(Үргэлжлэл, түрүүч нь .... дугаарт)


Түүх шашны салбар хуралдаан

2 сарын 10-ны Бямба гарагийн өглөө, эхний салбар хуралдаанаар Түүх, шашны холбогдолтой илтгэлүүдийг хэлэлцэв. Эхний илтгэлийг АНУ-ын нэрт сэтгүүлч, сэтгүүлзүй, түүхийн холбогдолтой хэд хэдэн ном бичсэн Дианэ Волф тавилаа. Тэрбээр Чингис хаан, Елүй Чуцай хоёрын уулзалтын талаар илтгэсэн юм. Түүний илтгэл шинжлэх ухааны гэхээсээ илүү сэтгүүлзүйн уран яруу халил ихтэй, болсон үйл явдлыг сонирхолтой сайхан үүх түүх болгон өгүүлсэн шинжтэй байв. 

Дараа нь Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн Түүхийн тэнхимийн судлаач Амугулан 1755-1758 онд гарсан Эрээн Хавиргын бослогыг Манжийн архивт хэрхэн авч үзсэн тухай судалгаагаа илтгэв. Тэнгэр тэтгэгч хаан Амарсанааг боссонд, ялангуяа түүнийг барьсан хэмээх мэдээ худлаа байсанд ихэд уурссандаа Зүүнгарын олон ард хэдийгээр өөрийг нь дагасан байсан ч хэрцгийгээр хяджээ. Ард олны аж амьдрал дэндүү доройтож, өлсгөлөн нүүрлэсний тул алдах юмгүй болсон хүмүүс эргэж боссон байна. Үүнд илтгэгч Амарсанаа, Тэнгэр тэтгэгч хоёрын аль нэгийг сайн, нөгөө муу гэж дүгнэсэнгүй, аль алиных нь хувийн эрх ашиг, хувийн өс хонзонгоос болж ард түмэн зовлон зүдгүүрт автсан хэмээн үзжээ. Амарсанаагийн бослогын гол шалтгаан нь Зүүнгарт ганцаар хаан болгоогүйд өширхсөн аж. 

Пэнсилваниагийн их сургуулийн докторант, архитектор Вэй Чэн Түмэдийн Их зуу хийдийн Цочин дуганыг барилга байгуулалтын талаас судлан, Хятадын таилианг маягийн барилга уу, Төвөдийн милианг тогтолцоот барилга уу гэдгийг тодорхойлсноо илтгэлээ. Монголд шарын шашин дэлгэрсэн даруйд барьсан хамгийн анхны хийдүүдийн нэг гэхэд уран барилгын талаасаа их сайн гэнэ. Учир нь монгол лам нар Хятад, Төвөдийн уламжлалт системийг ашиглаад, шүтээн байрлуулах өөрийн гэсэн өвөрмөц танхимыг үүсгэн барьсан ажээ.

Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн багш, уламжлалт анагаахын эмч Ч. Батнайрамдал эргэл мөргөл болон йога байнга хийдэг хоёр бүлэг хүмүүсийг харьцуулан судалж, тус хоёр үйлдэл нь хүний биед дасгалын талаасаа хэрхэн нөлөөлж буйг авч үзжээ. Ингэхдээ мөргөл болгоны өмнө болон дараа анагаахын нарийн шинжилгээг авч үзсэнээр эргэл мөргөл нь хүний биед нэн ашигтай дасгал болохыг тогтоосон байна. Жишээлбэл, орчин цагийн Супэрман нэртэй дасгал 200 гаруй булчинг ажиллуулдаг бол эргэл мөргөл мөн төдий булчинг идэвхжүүлдэг, дээр нь нэмээд оюун санаа төвлөрсөн байдаг учраас илүү үр нөлөөтэй гэнэ.

Америкийн монголчууд гэдэг өөрөө тусгай судлагдахуун

Хоёр жилийн өмнө Монгол Соёлын Төв – Хойт Америк дахь Цахим Өртөө байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг санамж бичигт ЦӨХА байгууллагаас Монгол Соёлын Төвийн эрдэм шинжилгээний хуралд жил бүр тусгай салбар хуралдаан зохион байгуулан оролцоно хэмээн заасан билээ. Санамж бичгийнхээ дагуу Цахим Өртөө хоёр жил дараалан салбар хуралдаан зохион байгуулсан, үүнд АНУ дахь монголчуудын хүрээлэл тусгай судлагдахуун нь болдог юм. АНУ-д хятад, вьетнам, ирланд, армен гэх мэт үндэстэн бүр хэрхэн ирж суурьшсан, хүрээллээ бий болгосон, соёлоо авч үлдсэн зэрэг нь тусгай түүх болон бичигдэн үлдсэн, Америк дахь монголчууд ч түүний нэгэн адил нэгэн түүхийн эхлэл юм.

Ингээд эхний илтгэл, Коламбиа коллежийн сэтгүүлзүйн багш Борчулууны Ядамсүрэн Америкийн монголчуудын, ерөөс нийт монголчуудын нийтийн сүлжээний хэрэглээний талаар ярилаа. Монголчуудын нийтийн сүлжээний хувьд Фэйсбүүк хол тасархай, нэгдүгээр байрт, дараа нь Гүүгл, Пинтэрэст, Жиргээ, Ю-Түүб ордог юм байна. Мэдээллийг олж авах олон арга байдгаас санамсаргүйгээр буюу нийтийн сүлжээгээр тэнэж явахад таарсан мэдээг унших нь монголчуудын хувьд давуу ажээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манайхан мэргэшсэн албан ёсны мэдээллийн байгууллагын мэдээ биш, сенсаац ихтэй, бусдын уншиж, хуваалцаж байгаа мэдээг илүү уншдаг гэсэн үг аж. Жишээ болгон өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ФБ ямар үүрэг гүйцэтгэсэн, ФБ-г сурталчилгааны багууд хэрхэн ашигласан зэргийг гарган үзүүлсэн юм. 

Цааш нь ФБ-г хувийн амьдралаа хуваалцах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, нэгэнтэйгээ холбогдох, мэдлэгийг олж авах гээд олон янзаар ашиглаж буй талаар тоо баримттай судалгаа хийснээ илтгэлээ.

Индианагийн их сургуулийн зочин судлаач Пүрэвийн Увш Америкийн монголчуудын Монгол улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн тухай илтгэв. Монгол банкны судалгаагаар 2012 онд гадаадад амьдарч байгаа монголчууд эх нутаг руугаа 287,4 сая америк доллар шилжүүлсэн ажээ. Увш багшийн судалгаанд АНУ-д амьдарч буй 563 монгол хүн оролцож, Монгол руу хэр давтамжтайгаар хэр их мөнгө явуулдаг мэдээлээ сайн дураар өгсөн байна. Ингээд үзэхэд 42, 7 хувь нь нэг удаад 500 хүртэл доллар, 28,8 хувь нь 500-1000 доллар, 14,6 хувь нь 1001-1500 доллар гэх мэтээр өгссөөр эцэст нь 4,6 хувь нь 3001-ээс дээш доллар илгээдэг тооцоо гарсан гарсан байна. Үүний дараа хэдий хэр хугацаанд шилжүүлдгийг нь асуулгаар тодруулаад, хамгийн бага давтамжтайгаар хамгийн бага тоон хэмжээний мөнгө шилжүүлдэг огтлолцлоор тооцоход эдгээр 563 хүн жилд 3 сая гаруй, хамгийн их хэмжээгээр хамгийн ойрхон шилжүүлдгээр бодоход 14 сая доллар шилжүүлдэг тооцоо гарчээ. Ердөө судалгаанд хамрагдсан 563 хүний л хүрээнд шүү дээ. Цааш нь мөнгө ямар зорилгоор шилжүүлдэг, мөнгө шилжүүлсний улмаас Монгол улсад эдийн засгийн ямар эерэг болоод сөрөг нөлөө үзүүлж болох тухай дүгнэлтээ тайлагналаа.

Ай Би Эм корпорацийн мэдээллийн технологийн инженер Эрхэмбаярын Жагдагдорж АНУ-д үйл ажиллагаа эрхэлж буй Монгол сургуулиудын талаарх судалгаагаа танилцуулав. Судалгаанд АНУ дахь зургаан монгол сургуулийн 28 багш хамрагдаж, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний тухай үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тус сургуулиуд АНУ-д монгол хэл соёлоо авч үлдэх, заах талаар хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа боловч төр засгийн зүгээс дэмжлэг хангалтгүй байгаа нь түүний судалгаанаас тодорхой харагдаж байлаа. 

Маркны үзэсгэлэн, уран зураг

АНУ-д аж төрж буй сэтгүүлч Д. Алтангэрэл хурлын үеэр “Чингис хааны дүр дэлхийн маркнаа” нэрт сонирхолтой үзэсгэлэн толилууллаа. Энэ үзэсгэлэнгийн тухай дэлгэрэнгүй ярилцлагыг манай сонинд өмнө нийтэлсэн тул энд давтан нуршихыг хүлцэв.

Зураач Дамбын Цолмон мөн хуралд зориулан тусгай уран бүтээл туурвиснаа хурлын танхимд залсан байлаа. Ийнхүү жилдээ ганц удаа хуралддаг учраас зөвхөн ном эрдмийн төдийгүй, урлаг уран бүтээлийн ч хурим болж буй нь энэхүү хурлын бас нэг онцлог юм. 

Бид ер нь хэн бэ хэмээх үндэстний тодорхойлолтын талаарх салбар хуралдаан

Өдрийн хоолны дараа монголчуудыг харийн жуулчид, аялагчид хэрхэн тодорхойлсон, монголчууд өөрсдөө үндэстэн гэж ухагдахууныг хэрхэн авч үздэг байсан талаар ярилцлаа. Эхний илтгэлийг Канзасын их сургуулийн багш Филипп Марзлуф тавив. Тэрбээр Монгол нутгаар аялсан эмэгтэй зохиолчдын бүтээл, ялангуяа 1913 онд Монголд ирсэн британи эмэгтэй Беатрикс Булстродын номд монголчуудыг хэрхэн авч үзсэнийг задлан шинжилснээ илтгэлээ. Ерөөс зарим аялагчдын тэмдэглэл уран зохиол, адал явдлын зохиол тал руугаа учраас бас тэр бүрийд түүхэн баримт болгон ашиглаж болохгүйг доктор Марзлуф баримтаар үзүүлэв.

Монгол улсын Боловсролын Их Сургуулийн багш С. Амартүвшин Америкийн сонин хэвлэл дэх Монголын тухай стеоротипыг задлан шинжилснээ илтгэлээ. Түүний ажлын гол эх сурвалж нь М. Саруул-Эрдэнэийн саяхан орчуулан гаргасан “Монголын тухай Америкийн хэвлэлд: 1868-1968” 1017, Сэлэнгэпресс ном болсон байна. Ингээд зуун жилийн туршид Америкийн хэвлэлд гарсан Монголын талаарх өгүүлэл мэдээг судалгаандаа хамруулаад Монголчуудын талаарх, Монгол улсын талаарх, Монголын нийгмийн талаарх, Монголын түүх соёлын талаарх, Монгол ахуй амьдралын талаарх стеоротип гэсэн 5 үндсэн хэсэгт хуваан авч үзжээ. Хэсэг тус бүрдээ эерэг болоод сөрөг үнэлэмжүүдийг тоочин, харьцуулсан байна. 

Индианагийн их сургуулийн докторант Жозеф Кливлэнд Монголчуудын үндэсний үзэл, ялангуяа Жамсраны Цэвээн үндэстэн, ястан, улс, овог гэх мэт үгийн цаана юуг ойлгож байсныг зохиол бүтээл, илтгэл өгүүллээс нь судалжээ. 1930-аад оныг хүртэл Монголын ард түмэн чухам Цэвээний энэ үзлээр хүмүүжиж байсан боловч шоронд орсных нь дараа төр засгаас өөр бодлого явуулах болсон аж. Харин ардчилал мандсанаас хойш үндэстний үзэл нь эргээд Цэвээнийхээр явсан болохыг судлаач баримтаар харуулав.

Монгол үсгийг 30 минутад сурах арга буюу Хэл зохиолын салбар хуралдаан

Хэл зохиолын салбар хуралдааны эхний илтгэлийг Рутгерсийн их сургуулийн багш Саймон Викхамсит тавилаа. Тэрбээр “Залуу Горькийчүүд болцгоогтун” хэмээх сонирхолтой түүврийн бүтээлүүдийг зохиолчдынх нь хамт судалжээ. Улс төрийн чанартай энэхүү түүврийн өгүүлэл, шүлэг зэргийг тайлбарлахын тулд тухайн үеийн нам, төрийн бодлогыг давхар авч үзэх ёстой учраас нэлээд томоохон ажил болсон байна. Түүвэрт орсон бүтээлүүдээс жишээ болгон Д. Сэнгээгийн “Ударник”, М. Дэмчигжавын “Мэдээ хүргэгч Дампил” шүлгийг орчуулан, тухайн үеийн түүх, үзэл сурталтай холбон сонирхолтой тайлбарлалаа.

Монгол улсын Боловсролын их сургуулийн багш Үүрэгийн Ариунболд монгол бичгийг үе үсгийн зарчмаар заах, үе болох хэлбэрийнх нь дагууд тавхан багц болгож үзсэнээр 30 минутад бүх үсгээ үзэх боломжтойг баталснаа илтгэсэн нь ялангуяа АНУ-д ажиллаж, амьдарч буй монгол бичгээ сурах сонирхолтой монголчуудын хувьд нэн сонирхолтой байлаа. Хурлын дараа олон хүн түүнтэй уулзаж, заавар зөвлөгөө авч байв. 

Дэлавэйрийн их сургуулийн угсаатны хөгжим судлалын багш Сүнмин Юн монголчуудын хувьд “зам” гэж ямар утгатай, ялангуяа уртын дуу судлал, угсаатны зүйд тэр ойлголт ямар хамааралтайг нэн сонирхолтой гурван түүхээр жишээлэн ярьсан юм. Уртын дуу судлахаар Монгол улсаар хөндлөн гулд явсан судлаачийн хувьд Сүнмин нутаг ус, зам гээч судлаачийн арга, төлөвлөгөөтэй нэн холбоотой болохыг тайлбарлаад, энүүхэнд байгаа хэмээх нь тэртээ хол байх, ийшээ эргээд л орчихно гэдэг нь хаагуур ч тойрч болох зэргээс жишээлэн уртын дуучийг олох зам нь эгээ л уртын дуутайгаа адил, нэг үеийн хэчнээн ч уртатгаж болдог хэмээн маш сонирхолтойгоор дүгнэв.

Хурлын төгсгөлд Фулбрайтын мэргэжилтэн Карен Холлвэг нэгэн тусгай илтгэлийг хэлэлцүүлэв. Тэрбээр Монгол улсад малчдын амьжиргааг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлснээ тайлагнан, цаашдаа хамтран ажиллах санал зөвлөгөөг сонсохыг хүссэн юм. Уул Жаргалант, Дархит хэмээх хоёр газар нутгийн иргэдэд туслах их сонирхолтой хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн юм байна. Төсөл малчдад үр өгөөжөө өгсөн, ирээдүйд улам өргөжнө гэдэгт найдаж байгаагаа илтгэгч илэрхийллээ.

Дуу хуур, бүжиг наадамтай хүлээн авалт

Бямба гарагийн үдэш дэд сайд Б. Болд тэргүүтэй ЭСЯ-ны ажилтнууд хуралд оролцсон нийт төлөөлөгчдийг хүлээн авч, монгол маягаар дайллаа. Хуралд олон улсын монгол судлаачдаас гадна Элчин сайд Жонатан Аддлтон тэргүүтэй ахмад зүтгэлтнүүд, Монгол улсад очиж ажиллах гэж буй дипломатууд, АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөл, монгол хэл сонирхон сурч байгаа оюутан судлаачид, АНУ-д ажиллаж амьдардаг монголчууд Лос-Анжелос, Чикаго гээд олон өөр хотоос ирж оролцсон билээ. Тэдэнд зориулан хүлээн авалтын үеэр бүжигчин Б. Дэлгэрмаа, морин хуурч У. Хатанболд нар монгол урлагийн тоглолт үзүүлсэн нь энэхүү хурлыг үнэхээр цогц арга хэмжээ болгож өгсөн юм. 

Монгол Улсын төсвөөс ганц ч төгрөгийн зардал гаргалгүйгээр хувь хүмүүс өөрсдийн санал санаачилгаар ийм томоохон хурлыг цогцлоож чадсан нь томоохон амжилт мөн. Энэ удаагийн хурлаар бүх илтгэлээ товхимол болгон хэвлүүлсэн нь том амжилт болов. Төрийн хэлний зөвлөлийн Н.Нарангэрэлтэй хамтран ажилласны үр тэр юм. Үүний дээр Монгол Америкийн Соёлын Холбоо, Санж Алтан гуай, Пирамид гранит компани, М. Дэлгэрцогт, Д. Өлзийхуяг нарын байнгын ивээн тэтгэлэг, дээр нь сэтгэл зүрхээ гарган хандиваа өргөсөн Т. Дагиймаа, Г.Бархас, Б.Амаржаргал, П. Саранцацрал нарын буян, Конгрессын Номын Сангийн Сюзан Майнхайт, хурлыг шууд дамжуулсан Г. Эрдэнэбат нарын мэргэжил, чадвар, Монгол Соёлын Төвийн хамт олны чармайлт, ЭСЯ-ны дэмжлэг, энэ бүхний цогцоос бүтсэн үйл ажиллагаа бөлгөө.


Саяхан Алтан гадас одон хүртсэн судлаач Саймон Викхамсит илтгэж буй нь


Хурлын завсарлагаар маркны үзэсгэлэн үзэж сонирхов.


П.Увшийн судалгаа: Нэг удаад хэдий хэр мөнгө Монгол руу шилжүүлдэг вэ? 563 оролцогч.


Эрдмийн бүтээл урлагийн тоглолт хосолсон цогц үйл ажиллагаа.


Хурлыг зохион байгуулдаг Монгол Соёлын Төвийн хамт олон.