Бизнес хэрхэн хийх вэ


Бизнесийн амжилтад хүргэх зурагт хөтөч


Мөнгөн урсгал яагаад тийм чухал вэ? 

Шалмаг үйлдвэрлэл гэж юу вэ? 

Дижитал маркетинг хэрхэн ажилладаг вэ? 

Төлөөлөн удирдах зөвлөлд хэн суудаг вэ?


Бизнес хэрхэн хийх вэ хэмээх энэхүү номд хараа булаам сонирхолтой зурагт дүрслэл, инфографик ашиглан бизнесийн үндсэн ойлголтуудыг хамгийн энгийн үгээр тайлбарлажээ. 

Уг бүтээл бол бизнесийн үндсийг эзэмшиж, XXI зууны өрсөлдөөнт зах зээлд амжилт олохыг хүсэгч хэн бүхний ширээний ном юм.

“Бизнес” бол урлаг. Бизнес бол үйлчилгээ, арилжаа төдийгүй хамтран ажиллах, хамтдаа баялаг бүтээх сургууль юм.
Саяхнаас, дэлхийн хэмжээний бизнесийг бүтээгч, зохион байгуулагч билиг авьяастнуудыг нийгмийн харилцааны урлагийг бүтээгчийн хэмжээнд хүндэтгэн үзэх болсон билээ. 

Ардчилал, зах зээлийн гучаад жил монголчууд өөрийн бизнес, бизнес урлан бүтээгч нарыг төрүүлж бойжуулах амаргүй туршилт, оролдлогуудыг хийсээр ирлээ. 1990-ээд онд монгол хэлнээ орж ирсэн энэ үгийг эхэн үедээ “панз”, бизнесмэнийг “панзчин” хэмээн монголчлох оролдлого хийж байсан баримт байдаг нь сонин. Энэ нь хөрөнгө баялгаас болгоомжлох, баялаг бүтээгчдийг хуучин нийгмийн уламжлалаар харах оролдлогын үргэлжлэл байсан ажгуу.

Нийгмийн иймэрхүү сэтгэлгээ, ойлголтын түвшнээс гараагаа эхлүүлж, бизнесийн ертөнцийг ерөнхийд нь бараа таваар дамлах, зуучлан худалдаанаас ашиг олох төдийхөнтөсөөлөлтэй орчноос өндийн босч байгаа билээ, Монголын бизнесийн ертөнц.

Манай бизнесийн ертөнцийнхэн өөрийгөө бүтээн босгохын хажуугаар үндэстэндээ үлгэрлэх, хамтдаа суралцан дэвших олон олон үйл хэргийн ачааг өөрийн эрхгүй давхар үүрч явна. Тийм болохоор, ердийн нэг бараа солилцооноос эхлээд баялаг бүтээх урлаг болтлоо хөгжсөн бизнесийн ухааныг сурталчлах, таниулан ухааруулах нь өнөөгийн тулгамдсан зорилго болоод байгаа юм.

НЭПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ДК хэвлэлийн газрын энэхүү ном бизнесийг урлаг болгохоор хичээж яваа хүмүүст төдийгүй, зах зээл, үндэстнийхээ баялгийг хамтран бүтээгч олон түмэнд эдийн засгийн боловсрол, танин мэдэхүйн хөтөч болох бүтээл болжээ. Танин мэдэхүйн хөтөч болсон НЭПКО-той хамтран ажиллаж, энэ бүтээлийг Монголд түгээлцсэний учир энэ бөлгөө.

Улаанбаатар хотын банкны

Тэргүүн дэд захирал О.БАНЗРАГЧ