Жамбалын Гангаа
(1962-2014)


Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы сэтгүүлч,  бидний эрхэм дотны нөхөр, орчин цагийн сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч  Жамбалын Гангаа 2014 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хүнд өвчний  улмаас таалал төгслөө.

Ж.Гангаа нь Монголын ардчиллын төлөө орон нутагт тэмцэл өрнүүлж байсан мянга мянган анхдагчдын нэг бөгөөд 1997 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх зэрэг албыг нэр төртэй хашиж байлаа. Тэрээр “Өдрийн сонин”-ы оны тэргүүн бичлэгийн шагналыг удаа дараа хүртэж, “Балдорж” шагналын шилдэг аравт жил бүр шалгарч, дээд шагналаар нь шагнагдаж байсан шилдэг нийтлэлч юм.

Ж.Гангаа аян замын тэмдэглэлийн мастер гэдгээрээ олон мянган уншигчдын зүрх сэтгэлд хүрч, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч байлаа. Түүний туурвисан “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, Түвдийн цуврал тэмдэглэл, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг Зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор” зэрэг аян замын тэмдэглэлүүд нь үгээр урлах эрдмийн сонгодог жишээ болон Монголын сэтгүүлзүйн түүхнээ үлдэх болно.

Ж.Гангаагийн гавьяа зүтгэлийн Монголын сэтгүүлзүйн толгой байгууллага-Монголын Сэтгүүлчдийн Эвлэл өндрөөр үнэлж “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, шилдэг бичлэгийн “Ган үзэгтэн” шагналаар шагнаж, “Оны шилдэг сэтгүүлч”-ээрээ хүндэтгэн өргөмжилж байлаа.

Түүний авьяас билэг, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнажээ.

Түүний мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, шаргуу хөдөлмөр, нөрих хичээл зүтгэл, чин шударгуу, дайчин хурц, хүнлэг сайхан зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин дурсагдах болно.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум амгалан сайн болтугай.


МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛЧДИЙН КЛУБ