Бат-Үүл баатар болов. Үүнтэй зориуд сөргүүлж “контр баатар” тодруулах хөдөлгөөн үүслээ. Эгэл баатар! Уг нь эгэл биш болоод л баатар болдог баймаар. Эгэл баатруудыг бөөнд нь “нэр нь үл мэдэгдэх баатар” гэж нэрлэн дунд нь хөшөө босгоод бунх шарил дээр нь баяраар цэцэг өргөдөг. За тэр ч яахав, энэ тухай ярих гэсэн юм биш.

    Зурагтаар нэгэн эгэл баатрыг рекламдлаа. Баатар Гачууртад төржээ. Тэнд гадны хөрөнгө оруулагчид гольфын талбай байгуулахаар болж газраа янзлан баахан хөрөнгө үрснийх нь дараа суулт муулт зарласаар байгаад хөөгөөд явуулчихсан гэнэ. Хэний юун хөрөнгө оруулагч хэний зөвшөөрлөөр тэгснийг нь мэдэхгүй юм. Бодвол шийдвэр гаргах эрхтэй нэг нь л зөвшөөрөл олгоо биз. Монголд хөрөнгө оруулах нь үнэн баталгаатай, ороод ирэхээр чинь яах ч үгүй гэж манай хууль болон хуулийг зохиогчид байнга ярьж тунхагладаг болохоор хэн нэг нь энэ үгэнд нь хууртаад баахан мөнгөө л үрсэн байх даа. Ороод ирэхээр нь алаад өгдөг нь ч харин манайдаа бол бичигдээгүй хууль л даа. Эгэл баатраас асууж байна: “Цаашид юу хийх бодолтой байна?”. Баатар маань харин “Одоо энэ хагалаад хаясан газар дээр ногоо тарьдаг юм билүү” гэж авдаг байгаа.

    Гольф бол казиногийн нэгэн адил бараг л өвчин. Ялангуяа япончууд, солонгосууд үүгээр өвчилсөн байдаг, тэд Америкт очиж их тоглодог. Хоёр жилийн өмнө Хятадын Гуанжу хавьд 18 нүхтэй хамгийн том стандарт гольфын талбай арвыг зэрэгцүүлэн барьжээ. Одоо тэдний цуваа Гуанжу руу хөврөх нь тэр. Ердийн талбайд дундачаар 5 минутын зайтайгаар багууд ар араасаа оочирлодог бол Гуанжуд захиалга хэтэрхий их учраас гуравхан минутын интервал тогтоосон гэнэ. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй бөөн оочир. Японд ч гольф бий, гэхдээ газар нутгийн хавчлагаас болоод дэндүү үнэтэй учир Америк орж тоглосон нь хямдхан тусдаг гэнэ. Одоо бол өмнөд Хятадад тоглож хоночихоод бүтэн сайны орой буцахад нэгдэхийн өглөө ажил дээрээ байж байх нь.

Гэвч тэнд 6,7,8-р сард очилтгүй. Халуун, чийгтэй, дээр нь борооны улирал. Гольфчид орох байх газраа олж ядна. Нэмэх хорин хэм дулаантай, зөөлөн салхитай монголын зун энэ үед яг тохирно. Хамгийн гол нь мань гольфчдын нутгаас тийм ч хол биш. Тавдахын орой нисч шөнө нь ирээд хоёр хоног тоглочихоод эргээд нисчихэнэ. Ямар их мөнгө орж ирнэ гэж санана. Нэг байтугай хэдэн мянган эгэл баатруудын улсаас авдаг тэтгэмж тусламж цалин тэтгэвэр эндээс л гарна. Юутай ч ногоо тарьснаас хавьгүй ашигтай. Гольфын талбай байгаль орчныг хэрхэн гоё үзэмжтэй болгодог гэж санана, хэн хүнгүй кинон дээрээс хараа биз. Тэгээд ч баатар маань хэний газар дээр хэний зөвшөөрлөөр өөртөө ногоо тарих гээд байгаа юм бол?

Хүрхрээгийн аманд олон улсын жишигт нийцэхүйц цанын бааз байгуулжээ. Хэний зөвшөөрлөөр хэн байгуулсныг мэдэхгүй. Гэхдээ хоосон байсан тэр ам одоо мөнгийг шуудайлж байна. Очсон хүн дор хаяхад 20-30 мянган төгрөг үлдээгээд явж байна. Эрүүл мэнд, спорт, зөв амралт энэтэр ярихаа болъё. Эндээс бий болж байгаа мөнгө татвараар дамжин ямар олон эгэл баатрын амьдралыг хангаж байгаа бол! Боловсрол, эмнэлэг нь улсаас үнэгүй байдаг, дээр нь бэлэнгээр баахан мөнгө тараадаг маш сайхан социалист орон шүү дээ, миний эх орон. Үнэгүй боловсрол л гээд байна, хэсэг нь мөнгө хийж тэндээс татвар авч байж л сургуулийн багшийн цалинг өгч байгаа.

    Өнөөгийн дэлхий улам бүр нэг дэг журамтай болж байна. Гэр дотроо юу ч хийж байсан бусдад хамаагүй гэдэг зарчим үеэ өнгөрөөжээ. Иймээс хуучин Югославын удирдагчид Гаагийн шүүхээр орж, Суданы “жолоодогч” Башир гэгч нутгийн иргэдээ алан хядсан хэргээр олон улсын шүүхэд дуудагдаад байна. Саяхан төв Америкийн нэг жижиг оронд цэргийнхэн Ерөнхийлөгчөө гэрээс нь баривчлаад хил гаргаад хөөчиж. Дэлхий даяараа шуугин шахалт үзүүлж байж сонгууль явуулуулж байна. Нигерт гарсан төрийн эргэлт ч хүлээн зөвшөөрөгдөхгүй. Сомалийн эрэг хавиар яваа дээрэмчдийг дарахаар хятадууд хүртэл цэрэг илгээлээ. Нэг дэг журам, нэг зарчим, нэгдмэл хууль.

    1956 онд Сүэцийн сувгийг египтийн залуу офицерууд булааж аваад улсын болгосон явдал хамгийн сүүлчийнх нь байхаа. Англи, Франц, Израилийн нэгдсэн хүчин үүнээс болж Египтэд довтолсон боловч Зөвлөлтүүд мөн энэ үед Унгарт цэргээ оруулсан байсан учир АНУ, ЗХУ хоёр тохиролцоо хийн үүнийг цайруулан өнгөрөөсөн. Хойд Солонгос гаднаас зээлсэн мөнгөө өгөхгүй гэж зарлаж байсан боловч нийт хэмжээ нь төдийлөн их байгаагүй учраас тэгэс хийгээд чимээгүй өнгөрөөсөн явдал далаад оны үед тохиосон. Өнөөгийн дэлхий олон улсын хамтын гэрээ тохиролцоогоор хөрөнгө оруулагчдын мөнгө хөрөнгийг хамтран хамгаалдаг, үүний тулд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын шүүх ажиллуулдаг. Гадны хөрөнгийг худлаа амлаж хуурч оруулж ирээд дээрэмддэг явдлыг энэ шүүх гаргуулдаггүй. Дээрэмчин орны төлөх ёстой торгуулийг нийлж хавчиж байгаад юутай ч эргүүлж авч чаддаг механизм ч баталгаатай үр дүнтэй ажилладаг.

    Үүний том жишээ бол “Алтан Дорнод” хэмээх Оросын компанийн Монголд тохиосон адал явдал юм. Паушокийн хэрэг ч гэдэг. Адал явдал манай сайн эрчүүдийн зохиосон 68 хувийн татвар гэдгээс эхтэй. Алтаа Монгол банкинд барьцаалж тавиад зээл авчээ, мань орос. Гэтэл Хууль зүйн сайдын тушаалаар Монгол банк өнөө хэдэн тонн алтыг нь зараад тэндээс нь татвараа суутгаж авлаа гээд дээрэм хийж. Зээлийн хугацаа дуусаагүй байтал алтыг нь 520 доллароор дур мэдэн зарж. Сарын дараа алтны үнэ унци нь 900 доллар болжээ. Алтны эзэнд ямар том хохирол гарсан нь хэнд ч тодорхой. Монгол банк татвар авч татварын газрын үүрэг гүйцэтгэж. 68 хувийн татварын хувьд гэвэл Монголд ажиллаж буй 132 алтны компаниас “Шижир алт” хэмээх цорын ганц улсын компани төлсөн, бусад 131 компани юу ч төлөөгүй юм байна.

Ингээд Паушок энэхүү ялгаварлан гадуурхал болоод Монгол банкны дураар авирлал гэсэн асуудлаар олон улсын арбитрын шүүхэд хандан тэрбум доллар нэхэмжилжээ. Шүүх хурал 4 удаа 4 өөр газар шат шатандаа болоод нэгэнт дууссан. Шүүхээр хариу заргалдсан Монголын төрийн нэмэлт алдагдал 6 тэрбум төгрөг. Монголын төр шүүхээс буруутгагдсан. Одоо торгууль төлбөрийн хэмжээг тогтоох асуудал үлдээд байна. Тараах дуртай нам засаг маань энэ ороод байгаа өрөөр уг нь нийт иргэддээ тус бүр 500 мянган төгрөг цацан тарааж жилдээ магтуулж болох байлаа. Паушокийн араас Оросын засгийн газар бас шүүхэд хандах бололтой. Учир нь Эрдэнэтээс тэднээс 68 хувь гэдгээр мөн л 400 орчим сая доллар дээрэмдэж орхисон. Монгол, Орос хоёр угаасаа тогтвортой байдлын гэрээтэй. Иймээс гэнэт хууль санаачлан нэг сайхан нартай өдөр гэнэт дээрэм хийж болохгүй учиртай юм. Эгэл баатруудын маань бүтээл иймэрхүү. Одоо эгэл баатрууд сонин болгоноор Паушокийг төлбөртэйгээр хараалгуулж тэмээн дээр ямааны гарз хийнэ. Тэгээд ч яах юм билээ, тэрийг нь Франкфуртын шүүхийн шийдвэр гаргагчид олж унших ч үгүй, уншлаа ч тоож бөгсөө арчихгүй.

    Хураах - хөөх - булаах юм л ярих дуртай болж, нийтээрээ. Тэгэх тусмаа л эх оронч болж харагддаг бололтой. Ашигтай ордын сураг гарангуут тийш эх орончдын цуваа жирийнэ. Мэдэгдэл гаргана, хэвлэлийн бага хурал хийнэ, суулт өлсгөлөн гээд л нуль эх оронч яриа. Цаад санаа нь ч нүүрэн дээр нь тодорхой л байдаг л даа. Голдуу л эрхэлсэн тодорхой ажилгүй гарууд. Одоо Канадын “Хан рисорс” компаний хөрөнгийг тэр чигээр нь булааж авах тухай яригдаж байна. Болох л байх л даа. Бас нэг “68”! Гэхдээ цаадуул чинь мөн л шүүхдэж таараа. Энэ болгон нь Монгол хэмээх энэхүү эрх бүхий ба эрхгүй эгэл баатрууд нь шахалдан чигжсэн аймшгийн оронд итгэж хөрөнгө оруулах газар олдохгүйд хүрнэ. Улс орон дааж давшгүй торгууль ялд ороход эцэст нь аль эгэл баатар хариуцлага хүлээх вэ? Эсвэл нэр нь үл мэдэгдэх нийтлэг бунхан руу нь нулимах уу?

    Уг нь манай эх орончид энэхүү шудрага дээрмээ эх орныхоо төлөө л хийж байгаа л даа! Гэвч тэр тоолонд нь эх орон л хохирно. Хатуурхах тусмаа Монголд л хортой. Одоогоос хоёр мянган жилийн өмнө харанхуй бүдүүлэг хүмүүс Есүсийг зодож нүдээд чирэн загалмай модонд хүлж тамлан амийг нь хороосон. Харин Есүс тэднийг буруутгах байтугай “Хөөрхий энэ харанхуй бүдүүлэг хүмүүсийг өршөөж үз, бурхан минь. Эд муудаа өөдгүйдээ ингээд байгаа юм биш, харанхуй бүдүүлэгтээ ингэж байгаа юм. Эднийг өршөө бурхан минь, өршөө” хэмээн залбирч байжээ. Бурхан харанхуй бүдүүлгүүдийг өршөөсөн байж магадгүй, харин тэднийг өлгийдөж өсгөсөн улс орныг нь ниргэжээ. Эх оронгүй, гишгих газаргүй болсон жүүд нар хоёр мянган жилийн турш хорвоогоор нэг тэнэн газар бүр гадуурхагдаж зовлонгийн далайд унасан юм.

2010.3.9.