“Цавчааны бизнес”-ийн дүрэм
Яг үнэндээ бид ерээд оноос хойш хаа хүрэхээ дарга өөрөө ч мэдэхгүй, бас дээрээс нь зам мэдэхгүй жолоочтойгоо “Аз жаргалын эрэлчин” болж баахан манаргав.
Хаа хүрэхийг дарга мэднэ
Хаагуур явахыг жолооч мэднэ.
Хаагуур явахыг жолооч мэднэ.
Яг үнэндээ бид ерээд оноос хойш хаа хүрэхээ дарга өөрөө ч мэдэхгүй, бас дээрээс нь зам мэдэхгүй жолоочтойгоо “Аз жаргалын эрэлчин” болж баахан манаргав. Ганзага хийж гахай үүрч, улаан мөнгөн ус гэж мөрөөдөж, бие биенээ навс хулхидаж, гайгүй нэг нь банк дампууруулж гайтай нэг нь хэрэгт орж энэ дэлхийгээр нэг явж явж ядраад өлсөж үхэхгүйн тулд машинаа ломбарданд тавьчихаад буцаж ирсэн. Зарим жолооч авч дийлэхгүй ч сайхан машинтай газраа үлдэж ихэнх нь овоо зам мэддэг болоод гэртээ эмээлээ үүрээд эргэж ирцгээжээ.
Дараа нь “Аз жаргалын эрэл” Солонгост үргэлжилж тийшээ нүүж эхэлсэн. Хамгийн сонин нь энд юу ч хийдэггүй архи уугаад явсан нэгэн ажилсагаараа тэнд нэрд гарч байх юм. Арга ч үгүй биз дээ, бид чинь саяхан бүхэл бүтэн ажилчин ангитай байсан орон, тэдний л хүүхдүүд.
Мөн л ийм замаар “Аз жаргалын эрэлээ” эхэлсэн Х.Баттулга гэх эрхэм сая Их Хурлаар төсөв хэлэлцэх үеэр; “Бид юу ч үйлдвэрлэдэггүй орон болохоор юугаа зарах юм бэ? Сү.Батболдын үед Европын холбоо манайд үйлдвэрлэсэн 7000 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй оруулна” гэсэн баримт бичиг харуулж баярлаж байлаа. Юугаа экспортлох гээд байгаа улс вэ? Тэгээд 7000 шүү … Сайншандын хүнд үйлдвэрийн төслөө танилцуулах санаатай би яаман дээрээ Их Хурлын гишүүдийг урьж танилцуулахад “ Энэ хэний бизнес вэ?” гэж ганц л асуулт тавиад таг болсон. Дараа нь байнгын хороогоор оруулахад гуравхан гишүүн ирсэн …гэж халаглан ярьлаа.
Дотооддоо хэрэглэх талх, мах, гурилаас өөр гадагшаа гаргачихаар юм үйлдвэрлэж байгаа гэдэг нь ноолууран цамц төдийхөн . Эрдэнэтийн зэс, хилийн ойр байгаа нүүрс ингэсгээд гадагшаа гялайлгах юм дуусна. Үнэндээ зарчих юм байхгүйгээр барахгүй гадны нэг зочин ирэхэд ч өгчих юм олддоггүй биз дээ? Хэдэн хуучин мөнгөн зоос, ганц нэг модон кукла за тэгээд хааны нэртэй хэдэн архи ингээд л болоо. Саяхан миний бие англи Монгол хэл дээр хос цомог гаргасан улс төрчид, төрийн албаныхан “Хөөх наадах чинь гадны хүнд бэлэгэнд өгмөөр юм байна …” гээд олзуурхан авч байх юм.
Ардчилсан нам уг нь үйлдвэржилтийг дэмжинэ гэж гарч ирсэн гэтэл яг ямар үйлдвэржилтийг дэмжсэн тухай яриа бол үнэхээр байхгүй. Ядаж бэлгэ дурсгалын бүтээгдэхүүн хийлгэх өнөөх тендэрээ зарлаж яагаад ч болдоггүй юм бэ? Хүнд үйлдвэр сонирхдоггүй юм бол ядаж хүнд өгөх бэлэг ч болтугай өөрсдөө хиймээр төр нь дэмжмээр.
“Никел” Ганбаа гэж залуу өөрөө дугуй үйлдвэрлээд эхэлсэн ч түүнийг дэмжиж байгаа ганц ч хүнийг бас харсангүй. Бүгд нүүрэн дээрээ хүлээж авах ч хүлээн зөвшөөрөхгүй зүгээр л тэр их зөв юм хийж байгаам шүү гэж хоноцын сэтгэлээр тэс өөр гаригийн хүнийг харсан мэт хандсаар хэдэн жилийн нүүр үзлээ. Залуу хүүхэд тэгэсгээд шантарч өнөөх хулхи хятад дугуй захаар нэг болно. Энэ одоо “жижиг дунд үйлдвэрлэгч” гэдэг ангилалд нь ч болтугай ормоор доо уг нь. Ямар жижиг дунд үйлдвэр хэдэн жил ярив аа?
Төрийн ч байна уу, бизнесийн ч байна уу хүн ер нь л өөрийнхөө амьдрах аргаар сэтгэдэг. Манай төрийнхөн дотор яг өөрөө ганзганд явж бизнесийн гараагаа эхэлсэн хүн хэд билээ? Гуравны нэг л нь байж мэдэх юм даа.
Их хурлын дарга З.Энхболд нэг удаа; “ Би амьдралдаа ганцхан бизнес хийсэн хүн. Одоо ч байгаа 15-р хороололд байдаг орсуудын нэг байрыг би тэгэхэд хямдхан авахаар нэг байрыг 5000 доллараар авахаар гэрээ хийчихсэний дараа гэнэт Оросод доллар тэнгэрт гараад би маш хямдхан бүхэл бүтэн орон сууцны байртай болчихсон хүн. Тийм аймаар доллар өснө гэж хэн мэдэхэв дээ…” гэж ярьж билээ.
Гэтэл огт бизнес хийгээгүй хирнээ баяжсан гишүүд бол ихэнх нь. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн; “Энэ гишүүдийн бараг дөчьнь манай тэргүүн баячууд тэрбумаас дээш хөрөнгөтэй гэдгийг зүгээр л хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Тэд хэнд ашигтай хууль гаргах нь хэнд ч ойлгомжтой шүү дээ…” гэж ярьж сууна.
“Манай гадаад өр 4.5 тэрбум доллар…” гэж Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал ярьж байна. Монгол банк Хятадын Ардын банктай свапын гэрээ хийгээд тухайн орны ханшаар доллар авдаг байсан гэх ч сүүлдээ зөрүүнээс үүссэн өр нэг тэрбум долларт хүрсэн тухай яриа санхүүгийнхний дунд явсаар л байгаа. Үнэн худлыг бүү мэд. Хэн ч энэ тухай ярихгүй байна. Нэг тэрбум 500 мянган долларын Чингис бондоор ядаж л зам гудамжаа яаж засаж болдгийг харлаа. Тэрбум долларын өр гэдэг огтоосоо тоглоом биш юм!
Үйлдвэрлэх өөрсдөө хийх гэдэг ойлголт ингэтлээ хаягдах ч гэж дээ. Жишээ нь өнөөх 7000 бараа татваргүй авна гээд байгаа Европын холбоо бас НАТО оршдог Бельгийн вант улс гэж Франц, Герман, Нидерландын хооронд байх жижиг орон байдаг. Африк, Латин Америкийн олон орныг колончилж байсан энэ улсад АНУ-ын компаниуд 1960, 1970-аад оноос хөнгөн үйлдвэр, нефть-химийн аж үйлдвэр, гангын үйлдвэрт хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд шилэн эдлэлээр эргэн тойрондох орноо хангадаг, нэхмэл эдлэл, хоол хүнсний үйлдвэрлэлээрээ европтоо алдартай ажээ. Хоёр өөр хэлтэй бас олон улсын иргэд холилдсон тэр улсад “Влаандарс блок” гэх үндэсний үзэлтэй улс төрийн хүчин байдаг. Биднээс дор олон хүчтэй гүрний дунд оршдог ч бас л үйлдвэрлэлээрээ зартай. Цахилгаан үйлдвэрлэлтээрээ европод тэргүүлнэ. Брусель бол дэлхийн хамгийн гэрэлтэй хот бөгөөд тэдний шар айраг л гэхэд бүр дэлхий дахинд зардаг гэх мэтээр ийм түүх маш олныг бичиж болно.
Харамсалтай нь өнөөх төр хэмээх түшмэдийн цуглаанд үйлдвэрлэлийн тухай ярих гэхээр тэр их үнэтэй тэгээд бид юм хийж яанаа гэсэн сэтгэлгээ маш түгээмэл байдаг болоод тэгээд ч эрхэм гишүүд өөрсдөө ямар нэг үйлдвэрлэл гэж махаа идэж яанаа архи пиво бол өөр хэрэг …гэх боддоготой шууд хамаатай. Өөрөө хүсээгүй юмаа өөр хүнээр хийлгэнэ гэж байхгүй шүү дээ.
Гадны хөрөнгө оруулалт орж ирээд буцаад гарч явна гэдэг эргээд ирэх баталгаагүй болж байгаа хэрэг. “Өө яах юм бэ? Хэдэн цаасаа бариад очсон бөөн хар хэрүүлтэй айл билээ. Хол явах минь. Аягүй бол тэд нарын зодоонд хамрагдаад мөнгөө алдаад зогсохгүй алуулж ч мэдэх юм байна” гээд дахиад манайхаар огт шагайхгүйгээр барахгүй тийшээ мөнгөө барьж очиж ёстой болохгүй шүү гэж ярисаар насыг барна.
“Монголын гадаад валютын нөөц өнгөрсөн ганцхан жилд (2013онд) 40 хувиар багасчээ. Хэрвээ энэ эрчээрээ цааш үргэлжилбэл, энэ оны эцэс гэхэд валютын бүх нөөцөө шавхаж дуусах байдалд хүрэх байдал харагдаж байна. Шинээр бонд гаргаж, өр зээл тавихгүй л бол ийм байдал үүсэх нь ойлгомжтой болж байна гэж Төв Азийн энэ улсын эдийн засгийг хариуцсан Мүүдийз агентлагийн шинжээч Аннушка Шах саяхан мэдээллээ, Монгол улсын гадаад валютын нөөц өнгөрсөн нэгдүгээр сард 2 тэрбум, 440 сая ам.доллар байсан байна. Монголын эрх баригчид өнгөрсөн хугацаанд бонд болон бусад эх үүсвэрээс ойролцоогоор 2,3 тэрбум ам.доллар бүрдүүлсэн. Чингис бондын 1.5 тэрбум, Хөгжлийн банкны гаргасан 600 сая ам.долларын бонд, 30 тэрбум иений /ойролцоогоор 296 сая ам.доллар/ үүнд гол жин дарж байна. Өрийн тухайд авч үзвэл, 2013 он маш өсөлттэй жил байсныг эндээс мэдэж болно. Төв банк эдүгээ эдийн засгийг залах гэсэн маш олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Үнэ тогтворжуулах, ипотекийн зээлийг санхүүжүүлэх, барилгын тоог нэмэгдүүлэх чиглэлд 3.4 их наяд төгрөг буюу 1.9 тэрбум ам.долларыг зөвхөн 2013 онд зарцуулжээ. Тиймээс Монголчууд одоо дахин шинэ зээлийн талаар бодож эхэлж байна” хэмээн цааш бичжээ.
Бид өөрсдийгөө л өөрсдөө чимээгүй алаад байгаа хэрэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж харин ч их гадаад талаа анхаарч өөрөө ч уран илтгэгчийн чадвараа харуулж нааш нь гадныхныг уг нь татсаар байгаагийн ойрын жишээ
АСЕМ-ын орнууд манайд 2016 онд хуралдах болсон явдал юм. АСЕМ нь Ази, Европ хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргах олон талт яриа хэлэлцээний чухал суваг билээ.Ганцхан уулзалт болоод л маргааш нь бид таг мартчихгүй бол шүү дээ. Ц.Элбэгдорж анх Обаматай уулзахад цаадах нь “За энэ нэг жижигхэн орны жижигхэн хүнээс яаж хурдан салнаа…” гэсэн байртай харж угтсан гэдэг. Ерөнхийлөгч “ Би сая танай шархадсан цэргүүдийг эргээд ирлээ гэж анхаарлыг нь татаад албан ёсны яриа дуусахаар нь; Та бид 2 т нэг адил тал байна гэжээ. Цаадах нь худлаа инээнгээ “Намайг хар өөрийгөө шар л гэх биз …” гэсэн байртай харахад тэрээр; “Бид хоёр нэг сургуульд сурч байсан юм байна Харвардад” гэж хэлээд анхааралыг нь татаж 20 минут төлөвлөсөн байсан уулзалт цаг гаруй үргэлжлүүлээд гарахдаа Жак Уатерфордын Чингис хаан номыг өгөөд гарсан тухай нэг удаа надад ярьсан юм.
Уриад авчирах нэг хэрэгээ муриад буцаах бол шал өөр хэрэг билээ. Ядаж Чингис хааныхаа тухай Жэймс Уйтэрфордын номыг л өгөхөөс өөр юу ч хийдэггүй улс мурина шүү дээ. Үнэтэй гэж хачин өнөөх ноолууран цамц гэсгийгээд л дуусаа. Ямар урисан зочноо буцахад нь хар нүүрс, эсвэл зэсийн хэлтэрхий бэлэглэлтэй биш. Зэс аяга өгдөг л байхдаа хөөрхий. Зүгээр л ядаж нүүр тахлах юмаа ч болтугай яагаад хийе гэсэн бодол хэнд ч төрдөггүй юм болоо. Ерөнхий сайд нь эсгий тавчиг бариад л худлаа баярлаад зогсох юм. Өөрөө бол үхсэн ч таавчиг хийхгүй шүү дээ. Өөрөө хийхгүй юмаа хэн ч сэтгэлээсээ дэмжихгүй зүгээр л дүр эсгэнэ. Ам хаана.
Байшин их барьж байнаа яалт ч үгүй томоохон үйлдвэрлэл. Гэхдээ бас л гадны гангаар, цементээр бариад байгаа болохоор үнэтэй гэж жигтэйхэн. Төрөөс туслах болвол бөөн цавчаа гарч ирдэг болохоор бас л дэмжиж магад. Гэтэл одоо мөнгөтэй нэг нь бүгд байртай болчихсон болохоор бас л авчих хүн цөөрсөөр л.
Том юм л ярина. Жижиг дунд үйлдвэр гэж их ярьсан ч том хүнд үйлдвэргүй газар жижиг дунд үйлдвэрлэл явдаггүйг өнөөх эсгий таавчиг харуулсаар л. Бүхий л политка нь их юмнаас их л юм унана гэсэн ганцхан сэтгэлгээ буюу цавчааны сэтгэлгээ. Бие биенээсээ шат шатандаа цавчих тухай л бодол хамгийн ойрхон, хамгийн боломжтой, хамгийн ашигтай, хамгийн амархан “жижиг дунд бизнес” болжээ.
Төрийн алба тэр дундаа дарга бол цавчааны мастерууд. Эрдэнэт үйлдвэр шахаа, цавчаа хоёроор л амьдардаг болохоор тийшээ очсон хүн өнөөх эрээд эхэлсэн “Аз жаргалын эрэлдээ” хүрсэн хүн мөнөөсөө мөн. Ямар нэгэн цавчаатай эсвэл шахаатай газарт очих гэсэн хүсэл дээгүүрээ бол бүр томоор тендер гэх мэт том том цавчаа ярина. Ийм цавчааны дүрэмтэй байхад үйлдвэр энэ тэр гэж ярисан хүнийг энэ ихээр, томоор цавчих нь гэж хардаг нь дээр өгүүлсэн “Энэ хэний бизнес вэ ?” гэсэн ганцхан асуултаар тодорхойлогдоно.
Цаашдаа бид “Орондоо унтах завгүй олзондоо цавчилдаад” л байх уу?