Монголын тухай тэмдэглэл
Монголын тухай тэмдэглэл
Гэлэн Иакинф
(Н.Я.Бичурин)
Монголын газар нутгийн болон
хүмүүсийн элдэв хувцас өмсгөлийн зургийг
хэсэгчлэн хавсаргав.
Зохиогчийн Угтвар үг
Миний бие 1807 онд Бээжин дэх Оросын Санваартны Төлөөлөгчийн газрын гишүүнээр томилогдсон юм. Алс холын энэ орны тухай олон хүн ном судраас мэддэг байсан боловч очиж үзсэн нь цөөн байлаа, иймд тус орноор зорчих болсондоо би их л хөөрөн баясаж, Кяхтаас (Оросын Хиагтыг хэлж байна, Орч.) цаашаа хил давангуутаа замын тэмдэглэл сайтар хөтлөхөөр шийдсэн. Би зорчин явах улс орныхоо хот, суурингуудын тухай, цаг улирлын нь төрх байдлын тухай, байгалийн гурван ноёрхлын тухай тэмдэглэн бичиж, улмаар Монголын хүн ам, нийгмийн байгууламж, эдийн засгийн талаар судалгаа хийхээр давхар тооцоолж байв.
Гэтэл, байдал өөрөөр эргэлээ, юу гэвэл, судлах гэж буй улс орныхоо хэлийг мэддэггүй даяанчлан аялагч этгээд энэ судалгаандаа алдаа гаргахгүй байх боломж бараг үгүй гэдгийг амьдралаасаа олж мэдэв. Үүний хамт, хятадууд гадаадынхантай илэн далангүй харьцдаггүй гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй байна. Тэдний улс орны тухай яриа болж эхлэнгүүт тэд ярианы сэдвийг өөр зүйл рүү чиглүүлчихдэг. Монголын ноёд түшмэдүүд ч гэсэн бүх л тохиолд хятадуудыг дуурайх гэж эрмэлздэг. Доод зиндааны монголчууд эгэл байдлаараа сайхан илэн далангүй боловч юмны учир байдлын тухай тэдний мэдээлэл нүүдэлч амьдралын хязгаараас нь цааш гардаггүй юм. Нэг удаа, би миний хажууд явж байсан (мориор, Орч.) Олот хэмээх хүнээс Монгол дахь шуудан холбооны байдлын тухай асуулаа. Тэрээр, миний асуултад хариу өгсний дээр: Дэмий ярихыг дарга нар бидэнд хориглодог юм гэж нэмж хэлсэн. Урьдаас бодсоныхоо дагуу би Бээжин хүрэх замдаа өдрийн тэмдэглэл бичээд л байв, гэтэл нэлээд хэдэн жил өнгөрч, хятад хэлийг гадарлах болсон үедээ тэмдэглэлүүдэд маань алдаа олон байсныг олж мэдсэн билээ, иймийн учир, эсхүл яг зөв хэлээгүй, эсхүл дэндүү оновчгүй санаанд үндэслэсэн бичлэгээ өөрчлөх, улмаар юмыг зохих бус талаас нь дөвийлгөсөн, эсхүл уг юмын тухай угаас бодсоноороо хэлсэн өнгөц дүгнэлтүүдийг хасах хэрэгтэй болсон юм. Чухам ийм өөрчлөлт хийснээс хамаарч миний өдрийн тэмдэглэлүүд ганцхан өнгө зүстэй агаад хүн уйдаахаар болчихлоо.
Би Бээжин хотод оршин суусныхаа сүүлийн найман жилд Монголын тухай чамгүй мэдээлэл олсон, үүнийхээ зарим хэсгийг нь Хятадын түүхээс, зарим хэсгийг нь монголын уугуул хүн амаас сурвалжилсан юм. Энэ бүхнийхээ улмаас би өмнөх өдрийн тэмдэглэлүүдээ шууд л орхиж, үүний оронд, Орос орондоо ирэнгүүтээ, дээр дурдсан мэдээллүүдээ Монголын тухай энэхүү товч тэмдэглэлүүддээ бичиж толилуулахаар шийдсэн юм, эл тэмдэглэлүүд дотор Монголоор дамжин өнгөрсөн миний аяллын тухай, 1821 онд Бээжингээс Хиагтад ирсэн тухай орсон болно.
Гол санаануудыг нь харгалзаж үзвэл, энэ зохиол маань дөрвөн хэсэгтэй. Нэгдүгээр хэсэгт нь Бээжингээс Оросын хил хүртэлх бидний аяллын талаарх өдрийн тэмдэглэл оров. Хаалганаас Кяхт хүрэх замын ихэнх нь хүн амьтангүй, үржил шимгүй болой; гэвч, хэрэв уншигч абугай нэг л өнгө төрхийн тухай уншаад байхаас залхаж нэг өртөөнөөс нөгөө өртөөг хүртэл намайг даган аялахгүй ээ гэвэл Монголын их тал нутгийн тухай жинхэнэ үнэн ойлголт авч чадахгүй, тэгэхээр эл ойлголтгүйгээр уг тал нутагт мөнхөд нүүдэллэн аж төрж ирсэн энэ аймаг угсаатны тухай тунгаан цэгнэх аргагүй. Энэ хэсэгтээ би тухайн улс орныг бүхэлд нь хамарсан ерөнхий зүйлүүдийг оруулсангүй, хэрэв оруулсан бол уйтгартай хөндий өдрийн тэмдэглэлийг илүү сонирхолтой болгож магадгүй л дээ. Гэвч би Монголын хүн ам, нийгмийн байгууламж, эдийн засгийн талаарх бүх мэдээллийг Хоёрдугаар хэсэгт нэгтгэн оруулах нь зохистой хэмээн бодсон юм. Гуравдугаар хэсэгт Монгол түмний түүхэн тоймыг товчхоноор оруулав, гэхдээ энэ бэсрэгхэн зохиол маш их хүч чармайлт надаас шаардсан, энэ ард түмэнд тохиолдсон үйл явдлын тухай тодорхой бөгөөд бүрэн дүүрэн мэдээлэл олохын тулд, энэ мэдээллээ товчхон байдлаар нухацтайхан тайлбарлан бичихийн тулд эхлээд Монголын өргөн дэлгэр түүхийг бичиж эмхлэх хэрэгтэй болсон. Дөрөвдүгээр хэсэгт Монголын Цааз бичгийн тухай оруулав, эдүгээ Хятад улс энэ хуулийн дагууд монгол түмнийг удирдаж байна. Энэ Цааз бичгийг Хятадын Гадаад хэргийн танхимын Цааз бичгээс авлаа, үүнийг бараг дөчин жилийн өмнө хэвлэжээ. Тус Цааз бичгийг 1820 онд, өмнөх хэвлэлийнх нь гол үндсийг өөрчлөөгүй ч гэсэн нэлээд нэмэлт оруулан дахин хэвлэжээ.[1]
Орчуулагчийн зурвас
Монголын тухай тэмдэглэл гэдэг энэ зохиолыг бичсэн Никита Яковлевич Бичурин бол нэрд гарсан нангиадч (хятад судлаач), дорно дахин судлалаар алдаршсан эрдэмтэн байв. Миний бие Н.Я.Бичурины намтрын судалгаатай нарийвчлан хөөцөлдөхгүйгээр Большая Советская Энциклопедия-д хэвлэгдсэн товч намтар, гэрэл зургийг нь л энэ удаад уншигчиддаа толилууллаа.
Бичурин Никита Яковлевич 1777 онд Оросын Казань мужид сүмийн туслах ажилтны гэр бүлд төрж 1853 онд Петербург хотноо өөд болжээ. Тэрбээр Чуваш угсаатан юм. 1799 онд Казанийн шашны академи төгсөж 1802 онд гэлэн болсон бөгөөд энэ талаасаа Иакинф хэмээх нэр авчээ. Н.Я.Бичурин 1807 оноос хойш 14 жил Бээжинд шашны төлөөлөгчийн толгойлогчоор (тэргүүнээр) ажиллаж, хятад хэлийг төгс сурсан байна.
1826 оноос Оросын ГХЯ-ны Азийн хэлтэст орчуулагчаар ажиллаж, 1828-51 онд эрдэм судлалын хэд хэдэн томоохон бүтээл туурвин хэвлүүлжээ. 1828 онд Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1831 онд Парис дахь Азийн нийгэмлэгийн гишүүн болжээ. 1835-37 онд Кяхт руу очиж Орос дахь анхны хятад хэлний сургууль зохион байгуулсан аж. Түүний үндсэн гол бүтээлүүд нь хятад сурвалжид тулгуурлан Дундад болон Төв Азийн монгол-түрэг хэлт түмний түүх, угсаатны зүйг, бас Хятадын түүх, соёл, философийг судлахад зориулагджээ. Тэрбээр хуримтлуулсан мэдлэг, судалсан асуудлынхаа хэмжээ, судалгаанд ашигласан болон орчуулсан хятад сурвалжийн далайцаар тухайн үеийнхээ Баруун Европын судлаачдаас хол давж гарсан байлаа. Н.Я.Бичурин декабристуудтай холбоотой байсан аж.
Монголын маань талаар бараг 200 жилийн тэртээд түүний бичсэн энэ номыг уншихад өвөг дээд монголчуудаа хайрлах, энэрэх, өрөвдөх, бас тэднээрээ бахархах сэтгэл аяндаа давхардан бууж байна билээ. Манай Монгол нутгийн агаар мандал, газар шороо, ус ундаа нь нүүдэлч баатруудын ариун үйлс, бас эмгэнэлт түүхээр, эрдэм соёлын арвин их улбаа дурсгалаар дүүрэн ажгуу. Өвөг дээдсийн маань оршихуйн тэмцлийн баатарлаг үйлсээр монгол хүний ухаан сэтгэл нь тэжээгдэж, монгол нутгийн агаар мандал нь салхилж, монгол газрын хөрс шороо нь ариусгагдаж, ус ундаа нь амтлагдаж ирлээ.
“Түүх” хэмээх монгол үг олон утгатайн дээр түүний ерийн нэгэн утга нь түүж авах үйл болой. Түүхийн ухаан юугаа түүж авахаа нарийн зөв тооцож олох ёстой ажгуу, яагаад гэвэл, хүмүүний агаад улс гүрний түүхэнд түүгээд байх үйл яльтай, яльгүйн холбогдолтойгоор нэн олон байдаг. Иймд онож түүж чадахгүй бол жинхэнэ түүх гажууддаг ажээ. Түрүүчийнхээс онож түүж авах, тодруулбал, зайлшгүйгийн хэлхээ холбоотой үйл явцыг судлах, одоодоо бодит үйл явцыг үнэн зөв тэмдэглэн үлдээх нь түүх бичвэрийн чухал зарчим бөгөөд ингэж ажиллахад өргөн дэлгэр сэтгэлгээ хэрэгтэй. Оросын их түүхч В.О.Ключевский: “Өнгөрснийг дурсан санах, түүхийг мэдэх энэ хоёр адилгүй. Өнгөрснийг дурсан санах гэдэг нь юу болж байсан бэ гэдгийг мэдэх, тэгээд ямар нэгэн ийм зүйл цаашдаа давтагдах эсэхийг өнгөрснийг баримжаалан тааварлах гэсэн үг. Харин түүхийг мэдэх гэдэг нь яагаад ийм болсон бэ, болж байсан тэр зүйл юунд хүргэж байв гэдгийг мэднэ гэсэн үг. Иймд өнгөрснийг мэдэж буй хүн бол түүхч биш. Өнгөрснийг мэдэж буй хүн гэдэг нь эртний баримт бичгүүдийг уншиж цээжлэхээс цааш гардаггүй; харин түүхч хүн бол баримт бичгийн мөрүүд юуны тухай чимээгүй өнгөрчихөв гэдгийг таамаглахыг эрмэлзэн далд утгыг нь хөөцөлдөн судалдаг” хэмээн бичжээ. Түүхийн шинжлэх ухаан ингэж л хөгжих ёстой ажээ.
Номын цагаан буян үеийн үеийнх болой.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат
зүтгэлтэн, философийн ухааны доктор (Ph.D)
профессор Бүдрагчаагийн Даш-Ёндон
2013 оны тавдугаар сар
Монголчуудын 200-аад жилийн тэртээх амьдралын дүр зургийг үлдээсэн ховор, сайхан түүхийг уншигчдад хүргэх боломжийг санаачилсан Д.Энхтүвшинд гүн талархал илэрхийлье.
Нэпко хэвлэлийн газар