Гигантоманиа
Энд тэндхийн газрын тостой зарим улс орны хөдөө тосгонд хүртэл хуультай хуульгүйгээр сорж гаргаад нинжа, бичил уурхай маягаар, манайхны тогоо бүрхээр тавьсантай адилаар хялбархан нэрж суудгийг бодоход тэнгэрт гарсан өндөр технологи лав биш.
2024.11.28.
Бид томорчээ. Саяхныг хүртэл огтоос тоолж үзээгүй, мэддэг ч үгүй байсан их наяд хэмээх арван хоёр тэгтэй тоо Монгол Улсын ердийн хэрэглээ болов. Манай өнгөрүүлсэн түүх тэртээ тэргүй аугаа, төсөв, төсөл төлөвлөгөө маань 2050 оноос наашгүй. Зүгээр нэг дэлгүүр байхаа больж заавал супер, мега, хайпер ...
Монгол Улс жилдээ 1,5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр бариулахаар 2017 онд Энэтхэг улстай тэрбум долларын зээлийн гэрээг байгуулж 2021 оноос Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт аварга том бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Үүнийг бүтээхийн төлөө үнэхээр хичээсэн. УИХ-аас зөвхөн энэ үйлдвэрийг дэмжих тусгайлсан хууль хүртэл гаргаж өгөв. Харамсалтай нь удааширч, энэ зуур элдэв өртөг зардал нэмэгдсээр 1,6 тэрбум доллараас давсан тул нэмж 400 сая долларыг зээлэхээр хөөцөлдөж буй. Ашиглалтанд оруулахаар анх товлосон хугацаа ухарсаар 2027 он болжээ. Дахиад ч хойшилно, он жилүүд зогсоод хүлээхгүй учраас. Зардал ч өснө. Би энэ бүгдийг “өөдрөг”-өөр харж сууна.
Уг нь улс орнуудын жишгээр бол багавтар (монголын шатахууныг нийлүүлдэг Эрхүү мужийн Ангарскийн нефть, химийн үйлдвэр 10 сая тонныг боловсруулдаг), ашиглалтанд бүрэн ороод ч манай хэрэгцээт шатахууны тэн хагасыг ч нийлүүлж барахгүй. Ядахдаа иймийг гялс манс босгоод авахаар ухасхийсэн ч тэр нь хүртэл манай бяр чадлаас давчихсан болж таарлаа. Дахиад хэдээр ч нэмэгдэж мэдэх зээлийн тухайд бид тэртээ тэргүй цайчихсан улс, гагцхүү Хятадын Петро Чайна Дачин газрын тосны хэмжээ үйлдвэрийн хүчин чадлын тэн хагаст ч хүрэхгүйгээс гадна Халхгол, Матадаас нааш хүргэх 530 км хоолойг гурван аймаг дамжуулан тавьж байна. Дахиад хэдэн зуун тэрбумын зардал.
Энэ бүгдийн оронд Монголд ганц том биш, арай бага хэдэн үйлдвэр байгуулах байсан юм гэж боддог боллоо. Эхлээд тэр Тамсагт, алдарт 19-р талбайг бараадуулаад. Тэгвэл зүүн аймгууд тэндээсээ шатахуунтай залгана. Дараа нь Алтанширээд нэгийг. Араас нь өөр хаа нэгтээ газрын тос олдвол тэнд нь гэх мэтээр ээлж дараалан байгуулж түлш шатахууны тусгаар тогтнолдоо алхам алхмаар ойртох. Хэдэн сая биш, хэдэн зуун мянгын хүчин чадалтай үйлдвэрүүд түргэн босгоно, хэд дахин бага хөрөнгө шаардана, өртгөө дор нь нөхнө. Энд тэндхийн газрын тостой зарим улс орны хөдөө тосгонд хүртэл хуультай хуульгүйгээр сорж гаргаад нинжа, бичил уурхай маягаар, манайхны тогоо бүрхээр тавьсантай адилаар хялбархан нэрж суудгийг бодоход тэнгэрт гарсан өндөр технологи лав биш. Интернэтээс хайлт хийвээс (“oil refinery plant” г.м.) ийм ийм хүчин чадалтай байна, аваарай, суурилуулаад өгье гэсэн танилцуулга, сурталчилгаа есөн шидээрээ үзэгдэнэ.
Би үүнийг санааны зоргоор, зөв буруугаа сайн мэдэхгүйгээр бичиж сууна. Гэхдээ эрдэмтэн мэргэд, мэргэжлийнхэн, гадаад дотоодын зөвлөх шинжээч, эрх мэдэлтнүүдийн гаргасан олон төсөл хөтөлбөр шал буруу, магадгүй зөв хэрнээ хэрэгжих боломжгүй, үрэлгэн, нөөц баялаг, цаг хугацааг үрэн таран хийж төгссөн нь зөндөө учраас “яахав ээ”
Гигантоманиа гэж аливааг хэт томоор төсөөлөн гүйцэлдүүлэх гэж оролдохыг хэлнэ. Голдуу хөшөө дурсгалаас эхлээд барилга байшин, зам гүүр зэрэг биет байгууламжид хамааруулан хэрэглэдэг. Тийм ээ, томоор сэтгэж, холыг харж, өөдрөгөөр урагшлах ёстой, Оготнын нүх сахиад хүлээвэл тэндээс оготно л гарч ирэх учраас заан, арслангийн замыг тосох нь зүйтэй. Гагцхүү тэд ирэх ховор, эсвэл ирээд сүйдэлж мэднэ.
Гигантоманиагийн монгол хувилбар бол мега гэгдэх төслүүд. Сүүлийн хориод жилийн хугацаанд манай төрийн сэдсэн олон ийм төсөл шинэ цагийн хэллэгээр “фэйлдсэн” байх юм. 5-р цахилгаан станц, Эгийн гол, Шүрэн, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцууд, хангайн голуудыг говь руу урсгах “Хөх морь”, Сайншандын аж үйлдвэрийн парк, зэс, ган хайлуулах үйлдвэр, төмөр замууд, Дарханы арьс ширний цогцолбор гэх мэт. Дарханых эхлэнгүүтээ дампуурсан бол бусдынх нь шав ч тавигдаагүй. Бас хэдэн мухар төмөр зам. Харин өнөөдөр Засгийн газар дээр дурдсан заримыг оруулаад дараачийн 14-ийг зарлаад буй.
Энэ бүх бүтэлгүйтлийг зах зээл тэвчихээ больж, заримыг өөрөө шийддэг боллоо. Эрчим хүчний мега биш олон янзын эх үүсвэрүүд (тархмал гэдэг аж) энд тэндгүй гараад ирэв. Нар салхины станцууд арав, хориор тоологдож Бөөрөлжүүт нэртэй нүүрсний станц 150 МВт-аас эхэлсэн байна. Ямар азаар Засгийн газар цементийн аж үйлдвэрийн мега төсөл зарлаагүй юм, чухам зарлаагүйн ачаар өнөөдөр лав 4-5 үйлдвэртэй болж, тус бүр мега биш хэрнээ нийлээд жинхэнэ мега, бүр монгол улсын цементийн хэрэгцээнээс давсан дуулдана. Оюутолгой бол Фридланд. Айвенхоу, Рио Тинтогийн мега төсөл. Манайхан саад хийсэн ч, тус болсон ч шалиагүй, их мөнгөний өмнө хэнбугай ч тэсээгүй, жамаараа хэрэгжээд явж байгаа. Таван толгой бол одоохондоо монголын ганц мега төсөл мөн, гэхдээ хэмжээ дамжааг хятад ах нар мэднэ, хэрвээ тэд үл таалах аваас хоромхон зуур мини болж хувирах эрсдэлтэй. Нэмээд бид өөрсдөө боомтоор боосон хэвээрээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар бол XX зуунд бүтээн байгуулсан хот. Сүхбаатарын талбай, Их бага тойруу, гудамж өргөн чөлөөнүүд, орон сууцны хорооллуудыг одоо ч мега-д тооцогдох том цахилгаан станц, хотыг хэрсэн дэдбүтэц шугам сүлжээтэй нь барьж босгожээ. Тэгвэл зах зээлийн 20-30 жилийн “бүтээн байгуулалт” бол тэрхүү харамгүй үлдээсэн дэд бүтэц, зай талбайг “паразиталж” барилга байшингаар дүүргэж, яваандаа хотын хөгжил хөдөлгөөнийг гацаахад хүрсэн түүх юм. Тэгсэн хэрнээ ““анх 500 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн хот учраас” гэж ирээд өмнөх үеэ буруутгадаг. Магадгүй, гэхдээ нийслэлийн хүн амын тоо нэг саяыг давтал хүрэлцсээр байсан, дахин хагас саяар нэмэгдэхэд сая нэг дийлэхээ болсон. Зүйрлэвэл 5 настай хүүхдэд 10 нас хүртэл өмсөх зүүхийг бэлдээд үлдээсэн, харин одоо 15 нас хүрчихээд байхад багадлаа гэж гомдоллохтой агаар (бүр хорт утаатай агаар гэж хэлмээр) нэг. Өнгөрсөн хугацаанд тэлж өргөтгөхийг хэн нэгэн хориогүй санагдах юм.
Улаанбаатар хотод өөрийн мега төслүүд ар араасаа мэндэлдэг болжээ. Д.Сумъяабазарын үед LRT-гээр эхлээд “фэйлдсэн” бол Х.Нямбаатарын үед метрогоор сэргэж, тэр нь эхлээ ч үгүй байхад “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээсэн сагсуу нэртэй гүүр, бас Хүрхрээгийн амнаас Богд уул руу шургаж ороод 15,3 км туннелээр явж гариад Зуунмодын зэргэлдээх Номтын амаар цухайж гараад амьсгаа авч амар сайхандаа жаргах төслийг зарлав. Баахан сайд дарга, албан тушаалтан, албан хаагчдад зориулсан 676,3 тэрбумын өртөгтэй энэ сүйтгэлээ “Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор” гэж хайр халамж дүүрэн нэрлэжээ. Төсөөлөв үү, энд сүйдэлчихээд тийшээ зугтаж түгжрэлгүй, утаагүй тансаглах санаархал уу? Бид үйлчлүүлэх нэрээр очиж бараалхах юм байна.
Энэ бүх мега нэртүүд нь Улаанбаатар хотын түүхэн төв, соёлын өв болсон барилга байшин гудамж талбайг дүр зоргоор устган байгуулж, завсар зай болгоныг чигжсэн эмх замбараагүй, бүр зэрлэг барилгажилтын шалтгаан болсон газрын наймаа, авлигыг үнэ өртгийг ард иргэдэд үүрүүлж байгаа хэрэг юм. Тэгэхдээ одоо үеийнхэнд биш хойч үедээ. Эрх баригчид бонд, зээл гэгдэг юманд гүн донтжээ. Төсвөөс мөнгө гаргахгүй, төр хувийн хэвшлийн түншлэл энэ тэр гэж ярьдаг ч тэр бүх хөрөнгө оруулалт, олз ашгийг бид бас л төлнө.
Хэрвээ өнгөрсөн хугацаанд хий дэмий аварга “бүтээн байгуулалт”-аар хөөцөлдөхийн оронд жижиг, том гэлтгүй эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулж чадсан бол нийслэлээс баруун зүүн тийш хэвтээ тэнхлэгийн дагуу, Богд хан уулыг ороогоод, наад зах нь одоо яриад байгаа Хөшигийн хөндийд бүхэл бүтэн хот биш юмаа гэхэд суурьшлын бүсүүд хэдийнэ бий болчих байсан. Өө нээрээ, нисэх буудлын эргэн тойрны хамаг газрыг хуваагаад авцгаасан гэсэн үү?
Аливаа эцсийн зорилго том, агуу байж болох, харин тэр зорилгод хүрэх алхмууд, дэс дараа буюу технологийн хэлээр алгоритм гэж байдаг ажээ. Хэрвээ олон алхамтай байвал, нэг нь алдсан ч (манайхан юм чинь баталгаатай алдана) засч болно, засч чадахааргүй бол гарз бага. Олноос олон гарз, цөөнөөс цөөн гарз. Элдэв мега төслүүдийг хэрэгжүүлэх мөнгө тэртээ тэргүй байхгүй. Сүүлийн үед одоо байгаа ажил төрөлд ч хүн хүч олдохоо больсон гэлцэнэ. Ёстой нөгөө махтай ч болоосой, тэгвэл гурил зээлээд, бас бус юм олоод хоол хийхсэн, даанч давс байхгүйн үлгэр.
Энэ зуур төр засаг, эрх мэдэлтнүүдийн амбиц нэмэгдсээр байна. Энэ олон, эцэс төгсгөлгүй хөврөх алсын хараа, форум чуулган, үндэсний хөтөлбөр, шинэ сэргэлт, бүсчилсэн хөгжил, зээл бонд дундаас дараачийн ямар мега-нууд мэндлэх бол?
P.S. Яг одоо төвийн бүсийн хөгжлийн чуулган (Улаанбаатар, бусад бүх аймаг, сум орон нутаг, гадаад дотоодын төлөөлөгчид оролцсон, маш өргөн бүрэлдэхүүнтэй) Дархан-Уул аймагт болж Монголын үндэсний олон нийтийн телевиз, “Тэнгэр” телевизээр шууд дамжуулж байна. Шадар сайд С.Амарсайхан тээвэр ложистикийн цогцолборын ТЭЗҮ боловсруулах, үйлдвэр, технологийн парк байгуулах, Майкл Портерийн даймондын онол ямар учиртай, оновчлолын алгоритм, кибер орон зайд нийлүүлэлтийн сүлжээг хуулбарлах талаар лекц уншиж байна. Дархан хавьд хэдэн сайхан мега мэндлэх төлөвтэй болоод явчихлаа.
Бас “За ингээд бараа бүтээгдэхүүн бий болгочихлоо гэж бодьё, одоо яах уу, экспортлох хэрэгтэй ...” гэнэ. Өвөл болоход хүйтэн болдог шиг сонсдов. Нөхөд өө, эхлээд бараа, бүтээгдэхүүнээ бодитоор бий болгоё. Тиймээс танхимд цугларсан энэ олон эрхмүүд хажууханд гацсан Арьс шир боловсруулах үйлдвэрийн балгас дээр очиж субботник хийвэл дээрсэн. Майкл Портер биш, портер машин илүү чухал!