Их аварга Д.ДАГВАДОРЖ: Миний цээжин дотор одоо ч гал асч байна
“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин Их аварга Асашёорюү Д.Дагвадорж. Одоогоос гурван жилийн өмнө түүнтэй уулзаж халуун дулаан, илэн далангүй, чин сэтгэлийн яриа өрнүүлж байсныг манай уншигчид мартаагүй биз ээ. Энэ бол бидний ярилцлагын хоёрдугаар хэсэг. Ингээд уншигч таныг домогт аварга Дагвадоржийн халгисан цалгисан, омогшсон, лугшсан ертөнцөөр аялахыг урьж байна.
-Их аварга тантай одоогоос гурван жилийн өмнө Монгол түмнээ огшоосон, омог төгөлдөр ярилцлагаар уулзаж байлаа. Бүх хүмүүс улс төрөөр халуурсан энэ өдрүүдэд аваргатайгаа ярилцлагынхаа хоёр дахь хэсгээр дахин уулзаж байгаадаа баяртай байна?
-Баярлалаа. Тантай уулзах сайхан байна. Яагаад ч юм танд өгсөн тэр ярилцлагаа хааяа би эргэж уншдаг. Ёкозуна Асашёорюү гэдэг хүнийг дотоод сэтгэлдээ юу тээж явдаг, зүрх сэтгэлийнхээ гүнд яг ямар хүн бэ гэдгийг үнэхээр гаргаж өгсөн ярилцлага. Ганчимэг эгчдээ баярлаж явдаг. Үнэхээр болсон болоогүй, хов жив болсон шар хэвлэлүүдийг би хүлээж авдаггүй, дургүй. Миний занг та ч мэдэж байгаа. Та санаж байна уу. Тэр ярилцлага хэвлэгдсэний маргааш орой нь над руу утасдсанаа. Би өнөөдөр нисч байна. Үнэхээр мэргэжлийн таашаал авлаа гэж хэлснээ. Би ч гэсэн тэр үгийг тань сонсоод омогшиж байсан. Одоо ч гэсэн тэр өдрүүд, тэр ярилцлага хийж байсан үе, таны хэлсэн тэр үг миний тархины бичлэгт хадгалаастай явдаг.
-Санаж байна, циркэд байдаг ажлын өрөөндөө өнөөдрийнх шиг яг ийм цав цагаан цамцтай сууж байсныг тань. Бид тэгэхэд таван цаг ярьж байсан. Өнөөдөр ч гэсэн таныг тэр үеийнх шигээ хайлган цайлган, тэр өдрийнх шиг омогшил дүүрэн, яг тэрэн шигээ хаалга цонхоо дэлгээстэй байгаасай гэж хүсч байна ?
-Харин л дээ. Цаг хугацаа яг хуучны тэр өнгөөрөө, хуучны тэр хөг аялгуутайгаа эргэж ирдэг гэж үү. Ирдэг бол сайхан л байна.
-Асуухыг үргэлж хүсч байсан битүү сэдвээс яриагаа эхлэмээр байна. Та энэ сэдвийг тайлж нэг ч удаа цээжний үгээ нээгээгүй. Таныг би тэнгэрт нисч явсан гэж боддог. Гэвч гэнэт зодог тайлж, газардсан. Үүний нарийн учрыг үнэхээр мэдмээр байдаг ?
-Та чинь яасан их тулгаж байна аа.
-Яг ийм явдал болсон юм аа... гэж өнөөдрийг хүртэл та Япон, Монголын ямар ч сэтгүүлчдэд задалж яриагүй шүү дээ?
-Надад спортын том мөрөөдөл байсан. Үүнийг маань Монголын ард түмэн мэдэж байсан. Японы ард түмэн, намайг дэмждэг дэлхийн бусад фэнүүд маань бүгд тэр мөрөөдлийг минь биелээсэй гэж хүсч байсан. Тэд маань намайг Тайхо аваргын рекордыг эвдэнэ гэж хэлдэг байлаа. Би ямарваа нэг юманд ам гарах өөрөө дургүй л дээ. Тэгээд яахав, сайхан барилдаж байсан. Бэртэл гэмтэл гээд спортын амьдралд өдий төдий юм тохиолддог. Тэгж байтал дороос идэр залуу сайхан аварга гарч ирсэн. Монголын бас нэг сайхан аавын хүү, та бүхний хүндэлж хайрладаг сайхан аварга төрсөн. Мэдээж энэ бүхнийг хүлээж авахад надаас асар их сэтгэлийн тэвчээр шаардаж байсан л даа.
-Маш сайн ойлгож байна. Энэ бол мэдрэмжийн нарийн нандин долгилцол дээр тэмтрэгдэх ойлголт шүү дээ?
-Тийм ээ. За, сэтгэл зүйн хувьд тэрийгээ даван туулаад, нөгөө бөхтэйгөө барилдаж сураад цаашаа явсан. 25 дахь түрүүгээ авчихлаа, цаашаа ердөө долоон түрүү авахад би 32 дээр очно. Үнэндээ би энэ тухай тэгтэл их бодож яваагүй. Зөвхөн урдаа ирсэн даваануудыг л бодож, ялалтуудаа хийж барилддаг байсан. Өмнөх башё дээр нь би бас бэртэл гэмтэл авчихсан. Гэтэл яагаад ч юм тэр башё надад нэг тийм гал өгсөн юм.
-Гал?
-Гал. Яагаад ч юм сэтгэл зүрхнээс асаад, яагаад ч юм тэр жижиг сажиг бэртэл гэмтлийг давж гарах хүч оргилоод, яагаад ч юм өрсөлдөгч бөхтэйгөө барилдах арга барилаа олоод, яагаад ч юм сэтгэлийн тэнхээ тогтоод цээжинд нэг тийм гал асаад байсан. Өрсөлдөгч бөхтэйгөө барилдах арга техникээ олно гэдэг өөрөө асар том философи байдаг юм шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Түрүүн та өрсөлдөгчөө хүлээж авах тухай маш гоё ойлголтыг хөндлөө шүү дээ?
-Нэгэнт өөр дээрээ тулаад ирсэн тэр зүйлийг хүлээж авахад бас тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй байдаг. Энгийн амьдралаас жишээ авъя л даа. Одоо энэ бидний өдөр тутмын хэрэглээний цахилгаан байна шүү дээ. Нэмэх хасах цэнэг шууд нийлэхээр юу болох вэ. Тэрэн шиг л зүйл шүү дээ.Тийм учраас би нөхцөл байдалтайгаа ойлголцохын тулд цаг зарцуулсан. Би үнэхээр тэр ойлголтод цаг хугацаа зориулсан. Тэр хүртлээ барилдаж байхдаа яг бас энергиэ гаргаж чадахгүй яваад байсан. Тэгээд л яагаад ч юм тэр башё дээр дахиад би хоёр жил барилдана аа гэсэн бодол цаанаасаа орж ирсэн. Миний дотоод энерги, дотоод мөн чанарт миний бөхийн амьдралд нөлөөлөх элдэв бусын эсрэг энергийг дарах юм орж ирсэн. За, би ямар ч байсан долоон башё түрүүлнэ ээ. Дүүтэйгээ би барилдана. Жилд зургаан башё байгаа. Хоёр жилд 12 башё. Бүгдийг би дийлэхгүй ч бай талд нь очиход их аварга Тайхогийн амжилтыг эвдэх юм байна. Ингэж чадах юм бол би цахиур хагалах юм байна даа гэж бодож байсан. Би үнэхээр сэтгэлээ нээж ярьж байгаа юм шүү. Манай хүмүүс яаж ойлгох юм бол доо.
-Ойлгоно шүү дээ?
-Тэр цахиурын чулууг би бэлдчихсэн байсан. Билүү нь надад өөрт байсан. Зөвхөн зурах нь л үлдсэн байсан даа. Ингэж хэлэхээр өөрийгөө хэтэрхий магтсан болох ч юм уу.
-Танд тийм эрх нь байгаа?
-Хоёулаа ингээд л задгай ярьж эхэлдэг шүү. (инээв) Бид хоёрт одоо бол ямба хэрэггүй, ямар нэгэн халил хэрэггүй. Тийм үү.
-Тийм ээ, Тэр гал юу байв аа. Нэг мэдэхэд л гал залгичихсан байдаг. Цээжин дотор л асаад ирсэн?
-Үнэхээр тийм. Ямар ч байсан дээр байгаа тэр үүлний цаана юу байдгийг хармаар санагдаад л. Товчхондоо том мөрөөдлийн, том амжилтын гал ассан л даа. Тэгээд яагаад ч юм би тэр башё дээр түрүүлээд, яагаад ч юм нэг жижиг сажиг асуудал гарч ирээд. Яагаад ч юм тэр башё дээр зодог тайлах асуудал босч ирсэн.
-Тэр өглөө жирийн л нэг өглөө байсан уу. Яг тантай юу тохиолдсон юм бэ?
-Энэ асуудал ерөөсөө л монгол хүний омогшил шүү дээ. Гал халуун монгол хүний омогшил. Монголын залуучуудыгаа тийм зүйл дээр, ийм л байгаасай гэж хүсдэг. Монгол гэдэг энэ зургаан үсэг сэтгэл зүрхэнд минь бараг миний зургаан мөч болсон. Би ийм болтлоо тэнд өрсөлдсөн юм шүү. Тархи оюун, бие цогцос, их түүх, өвөг дээдэс, үзэмж гоо, эх орноо хайрлах сэтгэл гэсэн энэ зургаан зүйл дээр тэр Монгол гэсэн зургаан үсэг явдаг юм болов уу гэж боддог. Би гал халуун Монгол, би эмоцитой Монгол, би давилуун Монгол, би аархуу Монгол, би ард түмэндээ хайртай Монгол хүн. Авааль гэргий, үр хүүхдэдээ хайртай Монгол эр хүн. Үнэхээр бид өнөөдөр сэтгэл зүрхээ нээсэн шиг нээе гэж байгаа бол би танд дотроо нээж, ёстой сэрхийтэл хэлж, сэвхийтэл ярьж уужирмаар санагдаад явчихлаа. Болох юм уу.
-Болно шүү дээ. Энд болохгүй гэсэн ямар ч тэмдэг байхгүй?
-За, тэгээд нөгөө Монгол чинь 25 түрүүлчихлээ. Намайг тэр үед ямар явсан гэж бодно. Гэвч дотор минь асч байсан тэр гал бөхсөн.
-Гэхдээ Монгол хүний, тэр тусмаа тань шиг хүний сэтгэлд ассан галыг сугалж авна гэж байхгүй дээ?
-Миний тэр сэтгэлийн гал ил ассан юм болов уу даа л гэж бодох юм.
-Аварга та яасан битүү хариулж байх юм бэ. Хоёулаа нээлттэй л сайхан ярья л даа. Тэр өглөө үнэхээр жирийн л нэг өглөө юм уу, жирийн бус өглөө байсан юм уу?
-Жирийн л нэг, хүний нутгийн өглөө байсан. Гол онцлог нь сэтгэлийн гал ассан байсан. Эерэг гал байсан. Гадна талаас бол миний зүг рүү хурц гал ассан. Ийм нөхцөлд хүний бүх л араншин илэрнэ шүү дээ. Уучлаарай, тэр асуудлын тухай ярихаар сэтгэл жаахан хямраад явчихдаг юм аа.
-Танд тавьсан занга байсан юм уу?
-Та бүхэн мэдэж байгаа даа. Үүнийг яриад байж яах юм бэ дээ.
-Нэг ч яриагүй шүү дээ?
-Асуудлыг би гайгүй л гэж бодож байсан. Нөгөө л нэг бичигддэг, нөгөө л нэг Асашёорюү, нөгөө л нэг Монгол, нөгөө л нэг дийлээд байдаг баатарлаг Монгол хүн. Нөгөө л ард түмэн нь уухайлаад байдаг Монгол байсан. Тэр нь л хэтэрхий бас айлын галыг ноцооход нь дэм болчихсон юм болов уу гэж боддог юм ш дээ. Одоо би сайхан эх орондоо ирчихээд сууж байна. Миний Монголд бас зөндөө л гал ассан байна шүү дээ. Ганчимэг эгч ээ, хоёулаа энэ сэдвийг орхиё тэгэх үү.
-Тэгье, өнөөдөр би таныг сурснаараа аварга аа л гэж дуудаж байна. Ингэхэд та яг одоо хэн бэ. Таныг хэн гэж дуудвал танд таатай байх бол?
-Би амьдралынхаа зургаар л явж байгаа хүн. Намайг хэн гэж дуудахаа та үнэхээр мэдэхгүй байгаа юм уу. Тэгвэл би өөрийгөө нэг танилцуулчих уу. (Аваргын маань гэдэн жаахан хөдлөв бололтой) Би Долгорсүрэнгийн Дагвадорж. 1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөн. Бич жилтэй. Нийгмийн гарал ажилчин. Монгол Улсын иргэн. Би улаан залаатай Монгол эр хүн. Би Монгол залуусаа үндэсний үзэлтэй байгаасай гэж хүсдэг. Тэр нь хий хоосон лоозон биш. Увайгүй хүмүүс ард нь сууж байдаг хэлбэрээр биш. Жинхэнэ үнэн, жинхэнэ бадрангуй үзэл байгаасай гэж үнэхээр хүсдэг юм.
-Аварга аа?
-Яасан?
-Таныг зодог тайлж байхад өвөл байсан, тийм үү?
-Өвөл байсан.
-Гурван жилийн өмнө та надад “Би Монголынхоо өвлийн урдаас хага ташсан тэр нэг хүйтэн агаарыг ямар их санадаг гээч” гэж ярьж байсан. Тэгээд таныг зодог тайлах үед “Асашёорюү эх оронд чинь таны дуртай агаар нь тачигнасан омголон өвөл болж байна. Хүрээд ир” гэж бичиж байсан. Яг тэр явдлын дараа буцаад ирэхэд яг тэр агаар угтсан уу?
-Миний сэтгэлд олон жил явсан тэр агаарыг, тэр мэдрэмжийг яаж ч “delete” хийгээд алга болгож чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Бид гадаад дотоод явлаа, галуу шувууны мах идлээ энэ тэр гээд дэмийрдэг . Тэр үнэндээ юу юм бэ. Тэр зүгээр л биед зүүсэн чимэг байхгүй юу. Зүгээр л хээнцэрлэл. Монгол агаарын дэргэд юу юм.
-Эх орондоо буугаад зогсч байхад санаа сэтгэл тавираад сайхан байсан биз дээ?
-Сайхан шүү дээ. Юутай зүйрлэх юм.
-Яг суурин ингээд амьдарч аж төрөхөд Монгол хэр хөгжсөн байна. Олон жил та эх орныхоо сурталчилгаа байлаа. Одоо ч хэвээрээ?
-Монгол минь сайхаан. Ийм сайхан эх орныг бидэнд үлдээсэн өвөг дээдэс, тэр агуу монголчуудаар би бахархдаг. Ёстой халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж явсан баатрууд шүү дээ. Сая би “Анхны долоо” гээд шинэ кино үзсэн. Яаж бахархахгүй байх юм бэ. Тэдэн шиг хөвгүүдээр.
-Би таны ярихыг хүсэхгүй байгаа сэдвийн асуултуудыг тавиад байгаагаа мэдэрч л байна. Нээрээ та киноны сурталчилгаагаар гарч байсан. Үзээд гарч ирэхэд тань сэтгүүлчид таарчихсан юм уу. Албан ёсны сурталчилгаа юм уу?
-Энэ ямар нэг намын сурталчилгаа биш шүү. Бид үүх түүхээ мэддэг баймаар байна. Бидний үеийн тэр залуусын хийсэн киног дараа дараагийн үеийн хүүхдүүд, бидний ирээдүй үзэх ёстой. Тэрийг л бодож хийж байгаа шүү дээ.
-Өөрийг тань би дотроо ойлгож байна. Гэхдээ та бол маш том сурталчилгаа шүү дээ. Та өөрөө маш том зах зээл. Тэгэхээр таны оролцож байгаа бүх юм сурталчилгаа болж харагдах нь зүйн хэрэг. Тэр утгаар нь л би асуусан юм?
-Миний сурталчлах үүрэгтэй цорын ганц юм Монгол эх орон минь. Гэхдээ байна шүү, Монголын юм бүхэн үнэ цэнэтэй байх ёстой. Тэр дундаа хүн нь, газар шороо нь, баялаг нь, мал сүрэг нь, урлаг нь, спорт нь, кино нь. Киног сугалж ярья л даа. Киноны гүйцэтгэж ирсэн үүргийг хүн төрөлхтөн бүгдээрээ мэднэ. Эх орны дайны үеийн Оросын кинонуудыг бод доо. Тэр урлагаар дамжуулан ард түмнээ зоригжуулж, сэтгэлийнх нь дотор эх оронч үзлийн галыг асааж, дараагийн хойч үедээ эх орон нь хэчнээн их үнээр өвлөгдөж үлдсэнийг тархинд нь хэлж байдаг. Та бид хоёрын сэдэв жаахан зөрөөд байх шиг байна. Та болохоор нэг сурталчилгаа яриад байна. Одоо нөгөө талаас нь ярья. Монгол гэдэг чинь өөрөө бидний сурталчилгаа. Би зүгээр нэг муу цагаач байвал яах юм бэ. Тийм биз дээ. Миний энэ биеэр зөвхөн Монгол минь гүйж байгаа юм. Тийм болоод би хүчтэй, тийм болоод би ялж ирсэн. Би нэг л юман дээр омогшиж байгаа. Тэр нь Монгол. Одоохондоо омогшил минь шалдан байна. Ний нуугүй хэлэхэд би Монголд ирээд хөрсөн дээрээ буух гэж зөндөө шаналсан.
-Тэгээд бууж чадсан уу?
-Мэдээж эх хэлээрээ яриад ингээд сууж байхын жаргал, дээр цэлийж байгаа хөх тэнгэр, дэргэд сүндэрлэж байгаа уулс, мандаж байгаа нар нь хүртэл Монгол байхад яах юм бэ. Эх оронд маань сайнтай муутай амьдрал зөндөө л байна. Би бол үнэндээ дэндүү тасарчихсан байжээ. Би Монголоосоо дэндүү тасарсан байж. Тугаа бариад Монголоо гээд дэндүү явчихсан байна. Хөрсөн дээрээ буугаад үзлээ. Хоёулаа шударга л ярья л даа. Монголын амьдрал өнөөдөр хэцүү байна шүү дээ.
-Ирснээсээ хойш Монголоороо нэлээн явав уу?
-Явалгүй яахав дээ. Зөндөө явлаа.
-Амьдрал тийм хэцүү байна уу?
-Монголын амьдрал хэцүү байна аа. Нөгөө цайлган сайхан сэтгэл нь дарагдчих гээд байна шүү дээ. Эрхбиш айлд яваад ороход, “Ээ аварга маань ороод ирж байхад” гээд аягатай цайгаа барьдаг, эрхбиш таваг нь дундхан ч идээгээ тавьдаг ёс нь арайхан хазайчихаагүй байна. Хоёр сая 700- хан мянган хүнтэй, ийм өргөн уудам нутаг дэвсгэртэй. Асар их баялагтай, сүрлэг түүхтэй, ийм ард түмэн ингэж амьдарч болох юм уу.
-Таныг ирэнгүүтээ улс төрд хөл тавина гэж хүмүүс таамаглаж байсан?
-Үгүй ээ, би улс төрд орохгүй. Надад тийм хүсэл ч байхгүй.
-Намуудаас санал бол ирсэн биз дээ?
-Ирсэн л дээ. Гэхдээ би ийм санал хүлээж авахгүй ээ. Би Их Хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улстөрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий биз дээ. Би ингэж тархиа угаалгамааргүй байна. Энэ арай дэндэж байна. Эд нар улс төрийг арай зөв талаас нь хиймээр байна шүү дээ. Тэгээд л ард түмнээ хувааж давхиад л. Би тэр элдэв худал хуурмаг юм бичээд байгаа нөхдүүд шиг жижиг гар биш шүү дээ. Би том Монгол. Агуу Монгол. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Нээрээ Монголын хөрсөнд буух хэцүү байна шүү. Би нэг л юмыг ойлгохгүй юм. Манайхан яагаад ингээд стресстэй амьдраад байдаг юм бэ.
-Би таныг ч гэсэн стресстэй байна л гэж харж байна?
-Байлгүй яадаг юм бэ. Хаагуур нь би өнгөрөх юм. Төр Монгол хүнийхээ тархийг, зүрхийг, оюуны чадавхийг нь дэмжээд өгөөсэй. Би сая Сонгинохайрхан дүүргээр явлаа. Ээ, бурхан минь ээ. Ёстой нээрээ хэцүү гэж хэлэхэд багадам байна. Арай ч дээ. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн ш дээ. Итгэлийг нь авч гарч ирчихээд зарим нэг нөхдүүд юу хийгээд, яагаад хуурч мэхлээд яваад өгч байгаа юм бэ. Ард түмний сүүн цагаан сэтгэл рүү ямар өнгийн будаг цацчихаад яваад өгч байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ, бодит амьдрал. Би нээрээ стресстэй байна. Энэ үнэн. Аль болох хүмүүстэй гар барьж, аварга аа гэсэн тэр сэтгэлийг нь хүндэтгэж хэн ч байсан тэмүүлээд ирэхэд нь халуун гараа атгалцаад, тэврэлдээд, амьдрал сайхан болноо, дандаа ийм явахгүй гэж хүч тэнхээ өгөөд явахыг ядахдаа бодож байна. Энэ ард түмэнд чинь сэтгэлийн дэм, урам, итгэл найдварын гал хэрэгтэй байна.
-Бүчээд, шаваад явуулдаггүй хэвээрээ л байна уу?
-Хэвээрээ. Би тэр олон хүн дотроос нэг сайхан эмээг харсан. Нэг сайхан ээж. Сонгинохайрханд явж байсан юм. Бараг 10 мянгаад хүн байсан байх. Тэр олон дундаас нүдэнд тусаад болдоггүй. Улаан хамбан дээлтэй. Энгэрээр нь дүүрэн одон. Хүмүүст даруулчих гээд хөөрхий сууж байсан.Энгэр дээрх одонгууд дотроос нь хоёрхон одон надад их тод харагдсан. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон. Би өөрийн эрхгүй алхсан. Тэр олон хүн дундуур бүгдтэй нь гар барьж, зурагаа авахуулж зүтгэсээр яваад эмээ дээр очсон. Эмээ уйлсан. Тийм уяхан, зөөлхөн, сайхан сэтгэлтэй. Өөрийнх нь үр хүүхэд биш шүү дээ. Өө, манай Асашёорюү хүрээд ирэв үү. Миний хүүгээс ялгаа юу байхав. Эмээ нь чамайг барилдаж байхад захыг нь мушгидаг байсан шүү гээд л. Энэ надад маш том шагнал.
-Монголдоо байгаагийн хамгийн том мэдрэмж үү?
-Өө, тэгэлгүй яахав. Мөн ч сайхан ард түмэн. Мөн ч сайхан энэ ард түмэн мөн ч тааруу амьдарч байна. Энэ л бидний эмгэнэл.
-Нээрээ таныг хамгийн сүүлд Н.Энхбаяр даргын гэрт очсон байхыг тань телевизээр харсан юм байна. Та яагаад тэнд яваад оччихсон бэ?
-Яагаад болдоггүй юм. Монголдоо, монгол айлд орохдоо хүнээр заалгах ёстой юм уу. Нэгд, би нам бус хүн. Хоёрт, тэр хүнийг төрийн эрх барьж байхад түмэн олон бүгд л хүндэлж хайрлаж, хүрээлж байсан биз дээ. Одоо яагаад буухаар нь өөр болох ёстой юм. Миний хүмүүжил юм л даа. Ер нь заавал үүнд хариулах ёстой юм уу. Монгол хүний сайхан сэтгэл байна ш дээ. Ядарч яваа нэгэндээ тусалдаг. Нэг зүйр цэцэн үг байдаг даа. “Тэнхээтэй явахад нь тэмээгээр туслахаар тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэж. Үүнийг битгий сонгуультай хутгаарай. Бидний сэтгэлийн угт хүн чанар гэдэг юм байдаг биз дээ. Би эр хүний жудгаар л очсон.
-Таныг хараад баярласан байх?
-Мэдэхгүй л дээ. Баярласан л байх гэж бодож байна.
-Одоо ид улс төрийн сонгууль болж байна. Та бол сонгууль гэсэн сэдвээс нэлээн төвөгшөөж байх шиг байна. Гэхдээ л асуумаар байна. Н.Энхбаярын хамтран зүтгэгч Д.Тэрбишдагва МАХН-аас Сонгинохайрханд дэвшиж, таны ах Д.Сумъяабазартай өрсөлдөж байгаа. Мэдээж та ахыгаа дэмжиж байгаа байх. Энэ хоёр хүний тухай юу хэлэх тань сонин байна?
-Хариулахаас өөр аргагүй асуулт байна. Сайхан л монгол эрчүүд.
-Хоёулаа юу?
-Тийм. Би Д.Тэрбишдагва гуайг тэнд очоод сууж байхад нь бас баярлаж л байсан. Тэр хүн жудаг л гаргасан. Би тэгж бодож байна.
-Н.Энхбаяр гуайнд уу?
-Тийм, яагаад болохгүй гэж. Би танаас энэ асуултыг асуучихъя.
-Би болохгүй гээгүй л дээ. МАХН-аас Д.Тэрбишдагва, МАН-аас Д.Сумъяабазар. Энд болж байгаа улс төрийн өрсөлдөөнийг яаж харж байна вэ л гэж асууж байгаа юм?
-Уул шугамандаа МАН, МАХН хоёрыг чинь нэг ээжийн хүүхдүүд л гэж боддог шүү дээ.
-Та бас хошин юм аа?
-Хошинсоод ч байх юу байхав. Зүүнийг баримтлагч хоёр нам. Монголчууд бид эвтэй л байхсан даа. Ардчилсан нам дотор ч миний хүндэлдэг сайхан ах нар зөндөө бий. Ерөөсөө хагаралдахаас залхах хэрэгтэй. Яахаараа манай монголчууд юм л бол хагаралдаад, гахай нохойгоороо бие биенээ дуудах ёстой юм бэ. Бүгдээрээ сайхан жудагтай байя л даа. Сонгуулийн маргааш нар гарахгүй юм уу, гарна шүү дээ. Амны билгээс, ашдын билэг гэж үг бий. Нар хэний ч аавын хүүг ялгахгүй. Нөгөө алтан наран биднийг ав адилхан гийгүүлдэг гэж шүлгийн мөр байдаг биз дээ. Нар өглөө цагтаа мандаж, цагтаа жаргана. Мөнхөд ийм байх болно. Хүний амьдрал байдгаараа л байж байна. Харанхуй өдрөөс нартай өдөр нь мэдээж сайхан. Хэтэрхий халуун нар бас хэцүү. О.Дашбалбар гуайн сайхан шүлгүүдийг би Youtube дээр тавиад л сонсч байдаг юм.
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүх рүү битгий түлх... гээд.
-Сайхан л монгол эрчүүд гэж та онцоллоо. Хэн нь ч ялсан хамаагүй юу?
-Мэдээж Д.Сумъяабазар ах бол миний зулайг дарж төрсөн ах минь. Монгол Улсын аварга, Ард түмний хайртай хүү. Өнөөдөр өөрийнхөө сонголтыг хийгээд, улс төрийн сонгуулийн өрсөлдөөнд ороод явж байна. Дүүгийн хувьд ахыгаа ялаасай гэж хүсэх нь ойлгомжтой шүү дээ.
-Хэвлэлүүд бөхчүүд парламентад орж ирэхэд жаахан таагүй хандлагаар бичдэг. Гэсэн ч монголчууд бид наадмаар бөхөө үзэж цэнгэдэг. Хамгийн том цэнгэл маань эрийн гурван наадам шүү дээ. Тэнд гол дүр нь бөхчүүд. Тийм атлаа Үндсэн хуулийн дагуу эрхээ эдлээд нэр дэвшихээр нь гоочлоод унах юм. Та энэ хандлагыг юу гэж боддог вэ?
-Би тантай санал нэг байна. Бөх гэдэг чинь хүн биш юм уу. Үе үеийн буурал түүхээ эргэж хар л даа. Энэ бөх гэдэг чинь бидний агуу том соёл. Бидний өмч, бидний дээдэлж, бахархаж ирсэн шүтээн. Нүүдэлчин Монголын амьдралыг чимж, сэтгэлийн их баяр цэнгэл эдлүүлж ирсэн агуу соёл. “Бөхчүүд” гээд сонин ч гараад ирсэн байх шиг. Тусдаа хүмүүс юм уу. Өөрсдийнхөө өв соёлд ингэж хүндэтгэлгүй хандаж болохгүй ээ. Орос гэж том гүрэн байна. Энэ том гүрнийг авч явж байгаа Владимир Путин чинь бөх хүн. Жүдоч хүн шүү дээ. Одоо манайд гэхэд Женко Х.Баттулга ах байна. Бөх хүн. Б.Бат-Эрдэнэ аваргыг хар. Бөх байсан энэ хүн улс төрд яаж биеэ авч явж байна. Ард түмэндээ яаж хүндлэгдэж байна. Хэрлэн голоо хэрчүүлэхгүй гэж тэмцсээр байгаад л аваад үлдчихсэн шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрлаж, нутаг усаа хамгаалж тэмцэж чадаж байна. Чадахгүй байгаа нөхдүүд харин олон байгаа шүү. Би өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон жаахан юмаараа хөрөнгө оруулалт хийгээд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ийг ахтайгаа хамтраад байгуулаад явж байгаа. Намайг олон жил тэнд барилдаж явахад энд бүх асуудлаа даагаад л явж байсан. Манай ах бол мэргэжлийн мундаг санхүүч хүн. Монголбанкны Л.Пүрэвдорж гуайтай тулахад бол ямар ч байсан зогсохгүй шүү. Монголын эдийн засгийн асуудлаар ярих юм бол ер нь гацахгүй аваад л гарна. Яагаад гэвэл мань хүн олон тоон дээр сууж байгаа хүн. Сумъяабазар ахаасаа би олон гайхалтай чанар олж хардаг. Биеэ авч явдаг тэр соёл нь. Бөхийнхөө хувьд ч гайхалтай аварга гэж би хэлнэ. Одоо бол ширээний ард бичиг цаасны ажилтай л ноцолдож суудаг. Бөх гэдэг чинь, ер нь спорт гэдэг чинь омголон залуу насны ид хийморьтой, бадарч явах нэгхэн хэсэг хугацааны л ажил шүү дээ. Ер нь бөх гэдэг чинь спортын төрөл болохоос хүний төрөл биш юм байгаа биз дээ. Тийм биз дээ, та юу гэж бодож байна.
-Санал нэг байна?
-Би ахтайгаа хамт нэлээн явлаа. Хийсэн бүтээсэн ажлыг нь үзлээ, нүдээрээ харлаа. Хийсэн байна шүү. Ямар ч байсан Иргэдийн хуралд ажиллахдаа их зүйлийг хийж амжуулсан байна. Зам барилгаас авахуулаад их зүтгэсэн байна. Сумъяабазар ахад би нэг л юм хэлсэн. “Ах аа, дөрвөн жилийн дараа хоёулаа Сонгинохайрханд ажлаа шалгуулахаар болзлоо шүү. Тэртээ тэргүй таны дүү гэж намайг бас харж байгаа. Тийм учраас сайн ажиллана шүү. Юм хийж бүтээнэ шүү. Та төр түшилцэх, төрийн түшээ хүн болно. Хариуцлага маш өндөр шүү. Ард түмний энэ их итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй шүү. Дүгнэж цэгнүүлэх үед чинь би бас ард түмний хэсэг болж дуугарна шүү. Би бол ард түмнийхээ нэг хэсэг шүү. Ард түмний талд зогсоод таны ажлыг би дүгнэнэ шүү гэж.
-Том “шахалт” байна шүү?
-Нэгэнт л ийм хэмжээний зорилт өөртөө тавиад Монголынхоо хөгжлийн төлөө, Монголынхоо нийгмийн сайн сайхны төлөө ажиллахаар зориг шулуудсан учраас би шахахаас өөр яахав дээ. Би ард түмний нэг хэлтэрхий. Цаана чинь ард түмэн харж байгаа. Тийм учраас дөрвөн жилийн дараа ажлаа дүгнэнэ шүү. Сонгинохайрхан дүүргийг хараад байхад улстөрчид ирж буучихаад л яваад өгдөг. Зүгээр л нэг бууриа үлдээчихээд яваад өгдөг. Хог новшоо тарааж хаячихаад яваад өгдөг юм байна, зарим нь.
-Сонгинохайрхан дүүрэгтэй та бүхний хувийн дурсамж бас холбоотой юу?
-Холбоотой байлгүй яахав. Манай аав чинь Тээврийн яамны харъяа 25 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан хүн шүү дээ. Аавын идэр залуу насных нь амьдрал энд шингэсэн. Одоо ч Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан сайхан жолооч нар дүүрэн байна. Уулзаад аавтай чинь тээвэрт хамт явж байлаа гээд сайхан буурлууд ярьж байна. Аавыг минь яриад л. Сайхан л байдаг. Ачааны хүндийг ард түмний хүүхдүүд л үүрч явсан ш дээ. Одоо манайхан худлаа хэлбэр их хөөдөг болжээ. Сэхээтэн гарал, ажилчин гарал гэж юуг хэлээд байгаа юм. Надад их сонин санагдаад байгаа байхгүй юу. Нийгмийн гарал үүсэл сэхээтэн ч гэх шиг. 40 мянгатынхан ч гэх шиг. Элит ч гэх шиг. Хэн болоод хэндээ элит болох гээд байгаа юм бэ. Адилхан л нүүдэлчин монголчууд байж. Хотын соёл гээд л ярих юм. Ойлголтынхоо хувьд байх ёстой л зүйл. Гэхдээ яагаад тэр алслагдсан дүүрэгт аж төрдөг нэг хэсгээ элдвээр нь хэлж ялгаварлах ёстой гэж.
-Хөдөөнөөс орж ирэгсэд Сонгинохайрханд маш их бий. Одоо ч нүүж ирсээр л байгаа. Ерөөсөө хүний мөрөөдөл чинь төв рүүгээ чиглэдэг. Гэтэл манайхан муусайн хөдөөнийхөн орж ирээд хотын гоо сайхныг эвдээд хаячихлаа гээд муучлаад байдаг ?
-Ямарваа нэгэн юм чинь соёлт нийгэм рүүгээ тэмүүлдэг юм. Хүн битгий хэл адгуус мал хүртэл. Дээр үед ч гэсэн Хүрээ орно гээд мөлхөх шахуу зорьж ирдэг байсан биз дээ. Өнө мөнхийн хүсэл мөрөөдөл нь байсан. Тэрэн шиг л хүрээд ирсэн хүмүүсээ “Та нар наанаа захын хороололдоо л бай” гэж хаших гээд байгаа юм уу. Яагаад монголчууд бие биедээ ийм хайргүй болчихсон юм бэ.
-Долгорсүрэн заан бол манай алдартай заануудын нэг. Хөвгүүддээ мэдээж жинтэй л үг хэлдэг байх. Д.Сумъяабазар аваргад нэр дэвшихэд нь ээж, аав хоёр нь юу захисан бол?
-Түмний сайхан сэтгэлийг л дааж явах хэрэгтэй гэж аав маань дандаа бидэнд захидаг юм. Тэр үгээ хэлж байна лээ.
-Сонгинохайрхан дүүргээр та бас нэлээн явсан юм шиг байна. Хятадуудаар дүүрчихсэн байна л гэж сонсогдох юм. Та тийм байдал олж харав уу?
-Ёстой энэ асуудал миний ганц эмзэглэж байгаа сэдэв. Нөгөө нэг Монгол Асашёорюү чинь хаана байна. Би өөрийгөө хайгаад олсонгүй ээ. Албан ёсны тоогоор 3000 Хятад байна гэж байна. Энэ ариун явдал уу. Надад эрх мэдэл байдагсан бол хуу хөөгөөд гаргахсан. Манай Бал дарга хоёр ч удаа сайхан цэвэрлэгээ хийсэн. 1961 онд нэг цэвэрлэгээ хийсэн. 1981 онд дахиад нэг цэвэрлэгээ хийж өгсөн гэдгийг бид мэднэ. Надад тийм эрх мэдэл байсан бол вагон вагоноор нь шүүрдээд гаргахсан. Одоо л гаргаж хөөмөөр байна. Одоо больё л доо. Хацар гоо охидоо харамлаж байна, би. Хангай шиг сайхан эрчүүдээрээ шавар зууруулаад тэдний дор ажиллуулмааргүй байна ш дээ.
-Зөвшөөрч байна. Гэхдээ та бид хоёрыг их л хоцрогдсон улсууд байна гэх байх даа. Дэлхий глобалчлагдсан ийм шинэ зуунд буруу үзэл тээж байна гэх биз?
-Битгий дэмийр, битгий солиор гэж хэлмээр байна. Глобалчлал гэж ер нь юу юм. Та нар эрлийз хурлийзуудаар энэ нутгийг дүүргэх гээд байгаа юм уу. Цусаа булингартуулах гээд байгаа юм уу. Бид нарт мэдээж сурах юм их байна. Бид нар гаднаас ажиллах хүч авах хэрэгтэй, үнэн. Үүнийг төрийн бодлогоор хатуу хууль хяналтан дор хийх ёстой. Тэд Монгол Улсын хуульд бөхөлзөж амьдрах ёстой. Үгүй бол зайлцгаа, тонилцгоо. Хөөгөөд гаргах хэрэгтэй. Би монгол залуучуудыгаа их боддог. Эргээд харахад их сонин тогтолцоо яваад байгаа юм. Идэр залуу хийж бүтээх насны залуусаа гадагшаа гаргаад байна. Гэхдээ өнөөдөр сонин, интернэтээс харж байхад бол бас Солонгост ажиллах хүчин эрс буурсан байна. Энэ их сайн зүйл. Би монголчууддаа, залуучууддаа нэг л юм захимаар байдаг. Технологи “хулгайлж” ирээч. Гаднын технологи. Одоо манай энэ циркийн гадна талбайг 1971 оноос хойш засаагүй байсан. Ойр орчмын өндөр настнууд, нялх нярай хүүхдүүд салхилах талбай хийж өгье гэж хоёр ахтайгаа ярилцсан юм. Хотын үзэмжийг бас бодож байна. Улаанбаатар хотыг харах нүд нь болсон ийм газар шүү дээ. Энэ орчин чинь. Би хотын иргэн. Надад хотоо хайрлах хайр бий. Тэгээд энэ талбайг хийлээ. Аягүй гоё болсон байгаа биз дээ. Үүнийг зүгээр л нэг Монгол залуу хийсэн. Ийм хэмжээний ажил хийж үзсэн үү гэж би асууж байгаа юм. Үзээгүй ээ л гэж байна. Тэр Германд барилгын ажил хийж байгаад ирсэн залуу байсан. Мань эр хийсэн. Би өдөр болгон очиж шалгадаг байсан. Наадахаа муруй хийчихсэн байна ш дээ. Чи юу хийгээд байгаа юм бэ л гэнэ. “Аваргаа дуусаагүй байна, дуусахаар нь харуулна” гэдэг байсан. Хийлээ, гаргаад ирлээ. Хэчнээн сайхан талбай. Энэ залуучууд бол миний хэлээд байгаа тэр технологийн “хулгайчид” байхгүй юу. Хараар ажиллаж байсан, амьдралаа хүний газар бор зүрхээрээ бүтээж босгосон улсууд. Тэд эргэж Монголдоо ирж байна. Эднийг төрийн бодлогоор дэмжих ёстой байхгүй юу. Би залуучууддаа хэлмээр байна. Гадаад улсад сууж байгаа элэг нэгт ахан дүүстээ хэлмээр байна. Ирэх үү, байх уу гэдэг нь тухайн хүний эрх л дээ. Гэхдээ Монголдоо заавал ирээрэй. Би агуу Нацагдоржийнхоо шүлгийг жаахан өөрчилчихөж болох уу. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү технологи хулгайлж ирээрэй” гэж. Тэгээд эх орноо бүтээгээрэй, босгоорой гэж уриалмаар байна.
-Орой болгон телевизээр Монгол ийм муухай болчихсон. Улаанбаатар ийм муухай. Өөрчилнө, хална л гэж ярьцгаах юм. Хэн нэг нь ирээд бузарлачихсан юм шиг санаа сэтгэлд бараан энерги цацалсан юмнууд л үргэлж явах юм. Та олон жил гадаадад амьдарсан хүн юу гэж бодогддог бол?
-Яг тантай нэгэн адил. Аягүй дургүй хүрдэг. Амны билгээс, ашдын билэг гэж эртний сайхан үг байдаг. Манай Ама Бямбадоржийн аавдаа зориулж зохиосон шүлэг байдаг. “Үйлс бүтэх аяндаа сайхан” гэж. Уурлаад байна, бухимдаад байна энэ тэр гэсэн бараан юмаар тархи угаахаа больё л доо. Хүн инээдэг юм ш дээ. Хүн дурлана, хайрлана, инээнэ, уйлна. Хүн дандаа уурлаж явахгүй. Амараа, аятайхан реклам хий л дээ гэж хэлмээр байна. Монгол хүн хэзээ ч нарыг, хэзээ ч хөх тэнгэрээ, хэзээ ч газар шороогоо нулимдаггүй шүү. Үүнийг л хэлмээр байна.
-Зодог тайлснаасаа хойш Япон руу хэр олон явсан бэ?
-Их л явж байна.
-Тэнд таныг угтах хуучин агаар өөрчлөгдөж үү?
-Хорвоо дэлхий сайнтай, муутай олон юм тээж байдаг. Намайг дэмждэг түмэн олон байгаа. Би тэд нарт сэтгэлийнх нь галыг асааж өгсөн хүн ш дээ. Тэр утгаараа надад маш их хайртай байдаг. Намайг мартаагүйд нь би бас баярладаг.
-Юу гэж таныг мартах юм бэ. Ер нь бол таныг зодог тайлахад Японы ард түмэн биднээс дутуугүй харамслаа гэж харсан?
-Харамссан.
-Тантай тэр явдлын өглөө нэг хятадын эрлийз хүн таарсан юм билээ. Та яагаад энэ тухай ярьчихаж болдоггүй юм бэ. Би бас сэтгүүлчийнхээ хувьд асуусан асуултынхаа хариултыг авмаар байна шүү дээ?
-Надад урьд нь ийм асуулт хэн ч тавиагүй. Би үүнийг өөртөө дотроо нууцалъя гэж бодож байсан. Ард түмэн маань юу гэж хүлээж авах юм бол доо. Яахав дээ, би бас цээжээ дэлддэг Монгол шүү дээ. Тэрүүгээрээ адлагдаж, сайшаагдаж, магтагдаж, далдуур хэлэгдэж, ард түмнээ баярлуулахдаа баярлуулж, бахдуулахдаа бахдуулж явсан. Монгол хүн гэж ер нь юу юм. Та тэгвэл тэрийг надад хариулчих. Би тэгээд дараа нь хариулъя. Монгол бүсгүй гэж юу юм, Монгол цус гэж ер нь юу юм. Та миний асуултад хариулчих. Би тэгээд хариулъя.
-Их л хүчтэй хариулт нэхсэн асуулт байна?
-Та надаас асуусан. Надад нэг хариулчих.
-Аварга аа, энд би асуух ёстой?
-Тэгвэл би хариулчихъя. Монгол гэдэг чинь та өөрөө юм. Өвөг дээдсийн минь таныг хүн болгосон тэр цус юм. Би болсон явдлыг ярья. Башё эхэлчихсэн байсан юм аа. Нөгөө л адлагддаг, нөгөө л папарацид ээрүүлсэн Монгол. Тийм л өдрүүдийн нэг. Хоолон дээр нэг нөхөр ирдэг юм. Би найзуудтайгаа, намайг дэмжигч фэнүүдтэйгээ сууж байсан. Тэр хүн бөөрөнд наалдаад л. Аварга аа, би таны фэн чинь шүү гээд л байсан. За за, гээд тоосон шинжгүй л байгаад байлаа. Хоолноос гараад ганц хоёр пиво уудаг юм байгаа биз дээ. Би үнэнийг л ярья. Уудаггүй юм ууж байгаа биш. Тэгсэн нөгөө нөхөр тэгдэг юм даа. Нөгөө эрлийз, нөгөө булингартсан цустай нөхөр чинь юу гэсэн гээч. “Эх газрын бодлого чамайг харж явж байгаа шүү” гэдэг байгаа. Юу гэсэн үг вэ тэр. Чамайг хянаж байгаа. Эх газрын бодлого дээр чи явж байгаа шүү. Явах ёстой шүү гэсэн их битүү сонин юм хэлсэн. Эх газар гэж юу юм, эх газар гэж юу юм бэ. Дундад эх газар гэж хэлсэн шүү, бүр. Юу гэсэн үг юм бэ. Тэр ерөөсөө л надад хэлье гэснээ л хэлсэн байх. Би тэрийг яаж ойлгож авсан гэхээр. Монгол ухаанаараа л ойлгож авсан. Тэр Хятадын эрлийз хүн байсан. Хятадад сайн ч хүн бий, муу ч хүн бий. Заавал над дээр ирж миний бөөрөнд наалдаж, намайг анзаарч мөшгиж явж байгаад тэгж хэлэх шаардлага юу байсан юм бэ. Тэгээд би яах юм. Хар аяндаа л энэ гар өөрөө л явчихсан. Зүгээр л “мангасдчихсан”. Би цохиогүй л дээ. Алгадаад л унагасан. Алгадах ч юу байх вэ, “мангасдаад” унагасан. Болсон явдал ийм л юм байгаа юм. Монгол гэдэг хариултыг би тэрэнд өгсөн шиг өгсөн шүү. Тэрнийхээ төлөө хариугаа хүртсэн. Тэрэндээ би гутраагүй. Харин 32 түрүүлэх тэр боломжоо алдсан даа. Монгол хүний гал омогшилийг яах аргагүй унтраах гэж оролдсон. Би галаа аваад буцаад л эх орондоо ирсэн. Миний цээжин дотор одоо ч гал асч байна. Та яагаад миний мөрөөдлийг асуухгүй байгаа юм бэ, Ганчимэг эгч ээ. Яагаад тэр жижигхэн хятадын өтний талаар надаас асуугаад байгаа юм. Сонгинохайрхан дүүргээр явж байхад долоон мянган хятад байна. Замын хажуугаар хачин орсойсон шүдтэй юмнууд алхаад байна ш дээ. Дотроо юу гэж бодож байгаа бол. Муу үхэр монголчууд гэж харааж байгаа даа. Бүгдийг нь хөөж гаргах хэрэгтэй.
-Аварга аа, таны идеалийг монголчууд яаж ашиглах вэ, та өөрийнхөө нэр төрийг юунд зориулмаар байна вэ ?
-Би Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Иргэний үүргээ би хангалттай биелүүлсэн гэж бодож байгаа. Өнөөдөр Төв Азид ч, Орост ч, Европт ч гэсэн явж байхад намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ. Нөгөө л реклам энэ дээр жинхэнэ утгаараа гарч ирж байгаа байхгүй юу. Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон. Чөлөөт бөхийн холбооных нь 80 жилийн ой нь болоод. Ёо, би галтайгаа байна шүү, Асашёорюүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэргүүн нүүртээ мэдээлсэн байсан. Энэ аварга манайд хүрээд ирлээ гээд.
-Домогт Асашёорюү Болгарт хөл тавилаа гээд л үү?
-Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн ид болж байна. Би дуртай л даа. Монголдоо хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байгаад бас шийтгүүлж л явлаа. Энэ бол агуу спорт шүү дээ. Ямар би мөрийтэй тоглоом тоглосон юм уу.
-Тэр үед бас л бөөн шуугиан болсон шүү?
-Тэгсэн. 1994 оны Америкт болсон дэлхийн аваргаар шигшээ дөрөвт багтаж байсан. Сточков гэдэг мэргэн бууч. Би тэр хүний тоглолтыг хүүхэд байхдаа үздэг байсан. Тэр Болгарын шигшээд тоглож байсан юм аа гэж би сонин дээр ярьсан. Би Болгарт нэг л хоносон л доо. Тэгээд Япон руу явсан. Тэгсэн Сточков өөрөө спортын ордон дээр ирээд намайг хайж явсан байна лээ. Би Асашёорюүд фудболкоо өгөх гэсэн юм. Миний фэн гэж байна гээд хайгаад явж байсан гэнэ. Би тэрнийх нь төлөө яасан гоё баярласан гээч. Би тэрэнтэй уулзмаар байна гэж хэлсэн байна билээ. Тэр хүн хэр баргийн Монголын аавын хүүг эрж хайж явахгүй супер од байсан эр байхгүй юу.
-Таныг зодог тайлсны дараа дэлхийн фэнүүдээс тань майл, захидал их ирсэн үү?
-Байлгүй яахав. Бүхэл бүтэн кино хийчихсэн байна лээ. Youtube дээрээс үзээрэй. Сая Тайланд, Сингапурт очиход намайг ямар сайхан хүлээж авч байна вэ.
-Та Японы Эзэн хааны гэр бүлтэй холбоотой байгаа юу?
-Эзэн хааны гэр бүлтэй хүн болгон холбоотой байж болдоггүй юм аа. Би Эзэн хаанаас мөнгөн хундага авсан. Японы эзэн хаан, хунтайжаас Японы төрийн сүлдтэй мөнгөн хундага бэлгэнд авч байсан. Эртний Ромын шилэн аяга авч байсан. Монгол хүнд дээшээ харсан сав сайхан бэлэг байдаг шүү дээ.
-Аварга аа, та олон жил толгойдоо хэн дуртай хүнийг хүргээгүй явж ирсэн. Үсээ хаана, яаж засуулж байна?
-Манай энэ циркийн ойрхон байдаг Vidal гээд салон байдаг. Тэнд Шагай гээд залуу байдаг юм. Их сайн залуу байдаг. Тэр залуу миний үсийг засаад сая Санктпетербургт болсон нээлттэй тэмцээнд алтан медаль аваад ирсэн. Их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болсон байгаа биз.
-Тийм байна. Танай циркийнхэн бас том шагнал авсан байв уу?
-Сая хүүхдийн баярын тоглолтыг та үзсэн үү. Ямар гоё болов. Монте Карлогоос манай тамирчид, манай хамт олон дээд шагналыг нь аваад л ирж байгаа юм. Францад болсон циркийн фестивалиас манайхан шагнал аваад л хүрээд ирж байна. Миний нэг том мөрөөдөл бол Монголд Олон улсын фестиваль хийх. Ерөнхийдөө бүрдэж байгаа. Монголдоо хийнэ. Гадаадад очиж биш, Монголдоо олон улсын тэмцээн зохион байгуулна. Гоё санаа байгаа биз.
-Ёстой гоё санаа байна?
-Бид нар бүх л бүтэн зургаан жил энэ байгууллагад өөрчлөлт шинэчлэлт хийлээ. Өнөөдөр та гараад хар л даа. Энэ талбайг хар. Бид нар энд өндөр байшин барилга барих сонирхол байхгүй. Хуучин циркийн баруун талаар байшингууд бариад эхэлж байна. Би үүний эсрэг байгаа. Яагаад гээч, Монгол Улсын төв цэг. Энэ хавьд чинь настнууд амьдардаг юм, үр хүүхдүүд амьдардаг юм. Тоглох талбайгүй байна. Тэгээд бид тэдэнд зориулж энэ цэцэрлэгт хүрээлэнг байгуулж өгсөн. Улаанбаатар хотод ийм сайхан өргөн чөлөөтэй талбай байхгүй. Би алхаад явдаг юм. Настнууд гадаа сууж байхад нь за ямар байна гэж би асуудаг. Бүтээсэн байгаа биз дээ гэж. Тэд маань ам сайтай байдаг юм шүү.
-Та олон жил монголчуудаараа бахдуулж явсан хүн. Таныг өөрийг тань огшоосон, бахдуулсан ямар үйл явдал болов. Монгол хүнийхээ амжилтаар бахархсан жишээ?
-Амартүвшин байна. Үнэхээр бэлгэшээж байгаа. Яг одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын хүү, Монгол Улсын иргэн, Монгол цустай Монгол хүн шувууны үүрэнд алтан медаль авчихаад зогсч байсан. Манай Н.Түвшинбаяр яаж баярлуулав аа. Аваргын амжилтаа хийсэн тэр тайзан дээр манай Амартүвшин гэдэг сайхан залуу дэлхийн дуурийн олимпын аваргын амжилтыг хийлээ ш дээ. Би Амартүвшинд баяр хүргэмээр байна. Сайхан л байна шүү дээ. Аав ээжээс заяасан энэ сайхан бие, энэ сайхан хоолой. Энэ ерөөсөө Монголын ард түмний бүтээл шүү дээ. Би Амартүвшиндээ баярлаж байгаа, үнэхээр их. Энэ жил олимпийн жил. Их бэлгэшээж байна.
-Та хэр зөн билэгтэй вэ. Манайхан олимпоос ер нь яах бол?
-Медаль авна. Та яагаад миний мөрөөдлийг асуухгүй юм бэ, Ганчимэг эгч ээ. Ёкүзона Асашёорюү мөрөөдлөө таслуулсан эр хүн болохоор уу.
-Уучлаарай, яг асуух гэж байлаа?
-Миний мөрөөдөл юу гээч. Би танд ярьж байсан. Хүүхэд байхдаа би олимпийн аварга болохыг мөрөөдөж байсан гэж. Би нэгэнт одоо барилдахгүй. Монголынхоо хайр хишгийг би олонтаа хүртсэн. Монгол омогшлийг би мянга мянган залууст мэдрүүлсэн гэж бодож явдаг. Монголын ард түмний уухай түрсэн тэр сайхан цагаан энергиэр би тэтгэгдэж амьдарсан. Би ард түмнийхээ итгэл найдварыг алдаагүй гэж бодож байгаа. Зодог тайлж ирээд надад мөрөөдөл байхгүй болсон.
-Яагаад байхгүй гэж, танд бусад бүх төрлүүд нээлттэй байна шүү дээ?
-Тэрхэн хугацаанд би мөрөөдөлгүй болсон. Надад мөрөөдлийг минь эргүүлж өгсөн хүн нь Сумъяабазар ах маань юм даа. Би Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч. Ах маань урьж энэ албанд бид хоёр хамт зүтгэж байгаа. Сумъяа ах маань бас дэд ерөнхийлөгч шүү дээ. Одоо нэр хүнд, реклам зар сурталчилгаа гээд таны хэлээд байгаа тэр бүхнийг холбоондоо зориулж байгаа. Манай чөлөөт бөхийн холбооны ажил маш сайн байгаа. Батцэцэг маань дэлхийн аварга боллоо. Хүмүүс их сонин л юм асууж байна лээ. Гэхдээ зарим хүмүүс шүү. Дэлхийн аварга болж байгаа Монгол бүсгүйг би яагаад мөрөн дээрээ суулгаж болдоггүй юм бэ. Миний ээж л гэсэн үг шүү дээ. Би тэр бүсгүйгээр бахархсан. Энэ холбоонд ирээд миний ажлын анхны гараа алтаар эхэлсэнд би баярладаг. За, дараа нь ноднингийн дэлхийн аварга Туркийн Стамбул хотод болсон. Манайхан багаараа хүрэл медаль авсан. Эмэгтэйчүүд шүү. Монгол Улс НҮБ-д элссэн 1961 онд манай холбоо байгуулагдаж байсан. Монголын ууган холбоодын нэг. Агуу түүхт чөлөөт бөхийн холбоо. Дэлхий дээр монголчуудыг хэн танигдуулсан юм бэ. Нөгөө л нэг муу хэлэгддэг бөхчүүд чинь биз дээ. Өнөөдөр Монголын нүүр царай хэн болж байна. Хэн өнөөдөр Монголыг сурталчлаад байна. Нөгөө л адлагдаад байгаа, нөгөө л тамирчид чинь шүү дээ. Бөхчүүд дотор эрдэмтэй, ухаантай, профессор, доктор олон байгаа шүү. Мэдээж увайгүй хүн байгаа, үүнийг үгүйсгэх аргагүй. Ард түмний сайхан хайрыг дааж явах хэрэгтэй. Би ч бас дотроо бодож байна. Өнөөдөр Х.Баттулга ахыг хар. Үйл лайгаа эдэлж байна шүү дээ, жүдо бөхийг дэлхийд гаргах гэж. Ямар их юм өөрөөсөө гаргаж байна. Чөлөөт бөхийн холбоо яг адилхан. Д.Сумъяабазар аварга Монголын чөлөөт бөхийн холбоог авч явж байна. Энэ холбооны бүх менежмент, санхүүжилтийнх нь 80 хувийг өөрөөсөө гаргаад л явж байна. Гал нь асч байсан холбоо бөхийчихсөн байхад эргээд галыг нь ноцоосон. Би ахаараа бахархаж байна. Уучлаарай. Бүх л бүтэн найман олимпийн эрх авахад хэвлэлийн бага хурал дээр хангалтгүй гэж загнаж байсан. Би бол дотроо болчихсон болов уу гэж бодож байсан. Миний бодол жаахан л байсан юм байна лээ. Эцсийн эцэст юуны төлөө бид хөрөнгө оруулаад зүтгээд байгаа юм бэ. Нөгөө л сайхан баяр цэнгэл, нөгөө л сайхан омогшил, нөгөө сайхан дэлхийд зарлагдах Монгол нэрийг чинь баталгаажуулахын төлөө яваад байна шүү дээ. Та маргахгүй байх. Бөхчүүд тэнэг хүмүүс биш ээ. Маш мэдрэмжтэй.
-Олимпийн аварга төрүүлэх хамгийн том мөрөөдөл тань уу?
-Тийм ээ, энэ миний мөрөөдөл. Тэр жилийн долдугаар сарын 1-ний аймшгийг мартаагүй биз дээ. Галдаад л, шатаагаад л, яав аа. Хүмүүсийн сэтгэл ямар зовиуртай байлаа. Гэтэл сарын дараа ямар сайхан болов. Ард түмний уур амьсгал баяр бахадлаар эргэсэн. Үүнийг нөгөө л бөхчүүд эргүүлсэн шүү дээ. Би Түвшинбаярыг ялахад уйлж байсан. Тэр сайхан малчин ардын хүү Монголын магнайг тэнийлгэсэн шүү дээ. Хэн хэн гараа бариад индэр зогсч байлаа. Жирийн малчны хүү, бөх хүн эвлэрлийг авчирсан шүү. Одоо би олимпийн аварга төрүүлэхийн төлөө ажиллана. Ахтайгаа хамтраад бүхнээ энд зориулна. Үнэхээр гайхалтай мөрөөдөл биш гэж үү.
-Гайхалтай байлгүй яахав. Бас бахархалтай байна. Их аваргынхаа дотор дүрэлзэж байгаа галыг харлаа. Та мөрөөдөлдөө хүрч чадна аа?
-Баярлалаа танд. Гурван жилийн дараа хэлэх гэсэн бүхнээ хэллээ, ярилаа. Сэтгэл уужраад сайхан байна. Аварга нь мөрөөдөлдөө хүрнэ ээ. Миний Монголын ард түмэн намайг дандаа омогшуулж, та нарынхаа хайраар, та нарынхаа уухайгаар сумогийн дэвжээнд аварга нь ялж байсан. Ялалт бүхэн маань Монголынх байсан шүү. Та нарыгаа баярлуулахын төлөө, монгол хүний омогшлыг бадраахын төлөө аварга нь барилдаж байсан. Би дахиад ярилцлага өгөхгүй ээ. Мөрөөдлөө биелүүлтлээ ярилцлага өгөхгүй. Миний Монголын ард түмний хийморь нь босоо, зовхи нь өөдөө байх болтугай. Бид дэлхийд хүчирхэг Монголын ард түмэн шүү.