Хуучин дуу шинэ утга санаагаар
Нэгэн ярилцагадаа Гэйнор "Энэ дуу бол өөрийг нь гомдоосон зүгээр нэг "хөгийн" залуугийн тухайд төдий биш юм. Цаг хугацааны уртад хуучиршгүй энэ яруу найраг бол ирээдүйн тухай, унаад босохын тухайд, хүн гэгч амьтны сэргэн мандах сэтгэл итгэлийн тухай дуу юм" хэмээсэн байдаг.
“Диско хатан” Глориа Гэйнорын “I will Survive” дуу сүүлийн хэдэн хоног ахин алдаршиж байна. Учир нь Глориа тахал тараад буй өнөө үед гараа хэрхэн зөв угаах аргыг хүүхэд багачуудад заах хөдөлгөөнд нэгдэн, алдарт дуугаа 20 секунд орчим дуулангаа гараа зөв угааж бичүүлсэн юм. Түүнээс хойш нэг талаар гар угаах хичээл, нөгөө талаас уг дууны “унаад босох”, “бууж үл өгөх” үзэл санаа нь халдварт өвчний эсрэг тэмцлийн бас нэгэн уриа болон, ёстой л нөгөө хуучин нийгмийн шүүмж судлалын хэлээр бол “шинэ үзэл санаагаар баяжжээ”. Учир иймээс арваад жилийн өмнө бичиж байсан энэхүү тэмдэглэл орчуулгаа та бүхэнд ахин сонирхуулъя.
Глориа Гэйнор “Үхэхгүй л гэж мэдээрэй”
Бүхий л цаг үеийн шилдэг диско дууны нэг хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг Глориа Гэйнорын "I will survive" дууг манайхан сайн мэднэ.
Одоогоос гуч илүү жилийн өмнө, тодруулбал 1978 оны 10 сард анх гарсан боловч өдгөө хүртэл олны сонорыг мялаасаар яваа "тасархай хит" дуу яах аргагүй мөн билээ. Яруу найргийнх нь утгыг махчлан ойлговол хүнд хэцүү цагт нь хаяад явсан өөдгүй амрагтаа хандан бүсгүй хүний бардмаар хэлж буй "Би чамгүйгээр амьдрах л болно..." хэмээх санаа юм. Гэвч сонсогч олон ч тэр, дуулсан Гэйнор авхай ч тэр, дууны шүлгийг илүү өргөн утгаар ойлгодог билээ.
Нэгэн ярилцагадаа Гэйнор "Энэ дуу бол өөрийг нь гомдоосон зүгээр нэг "хөгийн" залуугийн тухайд төдий биш юм. Цаг хугацааны уртад хуучиршгүй энэ яруу найраг бол ирээдүйн тухай, унаад босохын тухайд, хүн гэгч амьтны сэргэн мандах сэтгэл итгэлийн тухай дуу юм" хэмээсэн байдаг. Угаасаа Гэйнорын дуугаа бичүүлсэн түүх нь ч чухам энэ үзэл санаатай яв цав нийлнэ. Тоглолтын үеэр тайзан дээрээс унаж бэртэн, хэсэг саажиж, нугасны мэс засалд ороод, бүтэн гурван сар эмнэлэгт хэвтсэнийхээ эцэст дөнгөж хөл дээрээ зогсонгуутаа тэрбээр алдарт дуугаа бичүүлжээ. Студид дуулж байхдаа Глориа нугасандаа чиг барьж бэхэлсэн тулгууртай байсан гэдэг. Түүнээс биш хувийн амьдралын хувьд Глориа сайн нөхөртэй, аз жаргалтай бүсгүй ажээ.
Энэ бүхний улмаас тус дуу нь зүгээр нэг хайр сэтгэлийн дуу биш ерөөс эцсэн цуцсан, зовсон зүдэрсэн, гадуурхагдсан, алдсан эндсэн боловч ирээдүйгээ гэрэлтэйгээр харж, сайн сайханд тэмүүлсэн хэн бүхний сүлд дуулал болон алдаршсан байна. Цөөхөн жишээ дурдахад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх феминист хөдөлгөөнийхөн, ижил хүйстнүүд, 1998 онд Дэлхийн аварга болсон Францын хөл бөмбөгийн шигшээ баг гээд олон хамт олон сүлд дуугаа болгон урмаа сэргээж байсан бол уран сайхны болон телевизийн олон кино чухам тийм зорилгоор ашигласан байдаг.
Дууны үг
Одоо тэр айхтар олныг дагуулаад буй үгийг авч үзье.
At first I was afraid
I was petrified.
Эхлээд бүсгүй учиргүй айж. Petrified гэхээр зүгээр нэг айх биш бүр "хөлдөөд", "чулуужаад", өөрөөр хэлбэл "хөдөлж чадахгүй болтлоо айсан" байна.
Kept thinking I could never live
without you by my side.
Юунд тэгтлээ их айсан юм бэ гэхлээр "Чамайг дэргэдээ байхгүй бол огт амьдарч чадахгүй юм байна гэж бодсоор байж" л дээ.
But then I spent so many nights
Thinking how you did me wrong.
Тэгснээ ерөөсөө "их олон шөнийг өнөө муу залуугийн өөртөө хийсэн буруу, муу үйлүүдийн талаар бодож өнгөрөөсөн" байна.
And I grew strong!
And I learned how to get along!
Тэгээд бодоод байтал яасан байна? Хүчтэй ч болсон байна, хүн шиг зүгээр сайхан байж ч сурсан байна.
So now you're back
from out of space.
За тэгтэл нөгөө гай нь "буцаад ирсэн аж". Огт алга болчихсон байж байгаад гэнэт гараад ирснийг нь "яг сансраас ирсэн мэт" хэмээн ёжлон зүйрлэж. Монголоор бол "газрын гаваас гараад ирсэн" юм уу даа.
I just walked in to find you here
with that sad look upon your face.
(Гэртээ) ороод ирсэн чинь харин мань эр байж байдаг байгаа. Уруу царайлсан юм.
I should have changed that stupid lock!
I should have made you leave your key!
If I had known for just one second
you'd be back to bother me.
Энэ дөрвөн мөрийг харин сүүлийн хоёроос нь эхэлж орчуулах нь монгол хэлний зүйд нийцнэ. "Хэрвээ би ганцхан секунд ч болов чамайг эргэж ирээд ядаргаа болохыг чинь мэдсэн бол тэр тэнэг цоожийг сольчихсон байх сан. Чамд түлхүүрээ үлдээхгүй, авчих байсан юм"
Go on now, go, walk out that door!
Just turn around now‚
Шууд хөөж байна. "Одоо зүгээр явж үз, яв, тэр хаалгаар гар. Одоохон эргэ, буц"
cause you're not welcome anymore.
Weren't you the one who tried to hurt me with goodbye?
Яагаад гэвэл чамайг одоо (сэтгэл минь) хүлээн авахгүй, ингэхэд ер нь "баяртай" гэсэн үгээр намайг өвтгөх гэсэн хүн чинь чи биш бил үү?
Did I crumble
Did I lay down and die?
Тэгээд би "будаа болж уу?", унаад, хэвтээд үхэж үү?
Oh no, not I!
I will survive!
Үгүй шүү, би л биш. Би бол амьдарна. Амьдарна гэдэг нь мэдээж амьсгална гэсэн утгаар биш амьд явна, өөдрөг явна, унахгүй, үхэхгүй, сэргэнэ гэсэн утгаар.
Oh and as long as I know how to love
I know I stay alive.
Хайрлана дурлана гэдгийг мэдэж байгаа цагтаа би амьд байна гэдгээ мэдэж байна.
I've got all my life to live,
I've got all my love to give.
"Амьдрах амьдрал гэж байна, өгөх хайр гэж байна". Бүх юм дуусчихаагүй гэсэн утгаар.
It took all the strength I had
not to fall apart.
Дараачийн бадаг ийн эхэлж байна: "Уначихгүйн тулд би бүх хүчээ шавхсан".
Kept tryin' hard to mend
the pieces of my broken heart!
Шархалсан зүрхээ эдгээх гэж чадах чинээгээрээ хичээсэн.
And I spent oh so many nights
just feeling sorry for myself.
Тэгээд их олон шөнө өөрийгөө өрөвдөөд л өнгөрөөсөн.
I used to cry!
But now I hold my head up high.
Тэгээд их ч уйлдаг байлаа. Харин одоо толгойгоо өндөрт өргөдөг болсоон.
And you see me
somebody new!
Чи намайг одоо шинэ хүн болсныг харж байна.
I'm not that chained-up little person
still in love with you.
Чамд дурласан хэвээрээ, (тэр хайрандаа) гавлуулчихсан, өчүүхэн хүн биш (болсон байгаа биз)
And so you feel like droppin' in,
and just expect me to be free,
Тэгтэл харин чи намайг зүгээр л ороод ирэхэд чинь чөлөөтэй, өөрөөр хэлбэл ганцаараа хүлээгээд л байж байх юм шиг бодож байдаг. "Гайгүй байлгүй хонгор минь" гэдэг шиг л хэлж байна.
now I'm saving all my loving
for someone who is loving me!
Одоо харин би бүхий л хайраа өөрийг минь хайрлах тэр хүнд хадгалж байгаа.
Үүний дараагаас дахилт давтагдана. Үгчлэн буулгавал иймэрхүү л утгатай дуу юм.
Уран сайхны орчуулга
Үхэхгүй л гэж мэдээрэй.
Чамгүйгээр амьдарч
Чадахгүй нь гэж бодоод
Үнэндээ би айдаг л байлаа
Үхдэл мэт хөшдөг л байлаа
Гэвч намайг зовоосныг чинь
Гэрэлгүй шөнүүдэд бодон хэвтсээр
Хүчтэй болсон, би
Хүн шиг байж сурсан, би
Харин тэгтэл чи
Хаанаас ч юм, эргээд ирж.
Өрөөнд минь ороод ирчихсэн
Өрөвдөлтэй царайлан зогсох юм.
Гай болоод гараад ирэхийг чинь
Ганц мөчид ч болов мэдсэн бол доо
Түлхүүрээ чамд заяа нь үлдээхгүй сэн
Түгжээгээ хэдийн сольж орхих сон.
Дахилт
Яв даа, чи минь, хаалга тэр байна.
Яг одоо алга болж үз.
Сэтгэлд минь чиний зай үгүй
Сэхүүн үг шидээд, орхин одоогүй сэн бил үү, чи.
Тэгээд би сөхөрч үү?
Тэндээ хэвтээд өнгөрч үү?
Үгүй шүү, хонгор минь
Үхэхгүй л гэж мэдээрэй
Дурлана гэдгийг мартаагүй цагтаа
Дуусахгүй л гэж мэдээрэй.
Өмнө минь амьдрал байна
Өгч чадах хайр минь байна
Үхэхгүй л гэж мэдээрэй
Үргэлжид гэрэлтэнэ гэж бодоорой.
2-р бадаг
Хөсөр унахгүйн тулд би
Бүхий л хүчээ барсан
Хөндүүрлэх зүрхээ эдгээх гэж
Бүтэн чадлаараа хичээсэн
Өөрөө өөрийгөө өрөвдөж
Өчнөөн шөнө уйлав даа
Өдгөө харин өөр өө
Өндийн босч, өөдөлсөн, би.
Одоо чи намайг харна уу?
Огтоос шинэ хүн
Чамд өгсөн дурлалдаа гинжлүүлсэн
Чадалгүй охин биш болсон.
Тэгтэл чи зүгээр л ороод ирдэг
Тэгээд намайг ганцаараа л гэж боддог
Үнэн зүрхний хайраа би
Өөрийг минь хайрлах нэгэнд хадгалж буй...
Батый
уншигч
Зочин
Аагий
S.144
zochin
Уншигч
dorj
man