Цэрэгт явсан хүү хажуудахаа ноцтой гэх онцын шалтгаангүйгээр буудан хөнөөсөн хэрэг  дараалан гарсан. Саяхан салсан эхнэрээ гэр бүл салгах шүүх хурлаас өрсөн яаран сандран гудманд олны нүдэн дээр хутгаллаа.

Арай худлаа байлгүй дээ гэмээр утга учиргүй аллага таллага хааяа сонсогддог байсан бол одоо дав­тамж нь олширчээ. Анхандаа хүн ам олширсон болохоор элдвийн юм дуулдах л даа гэцгээж байв.

Гэвч энэ нийгэм  биш болоод явчихлаа. Шүүх цагдаагийн нөх­дүүдээс яагаад ийм сонин сонин хэргүүд гардаг болчихов оо гэхэд "Харин тиймээ, бид ч учрыг нь олохгүй байна" гэх. Хэргийг нотлох, хэрэг хүлээлгэх ямар ч шаардлага байхгүй тодорхой балмад тэнэг хэргүүдтэй хүчнийхэн ажиллахаас ч дургүй хүрдэг гэсэн. Шоронгоор дүүрэн хожимдсон ухаарал, маа­наг яргачид үхлээ хүлээгээд амь­дын тамаа эдэлж байна. Тэднийг цаазалж зовлонгоос нь үтэр салгалгүйгээр янаглан хорлодог болоод байгаа.



Гэмт хэрэг улам тэнэгшээд байгаа нь нийгэмд амьдрах ча­дамжгүй иргэд бий болгосонтой холбох боллоо. Эрх баригчдаас урьд өмнө байгаагүй тийм их төрийн хайр халамж, өглөг буян ирдэг болсон. Зүв зүгээр суусны төлөөх шан 21 мянга, хичээлээ огт давтаагүй ч 70000, үр дүнг огт хайхралгүйгээр үргэлж нэмэгддэг цалин, иргэн бүртээ сая саяар нь өгөх амлагаа, хонины ноосны нэмэгдэл, будаа тарианы урам­шуу­лал... Энэ бүгд нь хачирхалтай аллагуудаас ялгаагүй гайхаш барсан төрийн хайр ивээлүүд. Ард түмэндээ хайртай болж харагдах гэсэн хууран мэхлэлтүүд юм. Ийм хэмжээний мөнгө олохын тулд  хаа сайгүй л хөлсөө дусалтал хөдөл­мөрлөцгөөдөг. Бид ч гэсэн муу нэртэй социализмын үед хийснийхээ хэрээр авдаг байсан, бо­лоод л байсан. Одооны хүүхдүү­дийн ихэнх нь гэрийн даалгавар гэдэг ажлыг огт хийлгүйгээр их, дээд сургуульд орж чадаж байна. Үнэн­дээ гэр оронд ч хийх ажил бараг алга. Юм оёхгүй, ном уншихгүй, хувцас угаахгүй, гурил ч элдэхгүй. Мөн явган явж байгаа хүний тоо эрс цөөрсөн. Хөдөлмөр байхгүйгийн хажуугаар өглөг улам нэмэгдэхээр юуг тэвчих тэсвэрлэх гэж өөрийгөө зовоох вэ. Иргэдтэйгээ  амьтан тэжээж буй мэт харьцахаар баяр­ладаггүй улам хэрцгий болоод байгаа юм биш үү.

Хичнээн ядуу байлаа ч долоо хоног дараалан, хаваржингаа өлсөж үзсэн хэн байна. Үргэлж даарах, дандаа өлсөх, байнга хүнд хүчир ажил хийх, шөнийн турш эрдэм ном судлах энэ тэр чинь зовлон биш амьдрал байсан юм байна. Удтал хүлээсний эцэст ээжийнхээ хайрч өгсөн тосгүй, чихэргүй гамбирыг хар цайндаа дүрээд идэх ямар сайхан байж вэ. Энэ агшин нь жилдээ ганцхан удаа олгодог байсан олон хүүхэд төрүүлсний тэтгэмж өгсөн тэр өдөр юм. Тийм амьдрал туулаад ирсэн хүн ядаж амьдралд хайртай байх юм даа.

Одооны ядуурлын цаана ажил­гүйдэл гэдэг. Харин ажилгүйдлийн ард ажил хийж чаддаггүй, хийж үзээ ч үгүй  хүмүүс бий. Хөдөлмө­рөөр бий болсон хүн гэдэг амьтныг  хөдлөхийг нь болиулчихаар хэн ч биш, юу ч биш болдог байх нь. Гойд үүрэг рольгүй, хийх ажилгүй юм­нууд нийгмийн дунд ороод ирэх­лээр үргэлж бухимдуу, гомдолтой явцгаана. Ил хэлэхгүй ч дотор сэтгэл нь үргэлж зовлон гунигийг өөр дээрээ татаж тэр тухай л бодно. Гадуур болж байгаа үйл явдал дандаа өөрт нь эмгэнэлтэй, шударга бус хандаад байгаа ч юм шиг. Тийм адын бодлоор өөрий­гөө өмөөрч өмөлзөж  явтал урдуур нь машин дайраад орох төдийд л галзуурч дэлбэртлээ уурлан гүйж очоод дэлбэлээд шатаагаад ер нь яасан ч яадгийм...Амьд явах ба амьдралыг ийм хэврэгхэн болгос­ны буруутан хэн бэ? Мэдээж гиюүрч гөлийсөн тэр нөхөрт хамаг учир бий ч үүнд төр багагүй нө­лөөлсөн. МАН тэргүүтэй зүүн чиглэлийн улс тө­рийн хүчнүүд сонгууль болгоноор сэтээ сэвээгүй популист амлалт хийсний гай ингэж гарч ирж байна. Улстөрчид санал авахын тулд баялгийг үнэгүй­дүүлэн баруун солгойгүй цацаж ажил хийх урамгүй болгоод авсан. Өдөр хоног аргацаасан зүгээр өглөгүүд нь насан турш үргэлжлэх төлөв бай­дал харагдахаар мэдээж амьдрал шал гунигтай болж таарна.

Хүнд төрийн тус дэм хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ зүгээр өгөөд байгаа нь өөрөө хачирхалтай гэмт үйлдэл. Хүнийг хүмүүжүүлэх чухал асуудал мөнгө байхгүй учраас зогсчихоод байгаа. Худлаа ч гэсэн мод тариулах маягаар, түймэрт дайчлаад хэд хоног жаал өлсгөж дааруулаад дараа нь зөндөө мөнгө өгөх ч юм уу, бусдад сайн үйл хийсэн тайлан бичүүлснээр гэх мэт хүмүүжлийн бодлогод шингээгээд тараавал энэ гэмт хэргүүд ингэтлээ олшрохгүй болов уу. Ядаж авсан өгсөндөө өлзийтэй юм.

Залууст юу байна чөлөөт цаг л байна. Тэр цагаа биед амраар нь хайр дурлалд зарцуулна. Хуурамч хайр, худлаа дурлалын пянгаа даахгүй  өчүүхэн шалтганд хямар­цардаг. Амьдралдаа складны хулганаас өөр юмнаас айж цочиж үзээгүй "турьхан согоо"-нууд нүдээ аниад машин бариад давхиж явна. Гутралтай, согтууралтай, дүрэм мэдэхгүй эдгээр нөхдүүд өөрсдий­гөө нийгэмд ямар их уршиг тарьж буйгаа мэддэггүй нь харамсалтай. Амь нас, амьдрал энэ тэр зураг­таар үздэг кино шиг нь үгүй болчи­хоод л дахиад сэргээд байдаг юм шиг тийм гэнэн тэнэг.  

Сулинхээр рүү цэрэгт мордох, Солонгос руу ажилд явах хоёр адилхан л гэрээсээ гарсан тохиол­дол. Тэгэхэд Солонгос явсан тэр олон мянган залуусын ар гэр авгай хүүхдээс нь үргэлж л таагүй мэдээ ирж байдаг ч Сулинхээрийн хэм­жээ­ний хэрэг төвөг гардаггүй. Гадагшаа хүмүүжилтэй хүмүүс яваагүй. Соёлтой газар ч очоогүй. Тэндхийн босс 21 000 вон зүгээр өгдөггүй. Гэвч тэднийг хөдөлмөр болон хурааж цуглуулсан цалин нь амьдралд хайртай болгож, итгэл найдвар төрүүлж чадаж байна. Цаашид бид бусдад хүчирхийлүү­лээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс түр салгаж орог­нуулдаг газарт биш Солонгос зэрэг оронд явуулмаар байгаа юм. Чад­вал "ногоон карт" олгоод Америкт гаргавал шал өөр хүн болоод хүрээд ирнэ.

Гажиг гэмт хэргүүд олшроод буй өөр нэгэн шалтгаан бол Монгол хүний атаа хорсолт зан улам сэдэрсэн явдал. Энийг олон хүн хэлдэг дээ. Зорилго нь мухардсан, бүтэхээ байсан болгон л намтар ярьж өдрийг өнгөрөөнө. Тэр намтар нь хажуу дахь нөхөр өөртэй нь адилхан байснаа өөр болчихсон тухай ярианууд зонхилно. Тэгээд цаашид "сайн явахыг нь харах"-аа амлаж шазуур зууцгаана. Энэ нь худаг дээр ус авах оочер булаалд­сан хүүхдээсээ эхлээд улс төр, нам засгийн хүрээнд хүртэл нэвчсэн увайгүй араншин юм.

Монголын нийгэм жам ёсны замдаа шуудрах тусам ялгарал улам тодорч байна. Зарим нь томроод нөгөө нь жижигрээд бай­гааг олонтойгоо амьдарч сураагүй сэтгэхүй нь байж болшгүй явдал гэж үздэг.

Манай нөгөө хэн !? өмнүүр нь өнгөрсөн танихгүй хүүхний араас харангаа "Энэ хүүхнийг надаас өөр эр хүн эзэмших байх даа гэж бодохоос хорсол төрж байна" гэсэн гэдэг. Атаа жөтөө ингээд зогсвол их юм. Гүйж очоод татна чангаана, танилцана, дурлана, бүтэхгүй бол хорлоно. Энэ бол бидний аран­шин. Энэ зангаа татахгүй бол Монголоос сайн юм сонсох нь санасны гарз.

Одоо ч эвлэрэхээсээ өнгөрсөн байх гэмээр үйл явдал улс төр, нийгмийн хүрээнд их идэвхжлээ. Тухайлбал УИХ дотор  МАН, МАХН-аараа талцаж байгаа хуучин Ху-гийнхны  үзэл бодлын мэтгэл­цээн өөр оронд бол эрүүл саруул шүүмжлэл. Харин монгол орчуул­гаар бол  өшөө авалт, хонзогнол юм. Нуугаад л байсан болохоос хувийн эрх ашгаас болж аль хэ­дийнэ тангараг тасарцгаасан, одоо тэр нь тэсэхээ байгаад дэлбэрч эхэллээ.  Эрх баригч нам иргэдээ гэмт хэрэг хийх суурь бэлдэж өгсөн бол одоо өөрсдөө идсэн уусан хэргээр араас нь явахдаа туллаа. Залилан мэхлэх замаар төрийн толгойд гарсан олигархиу­дын булай илрэх тусам  хулгай­чаасаа эхлээд барьцах нь ойлгомж­той. Одоо тэгэхээр  шударга нийг­мийг сонгохоос өөр гарцгүй боллоо. Төр хэвийн ажиллавал огт хулгай дээрэм болохгүй  гэх нь ч хаашаа юм. Санаанд оромгүй тэнэг үйлдэл байн байн давтагдаад түгшээгээд байвал аль олигтой нь эндээс нүүчихнэ шүү дээ.