А.Ундраа: “Вансэмбэрүү экспо” тун удахгүй сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэдэг
УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
А.Ундраа: “Вансэмбэрүү экспо” тун удахгүй шинэ экспортлогч
төрүүлэх хүлээлттэй байна
Хосоор ургадаг вансэмбэрүү цэцгээр нэрлэгдсэн, экспортыг дэмжих, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Вансэмбэрүү экспо” уламжлал ёсоор гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Цэцгийн нэртэй энэ үзэсгэлэн худалдааг хоёр эмэгтэй улстөрч хослон зохион байгуулсаар гурван жилийн нүүр үзэж байна. Удахгүй болох үзэсгэлэн худалдааны онцлог нь юу байх бол. Энэ талаар тус экспог үүсгэн санаачлагч, УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа та хоёрын санаачлан зохион байгуулдаг “Вансэмбэрүү экспо” гурав дахь жилдээ оролцогчдоо хүлээж байна. Энэ экспо маань анхнаасаа л их эрч хүчтэй, үр дүнтэй сайхан болдог. Өнөөдөр та энэ талаар эргэн дурсахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-“Вансэмбэрүү экспо” анх зохион байгуулагдсан цагаасаа л үйлдвэрлэгчдийг өөртөө татаж чадсан мөн үзэсгэлэн худалдаанд зохион байгуулалттай, зорилготой, идэвхтэй, үр дүнтэй оролцох нөхцлийг зохих хэмжээнд бүрдүүлж ирсэн гэж хэлэхэд болно. Зөвхөн бизнесээ танилцуулах, бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна цаашид, дараагийн экспо хүртэлх хугацаанд харилцан туршлага солилцож түншлэх боломж нээгдсэн гэдгийг оролцогчид маань үнэлдэг. Анхны экспод маань орон орны Элчин сайд нар оролцож, үнэтэй сургамж зөвлөгөө, зарим гарцыг хэлж өгч байсан. Мөн анхны оролцогчдоо тодорхой үзүүлэлтээр шалгаруулж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүний чанар, үзэмжийг сайжруулах боломжийг нэмэгдүүлж чадсандаа баяртай байдаг. Анхны оролцогчдоос шалгарсан үйлдвэрлэгч мааньарьс, ширний салбарт бизнес эрхэлдэг учраас Итали улсад туршлага судлуулахаар явуулсан. Итали бол арьс, ширний чиглэлээр, ялангуяа загвар дизайны хувьд дэлхийд тэргүүлдэг. Тиймээс оролцогчид маань бизнесээ хөгжүүлэх, зөв удирдах талаар ихээхэн туршлага хуримтлуулж, дэм боллоо гэж талархлаа илэрхийлж байсан. Дараагийн “Вансэмбэрүү”-д гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шалгарч Япон улсад туршлага судлаад ирсэн. Ер нь анхнаасаа л манай экспо оролцогч ихтэй, хоцорчихлоо, яаж оролцох вэ гэсэн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч олон таарч эрэлттэй, үр дүнтэй болсон гэж боддог.
-Харин тийм байна. Шалгуурын хувьд ямар шаардлага тавьдаг тухайгаа дахин танилцуулна уу?
-Зах зээл өөрөө гол шалгуур шүү дээ. Бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж, баглаа боодол, савлагаа,бүтээгдэхүүнээ зөв ойлгуулах, таниулах маркетинг, хамгийн гол нь хэрэглэгчдээ чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Үнэхээр органик бүтээгдэхүүнийг л органик гэхээс биш үйлдвэрлэгч нь органик гэж хэллээ гээд баталгаатай болох уу? Тиймээс хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй, чин шударгаар бүтээгдэхүүнээ үнэн зөв таниулж худалдах нь цаашдаа бүтээгдэхүүнээ экспортод гаргахын төлөө ажиллахад хамгийн эхний алхам болдог. Энэ тал дээр оролцогчид, оролцохыг хүсэгчид анхаарах хэрэгтэй. Учир нь зөвхөн бараа, бүтээгдэхүүнээ зарах гэж энэ экспод ирэх биш, нүүр бардам байх чанартай бүтээгдэхүүн хийх, зөв таниулах, үүнийг дагаад аяндаа бүтээгдэхүүн тань борлоно, бизнесээ өргөжүүлэх ашиг авчрах шинэ гарц нээгдэнэ. Тиймээс хоёр дахь удаагийн буюу өмнөх жилийн экспогоор энэ чиглэлийн сургалтуудыг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. Мөн гадаадын ижил төстэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортолдог, одоо өндөр амжилтад хүрч нэрд гарсан компаниудын төлөөллөөс урьж саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан амжилтын түүхийг нь яриулж туршлага хуваалцсан. Тухайлбал Японы компаниуд болон гадаад худалдааны мэргэжилтэн, төрийн бодлого хэрэгжүүлэгчдийн төлөөллийг урьж экспортын бараа үйлдвэрлэх, түүнийгээ экспортлоход, ялангуяа Японд экспортлох бол юуг голлон анхаарах талаар зөвлөгөө өгөх чөлөөт ярилцлагыг зохион байгуулсан нь маш сонирхолтой арга хэмжээ болсон. Энэ үеэр манай улстай худалдааны хэлэлцээртэй ямар орон байдаг, ямар үр дүнтэй, тарифын хөнгөлөлт нь хэрхэн бизнесийн ашигт нөлөөлдөг, өндөр хэрэглээтэй орны хувьд чанартай, чанараа дагасан үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн чухал вэ гэдэг талаар ярилцсан нь экспод оролцогчдын анхаарлыг ихэд татсан өгөөжтэй байлаа. Гол нь экспортлох зах зээлээ судална, хэрэглэгчдийн сэтгэл зүйг ойлгох, мэдэх маш чухал болов уу.
- Өнөө жилийн “Вансэмбэрүү экспо”-ийн онцлог нь юу байх бол гэдгийг ихэд сонирхож байгаа байх?
-Энэ удаад сургалтууд болон мэдээллээр хангах ажлаа өмнөх жилүүдийнхээс илүү сайн хийхийг зорьж байна. Нэг биш олон компанийг оролцогчдоосоо шалгаруулж боломж олгохыг хичээнэ. Энэ жилМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу АНУ-ын Конгресс Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн, оёмол, сүлжмэл бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргахад тарифын хөнгөлөлт эдлүүлж дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөл өргөн бариад байгаагаараа бас онцлогтой. Конгреесийн төлөөлөл саяхан ирэхдээ дээрх хуулийн төслийг батлагдах байх гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. УИХ дахь Монгол-АНУ-ын парламентийн бүлгийн дэд даргын хувиар АНУ-ын конгресийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Хэрэв энэ хууль батлагдвал Монголын компаниудад нэг том боломж нээгдэх болно. Үүнд зориулаад үйлдвэрлэгчид тодорхой төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ хангахад нь “Вансэмбэрүү экспо-2018” үр дүнгээ өгөхөөр зорьж байна. Энэ мэтчлэн үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж, зорилтод тулгуурласан сургалтуудыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
-Мэдлэг, туршлага багаас ч тэр үү, эрэлтээ судлалгүйгээр үйлдвэрлэлээ эхэлж, бүтээгдэхүүн гаргаад түүнийгээ худалдаж, ашиг орлого олж чадахгүй хүнд байдалд орох эрсдэл хамгийн элбэг тохиолддог. Энэ талаар?
-Сургалтын үеэр энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн. Нэгэнт худалдааны хэлэлцээр байгуулсан орон тийм ч олон биш учраас үйлдвэрлэл эхлэхдээ бизнесээ зөв төлөвлөх сайтар тооцоолох хэрэгтэй. Манай экспод оролцогчид маань уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шиг их хэмжээний орлого олдоггүй, ихэвчлэн зээл авч гарааны бизнесээ эхэлдэг. Тиймээс эрсдлээс хамгаалах талын мэдлэг шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан энэ удаагийн экспогоор манай оролцогчод хөрөнгө оруулалт хийх санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулах, зөвлөгөө өгөх, түншилж ажиллах боломж ч бас нээгдэж байна. Манай орны хувьд эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн гэхчлэн хөдөө аж ахуй, биотехнологийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж өргөн бий. Үйлдвэрлэл эрхлэгчид, өв соёлоо шингээсэн бизнес эрхлэгчдийн хувьд экспортлох бүтээгдэхүүнийхээ жин хэмжээ, савлагаа, шошгоос эхлээд олон талын судалгаа хийж байж ашиг олох болно. Тэр нь бага гэж чамлахааргүй нэмүү өртөг шингээсэн, Монгол гэдэг нэрийг дэлхийд таниулахаар нэг бүтээгдэхүүн ч атугай энэ экспогоос гарвал бидний зорилгын нэгээхэн хэсэг биеллээ олох юм. Малын гаралтай түүхий эдээ бид боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж хангалттай чадна. Тийм өв уламжлал соёлын туршлага ч бий. Гэтэл дэлхий дахинд хэрэгцээ хэр байна вэ. Бид гадны хэрэглэгчдийн тавих өндөр шаардлагыг хангасан ариун цэвэр, эрүүл мэнд, чанар, өнгө үзэмж, тээвэрлэхэд авсаархан гэхчлэн бүх талын эрэлтэд нь нийцүүлж үйлдвэрлэх шаардлагатай. Тэгэхгүй бол бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй. Мөнвидео тоглоом зохиох, анимэйшн хийх зэрэг оюун санааны эрэлтэд нийцэхээр, биет бус дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэжэкспортолж болно. Бид үүнийг чадахын төлөө зорих ёстой. Энэ итгэл үнэмшилийг, шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг бид үйлдвэрлэгчдэдээ өгөх нь бидний хийж буй хөрөнгө оруулалт юм.
-Төрийн түшээгийн хувьд лавлахад төрөөс энэ талаар дэмжих ямар боломж байна гэж та харж байна вэ?
-Төрөөс бодлогоор дэмжиж үйлдвэрлэгчдээ урамшуулна, гадаадын улс орнуудад тайлбарлан таниулахад идэвхтэй оролцох ёстой.Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудаа харах бүрт яаж дэмжвэл болох бол гэж боддог байснаа энэ экспогоор хэрэгжүүлж эхэлж байгаадаа баяртай байна. Нэг жишээ дурдахад, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн өмнө “өрсөлдөгчөө эврээрээ сэжиж дээш нь шидэж буй“-г дүрсэлсэнбухын хөшөө байдаг. Хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ өсөхийг bull market буюу бух зах зээл гэдэг. Ийм бухыг ашигтай ажиллахын билэгдэл болгож дэлхийн томоохон компанийн захирлууд ажлын ширээн дээрээ тавьдаг, зарим нь цуглуулдаг. Монгол залуу цэвэр мөнгөөр урласан бухын баримлыг Нью-Йоркийн хөрөнгийн биржийн өмнө зарж байхыг хараад үнэхээр олзуурхсан. Орц, сорьц нь чухал, гол нь билэгдэл, тэгээд цэвэр мөнгөөр урласан гэдгээрээ бүтээгдэхүүнээ борлуулах ниш зах зээл олсон тохиолдол юм. УИХ-аас батлагдах хууль, тогтоомжинд саналаа тусгахаар ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Зөвхөн банкны зээл биш, венчур фанд, хөрөнгө оруулалтын сан, хувьцаа бонд гаргах, компанийн хэсгээ худалдах, шинэ түнш нэмэх зэргээр санхүүгийн зах зээлийн олон бүтээгдэхүүн ашиглах боломж, хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлага байна.
-Үйлдвэрлэгчдийн маань дийлэнх нь банк, санхүүгийн байгууллага, эсвэл мөнгө хүүлэгчдээс зээл авч гараагаа эхэлж байна. Зээлийн хүүгийн дарамт, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой ямар арга хэмжээ авах вэ. Дээр дурдсанчлан экспогийн үеэр зээлдэгч, зээлдүүлэгчид холбоо тогтоож түншилбэл тун зөв алхам болох нь, яг “Шарк Танк” шиг?
-“Вансэмбэрүү экспо”-г Нийслэлийн Засаг дарга Ш.Анхмаагийн хамт санаачлан зохион байгуулдаг гэж дээр хэлсэн. Ш.Анхмаа маань энэ талаар илүү соргог хандаж ямар арга хэмжээ авах боломжийг эрэлхийлж надтай зөвлөлдөж байна. Үйлдвэрлэгчдийг маань ямар нэгэн банк, эсвэл байгууллага зээлээр хангах боломжгүй учраас санхүүгээ зөв залах, эрсдлээ зөв удирдах талаар зөвлөгөө өгөх, мөн экспо дээр үйлдвэрлэгчидтэй танилцаад ямар нөхцөлд үйлдвэрлэл явуулж хэр орлого олдгийг нь газар дээр нь үзээд хөрөнгө оруулалт хийх, бага хүүтэй зээл олгох боломжтой бол холбоо тогтоож ажиллавал том үр дүн гарна. Хэн хэндээ харилцан ашигтай, экспортын орлого олох бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаас эхлээд урт хугацаандаа ямар ч том амжилтад хүрэхийг таашгүй. Хэдийгээр эрсдэл аюултай ч эрсдэхээс айж үйлдвэрлэлээ зогсоохын оронд санхүүгийн зөвлөгөө авч, зээлдүүлэгчийнхээ итгэлийг дааж хөгжих л хэрэгтэй. Тиймээс энэ чиглэлээр харилцаа холбоо тогтоох процесс өрнөвөл энэ удаагийн экспогийн бас нэг шинэ имиж, шинэ давуу тал болох юм.
-“Вансэмбэрүү экспо-2018” эхлэх өдрийг тэсэн ядан хүлээж бараа бүтээгдэхүүнээ танилцуулах борлуулахад бэлтгэж байгаа оролцогчдод маань хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Экспогийн ажилд амжиль хүсье.