Хүний эрх ба Иргэний орон зай
Ардчилсан нийгмийн оршихуй болсон хүний эрх ба иргэний орон зай, түүний эрхэм чанар, тулгарч буй бэрхшээл ба сорилт, иргэний нийгмийн байгууллагуудын ач холбогдол, эрсдэл, үүрэг бас хариуцлага гэсэн нэн чухал сэдвийг 70 дахь дугаараар хөндөж байна. Зочдоор “Хүний эрхийн үндэсний комисс”-ын гишүүн С.Дондов, ”Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, ”IRIM” хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгион, ”Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн захирал М.Энхбадрал нар уригдлаа.
В.Ганзориг: Нэр томъёоны тайлбараас нэвтрүүлгээ эхлэх саналтай байна. ТББ, ашгийн бус байгууллага, клуб, сайн дурын байгууллага, сонирхлын бүлгүүд, өөрөө өөрийгөө зохицуулдаг байгууллага, иргэний нийгэм гээд олон янзын нэршил байна. Эдгээрийн ялгаа болон төстэй талыг маш ойлгомжтой тайлбарлаж өгнө үү
Т.Амарзаяа: Иргэний орон зай гэдэг өнцгөөс тайлбарлавал илүү ойлгомжтой болно. Эдгээр байгууллагыг бид нэг өнцгөөр хараад ТББ гэж нэрлэдэг. Гэхдээ дээрх тоглогчдын дунд тамга тэмдэг, гэрчилгээтэй ТББ байхаас гадна өөрсдийн үзэл бодол, үнэт зүйл, нийтлэг эрх ашгийг төлөө нэгдсэн бүхий л сонирхлын бүлгүүд байж болдог. Жишээ нь, янз бүрийн сонирхлын клубууд, хувь хүн ч дангаараа байж болно. Төрийн эрхийг авах хүртлээ улс төрийн намууд хүртэл иргэний орон зайн нэг тоглогч нь байдаг. Эдгээр байгууллагуудад нэг нийтлэг шинж бий. Тэр нь төрөөс ангид байх тухай юм. Төртэй халаас, удирдлага нэгтэй байж болдоггүйгээс гадна ашгийн төлөө бус ажилладаг. Тэр нь гишүүддээ ногдол ашиг тарааж өгөхгүй, мөнгө эргэлдүүлж түүндээ хувь эзэмшиж болохгүй гэсэн үг. Нэмээд гэр бүлийн хамаарлаас тусдаа байх ёстой.
ТББ-ууд төрийн зарим чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх үед давхцал үүсч харагддаг. Хүчирхийллийн эсрэг ажилладаг, эмэгтэйчүүдийг хамгаалах зэрэг төрийн гар хүрч чадахгүй цэгүүд дээр ажилладаг ТББ-ууд олон бий. Бизнесийн орчинд мөн давхцал үүсч харагдах тохиолдол бий. Иргэний нийгэм, ТББ-д ажилладаг гэхээр сайн дураараа ажилладаг учраас цалин огт авах ёсгүй, ТББ нь мөнгө олж огт болохгүй мэт ойлгодог. Тийм биш. ТББ-ууд мөнгө олж болно. Тэр бүү хэл нийтийн сайн сайхны төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, тэндээс олсон орлогоороо ажилчдын цалингаа тавьж, бүр ашигтай ажиллаж болно. Гагцхүү тэр ашгаа байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулах ёстой байдаг.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Гэр бүлийн статусын хувьд голцуу сангууд байдаг. Тухайлбал, “Балдорж”, “Батзориг”, “Зориг” сан гэх мэт. Нэг хүний үйл хэргийг үргэлжлүүлэхтэй холбоотой байгуулагдвал үр хүүхдүүд нь нийлээд ийм зохион байгуулалтанд орж болдог. Энэ бүхэн иргэний нийгмийн орон зай юм. Маш том талбар учраас ганцхан ТББ-аар бүгдийг бүү төсөөлөөрэй гэж хэлмээр байна. Үйлдвэрчний эвлэл, шинээр гарч ирж буй энтрепренер бизнесүүд хүртэл энэ орон зайд орж ирдэг.
С.Дондов: Иргэний нийгмийн байгууллагууд өргөжиж, олноор гарч ирэхийн хэрээр шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө үгээ хэлж, үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийн тоо олширдог. Эдгээр хүмүүсийг “Хүний эрхийг хамгаалагч” гэдэг ангилалд шууд багтаадаг. Хүний эрхийг хамгаалах явц зарим тохиолдолд эрсдэлтэй байдаг учраас энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд зайлшгүй хуультай байх ёстой. Монгол Улс 2020 оны 4 сард “Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг баталсан бөгөөд 2021 оны 7 сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлээд явж байна. Энэ нь Монгол Улс хүний эрхийн хамгаалагчийн хуультай болсон Ази тивийн анхны улс болсон гэсэн үг. Энэхүү хуулиар хүний эрхийн хамгаалагч гэж хэн болох, төрийн үүрэг, хариуцлага, хүний эрхийн хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хаана, ямар хариуцлага үүсэх тухай нарийвчилсан зохицуулалтуудыг хийсэн. Хувь иргэн ганцаараа эсвэл бусадтай эвлэлдэн нэгдээд дуу хоолой, итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлж буй бүлэг хүмүүст төр анхааралтай хандах, дэмжих, гаргаж буй санаа бодлыг нь улс орны хөгжилд хэрэглэх, шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах ёстой.
Ямар ч тохиолдолд хүчирхийлэл хэрэглэх ёсгүй. Иргэдийг дотоод, гадаадад дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх өргөн боломжоор хангах нь төрийн үүрэг юм. Шүүмжилж, хууль ёсны шаардлага тавьсны төлөө хамтран ажиллаж, хүний эрхийн байдлын тухай нөлөөллийн үнэлгээ, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний тайланг хэлэлцэн, үнэхээр үндэслэлтэй шүүмжлэл мөн эсэх дээр дүгнэлт гаргаж, хөгжлийн бодлогодоо тусган явах нь Монголын хөгжилд том хувь нэмэр болно. Тэр агуулгаараа иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг дэмжих, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох нь НҮБ-ын гишүүн орны хувьд үүрэг байдаг. Хамгийн гол нь хүний эрхтэй холбоотой хуулийн хэрэгжилтэнд санаа тавьж, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх, хууль хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буй хүмүүсээ дэмжих хэрэгтэй.
А.Долгион: ТББ заавал нийтийн төлөө ажиллах албагүй. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ гэж бас бий. Жишээ нь, зөвхөн ээж нарын эсвэл нохой, муур сонирхогчдын ТББ гэж байж болно. Яг энэ бүлэгт нэгдсэнээр зөвхөн өөрсдийнхөө л эрх ашгийг хамгаална гэсэн үг. ТББ гэхээр л дандаа нийгмийн төлөө эсвэл хүний эрх, шударга ёсны төлөө ажиллах албагүй шүү. Иймээс зөвхөн өөрсдийн байрныхаа асуудлаа шийдэхийн төлөө ТББ байгуулсан тул та нар иргэний нийгэм биш гэж хэлж болохгүй гэсэн үг. Нийгэм хөгжихийн тулд байгууллага нь хөгжих, институт болох ёстой. Энэ бол төр, хувийн хэвшил, ТББ бүгдэд нь хамаатай. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр ТББ-ын хөгжил, сорилт, ирээдүйг түлхүү ярина гэж бодож байна.
М.Энхбадрал: Иргэд төрийн оролцоогүйгээр зохион байгуулалтанд орж чадаж байвал тэнд иргэний нийгэм оршиж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, чи заавал тэр сургуульд ор, эсвэл та нар нийлээд энэ асуудлыг шийд гэж байгаа бол тэнд төрийн оролцоо байна гэсэн үг. Иргэний нийгмийн чиглэлээр ажиллаж буй хүмүүс улсад бүртгүүлэн байгууллага болж буй процессийг ТББ гэж ойлгож болно. ТББ болсноор гэрчилгээ, тамгатай болж, бусадтай гэрээ байгуулж, албан ёсоор санхүүгийн харилцаанд орох боломжтой болдог. Иргэний нийгмийн үйл ажиллагааны суурь бол ердөө хоорондоо хамтрах тухай асуудал. Энэ хамтын үйл ажиллагааг нэг хүн ч гэсэн зохион байгуулж болдог. ТББ-ууд цөөн нөөцөөр их ажлыг амжуулж чаддаг. Иймээс иргэний нийгмийг зөвхөн ТББ-аар хязгаарлан ойлгож болохгүй. Энэ нэвтрүүлэгт орсон хэдүүлээ нийлээд маргааш уул руу алхая гэвэл энд иргэний нийгмийн үйл ажиллагаа өрнөж байна гэсэн үг. Харин үүнийг улсад бүртгүүлбэл албан ёсны байгууллага болоод явна.
В.Ганзориг: Сайн бас саар нэртэй ТББ-ууд бидний эргэн тойронд олон байна. Бизнесээр бол зах зээлийн хэмжээ гэж ярьдаг. Үүнтэй адил иргэний нийгмийн хэрэгцээ шаардлага, түүнийг нь хангаж буй орон зай Монголд хэр байна вэ? Иргэний нийгэм, ТББ-ын шилдэг болон муу кэйсийг хуваалцаач.
А.Долгион: Хувийн хэвшил дотор сайн ажиллаж олон хүнийг ажлын байраар хангаж буй хэсэг байхад муу ажиллаад дампуурч буй хэсэг ч бий. Ийм учраас ер нь хувийн хэвшил байх ёстой юм уу гэдэг асуултыг бид хэзээ ч хоорондоо тавьдаггүй. Үүнтэй адил төр муу ажиллаж байгаа учраас төрийн хэрэг байна уу гэж ярьдаггүй. Гэтэл ТББ дээр ингэж гадуурхаж ярих хандлага манай нийгэмд яваад байдаг. Ийм байж болохгүй.
С.Дондов: Өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх нь хүний суурь эрхэд тооцогддог. Итгэл үнэмшилгүй газар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах боломжгүй. Та заавал тэдэн хүнтэй байж үйл ажиллагаагаа явуулна шүү, эсвэл заавал байгууллагаа улсад бүртгүүлэх ёстой, ажиллавал заавал тэр тэр чиглэлээр ажиллаарай гэх маягаар төр хөндлөнгөөс оролцож болохгүй. Хүн өөрийн итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ төлөө эвлэлдэн нэгдэж, зохион байгуулалтанд орж буй нь нийгмийн хамгийн үнэ цэнтэй хэсэгт тооцогдоно. Энэ үнэ цэнийг хадгалахын тулд төр иргэдийн шүүмжлэлийг хүлээн авдаг, цаашдын үйл ажиллагаандаа ашигладаг байх ёстой болохоос бус дуу хоолойг нь боомилох, цензур тавих, хуулиар хавчих зэргээр айлган сүрдүүлж хүний эрхийг зөрчиж болохгүй. Хүний эрхийг хэр хамгаалж буйгаар ардчиллын үнэт зүйлс хэмжигддэг.
М.Энхбадрал: Статистикийн мэдээгээр бол 2021 оны эцсээр Монголд 32 мянган ТББ байна. Эдгээрээс үйл ажиллагаа явуулж буй 12,562 байгууллага бий. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй энэ 12 мянган ТББ-ын тоо манай улсын хувьд том тоонд орохгүй. ТББ гэхээр хуулиас гадуур, дураараа ажилладаг мэт зарим хүн боддог. Бид компанитай яг адилхан орчинд үйл ажиллагаа явуулдаг. Тайлангаа өгнө, НДШ, татвараа төлнө. Тайлан гаргадаггүй, татвараа төлдөггүй ТББ-ыг хаах, торгох бүх боломж өнөөдөр төрд бий. ТББ-ууд төрийн маш том ачааг үүрэлцэн хөнгөвчилж байдаг. Сүүлийн 30 жил буюу шилжилтийн хүнд нөхцөлд хамгийн хүнд цэг яах аргагүй хүүхэд, эрүүл мэнд, боловсролын салбар байж, боломж хөгжлөөс орхигдож байсан. Энэ үед гол талбар дээр нь орон нутгийн ТББ-ууд ажиллаж байснаас гадна гол хандивлагчид нь дандаа олон улсын ТББ-ууд байсан. Энэ үеийг даван туулсан түүхээ бид мэддэг байх ёстой. Мөнхөд боломжтой байсан мэт сэтгэж ТББ-уудын үйл ажиллагааг одоо хязгаарлах нь буруу.
ТББ байгаль орчин, эрүүл мэнд, спорт гээд бүх чиглэлд ажиллаж буй. Хэрвээ тэр өөрийн үүргээ тултал сайн гүйцэтгэвал эдгээр ТББ-ууд хэрэгцээгүй болж болно. Ийм боломжгүйгээс гадна төр өөрөө хэзээ ч гүйцэтгэж чадахгүй нэг том орон зайг ТББ-ууд нөхдөг. Тэр нь төрийг өөрийг нь хянах буюу засаглалын хяналтыг хэрэгжүүлэх процесс юм. Төр энэ хяналтаасаа сална гэж байгаа бол товчхондоо дарангуйллын нийгэм рүү явж байна гэсэн үг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэдэн хувь нь өнөөдөр хараат бус байж чадаж байгаа вэ? Бодит байдал дээр эрх баригчдын шүүмжилдэг бүх орон зай хумигдаж эхэлж байна. Энэ нөхцөлд үгэнд нь ордоггүй, засаглалыг нь хянадаг, төсвийг нь шүүмжилдэг хэсэг газар үлдэж буй нь иргэний нийгмийн байгууллагууд болсон. Энэ дотроо сайн нь ч бий, муу нь ч байгаа. Иргэд төрийн ямар ч оролцоогүйгээр өөрсдийнхөө сайн сайхан амьдралын төлөө эвлэлдэн нэгдэж, үйл ажиллагаа явуулах орон зайтай байх ёстой.
С.Дондов: Хүний эрхийг хамгаалж, шудрага ёсыг тогтоохын тулд иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэх үүрэг төрд бий. Үйл ажиллагааг нь амар тайван явуулах боломжоор хангахаас гадна саад болохгүй байх ёстой. ТББ-ууд олон дарамт дор ажилладаг. Үйл ажиллагааг нь дэмжиж буй нэрээр байр, оффисоор ТББ-ыг хангасныхаа төлөө эргээд төрийн халаасанд оруулдаг байж болохгүй.
В.Ганзориг: Төрийн ажлыг ТББ-ууд урдуур нь орж ирж хийгээд байна гэдэг шүүмжлэл явдаг. Нөгөө талаас энэ бол харин ч ардчилал амьд буйн баталгаа гэж маргадаг. Энэ тал дээр та бүхний байр суурь ямар байдаг вэ?
А.Долгион: Олон улсын хэмжээнд дүрвэгсдийн жишээг авмаар байна. Аливаа улсын төр тэднийг хууль бус гэж үзэн ямар нэг арга хэмжээ авахгүй байхад дүрвэж буй хүмүүсийн суурь хэрэгцээг хангахын тулд ажиллаж буй ганцхан төрлийн байгууллага нь ТББ болсон. Дүрвэж буй хүмүүсийг амийг аварч, наад захын эрхийг нь хамгаалахын төлөө төр биш харин олон улсын ТББ-ууд л гараа сунгаж байна. Монголын хувьд 2014 оны “Шилэн дансны тухай хууль”-ийг сайн жишээгээр дурдмаар байна. Энэ бол иргэний нийгмийн байгууллагуудын маш олон жил тууштай ажилласны үр дүн юм. Энэ хууль гарснаар авлигын тухай асуудал, томоохон сенсаацийн тухай мэдээлэл, төсвийн хяналт олон нийтэд ил болж эхэлсэн.
Нэг хүн, эсвэл хэсэг бүлэг хүн сайн дурын, нийгмийн ажил хийснээр төрийн үйл ажиллагааг үгүйсгэж буй хэрэг огт биш юм. Энэ бол нийлж ажилласнаар хэн хэнийгээ тэг болгодог тэгшитгэл биш. Сайн дурын, филантропийн үйл ажиллагаа ихсэх нь өнөөдрийн нөхцөлд төрийн хүрч чадахгүй газар хүрч буй гэдэг утгаараа зөв. Нөгөө талдаа ТББ-ууд ингэж сайн ажиллаж байгаа юм чинь гээд төр өөрийн үүргээ умартана гэсэн үг бас биш.
Т.Амарзаяа: “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сайн жишээгээр дурдмаар байна. Анх гэр бүлийн хүчирхийллийг хүчирхийлэл гэж үздэггүй, эрүүгийн гэмт хэрэгт тооцдоггүй байсан. “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” энэ салбарт 20 жил хүчин чармайлт гаргаж, сүүлд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, “Хөөрхөн зүрхнүүдийн аян” зэрэг байгууллагууд нэмэгдэн орж ирж, төрд нөлөөлөх аяныг тууштай хийсний үр дүнд энэ хууль батлагдсан. Одоо эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ зодох, хүүхдээ хүчирхийлэх нь гэмт хэрэгт тооцогдож, хатуу хариуцлагатай болсон. Энэ бол иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын ач тус. Мөн “Бүх нийт боловсролын төлөө” гээд эвсэл бий. Энэ эвсэл боловсролыг төлбөртэй болгох, боловсролын салбарыг хувьчлахын эсрэг 2012 оноос хойш ажиллаж байна. 30 гаруй гишүүн байгууллагын хамтаар байнга Боловсролын яамтай тулж, буруу шийдвэр гаргахыг нь татаж байдаг. Монголын хөгжил өдий зэрэгтэй байгаагийн гол шалтгаан нь боловсрол үнэ төлбөргүй байгаатай холбоотой. Кэмбрижийн систем гээд баян, ядуугийн заагийг улам нэмэх оролдлогыг зогсоож байсан. Манай “Бодлогод залуусын хяналт” ТББ сонгуульд иргэний нийгмийн ажиглалтыг хийдэг. Сонгууль шударга бус болсон эсэх дээр асуудал үүсэхэд хайнаа хагалах гол үүргийг бид гүйцэтгэдэг. Бид маш бага нөөцөөр маш их юм хийдэг. “Нээлттэй нийгэм форум”-тай хамтран сонгуулийн тухай хуульд байнга саналаа өгдөг. “Сонгуулийн тухай хууль” одоо нилээд боловсронгуй болсонд манай залуучуудын байгууллагын хувь нэмэр багагүй бий.
Харин муу жишээ гэвэл Хууль зүйн сайдын хэлэх гээд нэр цохоод хэлж чадахгүй байгаа байгууллагуудтай холбоотой гэж боддог. Гадны улс төрийн сан, элчин сайдын яамдуудаас мөнгө аваад гадаадад аялсан ганц нэг УИХ-ын гишүүд байгаа тухай саяхны нэг ярилцлага дээрээ дурдсан байсан. Энэ бол муу жишээ. Үүнийг асуудал гэж үзэж байгаа учраас ТББ-ын тухай хуулийг өөрчлөх гээд зүтгээд байж магадгүй. Гэхдээ тодорхой үрэвслийг намдаах зорилгоор антибиотик хэрэглэх ёстой болохоос биш битүү хэрэглэвэл хүн мөөгөнцөрт баригдаад балардаг шиг энэ хуулийн өөрчлөлтөөр дамжуулан жирийн ажиллаж буй, сайн ТББ-уудыг устгах оролдлого хийж байна гэж хараад байгаа. Үнэхээр асуудал байгаа бол улстөрчдийн халаасны ТББ-уудад асуудал байна, намын холбоодуудад асуудал байхыг үгүйсгэхгүй. Энэ бүх асуудлыг шийдэх хүсэл үнэхээр байгаа бол нэрсийг зарлаад нээлттэй ярих хэрэгтэй. Үүгээр дамжуулан Монголын төр, Хууль зүйн яам, Тагнуулын байгууллага, Сангийн яам, Татварын ерөнхий газар ажиллаж байгаа гэдгээ батлан, ил тод харуулах ёстой. Ингэж чадахгүй бөөрөнхийлж, бүх ТББ болохгүй байгаа мэтээр, одоо л цэгцлэхгүй бол гэж ярьж болохгүй. Төр үүнийг цэгцэлдэггүй! ТББ байгуулах, иргэний нийгмийн байгууллагад ажиллах сонголтыг иргэд өөрсдөө хийдэг байх ёстой. Харин төрийн үүрэг бүртгэх, шаардлагатай тохиолдолд тагнуул зэрэг нь шалгах байдлаар ажиллах ёстой болохоос биш хааж боож, татан буулгах ажлыг төр хийх ёсгүй. Үүгээр далимдуулан тодорхой хуулиуд дээр хяналт тавьж, саналаа тогтмол хэлэх байдлаар засаглалын түвшинд ажилладаг хэдэн ТББ-уудыг хумих оролдлогыг жинхнээсээ хийж байна гэж хувьдаа харж байна.
В.Ганзориг: ТББ-ын эрх зүйн орчинтой холбоотой өөрчлөлт буюу “Сангийн эрх зүйн байдлын тухай хууль” болон "Холбооны эрх зүйн байдлын тухай хууль"-ийн төслүүд ид явж байна. Ковидтой холбоотой гаргасан тусгай хуулиуд шударга бус байдлыг үүсгэж, үүгээр далимдуулан бусад салбарыг нухчин дарах оролдлого гарч буй жишээ олон улсад байна. Та бүхний яриагаар манай ТББ-ууд багагүй ажлыг амжилттай хийж явна. Тэгвэл яагаад эдгээр байгууллагуудын зохицуулалтын орчинг өөрчлөх гээд байна вэ? Гол үндэслэл, шалтгаан нь юу юм бол?
А.Долгион: 2009 оноос хойш хийсэн судалгаануудыг харахаар төрд итгэх итгэл эрс буурсаар ирсэн. Хамгийн сүүлийн судалгаагаар улс төрийн нам, шүүх засаглалын байгууллагуудын нэр хүнд хамгийн бага гарсан. Төрд итгэх итгэл ингэж буурахын сацуу нэг улс төрийн нам бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, эдийн засаг, хүний нөөц болон улс төрийн капиталаа баяжуулсаар байна. Одоо эрх мэдэлтнүүдэд нийгмийн капитал буюу хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэх, бие биендээ итгэх, дэмжих байдал болон үзэл санааны капитал дутагдаж байгаа. Энэ хоёр үлдсэн капитал руу нилээд шуурхай дайрсан байж болзошгүй эрсдэлтэй зүйл заалтууд энэ яригдаж байгаа шинэ хуулинд явж байна. 2017 оноос хойш буюу таван жилийн турш ТББ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай асуудал маш тууштай явж буйд би гайхаж явдаг. Иргэдийн дугаар нэг асуудал гэж үздэг авлига, засаглалын асуудлаа шийдэхгүй байж яагаад иргэний нийгэм дээр ингэж ач холбогдолд өгч буй нь иргэдийн орон зайг эзлэх эсвэл ямар учиртай юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Наадам болж байхад хүртэл энэ ажиллагаа сошиал медиа дээр тасралтгүй явж байсан.
Т.Амарзаяа: ТББ-ын тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэл, шалтгааны тухай судалгаануудыг би харсан. 2017 онд анх хийгдсэн судалгааг харахад Оросын иргэний нийгмийн загварыг дууриаж, “Иргэний нийгмийг дэмжих зөвлөл”-ийг байгуулах нь оновчтой мэт уншигдаад байгаа. Тэндээс санаа аваад Хууль зүйн яам хуулийн төслөө бичсэн үү, эсвэл санаандаа тохируулж хуулиа захиалсан эсэхийг мэдэхгүй байна. Цэвэр хараат бус ажилладаг иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж ярьж буйн хувьд Монголд ТББ, иргэний нийгмийн орон зай хүчээ тэлж эхэлж байгаа. Иргэд ардчилсан улс гэдгийн утга учрыг ойлгож эхэлж байгаа.
Анх 1997 онд “ТББ-ын тухай хууль” батлагдсан. 30 жилийн дараа иргэний нийгэм насанд хүрч, хүчтэй, тодорхой хэмжээний чадавхтай болж, хоосон асуудал биш шийдэл, баримт, гаргалгаатай нийгмийн амьдралд оролцдог болж эхэлсэн. Ийм учраас хүчний тэнцвэр алдагдах вий гээд төр айж эхэлж байгаа юм болов уу гэж харж байна. Иймээс ТББ-уудыг гадны санхүүжилттэй гэж боомилох, хуулиар үйл ажиллагааг нь хязгаарлах, Ерөнхий сайд, Засгийн газрын дор авч ирэх, бүртгэл болон санхүүжилтын механизмыг нь төвөгтэй болгох замаар төрийн хяналт дор авч ирэх бодлого явагдаж байхыг үгүйсгэхгүй.
Иргэний нийгэм хүчтэй болж буй нь нийгэмд таалагдаж болохгүй тул ТББ-уудыг улстөрчидтэй холбох, болохгүй талаас нь ойлгуулахын төлөө зохион байгуулалттай ажиллаж байна гэж энэ асуудлыг удаан ажиглан дүн шинжилгээ хийж буй хүний хувьд би харж байна. Улс төрийн намуудтай холбоотой асуудлуудыг шийдэж байгаа зүйл энэ хуулийн төсөл дээр харагдаагүй.
М.Энхбадрал: 1997 онд батлагдсан “Төрийн бус байгууллагын тухай хууль”-иар ТББ-уудыг гишүүддээ үйлчилдэг болон нийтэд үйлчилдэг гэж хоёр л ангилсан байдаг. Бусад зохицуулалтын хувьд өөрсдийн дүрмээрээ зохицуулах боломжийг ТББ-уудад олгосон. Өөрөөр хэлбэл хориглосноос бусдыг нээлттэй орхисон. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд Монголын иргэний нийгэм маш олон төрөл, өнгөтэй болон салаалж хөгжиж чадсан. Энэ хугацаанд алдсан, оносон аль аль нь бий. Өнгөрсөн хугацаанд энэ салбарыг иргэний нийгмийнхэн гэхээс илүү улстөрийнхөн нилээд самарсан. ТББ-уудыг гаднаас санхүүжилт, хандив тусламж авлаа, Монголын дотоод асуудалд нөлөөллөө гэж ярьж бичиж байна. Иргэний орон зайд дотоод асуудал гэж байх ёсгүй.
Төрийн олон улсын байгууллагуудаас хандив, зээлээр авч идсэн мөнгийг ТББ-уудын авсан мөнгөтэй харьцуулан тооцвол инээдтэй тоо гарна. Ковидын үеийн санхүүжилтыг эргээд нэг хараарай. Төр ТББ-уудад зөвлөмж өгөх ёстой. Та нар энэ байгууллагуудаас хандив тусламж авч болно, эдгээрээс болохгүй ээ гээд. Бид нийтэд тустай үйл ажиллагааг санхүүжүүлнэ гээд нээлттэй зарласан тендерт материалаа өгч шалгаран төслөө хэрэгжүүлдэг. Тухайн байгууллагын санхүүжилтын эх үүсвэрийг шалгах эрх бидэнд байхгүй. Тэр болгоныг ТББ-ууд мэдэх боломжгүй учраас төр яг энэ дээр хяналтын механизмаа маш сайн ажиллуулах ёстой. Энэ бүх боломж одоо ч төрд байгаа.
Өнөөдөр яригдаж буй ТББ-ын хуулийн шинэчилсэн найруулгаар бүх ТББ-ыг нэг бол холбоо бол үгүй бол сан бол гэдэг шаардлагыг тавьж байгаа. Зүйрлэвэл маш олон спортын төрөл байхад та нар нэг бол сагс үгүй бол хөлбөмбөг л тогло гэж шахаж буйтай адил юм. Өөрөөр хэлбэл зөвшөөрснөөс бусдыг шууд хориглож байна гэсэн үг. Энэ бол дарангуй нийгмийн зохицуулалт. Уг нь эрх чөлөөт, ардчилсан нийгэмд хориглосноос бусдыг зөвшөөрдөг. Дээрх өөрчлөлтийг өнөөдөр улайран хамгаалж буйг нь харахаар зориудаар энэ ажлыг хийж буй гэсэн хардлагыг төрүүлж байна.
С.Дондов: Аливаа хууль, тогтоомжийг гаргахдаа өргөн олны саналыг авах, тухайн салбарт нь ажиллаж сайн, мууг нь мэддэг хүмүүсийг оролцуулах зорилгоор “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийг хүртэл бид гаргасан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлж, бодит ардчиллыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Хүмүүсийн дуу хоолойг сонсохгүй, өөрсдийн үзэл бодолд тааруулан тулгаж хууль зохиогоод байвал Үндсэн хуулийнхаа гол зорилгод хүрч чадахгүй. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувиар маш олон олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орсон. Үүний хүрээнд манай Засгийн газар олон улсад тайлангаа тавьж, илтгэлээ явуулж, эргээд олон улсын байгууллагуудаас ирж буй зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийг бид нэр төртэй биелүүлэх ёстой.
Нөгөө талаас ТББ-ын тухай зохицуулалт бол улс орны хөгжилд хувь нэмэр оруулах иргэний нийгмийнхээ хүчийг ямар нэг аргаар дарах биш дэмжин ашиглаж бодит ардчиллыг бий болгох зохицуулалтыг агуулсан чухал хууль. Хүний эрхийн асуудлыг сөргөлдөөнөөр шийдэж байсан түүх байхгүй. Ийм учраас хуулийн төсөлд тал бүрийн оролцоог хангах чухал. Ингэж чадаагүй хууль батлагдсан ч гэсэн амьдрал дээр хэрэгждэггүй. Хууль хэрэгждэггүй улсыг маш том хор хөнөөл дагаж байдаг. Энэ бүх нөхцөл байдлаа бодитоор үнэлж үзэх цаг болжээ.
Т.Амарзаяа: Энэ хуулийн өөрчлөлт “Холбооны эрх зүйн байдлын тухай хууль”, ”Сангийн эрх зүйн байдлын тухай хууль” гэж явж байгаа. Нийлээд ”ТББ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга” гэж болно. 1997 оны хууль болохгүй байгаа учраас шинэчлэн найруулах гэж байна гэсэн үг. 1997 оны хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл байгаа. Энэ тал дээр Хууль зүйн яамтай санал нэгдэнэ. Төгс хууль биш хэдий ч тухайн цаг үедээ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Гэхдээ төр ТББ-уудаа татвараар дэмжих, татварын хөнгөлөлт олгох, үйл ажиллагаагаа явуулах орчныг бүрдүүлэх хэрэгцээ байгаа болохоос биш хуучин хуулийг орвонгоор нь өөрчлөх шаардлага үүсээгүй. Юмыг сайжруулж чадахгүй бол хуучнаар нь үлдээгээч гэж хүсмээр байна. Ардчилал, хүний эрхийн ухралтыг бид хэрхэвч хийж болохгүй. Ийм нөхцөлд одоо байгаа хуулийг оролдох ч хэрэггүй.
С.Дондов гишүүний дурдсан “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийг мөрдөж байж бид “ТББ-ын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хийх ёстой. Энэ хуулийг зөрчиж, өргөн нийтийн хэлэлцүүлэг явуулаагүй. Эрх ашиг нь хөндөгдөж болох байгууллагуудыг оролцуулаад, саналыг нь аваад, удаан хугацааны хэлэлцүүлэг явах ёстой. Гэтэл Хууль зүйн яам нэр хүндтэй ганц хоёр байгууллагыг оролцуулж буй нэртэй ашиглаад шууд УИХ-д уг хуулийг өргөн барьсан. Энэ бол маш бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл болсон.
Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ийн 40 зөвлөмжийн бараг 40 дэх нь болсон энэ хуулийг батлах ёстой гэж ярьж байна. ФАТФ харин ч эсрэгээр иргэний нийгмийн байгууллагууддаа болгоомжтой хандахыг зөвлөсөн. Тэр нь мөнгө угаах нэрийдлээр сайн ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагуудаа нухчин дарчих вий гэдэг зөвлөмж. Энэ зөвлөмжийг өөрсдийнхөөрөө мушгин гуйвуулж тайлбарлаж байна. Хоёрт, төр яг бидний санхүүжилт, буцалтгүй тусламж, зээл авдаг газруудаас санхүүжилт авдаг. Тухайлбал, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, АНУ-ын хөгжлийн хөтөлбөр, улс төрийн сангууд, Австрали, Герман гээд яг адилхан газруудаас төр болон ТББ-ууд санхүүждэг. Олон улсын байгууллагууд төрд санхүүжилт өгөхдөө нэр хүндэд нь итгээд шууд өгдөг байхыг үгүйсгэхгүй. ТББ-ын хувьд эдгээр олон улсын байгууллагаас төслөө санхүүжүүлэхийн тулд маш олон стандарт, өндөр шаардлагыг хангах ёстой болдог.
Энэ хууль батлагдвал хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал үүснэ. Одоо байгаа бүх ТББ-ууд хоёр жилийн дотор холбоо эсвэл сан болж бүртгүүлэх явцад хөдөө, орон нутгийн ТББ-уудын үйл ажиллагаа шууд хумигдана. Орон нутгийн байгууллагууд энэхүү хуулийн өндөр шалгуурыг хангахгүй. Сан боллоо гэхэд дансандаа байлгах 10 сая төгрөг олдохгүй. Холбоо боллоо гэхэд удирдах зөвлөх, хяналтын хорооны гишүүд бүрдэхгүй. Шинэ хуулиар эдгээрийн бүрэлдэхүүнийг нилээд өргөн болгосон. Орон нутагт нэгээс хоёр хүн л ТББ ажиллуулдаг. Шинэ хуулийн санхүүгийн шаардлагыг даахгүй, нэмээд “Монголын”, “үндэсний”, “нэгдсэн” гэдэг үг ашиглахыг хорьж байгаа. Мөн улс төрийн намын үйл ажилллагаа явуулж, санхүүжүүлэхийг хориглоно. Ингэснээр манайх шиг байгууллагууд улс төрийн тодорхой хуулийн төслүүд дээр санал хэлэх эрхгүй болно. Учир нь энэ улс төрийн үйл ажиллагаанд тооцогдно. Ийм эрсдэл маш өндөр харагдаж байгаа. Сонгуулийн үеэр сонгогчдын боловсрол гэж ажиллах ямар ч боломжгүй болно.
Мөн гадаадын тусгай албад, тэдний халхавч байгууллага, мөнгө угаадаг байгууллагуудаас санхүүжилт авахыг хориглох заалт орсон. Үүнийг бид таньж мэдэх, шалгах боломжгүй. Энэ ажлыг төр хийх ёстой болохоос бид үүрэг хүлээгч биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэмээд энэ хуулиар мэргэжлийн холбоодод давуу эрх олгосон. Төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, санал хэлэх, хэрэгжүүлэх, үнэлгээ, дүгнэлт өгөх зэргийг харахаар цаагуураа мэргэжлийн холбоодын ашиг сонирхолд үйлчилж буй хууль гэж харагдахаар байна. Шинэ хуулиар бол холбооны хувьд мэдээлэл олж аваад түүнийгээ түгээх, өөрийн байр сууриа илэрхийлэхээс өөр эрхгүй болохоор байна. “Захиргааны ерөнхий хууль”, ”Хууль тогтоомжийн тухай хууль”, ”Нийтийн сонсголын тухай хууль”-иудад иргэдийн оролцооны боломжууд нилээд их байдаг. Бид нийтийн сонсгол хийж, төлөөлөгчдийг цуглуулаад, эдгээр хуулиудын боломжийг ашиглан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Дүнжингарав” уралдааныг зогсоож, Засгийн газрыг шүүхэд өгөөд ялж байсан. Шинэ хуулиар энэ бүхэн боломжгүй болоод зөвхөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талбар үлдэхээр байна.
В.Ганзориг: Та бүхэн өмнөө байгаа асуудлуудаа шийдэлтэй нь хэллээ. Тэгвэл та бүхэн хууль тогтоох байгууллагын тэргүүн, хамгийн том дарга байсан бол энэ салбарт хамгийн эхэнд ямар шийдвэр гаргах байсан бэ?
С.Дондов: Хүний эрхийг хэр дээдэлж буйгаар нь улс орны хөгжлийг хэмждэг болсон. Ийм учраас бие биенээ хүндлэх, хүний эрхийн хандлагыг зөвхөн төрийн гэлтгүй бүхий л байгууллагын ажилчид дунд өөрчлөх хэрэгтэй байна. Үүнийг сонсоход энгийн мэт боловч маш чухал зүйл. Ийм учраас ямар ч нам, албан тушаалтан байсан тэр хүний хүний эрхийн ойлголт, бодлого, Монгол Улсын олон улсад гэрээгээр хүлээсэн үүрэг, хуулиа хэрэгжүүлэхийг удиртгал болгох ажил дээр хамгийн түрүүнд анхаарах байсан. Монгол Улсад маш сайн хуулиуд бий. Гэхдээ хэрэгждэггүй. Үүний цаад шалтгааныг олж илрүүлж, гаргаж ирэх хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлэх явцдаа хүний эрх ямар үнэ цэнтэй гэдгийг, түүнийг ашиглаж чадвал иргэн хүний өмнө ямар том боломж нээгддэг гэдгийг, эсрэгээр энэ боломжийг хумибал ямар том алдагдалд ордог вэ гэдгийг бид ойлгоно.
М.Энхбадрал: Энэ хуулийн төсөл Засгийн газраас орж ирж байгаа. Гэхдээ би хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-ын дарга байсан бол нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа тооцоод огцрох байсан. Манай хуулиуд муу биш. Бид өөрсдөө хуулиа биелүүлэх хэрэгтэй байна. Бид парламентийн ардчиллыг бэхжүүлэх ерөнхий том зорилготой ТББ. Өөрийнхөө сонгосон УИХ-ын гишүүнийг ямар ажил хийж байна, ирц, хуулийн төсөлд өгсөн санал, санаачилж ажилласан хууль зэргийг нээлттэй харж болдог мэдээллийг талбарыг хөгжүүлж байгаа. https://www.uih.mn/ холбоосоор ороод та бүхэн сонирхоорой.
Биднийг төлөөлж буй УИХ-ын гишүүд жишээ нь, “Хөдөлмөрийн тухай хууль”-нд ямар санал өгсөн, уг хуулийг дэмжсэн юм уу, татгалзсан уу гэдэг мэдээллийг өгөөч гэхээр төр өгдөггүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид дөрвөөс таван удаагийн хүсэлт өгсөн боловч энэ мэдээллийг авч чадаагүй, дандаа татгалзсан хариу авдаг. Энэ мэдээлэл олон нийтэд хуулиараа нээлттэй байх ёстой. Хамгийн сүүлд энэ мэдээллийг өгөх боломжгүй, архивт ороод танилцаж болно гэдэг хариу өгсөн. Энэ бол төр өөрөө хуулиа биелүүлэхгүй байгаагийн тод жишээ. Иймээс одоогийн эрх баригчид хуулиа л сайн биелүүлэх хэрэгтэй. Шинэ хууль батлуулахын тулд оролцогч талуудын оролцоог маш сайн хангаж, судалгаа сайн хийх ёстой. Энэ бүхэн өнөөдөр хэрэгжихгүй байна. Уг нь яг хуулиараа яваад, бидний оролцоог хангаад өгвөл тийм ч муу үр дүнд хүрэхгүй гэж хардаг.
Иргэний нийгэм, ТББ-ын тухай асуудал хувь хүний амьдралд шууд нөлөөлж буй нь харагддаггүй учраас олон нийтийн анхаарлыг тэгтлээ татаж чаддаггүй. Гэхдээ нөлөөлөл нь алсдаа маш хортой тусдаг. Ардчиллаас ухарсан давалгаанууд гэж судлаачид ярьдаг. Тэр нь цэргийн дэглэмийн дараа ардчиллын институтиудыг сөхрүүлэх, тэдэнд итгэх итгэлийг унагах ажлыг хийдэг. Төрд итгэх итгэл бага байх ийм үед давхар ТББ, иргэний нийгэмд итгэх олон нийтийн итгэлийг унагавал улс тогтолцооны хямрал, системийн сүйрэл руу явдаг. Энэ зүйл рүү Монгол Улс явж байна. Энэ талаар энэ нэвтрүүлгийг үзэж буй хүмүүс нарийн ойлголтгүй байж болно. Хэрвээ та эрх чөлөөндөө хайртай бол, жаахан ч гэсэн амар тайван амьдармаар байгаа бол, таныг хууль зөрчөөгүй байхад чинь хэн нэг ирж дарамтлахыг хүсэхгүй байгаа бол ТББ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр анхаарах ёстой шүү.
Олноо өргөгдсөн гуравдугаар он буюу 1913 оны үед Ерөнхий сайд Намнансүрэнгийн даалгавраар Жамсрангийн Цэвээн гэж хүний бичсэн “Улсын эрх” гэдэг ном байдаг. Анхны Үндсэн хуулийг батлах явцдаа судалгаа хийж бичиж байсан ном. Энэ номны “Харъяат ардын хувийн эрх” гэдэг бүлгийн нэг зүйлийг үзэгчдэд уншиж өгмөөр байна. 100 гаруй жилийн өмнө Монголын төр цаашдаа яаж хөгжих талаар хэлэлцэж байсан гэсэн үг.
“Хүмүүс аливаа аж явдлыг гүйцэтгэн бүтээхийн тулд олон хүн нийлээд хоршоо, нам, хэлтэс, байгууллага байгуулах эрхтэй. Гагцхүү тэрслүү, хорлолтой санаа агуулах зорилгоор байгуулж болохгүй. Гадаадын олон хүчирхэг, хөгжингүй улсуудад элдвийн аж төрөх, худалдаа арилжаа хийх, эрдэмд туслах, улс төрийн хэргийг сайжруулах зэрэг зүйл бүрийн хэлтэс, хороо, нам, хоршоо маш олон байдаг юм байна. Нэгэн хүмүүний бие үл хүрэлцэх ажил явдлыг ийнхүү хоршиж, эвлэлдэн нэгдэж сая хүч хүрэлцэн чадах тул засгийн хэргийг шийдэх газраас ард түмэнд тустай хоршоо, намуудыг тэтгэн туслах ба бусад хамаагүй хоршоо, намуудыг хэдийгээр тусалж чадахгүй боловч хориглохыг цээрлэмой. Хүмүүн бүрт ганцаар буюу бусад лугаа эвлэлдэн нэр нийлэн засгийн газраа хэрэг мэдүүлэх, засгийн газартайгаа заалдах эрх байгаа. Дээрх жагсаасан хүний эрхүүдийг дарлаж цаазлахгүйгээр мандуулан хэрэглэж чадвал сая улс хүчирхэг болно хэмээн мэргэд номложиухуй. Монголын тулгар төр мандах болтугай”.
100 гаруй жилийн өмнө Монгол төр цаашдаа хэрхэн хөгжихөө ийн хэлэлцэж байжээ. Өнөөдөр манай сайд нар, төр удирдаж буй хүмүүс 100 жилийн өмнөхөөсөө ухарч байгаа хэрэг үү? Төрийн энэ ой санамжийг шийдвэр гаргагчид олж хараасай гэж бодож байна.
А.Долгион: Ардчиллыг аажмаар мөхөөдөг хамгийн гол хүчин зүйл улстөрчдийн өөрсдийнх нь ардчилсан бус үйлдлүүд нийгмийн хэм хэмжээ болж тогтоод, дараа дараагийн асуудлыг шийдэх шийдэл, ёс зүйн жишиг болж тогтдогт оршдог. Энэ бол ардчиллыг мөхөөх үндэс. Яг энэ процесс “ТББ-ын тухай хууль”-ийг шинэчлэх нэрийн дор явж байна. Яг ТББ гэхээр ойлголтын хувьд нийгэмд зөрүү байна. Тийм учраас хуулиасаа өмнө бодлогоо гаргах нь чухал. Иймээс энэ хуулийг батлуулахаас өмнө хуулийн үзэл баримтлал, бодлогоо ярилцах ёстой. Аливаа хуулийг гаргахдаа судалгаа ерөөсөө хийхгүй байна. Иймээс судалгаа, хэлэлцүүгээ сайн хийгээч гэж хэлмээр байна.
Т.Амарзаяа: Хэрвээ би шийдвэр гаргагч байсан бол “УИХ-ын тухай хууль”-ийн 42 дугаар заалтыг буцааж сэргээнэ. “УИХ-ын гишүүд ТББ-ын удирдах албан тушаалд ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг УИХ-ын гишүүд өөрсдөө хүчингүй болгосон байдаг. Мөн “Улс төрийн намын тухай хууль” дээр ажиллах байсан. Улс төрийн намуудад хуулиар тавих шаардлага, стандарт өндөр байвал магадгүй иргэний нийгэм, ТББ дагаад хөгжинө. УИХ-ын гишүүд, улстөрчид өөрсөддөө ямар шаардлага тавихыг нь нэг хармаар байна. Төрөөс иргэний нийгмийн байгууллагын талаар баримтлах бодлогыг тодорхойлно. Түүнчлэн “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийг яаж хэрэгжүүлдгийг яруу тодоор харуулах байсан. Эцэст нь Чехийн судлаач, “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчиллал руу” номын зохиолч Климагийн “Иргэний нийгэм хүчирхэг байж гэмээнэ гажуудсан ардчилал засагдах боломжтой” гэж хэлсэн үгийг онцолмоор байна.
В.Ганзориг: Та бүхэн өөрсдийгөө буюу Монголын ТББ, иргэний нийгмийн шүүмжлээч гэвэл юуг хэлэх вэ? Та бүхний сул, дутагдалтай тал юу вэ?
А.Долгион: Салбар хоорондын иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, сүлжээ, ялангуяа үе хоорондын харилцаа хангалттай биш байдаг. Ахмад болон залуу үе бие биенээ хүндэтгэн хамтран ажиллах замаар хүчээ нэгтгэж, салбар хоорондын уялдаа холбоог улам сайжруулах шаардлагатай байгаа.
С.Дондов: Аливаа асуудлыг сөргөлдөөнөөр шийддэггүй. Тулгарч буй асуудлуудаа нүүр тулан ярилцах замаар болохгүй байгаа зүйлсээ судалгаараа батлан, шийдлийг ил тод, олон нийтийн оролцоотой гаргах нь чухал. Олон нийтийн оролцоонд тулгуурласан бодлого хэрэгжүүлэх нь үнэ цэнтэй байдаг. Энэ процесс сүүлийн үед их сулбагар болсон. Тийм учраас нийгмийн оролцоог аль аль талаасаа эрчимжүүлэх хэрэгтэй.
М.Энхбадрал: Манай ТББ-уудын дотоод механизм хөгжөөгүй. Дотоод асуудлаа иргэний нийгмийн орчиндоо шийдэх чадамжаа одоог хүртэл хөгжүүлж чадаагүй. Үүний шалтгаан нь ТББ-ууд өнөөдрийг хүртэл төсөл тойрч хөгжиж, донор, санхүүжүүлэгчийг тойрон бэхжиж ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, дундын асуудлаа хэлэлцэх механизмгүй гэсэн үг. Үүнээс үүдээд дараагийн асуудал үүсдэг. Тухайлбал, өнөөдөр ярьж байгаа эрх зүйн орчны тухай асуудал. Энэ орчны талаар нийтлэг ойлголт ч бүрэлдэж амжаагүй байна. Үүнийг иргэний нийгэм, ТББ-ууд хүлээн зөвшөөрөх ёстой. Дараагийн асуудал бол санхүүжилт. Иргэний нийгмийн санхүүжилтын асуудал бол эдгээр ТББ, иргэний нийгэм оршин тогтнох эсэхийг шийддэг хамгийн чухал зүйл. Улс төрөөс санхүүжээд байвал ямар үр дүнд хүрэх бол, эсвэл компаниудаас санхүүжилт авбал яах бол? Эсвэл олон нийтээс санхүүждэг бол яах уу гээд. Бид өнөөдөр олон нийтээс санхүүждэг системийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Ингэж чадвал иргэний нийгэм, ТББ-ууд сайн явах болно.
Эцэст нь хэлэхэд иргэний нийгмийн сэтгэлгээний хөгжил гэдэг зүйл Монголд байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн талаар гудамжинд яваа хүмүүсээс асуувал нэгдсэн ойлголтгүй байгаа. Ийм учраас иргэний нийгмийн ач холбогдлыг сайн ойлгохгүй байна. Засгийн газраас маш буруу шийдвэр гаргаж байхад түүнийг нь эсэргүүцэх ойлголт, чадамж манай нийгэмд байхгүй байна. Хэрвээ зөв ойлголттой байсан бол манай нийгэм хүнээр бол вирусаас хамгаалагдсан дархлаатай болох юм. Буруу шийдвэр гарвал эсэргүүцдэг, нийгмийн дархлаатай болох тусах иргэний нийгэм хүчтэй болно. Иргэний нийгэм хүчтэй болно гэдэг нь хэдэн ТББ-ын тухай асуудал огт биш. Харин иргэд, олон нийт маань энэ талаар зөв ойлголттой болж, боловсорч, мэдлэг, мэдээллээ өөрсдийнхөө төлөө хэрэглэх чадамжтай болохыг хэлнэ. Энэ салбарт бидний хийж чадаагүй зүйл зөндөө байгаа. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Т.Амарзаяа: Үе хоорондын харилцаа тааруу, үүнээс болоод бие биендээ мэдлэг, туршлагаа хангалттай дамжуулдаггүй сул тал бий. Бид бага нөөцөөр маш их зүйл хийдэг. Бүх юм руу орох гэж хичээдэг. Нийгмийн шаардлага ч өнөөдөр яг ийм л байгаа. Иймээс нуруугаа авахуулах талдаа байгаад байна. Арга барилын хувьд бусадтай түншлэл үүсгэж, аль аль талаасаа бие биенийгээ сонсоод, асуудлаа бие бие рүүгээ шидэхгүйгээр ярилцдаг, маш бүтээлчээр эерэг байр сууринаас, бид юу хийж чадах вэ гэдэг хандлагаар ярихгүй байгаа. Энэ нь магадгүй төртэй хамаатай байх. Иргэний нийгмийн зүгээс төрийг шүүмжилж, хамтран ажиллахдаа бүтээлчээр хандах байтал шууд л болохгүй байна, та нар чадахгүй, та нар биднийг тоосонгүй гээд хохирогчийн байр сууринаас голцуу хандаад байдаг. Энэ арга барил одоо ажиллахгүй болсон. Энэ хандлагыг эвдэхийн тулд манай залуучуудын байгууллага чадлаараа ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, төртэй найрсаг бүтээлчээр ажиллах замаар хамтын бодит шийдэл гаргаж, одоо байгаагаасаа нэг, хоёр түвшин ахих хэрэгтэй байна.
В.Ганзориг: Ардчилал, хүний эрх, иргэн хүний хувийн орон зай, төр, хувийн хэвшил ба иргэний нийгмийн хамтын ажиллагаа, засаглал, түншлэлийн асуудлыг хөндсөн, урт хугацаандаа нийгэмд том нөлөө үзүүлдэг маш чухал сэдвийг хөндлөө. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг одоо байгаа нөхцөл байдлыг сайжруулж чадахгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж шинэ хууль гаргах нэрийдлээр бусад салбарыг ганхуулах нь учир дутагдалтай ажээ. Хэвлэл мэдээллээс илүү иргэний нийгэм утгаараа дөрөв дэх засаглал юм байна гэж би хувьдаа ойлголоо. Хүний эрх ба иргэний эрхээ хамгаалах нь бид бүгдийн үүрэг. Энэ үүргээ биелүүлж, сахин хамгаалах нь үргэлж бидний хамгийн эрхэм бас үнэ цэнтэй эрх байх ёстой ажээ!
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!