Улаан армийн ЧВК Вагнер (2)
Оросын хөлсний цэргийн хөөрхийлөлтэй хувь заяа л нүднээ бууж байна. Тэдний хувь заяаг хөндсөн лут кино хийхээр ТАБНУ-ыг зорьсон оросын сэтгүүлч Орхан Жмаль, Александр Расторгуев, Кирилл Радченко нарын үхлийг энд бас дурдахгүй өнгөрч үл болом.
Хойд хөрш маань Украины нацизмыг ялах дайнд биш, харин “мафийн клануудын дайн”-д далдуур бэлтгэж байгаа тухай оросын сөрөг хүчнийхэн баримт дэлгэн ярина. Орос даяар орон нутгийн өөрийгөө хамгаалах цэрэгтэй болж байна. “Нутаг дэвсгэрийн цэрэг”-тэй байхыг шууд буруутгах аргагүй. Харин Пригожин, Кадыров нарын эхлүүлсэн “хувийн арми”-тай байх үзэгдэлтүгээмэлжиж, хувийн цэргийн компани 27-д хүрсэн тухай мэдээ сэтгэл түгшүүлнэ. АНУ-д ЧВК Вагнерыг олон улсын террорист байгууллагаар зарласан. Украинд оросын цэрэг улайран байлдах тусамОросын зэвсэгт хүчин задралд нэрвэгдэх шинж тэмдэг (логик төгсгөл гэж оросууд өөрсдөө нэрлэж байна!) харагдаж буй гэдэг утгаар монголчуудад танин мэдэхүйн ойлголт өгье гээд дээрхи гарчгаар “Засгийн газрын мэдээ”, 2019.04.30 № 080(1132) сонин; news.gogo.mn /2019.05.01 сайтад бичиж байснаа үргэлжлүүлэн толилуулъя.
Суданд ЧВК ажиллаж, харин Оросын БХЯ-ны мэргэжилтний баг Төв Африкт армийг нь бэхжүүлэхээр уригдан очлоо гэсэн байсан. Украин, Сирид оросын хөлсний цэрэг байгаа гэдэг дээр мэлзсээр өнөө хүрчээ. ЧВК салбарлаад Ардчилсан Конго, Ливи, Мадагаскар, Ангол, Гвиней, Гвиней-Бисау, Мозамбик, Зимбабвед үүрэг гүйцэтгэж байна. Сирийн Дейр-эз-Зорт оросын иргэд олноороо алуулсан тухайд таг чиг. “Де-юре манай улсад тийм хувийн цэргийн компани ч гэх шиг хуулийн этгээд байхгүй” хэмээн Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэх авч Вагнерын орос дайчид Украин, Сирид байлдаж буй тухай 2018 оны турш өрнөдийн хэвлэлээр шуугиулжээ. Орост ийм хувийн компанийг албажуулахгүй, одоогоор хууль тогтоомж байхгүй хэмээн Песков мэдэгдсэн.
ЧВК Вагнер дэлхийд танигдахад Николай Аверин гэж нэрээ нууцалсан контрактник барууны хэвлэлийнхэнд олзлогдох мэдээ тараажээ. Суданд 80 цэрэг, ТАБНУ-д гуравдугаар суман, Сирид тавдугаар суман, бас нөөцөнд 20 цэрэг байгаа ба чухал объектын хамгаалалтад гарсан, 2018 оны зун долдугаар суман нь гурван сараар томилогдон ажилласан, тэр ч бүү хэл бороохой бамбайгаар зэвсэглэн жагсаал цуглаан тараахад оролцсон гэжээ.Тэр өөрөө 2000 оны эхнээс Чеченьд контрактник хийж байсан, дээрмийн хэргээр ял эдэлсэн, шоронгоос суллагдаад Донбасст хоёр жил хагас болохдоо ДНР гэх зөвшөөрөгдөөгүй БНУ-ын талд тулалдаж байсан. Дараа нь БНУ-ын Тэргүүн Александр Захарченкогийн хамгаалагч байгаад эрүүгийн хэрэг өөрт нь тохмогц нь Оростоо буцаж ирээд одоо хувийн хамгаалалтын компанид ажиллаж байна. ЧВК-д цалин сайн өгдөг, дайн байлдаанд яваагүй ч ЧВК Вагнерын цэрэг гээд сул байж байхад л сардаа гар дээрээ 150 мянган рубль авдаг гэсэн байх юм.
Оросын хөлсний цэргийн хөөрхийлөлтэй хувь заяа л нүднээ бууж байна. Тэдний хувь заяаг хөндсөн лут кино хийхээр ТАБНУ-ыг зорьсон оросын сэтгүүлч Орхан Жмаль, Александр Расторгуев, Кирилл Радченко нарын үхлийг энд бас дурдахгүй өнгөрч үл болом.
Ингэхэд Оросын яг хаана нь ЧВК Вагнер бүртгэлтэй юм бэ? Дадлага сургууль хийдэг бааз нь Краснодарь хязгаарынМолькино гэдэг газар байдаг ба Горячий Ключ гэх газрын нэр бас хамт дуулддаг. Төв замын дагуухи 4 давхар том байшин, үүдэндээ харуултай, “Оросын сайн дуранхны дурсгалд” гэх хөшөөтэй, тэр нь Сирид амь үрэгдсэн дайчдын хөшөө, солигддог хүндэт харуултай, хүндэт харуул нь одон медальтай ч таних тэмдэг, мөрдэс байхгүй. гадуураа 2 метр өндөр хашаатай гэхчлэн Комсомольская правда сонинд дэлгээд тавьчихсан байсан.
Пригожины компани нь БХЯ-ны захиалгат барилга барьж өгдөг. Хувийн өмч, хувийн мэдлийн барилга байшин, түүний мэдлийн нэг компани нь одоо Молькинод хөдөлмөр эрхлэлт хийгээд ийнхүү цэцэглүүлж байгаа тухай ВВС мэдээлснээс эшлэе. Сайн дурын үндсэн дээр тэр баазад ирж байгаа хэн ч бай албан ёсны бичиг баримт бүрдүүлнэ гэж байхгүй. Гурван өдрийн дотор ЧВК-д элсэнэ. Эрүүл мэнд, биеийн чалхыг нь 3километрт гүйлгэж шалгана, дараа нь эрүүл мэндийн үзлэг, мансуурах бодисын тест өгнө, дараа нь анкет бөглөөд л боллоо. Мэдээж ярилцлага хийнэ, сэжиг илэрвэл буцаана. Элслээ, хүзүүнд нь хувийн дугаартай жетон зүүж өглөө, цалинжиж эхэлнэ. Мэргэжил харна. Минометчин, сапер, нисэгчгүй төхөөргийн операторын эрэлт өндөр. Нэгэнтээ тэнд орвол гадагш гарах шаардлагагүй, хашаан дотор бүх юм бий. Дэлгүүр, эмнэлэг, байр. Гадаадад үүрэг гүйцэтгэхээр явбал хэрэв гадаад паспортгүй бол ЧВК Вагнерын дарга нар Москвад албажуулаад аваад өгчихнө.
Сирид очиж байлдсанаа Николай Аверин хүүрнэж байна. Ростовын аэропортоос энгийн орос иргэн шиг ниснэ, Москвагийн Чкаловск аэропортоос дамжиж ниснэ. Шалган дээр тэднийг хэн хаашаа явааг нэвт мэднэ. Гэвч саатуулахгүй. Сирид очоод паспорт дээр ямар ч тамга дарахгүй. Хөлс мөнгө нь гэвэл анхлан сарын 80 мянган рублиэр контракт байгуулна. Шархадлаа, эрүүл мэндээр хохирлоо гэвэл нөхөн төлбөр нь 300 мянга, хэрэв алагдвал ар гэрт нь 2 сая рубль төлнө гэхчлэн. Сири рүү тэднийг илгээснээс хойш ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр 5 сая рубль болгож нэмсэн. Амь дүйсэн үйлс нь 5 саяын өртөгтэй.
Украины Луганск, Донецкоос очсон зарим хүмүүс ЧВК Вагнерт цэрэг элсүүлэх, илгээх, гэрээ контракт байгуулах, ар гэрийнхэнтэй нь ажиллах зэрэг хүндхэн ажлыг нь амжуулж,тус дэм болдог. Луганскийн иргэн Денис Прибылов гэх нөхрийн ярилцлага үүнийг илтгэх мэт.
“Вагнерын групп” гэсэн нэрээр албан бус зэвсэгт бүлэг хэмээн нэр түгсэн, үүнд ЧВК Вагнера, ЧВК, Вагнер гэхчлэн янз янзаар бичигдэн толгой эргүүлдэг, гэхдээ Украин, Сирийн нутаг дэвсгэрт байлдсан нь нэгэнтээ тодорхой болсон, 2017 оноос АНУ-ын санкцын жагсаалтад бүртгэгдсэн, өрнөдөд “PMC Wagner” гэж нэрлээд украины сепаратистуудын байгууллага гээд нэрлэгдчихсэн, манай монголчуудад бол дасаагүй чихнээ нэн сондгой ийм нэг “орос арми”-ийн тухай өгүүлж байна. Далайн дээрэмчдээс хамгаалуулахаар Moran Security Group гэх хамгаалалтын хувийн албанаас 2013 онд үүсэлтэй, анхлан Хонконгод бүртгэлтэй байсан ч гэх шиг. Сүүлдээ “Славяны корпус” нэрээр 267 ажилтныг хөдөлмөрийн түр гэрээгээр авч, Сири рүү газрын тосны цооног хамгаалуулахаар илгээсэн. Сүүлдээ хамгаалах бус аргагүй эрхэнд Сири дэх иргэний дайнд нэг талд нь орж тулалдсан дайчин намтар дурайж харагдана. “Славяны корпус”-ын эсрэг “Лалын арми” (Jaysh al-Islam) байлдсаныг үзэхүл слав-лалаараа хуваагдан иргэншил хоорондын мөргөлдөөн өдөөжээ хэмээн хэтрүүлж дүгнэж ч болохоор. Харин “Славяны корпус”-ын гавьяаг Орост мэр сэр ярьдаг ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна. “Славяны корпус”-ын дайчин оросын армийн дэд хурандаа асан Д.В.Уткин гэгч 2013 оноос алба хашсан, 2014 онд Луганскийн Ардын БНУ-д очиж ажилласан, тэр үеэр Уткин нь “ЧВК Вагнер” гэх нэрийг нийтэд анхлан ил болгожээ. Уткин нь III Рейхийг талархагч, цэрэг дайны хэнээтэй нэгэн байсан тухай The Times-д бичжээ.
Хэрэв бусад орны нутаг дэвсгэрт хөлсний цэрэгт явсан байвал ОХУ-ын эрүүгийн хуульд 7 хүртэл жилийн ял (359-р зүйл), хэрэв элсүүлсэн, санхүүжүүлсэн бол 15 жил хүртэл хорьж шийтгэнэ гэсэн заалт бий. Харин ЧВК Вагнерынхан хууль тогтоомжийг сөрсөөр, албан ёсны болох гэж тэмцсээр өнөө хүрсэн ба харин ч эрх баригчдаасаа дэмжлэгтэй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай хууль боловсруулж батлахыг уриалж байснаас үзвэл итгэл төрөхөөр юм. Мэдээж Лавров сайд тэднийг хууль бус биш болгож, хуульчилснаараа контртеррорист операцдаа ашиглахыг урьтал болгосон. Оросын хилийн гадна өчнөөн төчнөөн аж ахуйн байгууламж, нефть, хийн ордууд байдаг ба байнгын армиараа хамгаалуулалтай биш, ийм хөлсний гэрээт цэргийн албан хаагчдаар хамгаалуулъя гэснийг нь буруутгаж болохгүй. Зэр зэвсгийн агуулах, үй олноор хөнөөгч зэвсгийн агуулахобъект байдгийг бодолцох нь ч зөв биз ээ. ОХУ-ын зэвсэгт хүчний контрактникуудын нэгэн адил хангамж эдлээд, хууль ёсны болж аваад албаа хашвал орос эрсийн дайчин, шуурхай, зоримог чанарыг басч болохгүй л дээ.
Дүгнэж үзье. Эх орны дайны дараахи үеийг энх цаг гэж сүрлэг нэрлэж байснаа оросын албан ёсны хэвлэл, баримт бичигт тэгж нэрлэхээ больсон. 1956 он (Унгар), 1968он (Чехословак),мөн Польш, 1980-аад онд Афганистанд орос цэрэг эрс амь дүйж, 1991 онд ГКЧП гэх төрийн эргэлтэд Зөвлөлтийн арми ашиглагдаж, 1993 онд Москвад парламентыг хүчээр тарааж буулгаж авахад Оросын арми нэг талд нь байлдаж, 1994 онд Чечень рүү Оросын арми уулгалан орж, ард түмэнтэйгээ байлдсан түүх хуучраагүй байтал 2008 онд Гүрж, 2014 онд Украин, 2015 онд Сири ар араасаа гараад ирсэн. Орос хөвгүүдийн амь нас сүйдэж ирсэн нь тун харамсалтай.
Одоо байнгын арми бус контрактник гэх өөр нэг де-факто армитай болж эхэлж байгаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ нэг л “но” бий. Мэдээж үүнийг Кремльд тооцоолсон, БХЯ, сайд Шойгу мэдэхийн цаагуур мэднэ. Цэргээс халагдсан, тэтгэвэрт ба чөлөөнд байгаа үй түмэн офицер, ахлагч нарыг тэтгэвэрт суулгаад сул мөнгө өгөөд байх нь Оросын эдийн засагт гарлагатай. Тэдний эрдэм чадвар, туршлага, мэдлэгийг энх цагт ашиглах нь ховор. Гэлээ гээд хүссэн болгоныг контрактник болгоод даян дэлхийгээр нэг тархаах аргагүй. Оросын нэр хүнд, нөлөө, ашиг сонирхлыг нь нөгөөдүүл нь хангаж чадна гэх итгэл одоогоор алга.
Харинтэр Краснодарь хязгаар дахь хувийн цэргийн компанийн хуаран, бааз шиг олныг байгуулчихаад, зэвсэг агсуулчихаад Оростоо дотоодын тогтвортой байдлыг хангах нь эргэлзээтэй. Тэд нэг л өдөр Кремлийн эсрэг эргэвэл юу болох вэ? Үүнд тооцоо судалгаа бий байж таарна.
Оростой батлан хамгаалахын харилцаа өндөрт хөгжүүлдэг манай улс ЧВК Вагнер болон элдэв контрактниктай холбогдчихгүй гэдэгт санаа сэдэл өгөх нь бас чухлаас чухал!