Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр хоёр хүний нэр маш тодорхой яригдаж байна. Тэдний нэг нь ордонд нөгөө нь шоронд суугаа. Наадах нь тив тив алгасан нисэж байгаа бол цаадах нь эмнэлэг шоронгийн хооронд дамнуургаар зөөлгөж явна. Энэ удаагийн сонгууль мань хоёр дээр төвлөрөх боловч улс төрд хувийн ашиг сонирхол чухал юм хойно хоёрын зэрэг хүн нэмэгдэж мэднэ. Гэхдээ л ордон, шорон хоёроос нэг их холдохгүй.  

“ОНЦГОЙ ЦАГ ҮЕД ТӨРСӨН ТҮҮХЭН ХҮН”

АН-ын туйлбартай дэмжигчид Ц.Элбэгдоржийг ингэж тодорхойлж болно. Харин Монголын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Галаарид түүнийг сэтгүүлчдээсээ өрсөн ийн өргөмжилжээ. Алдах юмгүй л дээ. Тэрбээр блогтоо “Ардчиллын дууч, “Хонх”-ны С.Цогтсайхан маань олон жилийн өмнө Ц.Элбэгдоржийн тухай “Ардчилал түүхэн хүнээ дагуулж ирдэг” гэж бичиж байсан санагдана. Түүнийг нь би “Онцгой цаг үе түүхэн хүнээ төрүүлдэг” хэмээн яльгүй өөрчилмөөр санагдчихлаа. Яагаад гэвэл бидний амьдарч буй цаг үе маань үнэхээр онцгой цаг үе. Энэ цаг үед өнөө дутуу үнэлэгдэвч маргааш гавьяа нь илүү тодрох холч ухаан, том бодлого, алсын хараагаараа ялгарсан улстөрч заавал тодрох ёстой. Одоогоор Ц.Элбэгдоржоос өөр тийм улстөрч харагдахгүй байна” гэжээ. Өмнөх гурван ерөнхийлөгчтэй харьцуулаад эцэст нь ингэж дүгнэсэн хэрэг шүү дээ.

Нэгэнт хүчээ мэдэрсэн АН-ынхан дунд сонгуульд нэр дэвших санаатан хэд хэдээр тогтохгүй байгаа ч Ц.Элбэгдоржийн өмнө гарч гишгэхгүй. Намаасаа гараад ирлээ ч бусад өрсөлдөгч нартаа жолдох учир засаглалаа улам бэхжүүлэх зорилготой АН түүнийг сойх нь гарцаагүй. Ц.Элбэгдоржид хийсэн зүйл маш их бий. Хийгээгүй юм бараг үлдээгүй. Сар шинээр бууз чимхэж харагдсан. Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхээс аваад шинэ жилээр сүү уудаг болсон. “Нүүрээ таглуулж” ирчихээд бидний амыг “сайхан” тагласан. Өмнөх сонгуулиар “Шударга байцгаая” хэмээн уриалсандаа хэрхэн хүрч байгааг нь бид бахархан харж сууна. Олон жил төрийн мөнгийг онц ихээр шамшигдуулсан МАН-ын угшилтай нөхөд хаалгыг нь тогших чимээнээр бондгосхийн цочиж байгаа болохоос энгийн иргэд гудсан доороос нь гарч ирсэн ам.долларыг төгрөгт хөрвүүлээд дуу алдацгааж байна.

УИХ-д одоогоор 24 гишүүнтэй МАН-аас бусад нь АН-ыг тойрон эргэлдэнэ. Арслан дагаж цөөвөр чоно хоолоо олдгийн жишгээр ид хүчээ авсан намыг дагах нь улс төрийн хожоотой. Адаглаад “Ц.Элбэгдоржийг чинь хамт гаргалцаа биз дээ” гэх үгтэй үлдэнэ. Өвөрхангайн хэрүүл маргаантай тойргоос АН-ын Д.Зоригт хэл ам таталсаар УИХ-д суух нь бараг тодорхой болчихлоо. Харин СХД-ийн нэг төлөөллийг Ерөнхийлөгчийн сонгуулийн ташрамд сонгоно. Ц.Элбэгдорж өөрийн зөвлөх Л.Эрхэмбаярыг татаад гаргаад ирэх чадалтай учир энэ асуудал бас л тодорхой. Тэр цагт АН УИХ-д 35 суудалтай болно, дангаараа Засгийн эрх барихад дөрөвхөн суудал дутуу..! Шүүхээр яваа МАН-ын Л.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр “годройтвол”..? Үүнийг тооцоогүй улс төрийн хүчин үгүй. Харин Б.Галаарид 2009 онд блогтоо нэгэн бөө “Хэл тагнайн ачаар Хэтэрхий олныг үймүүлж Үгийн урнаар олныг хуурч Үймсэн олны сэтгэлийг дэвэргэж Улсаа гэх сэтгэлгүй Учрах мууг бодохгүй Урагш биш хойш татах хүн Улсын толгойд хаан сууна” гэсэн хэмээн бичиж байсан юм. Энэ жил тэрбээр “бөөгийн буулт”-ыг сэтгүүлчийн үгээр буулгасан ч байж мэднэ.     

АМЬ НЬ ТЭМЦЭГЧИД

МАН-ынхны амь нь тэмцэж байна. Албан тушаалын хүлээс, айдас хүйдсийн дарамт дунд хорь гаран жилийг өнгөрөөсөн ч бүгд шахуу жигд таргалсан энэ намынхан дотроо лавтай дөрөв хуваагджээ. “Шударга байцгаая” гэдэг Ц.Элбэгдоржийн уриа “Шоронд сууцгаая” болж чихэнд нь сонстох болсон нэг хэсэг бий. Эрх мэдлийн жолоо цулбуурыг 1996-2000 оны үе шигээ эргүүлээд авна гэж найдах улс ч байна. Нэрээ сольж хоёр хуваагдсан намаа нэг мөсөн амьсгал хураачихвий гэж зовнигч нар ч гарлаа. Энэ үймээнийг самбаачилж намын удирдлагад санаархсан ахархан бодолтонгууд бас төрлөө. Амин хувийн ашиг сонирхлоороо хуваагдсан хэдий ч “ард түмнийхээ төлөө” гэдэг үгийг бүгд нэгэн дуугаар хэлж байгаа нь чухам хөөрхөн. 

МАН-ын дарга Ө.Энхтүвшин юутай ч намд нь шинэчлэл хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Гишүүд дэмжигчиддээ хандсан захидалдаа дурьдсан алдаа дутагдал нь олон жил сонин хэвлэлээр ярьсан тэр зүйлс. Харин тэрбээр энэ сонгуульд ялахын чухлыг “Зөвхөн МАХН-тай төдий бус, парламентад суудалтай, суудалгүй бүх намтай хүчээ нэгтгэн сонгуульд оролцоход бид бэлэн байх ёстой” хэмээн заажээ. “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо” гэгч нь 1990 оноос хойш МАН-ын удирдах албан тушаалыг хашсан 21 хүний “гэмт үйлдэл”-ийг жагсаачихаад энэ удаагийн сонгуульд эс ялбаас огцорсугай гэж байхад ялтантай ч нийлсэн яахав дээ.

МАХН-тэй нэгдэх тухай яриа байхгүй ч эвсэж болно. Эвсвээс хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуулт гарна. Ерөнхийлөгчийн суудлыг авч засаглалыг тэнцвэржүүлэх зорилготой тул МАХН-ын нэр дэвшигч хэн ч байлаа огт хүлээж авахгүй. Тэдэнд хэн байгаа билээ?! Үүнийг ард түмнээсээ асууж шийднэ гэсэн нь ардчилсан дүртэй боловч амбиц ихтэй олон гишүүнээ моготгох гоё арга. Хувь улстөрч Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй байлаа ч намаасаа нэр дэвшвэл улс төрийн асар том капитал хуримтлуулах учир үүнд тэмүүлэгсэд мундахгүй. Улс төрд хувийн эрх ашиг л ноёлоно шүү дээ. УИХ-д суудалтай бусад намууд АН-ын барьцаанд байгаа тул МАН-тай эвсэх нь тэдэнд эрсдэлтэй. Ө.Энхтүвшингийн “Эхлээд Монгол эх орон, тэгээд төр, дараа нь нам улмаар гэр бүл, хувийн эрх ашиг гэсэн эрэмбэ, дарааллыг бид үргэлж тууштай удирдлага болгох учиртай” гэсэн нь үндсээрээ буруу. Зуун зуун жилээр нотлогдсон “биеэ, гэрээ, төрөө” гэдэг дарааллын эсрэг юм. Амь нь тэмцсэн хүн юу ч ярьж болно, аргагүй. МАН-д найдвар бага боловч сонгуулийг “тэр өдрийн тэнгэр шийддэг”.

ОРЬ ГАНЦ ХҮСЭЛТЭНГҮҮД

МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хэлсэнчлэн “Улс төр, бизнесийн ашиг сонирхол нь зөрчилдсөн” томчуудын явдлаас мэндэлсэн МАХН-ынхан шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн даргыгаа суллах ганц зорилготой мэт харагддаг. Н.Энхбаяр нэгэнтээ “Хэтэрхий намчирхдаг алдаа манай дарга нарт байдаг. Үүнээсээ алддаг. Би ч тэгж байсан байх” гэсэнчлэн тэд энэ удаагийн сонгуульд намчирхахгүй нь. Даргынхаа зөвлөснөөр МАН бус АН-ыг зуурдын ханиараа сонгож мэднэ. Тэдний зарим нь Зайсангаас Хэлмэгдэгсдийн хөшөө хүртэл улаан хивс дэвсэн даргыгаа залж цагаатгуулах боломж хайна. Гэхдээ Ц.Элбэгдоржид энэ хувилбар яавч таалагдахгүй, харин Н.Энхбаярыг өршөөж болох юм. Гэвч МАХН-ын даргад өршөөгдөх сонирхол огт үгүй. Түүнд орь ганц цагаатгал л хэрэгтэй. “Тэр эргэж ирнэ” гэчихсэн байгаа. Ц.Элбэгдорж өшсөн барыг торноос нь мултлах тэнэг арай биш. Ядаж ялтан гэдэг пайзыг хүзүүнд нь үлдээхээ мэднэ.

Байсхийгээд засгаас гарна гэж ярьдаг МАХН-ын гишүүд үнэндээ тийм бодолгүй. Адаглаад “Шударга ёс эвсэл” нь задарчихвал жагсаалтаар УИХ-д орж ирсэн Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү гурвын эрх ашиг ноцтой хөндөгдөнө. Харин эвслийн нэрэн доор даргыгаа эргэж тойроод явах өөрсдөд нь илүү тустай. Эрүүл мэнд нь улам дордож өнөө маргаашгүй болчихсон гэж нийгэмд ойлгогдоод байгаа эрийн эхнэр О.Цолмон тохироо нь бүрдвэл Ц.Элбэгдоржийн хамгийн аюултай өрсөлдөгч. Хэдийд ч хувийн эрх ашиг нэгдүгээрт явдаг. Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч харин хэд дэх иргэн юм бүү мэд. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн “Магадгүй тэр хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар халдахыг үгүйсгэхгүй. Энэ хүнийг сэхээд гараад ирээсэй гэдгээс илүү бараг үхээсэй гэж бодож байгаа хүн цөөнгүй” гэдэг үг их ноцтой. Нэгэнт Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт ирчихсэн Н.Энхбаярт Ц.Элбэгдорж өөрийн биеэр анхаарал тавибал өөрт нь тустай мэт.

Жич: Д.Тэрбишдагва-Энэ үнэхээр биш. Харин Ч.Улаанд санаа байвч хаалгыг нь тогшвол яана!

АЦАЛСАН БОДОЛТОНГУУД

АН-аас тасарч МАХН-тай эвсээд УИХ-д цөөн боловч суудал авсан “Шударга ёс”-ыг бүрдүүлэгч МҮАН-ынхан энэ удаагийн сонгуулиар хамгийн том хожоо гаргана гэж тооцжээ. Энэ намын ганц хөзөр М.Энхсайхан “Мэдээж намын даргынхаа төлөө гишүүд, дэмжигчид нь дуугарч болно. Гэтэл нэг хүний асуудлыг үндэсний эрх ашигтай эн зэрэгцүүлж шийдвэр гаргах хүртлээ төөрөлдөж болохгүй шүү дээ. МҮАН-ын хувьд үндэсний эрх ашгийг тэргүүн зэрэгт  тавина гэдэгт хатуу зогсоно” гэсэн байна. Улс төрд ацалсан эрх ашиг байхгүй, ганцхан хувийнх л бий. Энэ намаас жагсаалтаар УИХ-д орж ирээд сүүлд МАХН-ын нарийн бичгийн дарга болсон Ц.Цолмон бол үүний тод жишээ. М.Энхсайхан Н.Энхбаярын төлөө гараа хөдөлгөе гэсэн ч “үндэсний эрх ашиг” нь огт зөвшөөрөхгүй. Харин түүнийг ашиглах дээрээ тулбал хүн чанарын ч хэрэггүй.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Манай намын хувьд бол “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг удирдлагын хүрээнд, бидэнд бодсон, тохирсон  хувилбар бий. Бидэнд хоёр янзын, маш сонирхолтой хувилбар байгаа, цаг нь болохоор гаргана даа” гэжээ. Ямар ч байсан энэ нам “хоёр хувилбартай” болохоор Михайлыг даруй 100 хувиар ардаа орхиж байна. Н.Энхбаярын адил Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь унагасан гэж үздэг М.Энхсайханд нэгэн цагт өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулсан Ц.Элбэгдоржтой хийх тооцоо бий. Бүр дарах хүсэл ч яваа. Төмөр замаас үүдэлтэй маргааны тоосыг буулгалгүй алсын газраас манаруулаад ирэхэд ухаан нь ч хүрэлцэнэ. Гэхдээ тэд МАХН-тай хамтарна. Тэгээд ч тэнд хуучин анд Ц.Цолмон нь газар авчихсан суугаа.

“Ирэх намрын чуулган гэхэд хатуу боорцог болох” хүсэлтэй МҮАН чухамдаа бол ганц хувилбартай, түүнд нь хоёр сонголт бий. Эхнийх нь М.Энхсайхан өөрөө, дээр ярьсан. Нөгөө нь шоронд суугаа Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, тэрбээр үнэхээр маш сонирхолтой хувилбар мөн. Өдгөө ид шуугиан тарьж байгаа мөнгө идсэн уусан хэргүүдийг энэ намыхан МАНАН-ын үеийнх гэж тооцож байгаа нь Н.Энхбаярын ярьдагтай адил. Н.Батцэрэгийн “Ер нь бол шүүх, хуулийн байгууллага улс төрийн захиалагчийн гүйцэтгэгч байх уу, хуулиа барьж хараат бус ажиллаж чадах уу гэдгээс нийгэмд шудрага ёс тогтох уу, үгүй юу гэдэг шууд хамаарах болно” гэсэн нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчийг түншжээ. Эцсийн мөчид “Шударга ёс” эвсэл өмнөх сонгуулиар Ц.Элбэгдорж ээжийнхээ өвөр дээр нулимс унагасан шиг сентименталь өнгөтэй пиар хийвэл бараг л болоод явчихна... Энэ хувилбарыг нь МАХН зөвшөөрөхгүй гэвэл эвслээ задалж хаяад эргээд АН-даа орно гэж айлгаж үзнэ. Улс төрд амин хувийн ашиг сонирхол нэгдүгээрт тавигддаг. Ц.Элбэгдорж дахин сонгогдвол АН улам хүчирхэгжинэ. Гэхдээ сонгуулийн дүн үргэлж урьдчилан таашгүй байдаг.   

ЭРХТЭЙ Ч БЯРГҮЙ

Энэ удаагийн УИХ-д хоёр суудал авсан ИЗНН хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлэх эрхтэй. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Жаргал “Намд  шинэчлэл эрс яваг­даж эхэлсэн. Дот­роо­соо жигүүр хүртэл гар­галаа” гэсэн нь өхөөрдөм. ИЗНН ирэх сонгуулиар бусдыг буруу шаахгүй байхад л хаваасаг.
              
ТОДОРХОЙ ЗҮЙЛС

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зуны эхэн сард болно. Нэг нэр дэвшигч дээд тал нь гурван тэрбум төгрөг, нэг нам 5.1 тэрбум төгрөг зарцуулах хязгаартай энэ удаагийн тулаанд сайн дураараа улс төрийг орхисон С.Баяр оролцохгүй. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таамаглал гэдэг бас тодорхой.