэх үү, эсвэл ажил олгогчоо хуурах уу?

Х.Номингэрэл: Энэ бол надад хэцүү асуулт биш. Үнэнээ хэлнэ. Тэр компанийн хязгаарлагдмал нөөцийг би ойлгоно. Гэхдээ бүх аж ахуйн нэгж ийм байх ёсгүй. Гэхдээ ийм асуудалтай тулгарвал ганцхан тэр компанитай заргалдаж шийдэх үү, эсвэл бодлогын түвшинд илүү өргөн хүрээнд явж шийдэх үү гэдэг арга замаа би өөрөө сонгоно. Хэрвээ тэр нь том компани байгаад, нийгмийн хариуцлага гэдгээрээ маркетинг хийж, хүний эрхийг хангадаг гэж зарласан атлаа ийм үйлдэл гаргавал өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, тэд хүмүүсийг хуурч бизнес хийж байна гэсэн үг шүү дээ. Тэмцэл ямар ч байж болно. Олон янзын арга байхад бүгдтэй нь заавал зэрэг тулалдах албагүй. 

В.Ганзориг: Үгүй ээ тэр!

Х.Номингэрэл: Ийм нөхцөлтэй тулсан эмэгтэйчүүд бодит байдлаа тэгж учиргүй нуудаг гэж би бодохгүй байна. 

О.Байгаль: Нөхцөл байдал болгон өөр. Тухайн компани ажилтан авахдаа ямар нөхцөл тавьсан бэ гэдгийг нь хараад хүлээн зөвшөөрсөн тохиолдолд яах вэ? Хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд яах вэ? Бүр юу ч мэдээгүй очсон бол яах уу? Мэдсэн байгаад очвол яах вэ гээд нөхцөл байдал бүр өөр. Бид энд бизнес ба хүний эрх, бие биенээ хүндэлье гээд яриад байна. Ер нь бол хүний нөхөн үржихүйтэй холбоотой асуудлыг байгууллагын үйл ажиллагаатай уях нь өөрөө бүдүүлэг асуудал. Бүл нэмэхийг хүний амьдралд тохиолддог зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь тухайн байгууллага жижиг, том, гарааны гэдэг нь хамаагүй анхнаасаа бодлогын баримт бичиг дээрээ тусгах ёстой. Эхнээсээ сууриа ингэж зөв тавьж чадвал дараа нь заавал хувь хүний нөхөн үржихүйн асуудал руу орохгүй. Миний нөхөртэйгөө хэзээ, хаана, яаж жирэмслэх магадлалтайг тооцож байгаа нь хүний эрх, жендерийнн мэдрэмжгүй бизнес гэсэн үг.

Х.Номингэрэл: Бага насны хүүхэдтэй, бас жирэмсэн эмэгтэйн тухай асуудал ярьж байна. Тэдний өмнөөс аж ахуйн нэгжүүд яагаад санаа зовоод байгаа юм гэдэг нь өөрөө асуудал. Тэр эмэгтэй жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй байхдаа ажиллаж чадаад байхад яагаад өмнөөс нь санаа зовоод байгаа юм бэ? Мэдээж ясли, цэцэрлэг гээд нийгмийн дэд бүтцүүд туслалцаа үзүүлж байх ёстой. Гол нь манайд тэр нийгмийн дэд бүтэц тэг заачихаад байгаа учраас аж ахуйн нэгжүүд дээр дарамт болж очдог. Хэрвээ бид нийгмийн тэгш байдал ярьж байгаа бол энэ дэд бүтцээрээ тухайн ачааллыг хөнгөлөх ёстой бөгөөд энэ хэрээр хувь хүмүүсийн харилцаанд саад учруулахгүй байх ёстой юм. 

О.Байгаль: Бизнесийн байгууллагууд эхнээсээ дэргэдээ өөрсдийн цэцэрлэгтэй болж, ажлын уян хатан системд шилжиж байна. Энэ бол нэг том алхам. Зарим компани дотроо хүнийн эрхийн мэргэжилтэй болсон. Гэхдээ заавал эмэгтэй хүнтэй холбоотой, эсвэл нөхөн үржихүйн асуудал үүсч байж энэ асуудал шийдэгдэх ёсгүй. Энэ бүх асуудал анхнаасаа зохицуулалттай байх нь тэгш боломжийн утга учир юм. Тэгэхээр өнөөдөр ийм юмыг ярьдаг биш, ярихгүйн төлөө дараагийн алхмуудыг хийдэг болох нь чухал байна.

В.Ганзориг: Асуудлуудаа хангалттай ярьлаа. Одоо та бүхний санал болгож байгаа шийдлийг сонсмоор байна?

Ч.Ундрахбаяр: Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж байна. Яг үнэнийг хэлэхэд манайд бүх юм нь байдаг. Тухайлбал, хууль эрх зүйн орчин, бодлого, өөрт нь таарсан эдийн засаг, санхүүжилт гэх мэт. Хүмүүсийн хандлага хамгийн том тулгамдсан асуудал хэвээр байгаа. Ялангуяа тэр уламжлалт сэтгэлгээ хэцүү. Энэ тал дээр зоригтой реформ хийх шаардлагатай гэж хэлмээр байна. Бид жишээ нь гэр бүлийн гишүүдийн ачааллыг багасгах зорилгоор хувийн туслах үйлчилгээ гэж гаргасан. Гэр бүлийн гишүүн маань намайг асраад, ажил карьераа золиослох хэрэгтэй болдог. Нийгмийн амьдралд оролцохын тулд аав, ээж, гэр бүлийн хүнээ өдөр болгон дагуулаад явах надад хэцүү байдаг. Гэр бүлийн эдийн засгийн асуудлаас гадна хувь хүний хөгжлийн асуудал давхар үүсдэг. Хэрвээ би нийгмийн амьдралд оролцохгүй бол барилгын инженер залуу надад зориулж хүртээмжтэй өөрчлөлт хийх үү гээд асуудал эхэлдэг. 

Бүх юм хуулиар зохицуулагдахгүй. Хандлага маш хүчтэй. Үүнийг нь орлоод хувийн туслах үйлчилгээ гээд санаачлахаар хууль, санхүү шийдэгдэж болох мэт боловч уламжлалт сэтгэлгээг давж чаддаггүй. Уг нь энэ олон улсын түвшинд энгийн асуудал л даа. Үүн дээр зориг, зүрх гаргаад, аль аль тал нь хуучны арга барилаас салах хэрэгтэй байгаа. Мэдээж шинэ юм хийхэд асуудал үүснэ. Өөрчлөлт хийж эрсдэл даах нийгмийн зориг хэрэгтэй байна. Энэ өөрчлөлтийг хийхийн төлөө би ажиллана. 

О.Байгаль: Иргэний нийгмийн байгууллагууд хамтрах, бие биенээ дэмжээд бусдыгаа бойжуулах маш чухал байна. Уран бүтээлчид нийгмийн асуудлуудыг олон нийтэд таниулах хамгийн хүчтэй дэд бүтэц. Тэгш байдал ба тэгш боломжийг тайлбарлахдаа нөгөө нэг зураг байдаг шүү дээ гэж яриад байна аа даа. Энэ чинь контент байхгүй юу. Ийм учраас уран бүтээлчид энэ талбарт манлайлж орж ирэх хэрэгтэй байна. Манай байгууллага энэ чиглэлд уран бүтээлчдийг дэмжсэн төслийг хоёр дахь жилдээ бусад олон улсын байгууллагатай хамтран санхүүжүүлж зохион байгуулж байна. 

Бизнес ба хүний эрх гэдэг хөтөлбөр Монголд хэрэгжээд эхэлсэн. Энэ хүрээнд эрдэм судлал, ахисан түвшний сургалт судалгааны үйл явцыг сайжруулах, бизнес ба хүний эрхийн зарчмуудыг нэмэгдүүлэхэд эрдэмтэн судлаачдын оролцоог өсгөх, их дээд сургуулиудыг оролцуулах төслийг хэрэгжүүлнэ. Гол хэлэх гэж байгаа зүйл бол бид янз бүрийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг ч олон нийтэд түгээж мэдээлж чаддаггүй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж энэ зорилгоо ойлгуулах нь бидний хамгийн тулгамдсан асуудлын нэг. Энэ бол ашгийн бус, нийгэмд зориулсан нөлөөллийн төслүүдэд учирдаг том бэрхшээл. Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид, инфлюенсэрүүд, нийгэмд нөлөөлөгч та бүхэн маань энэ салбар руу орж ирээрэй. Ийм талбарт үйл ажиллагаа явуулж байгаа бид нар шиг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжиж, хамтарч ажиллаж байгаарай гэж хүсмээр байна. 

Х.Номингэрэл: Энэ сэдэвтэй холбоотой олон асуудал байгаа ч ажлын байрын бэлгийн дарамтыг асуудлыг бүгдээрээ мартахгүй явъя гэж хэлмээр байна. Хууль тогтоомж талаасаа өөрчлөлт гарч, Хүний эрхийн комисс ийм асуудалд ач холбогдол өгөн хөнддөг болсон. Энэ хэрээр байгууллагуудын чих ч харьцангуй онгойж байна. Одоо бизнесийн салбар энэ асуудал дээр хариу алхам хийж, өөрсдийгөө ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин гэдгээ зарлаасай. Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан хохирогчид одоо ил гараасай. Яагаад гэвэл нийгэмд харьцангуй зөв болж, дэмжих хөрс бий болсон байгаа шүү. Эцэст нь MeToo хөдөлгөөнд нэгдээрэй гэж уриалмаар байна. 

В.Ганзориг: Би өмнөх дугаараар яг энэ сэдвийг хөндсөн. Бид соёл, хандлагаа өөрчлөх цаг үнэхээр болсон. Та бүхэнд баярлалаа!