Агнистын гэгээ
Дотоод сэтгэлийн байгальдаа түүнчлэн цэцэглэсэн мэргэдийн зүрхний анхилга болсон сургаал номын цогц 21 ботийг урлагтай сайхнаар шаглаж бүтээсэн Нэпко хэвлэлийн газрын хамт олондоо баярлалаа.
Эрт, эдүгээ үеийн гэгээрсэн мэргэдийн сургаал тайлал... Уншихгүй байхын аргагүй, ухаарахгүй байхын эрхгүй... гэсэн үгс нүдэнд тусна. Бүйлсийн бут цэцэглэж буй хормыг дүрсэлсэн уран зураг номын шилнээс тодорч харагдана. Бүйлсийн цэцэг хэдхэн өдөр дэлгэрээд замхардаг. Мөнх бусын хорвоог сануулж, амьдралыг яг энэ агшинд нь мэдэрч таашаах Дорнын гүн ухааны яруу тансаг илэрхийлэл. Арзгар хар мөчрөөс тийм урангоо цэцэг ургах нь ч эгэл энгүүн амьдралаас үүдэх гэгээрлийг илтгэх мэт. Дотоод сэтгэлийн байгальдаа түүнчлэн цэцэглэсэн мэргэдийн зүрхний анхилга болсон сургаал номын цогц 21 ботийг урлагтай сайхнаар шаглаж бүтээсэн Нэпко хэвлэлийн газрын хамт олондоо баярлалаа.
Эдгээр ботийн товч агуулгыг эшлэл үгийн хамт толилуулъя:
1. Амьдралын хүлээснээс ангижрахуй – Гэгээрлийн замд орох үүд болдог мөнх бусын ухаарлыг заасан Тогмар ложон номын орчуулга, тайлбар.
“Сэтгэлийн огторгуй нь цэлмэсэн хүн хорвоогийн эд баялаг, тансаг сайхан дунд амьдравч хорон шуналд баглагдахгүй. Ядуу зүдүү, бохир буртаг дунд оровч уур бухимдалд автахгүй. Утга чанарыг танисан учир мунхаг харанхуйд үл төөрнө. Агшин бүрийн урсгалыг сэрж мэдсэн ухаарлаар орчлонгийн чанадад халина.”
2. Өдөр тутмын ариусал – Монгол түмний дээдлэн шүтэж ирсэн Итгэл, Гүрү иог, Дарь эх, Алтангэрэл, Их гэтэлгэгч буюу Тарва чэнбо, Очир огтлогч, Найман гэгээн тэргүүтэн судар ном, тарни бясалгалын дээжис.
“Энэ судрыг уншиж ухаарагч хүн урьд нь нүгэлтэн байсан ч одоо буянтан болно, урьд нь зовлонтон байсан ч одоо жаргалтан болно, урьд нь хүлээстэн байсан ч одоо эрх чөлөөтөн болно, урьд нь төөрсөн байсан ч одоо замч болно” хэмээн Их Гэтэлгэгч сударт өгүүлжээ.
3. Үлэмжийн чанар – Ноён хутагт Данзанравжаагийн шүлэг дуулал, сургаал номын сонгодог түүвэр, зүүлт тайлбартай.
“Энэ бол буянтай нь сонсож, билигтэй нь ухаарч, бусад нь анзаарахгүй өнгөрөх үгээр оньсолсон үлэмжийн чанар. Төрлөөс төрөлд, үеэс үед дамжин хувьт шавийнхаа зүрхэн лянхуад амин шимийг соёрхох рашаан. Амьдрал, үхэл хоёрын алинд нь ч ажрахгүй, жаргал зовлон хоёрын юунд нь ч төөрөхгүй явах эрх чөлөөний онгодыг сэргээх эгшиг дуун.”
4. Мял богдын гэгээрсэн түүх – Бага залуудаа алдаж эндэж явсан ч зүрхний багштайгаа учирч, чин зоригоор бясалгаж гэгээрсэн их хүний намтар, дуулал. “Мялын намтар уншихад насны нүгэл ариусдаг” гэнэм. Мял богдын захиас:
Авралын дээд багшдаа бишрэлгүй
Авшиг хүртээд юуны тус
Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй
Уншлага цээжлээд юуны тус.
Аминч үзлийн хир шингэсэн
Өглөг буян юуны тус.
Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус.
Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй
Суварга босгоод юуны тус.
Аж төрлөө бясалгал болгохгүй
Мөргөл үйлдээд юуны тус.
Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн
Ашиг болохгүй уршиг болно
Ашдын зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.
5. Билгүүн ухааны шастир – Адиша богдын “Сэтгэл ариусгах долоон утга” хэмээх сургаалыг Ошо багш задлан тайлбарлажээ.
“Шинжлэх ухааны нээлтийн үр дүн хэдхэн тоо томьёо багтдаг шиг үг өгүүлбэр бүхэндээ дотоод алхимийн аугаа их нээлтийг агуулсан энэ ном хайр, эрх чөлөө хоёрыг хамтад нь эдлэх хосгүй зол заяанд хөтөч болно.”
6. Чанадын чанадад – Энэтхэгийн наян дөрвөн шидтэний нэг Дилова хутагт Нарова шавьдаа номлосон Махамутрын дуулал, тайлбар.
Үлэмжийн чанар Махамутрыг
Үгээр хэлж үзгээр зуршгүй ч
Үнэн итгэлт Нарова чамдаа
Өгүүлсүгэй, би...
7. Ухаарал, бясалгал, гэгээрэл – Шантидэва гэгээний алдарт бүтээл Бодичаръяаватара номын шинэ орчуулга, тайлбар.
“Буртаг тортог болсон амьдралаас салах ганц арга нь бодь сэтгэл. Хорвоод гэрэл цацрааж, хайр илгээх. Нэг ч гэсэн цацраг илгээж чадвал оршихуйн чанадаас түм бум болон эргэж ирнэ. Чинхүү хайрын нэг л агшныг мэдэрч чадвал мянга мянган буян эдлэх завшаан тохионо. Буян гэдэг нь жаргалын эх сурвалж гэсэн үг. Бодь сэтгэлд умбасан хүний хувьд ариун буян, аз жаргал хоёр нэг утгатай болдог.”
8. Тантрын дуудлага – Буддын тантрыг үндэслэгч Сараха хутагтын Хаан дуулал, Ошо багшийн тайлбар.
“Сараха бол миний шүтээн. Зүрх сэтгэлийг минь эзэмдсэн өнө эртний хайр. Чи Сарахагийн нэрийг урьд өмнө сонсоогүй байж магад. Хэн бүхэнд танил биш ч тэрээр хүн төрөлхтөнд ивээл болсон их өглөгчдийн нэг. Хүний түүхэн дэх арван их өглөгчийг хуруу даран тоолбол нэг нь гарцаагүй Сараха байх болно. Хэрвээ таван хуруундаа багтааж нэрлэ гэвэл Сарахаг би яагаад ч алгасч чадахгүй. Энэ түүний зүрхэн сургаал: Балчиг шаврыг жигшилгүй бадамлянхуад цэцэглэх боломж олго...”
9. Очир огтлогч судар – Ошо багшийн тайлбар.
“Энэ бол чанад билгийн аянга мэт хүчээр эгог бут ниргэхийн нэр. Хэрэвзээ чамайг зөвшөөрвөл Будда энэ аянгыг дээрээс чинь буулгах болно. Хуучин хүн үнс чандруу болж байж шинэ бодгаль мэндлэх боломжтой”
10. Өөрөө өөртөө гэрэл бол – Буддын сургаал номын цоморлиг.
"Өөрөө өөртөө гэрэл бол" гэж хэлээд Будда амьсгал хураасан. Газар дэлхий дээрх түүний сүүлчийн үг. Энэ үг Анандын зүрхэн тольтыг оносон тул тэрээр хорин дөрвөн цагийн дотор гэгээрчээ... Гэгээн гэрлийн эх сурвалж чиний дотор бий. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй. Нүдээ аниад, дотогшоо ор. Тэр тэнд...тэргүүлшгүй цагаас хүлээсээр буй. Өөрөө өөрийгөө гэрэлтүүлэгтүн.
11. Нууцын ном – Бясалгалын олон аргыг өгүүлсэн Тантрын нууц судар, Ошо багшийн тайлбар.
“Олон хэмжээсэнд зүйл бүрээр цэцэглэн хөгжих боломж чамд бий. Хөгжил бүр чинь цааш улам хөгжиж, улам тэлэх үүдийг нээдэг. Үүнд эдгээр арга тус болно. Бясалгалын арга нь шинжлэх ухаанч учраас үр дүнгүй эрэл зүдрэлээс аврах хэрэгсэл юм.”
12. Зам мөр, жам ёс – Буддын сургаал номын хураангуй “Дөчин хоёр бүлэгт” судар, Ошо багшийн тайлбар.
“Зам мөр – жам ёсыг таних тусмаа чи амарлина. Зам мөрөөс гажсан тохиолдолд зовж шанална. Амгалан жаргал бол зам мөрд зохилдсоны тэмдэг. Хэр зэрэг уярч хайлж, зовж шаналж байгаагаараа хэмжүүр хий.”
13. Нирваан – Дөчин хоёр бүлэгт судрын тайлбар (үргэлжлэл)
“Аливаа сорилтоос зугтах хэрэггүй. Аяны харгуй чинь сарнай цэцгээр дүүрэн гэж би хэлэхгүй. Сарнай ховорхон болоод алсхан буйза. Өргөс зангуу хаа сайгүй. Гэхдээ амьдралын сорилтыг хүлээн авч байж л чи өсч хөгжинө, тодорч товойно”
14. Ай даа, энэ шүү дээ – Зэн түүхүүд, Ошо багшийн тайлбар.
“Зэнгийн мэлмийд бүх юм бурханлаг. Цай уух, хувцас угаах, хоол хийх, гэр цэвэрлэх гээд үйл бүхнээ бясалгал болгох боломжтой. Тэгж гэмээ нь бясалгал чиний амьдралд түгнэ. Өдрийн сэрүүнд төдийгүй шөнийн нойронд нэвтэрч, зүрх лугших, амьсгал хөврөх мэт амьдралын чинь хэмнэл болно. Үүнийг л Зэн зарчим гэдэг.”
15. Эртний сайхан аялгуу – Зэн түүхүүд, Ошо багшийн тайлбар.
“Эртний сайхан аялгууг анирдахын тулд өөрөө алга болсон мэт нам гүм болох ёстой. Орших, эс оршихын зааг арилахад гэнэт чамайг аялгуу хүрээлнэ. Тэр бол Оршихуйн зүрхэн лугшилт, Бурханы сүмд орох үүд юм. Би түүнийг анирдсан шиг чи ч бас чадна.”
16. Зүрхэн судар – Их хөлгөний судар, Ошо багшийн тайлбар.
“Будда дөчин жилийн турш өчнөөн зүйл өгүүлсэн. Тэр бүхний охь шим нь Зүрхэн судар билээ. Уг судрыг сонсож, бясалгаж байгаад чи азтай юм. Улам илүү аз завшаанд тэмүүлж, өөрөө Зүрхэн судар болоорой.”
17. Үхэлгүйн үүд – Ошо: Нууцын номын асуулт, хариулт.
“Бясалгалын зуун арван хоёр арга бол зуун түмэн үүдний бэлгэ тэмдэг. Юу ч хийж байсан түүнийгээ бясалгал болгож болно гэсэн үг.”
18. Өвс өөрөө ургана – Ошо: билиг ухааны түүхүүд.
“Нам гүмхэн суухуйд хавар аяндаа болж, өвс өөрөө ургана...”
19. Дусалд ууссан далай – Ошо: билиг ухааны түүхүүд.
“Тэрээр анх удаа оршихуйд уусан алдраад, тэр тухайгаа: Их далайд дусал ууслаа... хэмээн шүлэглэжээ. Хожим амьсгал хураахынхаа өмнө залруулга хийсэн нь: Их далай дусалд ууслаа...
20. Нил цэцгийн хүрээлэн – Ошо: билиг ухааны түүхүүд.
“Субудигийн дээрээс асгарч байсан шиг цэцгийн хур өнөөдөр ч бударсаар. Учир нь, энэ бол өнө мөнхийн баяр наадам. Өнгөрсөн, ирээдүй гэж үгүй. Цаглашгүй үнэмлэхүй одоо л бий. Түүнийг сэхээрсэн цагт чиний дээрээс ч цэцгийн хур буух болно.”
21. Наян дөрвөн шидтэний цадиг – Энэтхэгийн наян дөрвөн шидтэний амьдрал үйлс, сургаал номын товч.
Алдар сууг тань дурьдсан өлзий буяны үрээр
Рашаан адис ундраг, амьсгал бүрт минь хурай!
Цадиг дууллыг тань аялсан үнэн зүрхний сүсгээр
Цагаан лянхуа дэлгэрэг, алхам бүрт минь хурай!