АМЬСГАЛ

Аймшгийн кинон дээр гардаг шиг тоосонд дарагдсан цонхтой байшингийн шатаар айдас төрүүлэм нэгэн сүүдэр сарны гэрэлд будаг нь халцарсан хананд тусаж, гишгүүр бүрийг чийхруулан дээш өгссөөр эхний хаалгыг тогшив. 

Гучаад насны, өтгөн хөмсөгтэй, том цагаан шүдтэй эмэгтэй хаалга нээгээд намайг урин гутлаа тайлахыг хүсээд, таазыг нь хөх тэнгэрийн өнгөөр будаж, хэдэн нарийн үүл тааз, ханан дээр нь зурсан агуйтай төстэй өрөө рүү дагуулан орлоо. Орж ирж буй хүмүүс гудамжны гэрэлд харагдахуйц, салхинд даржигнах цонхны дэргэд би суув. Шоронгийн хоригдол шиг эвгүй харцтай эр, мөн дух руугаа унжуулсан үстэй, чухал царайтай өөр нэг залуу, духны голдоо биндитэй1 шаргал үстэй эмэгтэй гурав хөлөө зөөлөн чирэх чимээ гаргасаар Сайн уу гэж шивнэлдэн орж ирцгээв. Би тэлээгээ тайлж, жийнсэн өмднийхөө дээд товчийг суллан суулаа. 

“Амьсгалын дасгал хийвэл дээрдэх байх” гэсэн эмчийнхээ хэлсэн зөвлөгөөний дагуу миний сульдан тамирдсан уушгийг чийрэгжүүлж, эцэж цуцсан сэтгэл санааг минь тайвшруулан, магадгүй надад алсад тэмүүлэх эрч хүч өгч чадна гэж найдсан тул энд ирсэн юм.  

Сүүлийн хэдэн сар надад нэлээд хүнд асуудлууд тулгараад байлаа. Ажлаасаа болж бухимдсан, дээрээс нь 130 жилийн настай байшин минь бараг нурж унах дөхсөн, мөн өмнө жилүүдэд ч сэдэрч байсан уушгины үрэвсэл намайг шаналгав. Ихэнх цагаа гэртээ шуухитнан амьсгалж, ажиллаж, буйдан дээрээ хуучин сонин эргүүлэнгээ нэг л аягандаа өдрийн гурван хоол идэж, бие сэтгэлийн хувьд ямар ч эрч хүч, урам зориггүй, дотор “хоосон” болсон байв. Хэдэн сарын турш ийм байдалтай байсны эцэст эмчийнхээ зөвлөгөөг даган Сударшан Крияа гэх амьсгалын техникийн танилцуулга хичээлд суух гэж бүртгүүлснээр энэ бүхэн эхэлсэн юм. 

Оройн 7 цаг болоход өнөөх өтгөн хөмсөгтэй эмэгтэй хаалгаа түгжээд, сургалтад ирсэн хүмүүсийн голд суун, тоглуулагчид хуурцаг хийж, биднийг нүдээ анихыг хүсэв. Хүүхэлдэйн киноноос авчихсан мэт бодит гэхэд хэтэрхий уянгалаг, гонгиносон хэмнэлтэй исгэрсэн хоолой, Энэтхэг аялгатай эрэгтэйн дуу тоглуулагчаас гарч эхэллээ. Уг хоолой бидэнд амьсгалаа хамраараа удаанаар аваад, удаанаар гарган амьсгал дээрээ төвлөрөх зааварчилгаа өгөв. 

Нэвт салхилж буй цонхны хажууд суусан, дээр нь сэрүүвтэр байсан тул эвхээстэй хөнжлөөс нэгийг аван хөлөө хучаад уг дасгалыг хэдэн минутын турш хийж, үргэлжлүүлэн амьсгалсан ч, юу ч өөрчлөгдөхгүй байв. Ямар ч тайвшрал мэдрэгдээгүй агаад чангарсан булчингууд маань ч суларсангүй.  

Арав, магадгүй хорин минут өнгөрлөө. Нэг оройг энэ хуучин байшингийн тоостой агаараар амьсгалан өнгөрөөж байгаадаа эгдүүцэж, унтууцал төрж эхлэв. Нүдээ нээгээд бусад хүмүүсийг ажтал бүгд л над шиг уйдсан янзтай харагдана. Эвгүй харцтай залуу унтаж, харин дух руугаа үсээ унжуулсан чухал царайт өөрийгөө тайтгаруулж байгаа мэт байв. Харин биндитэй бүсгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан хөдөлгөөнгүй сууна. 

Босоод гараад явчихдаг юм бил үү гэж бодсон ч бүдүүлэг зан гаргахыг хүссэнгүй. Сургалт үнэгүй, зааварлагчдад ямар ч төлбөр төлөөгүй учир ядаж л түүний өгөөмөр сэтгэлийг хүндлэх хэрэгтэй байв. Тэгээд би нүдээ дахин аниад, хөнжлөө арай чанга ороогоод үргэлжлүүлэн амьсгалж эхэллээ. 

Тэгтэл ямар нэг зүйл мэдрэгдэв. Хэр баргийн өөрчлөлтийг мэдэрдэггүй би тайвшран, тархи минь шаналгаатай бодлуудаас салж, өмнө огт мэдэрч байгаагүй зүйлтэй учрах нь тэр. Яг л нэг газраас өөр тийш шилжээд оччихсон юм шиг. Эгшин зууртл ийм зүйл тохиолдов. 

Хуурцаг дуусаж нүдээ нээхэд толгойд нойтон зүйл мэдрэгдлээ. Гараа хүргэхэд үс шалба норсон, нүүрээ дээрээс доош илэхэд хөлс нүд рүү орон хорсгож, аманд шорвог амтагдав. Өмссөн өмд, цамц ч хөлс нэвчсэн байв. Өрөөний температур ойролцоогоор 20o хэм, нэвт салхилах цонхны дор илүү сэрүүхэн, бүгд л даарсан аятай хүрэм, малгайтай цамцаа нөмөрсөн хэдий ч би марафонд гүйсэн мэт нэвт норсон байлаа. 

Багш ойртон ирээд намайг хэвийн байгаа эсэхийг асуухад түүнд би бүх зүйл хэвийн байгааг хэллээ. Дасгалын дараа багш биеийн халууны талаар, бидний авсан амьсгал бүр шинэ энергиэр биднийг тэтгэж, гаргасан амьсгал бүр хуучин удсан энергийг биеэс гадагшлуулдаг талаар тайлбарлаж байхад миний анхаарал ярьж байгаа зүйлд нь огт төвлөрөхгүй, харин гэр хүртэлх таван км орчим газрыг дугуйгаар, нойтон хувцастай хэрхэн туулах тухай бодол л толгойд эргэлдэж байв. 

Маргааш нь бие сэтгэл сэргэж, удаан хугацаанд мэдрээгүй амар амгалан, тайван байдал мэдрэгдэж, амьдралд тохиолддог аар саар зүйлд тээршээхгүй, мөр, нурууны хуян суларсан байв. Уг мэдрэмж бөхөлгүй хэдэн өдрийн турш үргэлжилсэн юм.

Надад яг юу тохиолдов? Тэр хуучин байшинд хөлөө ачинсууж, нэг цагийн турш амьсгалсан нь ийм том өөрчлөлтийг үүсгэлээ гэж үү? 

Дараа долоо хоногт нь дахин амьсгалын хичээлд суухад ижил мэдрэмж авсан ч арай бага хөлөрлөө. Энэ тухайгаа гэр бүл, найзууддаа хэлээгүй ч надад яг юу тохиолдсоныг ойлгож мэдэхийн тулд дараагийн хэдэн жилийг зарцуулсан юм. 

Энэ хугацаанд байшингаа засаж, сэтгэл тавгүй байдлаасаа салан амьсгалын тухай асуултын хариуг олох аяллаа эхлүүлэв. Нэг амьсгалаар хэдэн зуун метр зайд шумбадаг чөлөөт шумбалтын тухай нийтлэл бичихээр, тэр дундаа яаж үүнийг хийж байгаа талаар үзэл санааг нь ойлгох найдлага тээн Герег явж, хэд хэдэн мэргэжилтнүүдтэй ярилцлаа. Программ хангамжийн инженер, зар сурталчилгааны мэргэжилтэн, биологич, физикч гэсэн эдгээр энгийн хүмүүс 12 минутын турш амьсгалаа түгжин эрдэмтдийн боломжтой гэж үздэгээс ч хол зайд шумбахад биеэ хэрхэн яаж дасгалжуулж чадсаныг мэдэхийг хүсэж байлаа. 

Ихэнх хүмүүс усан санд ороход 5-6 м зайд шумбаад л хэдхэн секундийн дараа чих нь шуугин уснаас гардаг. Миний уулзсан чөлөөт шумбагчид ч өмнө нь бусад хүмүүстэй адил байснаа ярьж байв. Тэд бусдаас онцгой нэгэн биш гэдгээ л надад ойлгуулахыг хичээж, уушгиа илүүтэйгээр ажиллуулан, бидний анзаардаггүй уушгины чадамжийг нээн дасгал сургуулилалт хийсний дүнд уг өөрчлөлтөд хүрсэн байв. Эрүүл мэндийн асуудалгүй, цаг заваа үнэхээр зориулж чадах хэн ч байсан 50, 100, 200 м хүртэл зайд шумбаж чадна гэв. Үүнд таны нас, биеийн жин, гений бүтэц ямар ч хамааралгүй, харин амьсгалах урлагийг л эзэмших ёстой. 

Тэдний хувьд амьсгалах нь зүгээр үйлддэг эсвэл хайхрамжгүй хийдэг зүйл огт биш. Амьсгал нь тэдний хувьд хүч чадал, анагаах эм, бараг л супер хүний чадлыг олж авах арга хэрэгсэл байв. 

“Олон төрлийн хоол байдагтай адил олон төрлийн амьсгалах арга бий. Бидний амьсгалж байгаа арга бүр бидний биед өөр өөрөөр нөлөөлдөг” гэж амьсгалаа найман минутаас илүү түгжиж, 90 метрийн гүнд шумбаж байсан эмэгтэй сургагч хэлсэн юм. “Зарим амьсгалах арга нь бидний тархийг тэжээдэг бол зарим нь мэдрэлийн эсийг үхжүүлдэг, зарим нь биднийг эрүүл болгодог бол зарим нь үхлийг хурдасгадаг” гэж өөр нэг шумбагч ярив. 

Мөн уушгиа тэлж, багтаамжийг нь 30-аас илүү хувиар нэмэгдүүлэхийн тулд яаж амьсгалж байсан талаараа гайхалтай түүхүүд ч ярьж байв. Нэгэн Энэтхэг доктор амьсгал авах аргаа өөрчилснөөр нэлээд жин хассан тухай, E.coli бактерийн эндотоксиноор тариулсан нэг залуу хэмнэлт хэлбэрээр амьсгалан хэдэн минутын дотор дархлааны системээ сэргээж, биеэсээ хорыг гадагшлуулсан байна. Мөн хорт хавдраа намдаасан эмэгтэйн талаар, цасан дээр хэдэн цагийн турш нүцгэн суугаад эргэн тойрны цасаа хайлуулсан лам нар байдаг гээд хүн итгэмээргүй түүхүүд ярьж өгөв. 

Усан доорх “амьсгал”-ын судалгааныхаа хажуугаар шөнө оройн цагаар тухайн сэдвийн хүрээнд мэргэжлийн ном зохиол судаллаа. Хэн нэгэн ухамсартайгаар (зөвөөр) амьсгалахын үр нөлөөг судалсан болов уу? Хэн нэгэн чөлөөт шумбагчдын амьсгалаар дамжуулан жин хассан, эрүүл болсон, урт насалсан гайхалтай түүхийг нотолсон болов уу? 

Номын сангаас хэрэг болохуйц нэлээд их материал цуглуулсан ч гарал үүсэл нь хэдэн зуун жилийн өмнөх байв.  Хэрхэн амьсгалж буйгаас хамааран амьсгал биднийг хөнөөж, эсвэл эдгээж чадах тухай өгүүлсэн амьсгал дээр бүрэн төвлөрсөн Хятадын Тао тооллын буюу МЭӨ 400-аад оны үеийн долоон ном байлаа. Эдгээр гар бичмэлүүд нь амьсгалаа хэрхэн удирдах, удаашруулах, барих, залгих талаар дэлгэрэнгүй зааварчилгааг агуулжээ. Эрт үед Хиндичүүд амьсгал болон оюун бодлыг нэг зүйл гэж үздэг байсан ба бие, сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалж дэмждэг нарийн боловсруулсан дасгалуудыг дүрслэн тайлбарлажээ. Буддын шашинд зөв амьсгалж буй хүн амьдралаа уртасгаад зогсохгүй, ухамсартай байдлын дээд түвшинд хүрнэ гэж үздэг. Эдгээр иргэншлийн хувьд зөв амьсгалах нь хүчирхэг анагаах ухаан байжээ.

“Амьдралаа тэжээн тэтгэгч эрдэмт хүмүүн төлөв байдлаа засаж сэргээн, амьсгалаа тэтгэдэг” хэмээн эртний Тао бичээст дурдсан байна. Энэ нь амьсгал ямар чухал вэ гэдгийг нотолж байгаа хэрэг биш гэж үү?

Миний хувьд энэ хангалттай санагдсангүй. Эрүүл мэндийн салбар дахь сүүлийн үеийн амьсгалын системийн судалгаанаас нотолгоо болох зүйлс байх болов уу гээд хайсан ч олигтой юм олдсонгүй. Амьсгалах арга техник бол тийм ч чухал зүйл биш гэдгийг л хайлтын үр дүнд олж авсан ба миний ярилцсан олон эмч, эрдэмтэн судлаачид үүнтэй санал нэг байв. Минутад 20 удаа, амаараа юу, хамраараа юу, амьсгалын гуурсаар амьсгалах уу гэдэг онцын ялгаагүй, гол нь бие рүү агаар орж байхад л болно гэжээ. 

Орчин үеийн эмнэлгийн мэргэжилтнүүд амьсгалд яаж ханддагийг та сүүлд очсон эмчийн үзлэгээсээ л ойлгоно. Эмч магадгүй таны цусны даралт, судасны цохилт, биеийн халууныг хэмжээд, цээж, зүрх, уушгийг чагнаад ажлын байран дахь стресс, нэмэлт тэжээл, витамины дутагдлын талаар ярилцаж, хоол шингээлт, нойр, улирлын харшил, багтраа, толгойны өвдөлтийн талаар асуусан байх. Гэхдээ таны амьсгалын хэмнэл, цусан дахь хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн тэнцвэр ямар байгааг барагтай л шалгахгүй. Таны яаж амьсгалж байгаа, амьсгалын чанар ямар байгаа нь үзлэгийн жагсаалтад бичигдээгүй байдаг. 

Хэдий тийм ч эртний бичээсүүдэд дурдсан нь үнэн бол бидний хэрхэн амьсгалж байгаа нь бүх зүйлд нөлөөлнө. Яаж амьсгалж байгаа нь чухал биш эсвэл чухал гэх үзэл нэгэн зэрэг орших боломжтой гэж үү?

Цааш ухаж судалсаар түүх ч аажмаар тайлагдаж эхлэв. Миний олж мэдсэнээр сүүлийн үед ийм асуултууд асууж эхэлсэн цор ганц хүн нь би биш байж. Намайг бичээсний хуудас бүрийг эргүүлэн, гүний шумбагч, супер-амьсгалагч нартай ярилцлага хийх зуур Харвард, Стэнфорд болон алдартай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид миний сонсож байсан зарим үндэслэлгүй гэх түүхийг баталж байлаа. Гэхдээ тэдгээр судалгааны ажил амьсгалын системийн лабораториуд, сүүлийн үеийн судалгаа байх болов уу гэж бодсон тэр газраас биш эртний булшны шавартай хөрснөөс, шүдний эмнэлгийн сандал дээрээс, сэтгэцийн эмнэлгийн зөөлөвчтэй өрөөнөөс гарч ирж байв. 

Амьсгалын системийн эмч, мэргэжилтнүүд шалчийсан уушги (унасан), хорт хавдар, уушгины тэлэгдэл зэрэг уушгины тодорхой өвчин дээр голдуу ажилладаг. Уушгины нэгэн туршлагатай эмч надад “Бид зөвхөн онц байдлын үед л арга хэмжээ авдаг. Бид ийм л тогтолцоотой” гэж хэлсэн юм.

Сайн нь, цөөхөн эрдэмтэн судлаачид амьсгалын талаарх судалгааны аяллаа эхэлсэн байв. Тэд яагаад ч юм, ямар нэг байдлаар амьсгалтай холбогдчихоод байлаа. Амьсгалын багтаамж хүний урт удаан хувьслын явцад өөрчлөгдөн үйлдвэржилтээс хойш буюу сүүлийн 200 жил улам дорджээ. Мөн тэдний олж мэдсэнээр бидний 90% нь буруу амьсгалдаг ба уг доголдол маш олон төрлийн архаг хууч өвчнийг үүсгэж, хүндрүүлдэг ажээ. 

Зарим эрдэмтэд амьсгалаа авч, гаргаж байгаа арга замаа өөрчилснөөр багтраа, сэтгэл түгшилт, идэвх ба анхаарлын хямрал, хайрст үлд гэх мэт орчин үеийн олон өвчнийг намжаах, эдгээх боломжтой гэдгийг нотолсон байна. 

Энэ нь барууны анагаах ухаанд удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөөгүй үзэл бодол байсан. Амьсгалын олон янзын арга нь бидний биеийн жин, ерөнхий эрүүл мэндэд үнэхээр нөлөөлж, яаж амьсгалж буй нь бидний уушгины багтаамж, түүний үйл ажиллагаанд хамааралтай. Амьсгал бидэнд мэдрэлийн систем болон дархлааны хариу урвалаа удирдах, эрүүл мэндээ сэргээх боломжийг олгож, амьсгалах хэв маягаа өөрчилснөөр урт наслах ч боломжтой аж.

Зөв  амьсгалахгүй бол бид юу идэж байгаа, бидний ген хэр уян хатан, хэр туранхай, хэр залуу, ухаантай байх ердөөсөө чухал биш. Үүнийг л эдгээр эрдэмтэд нээн илрүүлсэн байна. Эрүүл мэндэд орхигдсон тулгуур багана бол амьсгал юм. Эндээс л бүх зүйл эхэлнэ.