“Намайг унтаж байх хооронд” гэж байгаад л Т.Фрийдман авч өгдөг шиг, намайг унтаж байх хооронд дэлхийн хамгийн отгон улс “мэндэлж” байх шиг. Өнгөрсөн 17-нд Косово дангаараа тусгаар тогтнолоо зарладаг юм байна. Одоогоор европ голдуу 10 гаруй улс хүлээн зөвшөөрсөн ба зөвшөөрч болох юм гэдгээ илэрхийлсэн. Орос эсэргүүцсэн байртай, хятадууд ноцтой асуудал гэж үзээд НҮБ-ыг хүлээзнэх маягтай. АНУ болохоор шууд дэмжиж 300 гаран сая долларын тусламж өгөөд эдийн засгаа өөд тат гэжээ.
2 сая хүнийх нь 90 хувь Албаниудаас бүрдсэн “Косово улс” гэгч нь ер юу юуны үр дагавар болоод үүссэн бүтээгдэхүүн бэ? Хальт түүх сөхвөл, ойр үеийн Югславын бутралаас хойшхи 17 жил үргэлжилсэн бужигнааны цааш ч үргэлжилж мэдэх эцэст Сербээс салж Косово төрлөө. Дэлхийн хоёрдугаар дайны vеэр Югославт ямар нэг байдлаар ирсэн албаничуудыг Косовод бөөнөөр суурьшуулсаны гор ч гэх тайлбар байна.
Харин одоогийн асуудал гэвэл Косовогийн энэ тусгаар тогтнол цаашид бусад жижиг үндэстнүүдийн салан тусгаарлын эх үүсвэр, давалгаа болох юм биш бээз гэсэн “хардлага” байгаа ч тэгэхгүй гэсэн таамаглал давуу байна. Учир нь аль нэг бүс нутагт олон тусгаар улс үүсэх гол нөхцөл бол уг бүс нутгийн “эх” улс сульдан задарсан байхад тохиох нь олонтаа, гэтэл Балканы хойг болон түүний хоёр тал дахь европ ба оросын байдлаас харахад нөхцөл байдал тийм биш, Косово хэдийгээр орчин тойрондоо нөлөөлж Гvржийн Абхаз, Ємнєд Осет, Молдавын Днестр хавийн нутагт халдварлах шинтэй байгаа ч энэ явц хол үргэлжлэхгүй гэх судлаачдын дүгнэлт нь бүс нутгийн гол хүчнүүд тогтвортой байгаагаар тайлбарлагдаж байна. Ер нь ойрхи үеийн дэлхийн түүхэнд олон тусгаар улс үүссэн тохиороо гурван удаа бүрджээ. Эхнийх нь, дэлхийн нэгдүгээр дайны төгсгөлөөр европын олон жижиг улсын үүсэл, хоёр дахь нь, 50-иад оны сүүлээр колони орнууд тусгаар тогтнолоо зарласан бол хамгийн сүүлийн ийм давлагаа ЗХУ-ын задрал байж таарсан.
90-ээд онд бутарсан Югслав Юу гаслав улс өөрөө дэлхийн нэгдүгээр дайны бүтээгдэхүүн юм. Нэгдүгээр дайны төгсгөлд Оттоманы эзэнт гүрэн нурахад, тэдний эсрэг холбоотноор 300 гаруй жил зогсож асан Авсрти Унгарын нэгдсэн Хабсбургийн Дунайн хаант улс нь османуудыг бутрахтай зэрэгцээд холбоотны үүрэг нь ч үгүй болж, задарснаар дундаас нь Румын Югслав улс үүссэн байдаг. Байршлын хувьд Балканы хойг нь хоёр талдаа Оттоман ба Европ гэх хүчирхэг сөргөлдөөний голд байв, хожмоо хорьдугаар зуунд Орос ба Европын дунд мөн л хүчнүүдийн завсарт оршиж байсан нь геополитикийн тогтворгүй нөхцөл үүсгэж, дотоод сөргөлдөөнийх нь нэг өдөөгч болдог байж болох. Нөгөө талаар өөр өөр иргэншилүүдийн хилийн зааг дахь уулзвар болж таардаг, баруун талдаа Христосийн, зүүн талдаа Ортодокс, өмнөд талдаа Ислам гэх гурван том иргэншилийн уулзварт оршдог нь хагарал хямралын голомт үүсгэдэг гэх Хантингтоны онолоор ч бас тайлбарлаж болох. Үнэхээр ч Оросууд үнэн алдарт шашинт Сербүүдийн талд Югславын дайн эхлүүт л бат зогсож одоо Косовог тууштай эсэргүүцсээр байна. Европын холбооны хувьд Косово Серби хоёрыг цаашид сөргөлдүүлээд байх нь ашиггүй тул хуваагдахад гэмгүй гэж байгаа нь цаанаа европууд энд байр сууриа бэхжүүлж авах бодолтойнх гэж үзэх тал байна, үнэхээр ч ЕХ 2000 хүний бүрэлдэхүүнт цагдаа, хуульч, гаалийн ажилтан, мөн 1500 гаруй энхийг сахиулагчийг Косоворуу оруулахаар бэлдээд байна.
Гэх мэтээр хүчнүүдийн дундах геополитик, үндэстэн угсаатны, иргэншил хоорондын сөргөлдөөн зэрэг тал талын учир шалтгаан нэгэн зэрэг үйлчилж Балканы хойг дээрх хэрэг явдлыг үүсгээд байгаа бөгөөд энэ нь цаашдаа ч үйл явдал яаж өрнөх хандлагыг тодорхойлох шалтгаан байж болох юм.