Тогтвортой байдал том харагдуулна
“Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үнэн үг юм даа. Эрх баригчаас сөрөг хүчин рүү шилжсэн МАН-ынхан Засгийн газрыг унагахын тулд Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг өргөн бариад байна. Өөрсдөө голдуу эрх барьж, өнөөх хэд нь ердөө ганц бүрэн эрхийн хугацаанд төр барьж байсныг бид санахтайгаа.
Гэхдээ тэд нэг зүйлийг тооцоолохгүй юм. Ард түмэн арван тав, зургаан жилийн өмнөхөөсөө өөр бодолтой болсон гэж. Цочоо нь хэдийнэ гарчихсан гэдгийг. Тухайн үед нэг засаглалын буулганд удсан хүмүүс өөр нэгэнд эрхийг шилжүүлсэндээ эргэлзэж байсан тал бий л байх. Бас улс төрийн тогтворгүй байдал улс оронд ямар их гай авчирдгийг биеэрээ мэдэрч амжаагүй байсан нь үнэн. Одоо бол хүмүүс амжиж ажил хийх ёстой, Засаг төр өөрчлөгдвөл төвхнөтлөө хамаг цагаа алддагийг, бас Ерөнхий сайдыг огцруулж Засгийн газрыг унагаснаар ажил урагшилдаггүй улам саардгийг мэддэг болчихсон. Гэвч МАН хэмээх энэ намынхан өөрсдөө эрх мэдэлд хүрээгүй л бол огцруулна, унагана гэхээс өөр ажил хийхгүй юм даа. Өнгөрсөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд ганц нэг сайдын асуудал яригдаж байснаас бус Ерөнхий сайдыг огцруулах асуудал, Засгийн газрыг унагах сэдэл нэг ч гараагүй. Тэр ч байтугай Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөд нь Засгийн газрыг огцруулахын оронд С.Батболдын Ерөнхий сайд болох боломжийг хангасан нь төр засгийг тогтвортой ажиллуулах гэснийх байв.
Хэдийвээр МАН сөрөг хүчин ч гэсэн урьд нь асуудалд яаж хандаж байсан нь мартагдах болоогүй, бүдгэрэхээргүй тод байгаа учраас хэлж байгаа үг, гаргаж байгаа шаардлага нь үнэмшил муутай буух юм аа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг удаа дараа Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж, үүнийгээ шударга шүүхээр шийдвэрлүүлэхээс айж, дандаа Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө захирамжуудаа цуцалсан нь хууль зөрчсөнөө зөвшөөрсөн үйлдэл юм хэмээн МАН-ынхан буруутгаж байгаа. Үүнийг жишээ болгон тайлбарлахдаа “Хөрш айлынхаа адуу малыг хулгайлчихаад эзэнд нь баригдангуутаа эсхүл шүүх хурал болохын өмнөхөн “Тоглосон юм аа, уучлаарай буцаагаад өгвөл асуудалгүй биз дээ” хэмээн гэмээ цайруулах гэж байгаатай агаар нэгэн зүйл” гэж тэд дүрсэлжээ. Гэтэл МАН-ыг эрх барьж байхад Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа олон, олон шийдвэрийг хууль зөрчсөн хэмээн баталчихаад байхад хүлээж авахгүй дандаа Их суудлын хуралдааныг хуралдахад хүргэдэг байсныг шарлаж ч амжаагүй сонины хуудсууд илтгэнэ. Тэр үед буруутайг нь нотолсон шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг байсан. Хэвлэлүүд арга ядахдаа “Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байх ёстой байтал МАН байх юм даа” хэмээн халаглан бичдэг байлаа. Цэцийн шийдвэрийг ёстой нохой хуцахын чинээ сонсдоггүй байсан улсууд өнөөдөр ийм зүйлийг шүүмжлээд байхаар үнэмшил муутай харагдах. Буруугаа мэдсээр байж гүрийгээд байхын оронд буруугаа мэдээд засч байгаа нь яав чиг сайн хэрэг биз. Хөршийнхөө малыг хулгайлчихаад “Хохь нь, надад буруутах юм байхгүй. Авбал миний хоёр чихийг огтлоод ав” гэдэг тийм улсуудаас өөр байх нь л дамжиггүй.
Ер нь МАН, АН-ынхны хооронд ойлголтын асар том зөрүү байдаг. Дэлхий нийтийн чиг хандлага бол аливаа хөгжлийг түргэсгэж, томоохон бүтээн босголт хийхийн тулд хөрөнгө татаж, түүнийгээ ашигтай зүйлд оруулаад эргээд зээлээ төлөөд хэн хэндээ дэмээ өгч урагшилж явах зарчим. Харин энэ үндсэн зарчмыг МАН-ынхан ер ойлгохгүй юм. Тэд хөрөнгө босгож байгааг өрийн бичиг хэмээн ойлгодог. Өрийн асуудлыг хоёр чихийг огтолж авч байж л шийддэг гэж үздэг. Коммунистуудын өртэй хүний чихийг огтлох тэр ойлголт ийм угшилтай намаас тийм ч амархан салахгүй байх л даа. Бонд босголоо гээд л боож үхэх шидэмс хайгаад явах юм. Таван толгойн нэрээр мөнгө зээлээд тараагаад өгчихсөн МАН-аас ялгаатай нь бондоор мөнгө босгочихлоо. Одоо удаан хүлээгдэж байгаа тэр асуудлууддаа хөрөнгөө оруулна шүү дээ. Маш их юм ярьж байгаа ч бүтсэн ажил алга байна гэж МАН-ынхан шүүмжлэх юм билээ. Тэгвэл МАН-ынхны жишээ болгож байгаа V цахилгаан станц, Таван толгой, төмөр зам, аж үйлдвэрийн паркийн асуудал АН Засгийн эрхийг аваад яригдаж эхэлсэн асуудал уу. Үгүй. Харин өмнөх дөрвөн жилд, түүнээс ч өмнө яригдаж л байсан сэдэв шүү дээ. V цахилгаан станцын асуудлыг шийдэхгүй бол байдал хүндэрнэ гэж хэдэн жилийн өмнөөс л ярьж байсан. Гэвч өнгөрсөн он жилүүдэд эрх барьж байсан МАН юу ч хийгээгүй. Тэр ч байтугай энэ цахилгаан станцыг барих газрыг хувийн компанид өгчихсөн байсан шүү дээ. Н.Алтанхуягаас нэхээд байгаа энэ асуудлуудыг шийдэх боломж 2000 оноос хойш тасралтгүй эрх барьсан МАН-д бүрэн дүүрэн байсан. Бүр монгол тооллын нэг үе гэгдэх 12 жилийн хугацаанд байлаа. Өөрсдөө хийгээгүй байж Засгийн газраа байгуулаад найман сар болж байгаа дараагийнхаа Засгийн газраас ийн нэхэх инээдтэй байна. Үүнийг ард түмэн ярьж, өөр эвсэл хүчин шаардсан бол хамаагүй. МАН нэхэхээрээ л худлаа болоод явчихаж байгаа юм. Харин ч ад үзэгдээд байгаа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өнөөх V цахилгаан станц барих газрын асуудал шийдэгдсэн дуулдсан. Мөн Улаанбаатарын утааг арилгах, Оюутолгойн гэрээг боловсронгуй болгох асуудал яригдаад байгаагаас хийгдэхгүй байна гэж ах намынхан шүүмжилж байх юм. Хэзээ хэний үед Утаанбаатар боллоо доо. Оюутолгойн гэрээг аль намыг засаглаж байх үед баталсан билээ. Боловсронгуй болгох шаардлагагүйгээр хийчихгүй яасан юм бэ. Анхнаасаа эсэргүүцсэн эдийн засагч Авирмэд гуай нь үүнийг шаардаад байж байвал хамаагүй. Гэтэл өнөө МАН нь энэ талаар яриад явахаар “хулгайч” хулгайчийг бариарай гэж хашхирдаг нь санагдана.
МАН-ынхан төрийн албанд халаа, сэлгээ хууль бус томилгоонууд хавтгайрсан тухайд ихээхэн дургүйцэж байгаа. Тус намын дарга асан нэгэн ярилцлагадаа “АН Засгийн эрхийг аваад халаа сэлгээ хийсэн. Дараа нь манайх аваад бүр давуулан халсан” гэж ярьсан байсан. Тэгэхээр бас л эртний улбаатай асуудал ажээ, энэ. Шүүмжилж засч залруулах зүйл байлгүй яахав. Гэхдээ бүгдийг үгүйсгэх нь харамсалтай юм. МАН-ыг засаг барьж байхад Төрийн ордныг төмөр хашаагаар хүрээлж, эрх баригчид ард түмнээсээ улам холдож байсан. Харин одоо Төрийн ордон иргэддээ нээлттэй болсонд талархаж байгаа хүмүүс олон байна. Бас 111 хэмээх хорьж цагддаг айхтар газрын тухай ойлголт 11:11 болж иргэд төрийн болохгүй байгаа бүгдийг уг дугаар руу ярьж нээлттэй шүүмжлэх болсон. Мөн бүхэл бүтэн сумаараа хот суурин бараадаж эзгүйрч байсан төрийн харалган бодлогыг засч залруулах “Шинэ сум” бодлого ч гараад ирлээ. Болохгүй байгааг нь хэлж, болж байгааг нь дэмжиж явж л хөгжиж урагшилна. Түүнээс хэн нэгэн Ерөнхий сайдыг огцруулж, дагаад Засгийн газар нь солигдож явдаг тоглоомын үеэс монголчууд залхсан. Улс төр тогтворгүй болж, Засаг солигдоод эхлэхээр ард түмэн л чирэгдэж, нэрмээсэнд нь зовдог болохоор үнэндээ халширч байна.
МАН-ын зүгээс асуудлыг ингэж оруулж ирсэн тухайд УИХ-ын хашир туршлагатай гишүүн Р.Гончигдорж “Бид МАН-аар дахин тоглуулахгүй. Угаасаа өнөөдөр ингэж улс төр хийх цаг биш. Монгол орон хөгжлийн ямар шатанд яваа билээ. Монгол орны хөгжилд хэрэгтэй цаг хугацаанд ажил хийлгэхгүй иймэрхүү байдлаар улс төр хийх нь өөрсдийнх нь хариуцлагагүй асуудал юм даа” гэж хариулсан байна лээ. Өч төчнөөн Засгийн газраараа туг тахиулсан АН-ын тулхтай улстөрч цөөн үгэнд бодит байдлыг багцлаад хэлчихжээ.
Хэрэв МАН өөрсдийнхөө хэлдгээр улс төрийн хариуцлагатай хүчин юм бол ийм асуудлыг ингэж тавилгүй, харин ажил хийхийг шахамдуулж, шахмаар юм даа. Тэгээд ч тогтвортой байдлыг эрхэмлэх нь гадаад орчинд ч, дотооддоо ч том харагдуулах юм шүү дээ. Хэн нь том эрэмбэ, том эрх ашгийн төлөө дуугарч байгааг ард түмэн ч ялгаж салгана.