Краудфандинг
Монгол Улсын санхүүгийн зах зээл маш сонирхолтой үе дээрээ явж байна. Уламжлалт салбарт бүтээлч түйвээлт явагдан энэ хэрээр шинэ сорилт ба шинэ шийдэлтэй та бид тулахаас өөр аргагүй болжээ. Энэ дундаас уламжлалт банкны бизнес болон “алдарт” койны бизнесийн дундын хөрөнгө оруулалтын шийдэл болсон хамтын санхүүжилт буюу краудфандингийн талаар мэдээлэл түгээх зорилгоор 69 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, краудфандингийн “FinBerry” компанийн захирал Л.Батхуяг, “Ulzii&Co Capital” компанийн захирал Б.Өлзийбаяр, “Money Market Fund” компанийн захирал Г.Батжаргал нар уригдлаа.
В.Ганзориг: Ковидын дараах эдийн засагт сэргэлт ажиглагдахын сацуу Монголд бизнесийн улирал хэдийнэ эхлээд явж байна. Олон улс дахь манай улсын зэрэглэл ч саяхан шинэчлэгдэж гарлаа. Яг өнөөдөр манай улсын мөнгө, хөрөнгийн зах зээл, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа талаар эхний асуултаа эхлэе!
Д.Баярсайхан: Сүүлийн 2 жил зөвхөн Монгол төдийгүй дэлхий даяар амаргүй байлаа. Цар тахлаас үүдэлтэй тээвэр, ложистикийн хүндрэл, хоёр хөршийн бусадтай үл ойлголцох байдал, дайны нөхцөл байдал гээд олон хүчин зүйл шууд болон шууд бусаар манайд нөлөөлсөн. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ямар нэг хэлбэрээр Монгол Улсын эдийн засагт дефолт зарлах нөхцөл үүсээгүй. Fitch, Moody’s, S&P гээд зэрэглэл тогтоодог олон улсын байгууллагууд Монгол Улсын төлөвийг В буюу тогтвортой гэж зарлаж баталгаажуулсан. Ойрын хугацаанд манай эдийн засагт хүндрэлтэй шок үүсэхгүй гэж бодож байна. Ковидын нөлөөгөөр 2020 онд эдийн засаг агшилттай буюу -5,1 хувийн бууралттай гарсан. 2021 онд ч гэсэн бидний болон олон улсын байгууллагуудын төсөөллөөс бага буюу 1,4 хувийн өсөлттэй гарсан. 2022 оныг харьцангуй өөдрөг буюу 2 орчим хувийн өсөлттэй гарчих болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Нүүрс манай экспортын орлогын 40 орчим, зэс 30 гаруй, алт 10 орчим хувийг буюу нийлээд 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Сүүлийн үед олон улсын хамтын ажиллагаа харьцангуй сайн сэргэж байна. Засгийн газрын тодорхойлсон “Шинэ сэргэлтийн бодлого”-д төрийн бүтээмжийг сайжуулах, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай орсон. Энэ бодлогууд дээр Монгол Улсын Засгийн газар болон УИХ онцгой анхаарч ажиллаж байгаа тул тодорхой дэвшлүүд гарна гэдэг хүлээлттэй байна.
В.Ганзориг: Биржийн бус зах зээлээс нэг ихнаяд (1,000,000,000,000) төгрөг босголоо гээд саяхан Өлзийбаяр захирал жиргэсэн байсан. Эдийн засгийн хямрал гэж ярьж байгаа ч зах зээл дээр мөнгө байгааг энэ жишээ нотолж байна. Энэ мөнгийг хэрхэн зөв эргэлдүүлэх ёстой юм бэ?
Б.Өлзийбаяр: Санхүүгийн зах зээл дээр мөнгө байж л байгаа. Нэг савнаас нөгөө рүүгээ ороод тогоон дотроо эргэлдэж л байдаг. Эдийн засгийн хямрал болсон ч аливаа салбарт хөрөнгө оруулах боломжууд байж л байдаг. Харин үүссэн нөхцөл байдалтай холбоотой юунд, ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах нь чухал. Краудфандинг сэдвийг хэлэлцэхийн өмнө энэ асуудлыг хөндөж буй нь маш зөв. Учир нь одоогоор зохицуулалтгүй зах зээлд тооцогдож байгаа. Хөрөнгийн зах зээлээс гадна биржийн бус зах зээл гэж бий. Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-оос өгсөн зөвшөөрлийн дагуу 2021 оны 9 сард бид үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэг жил хүрэхгүй хугацаанд нэг ихнаяд төгрөгийн бондыг биржийн бус зах зээл дээр бүртгэлээ. Компаниудад бонд гаргах, нөгөө талд хөрөнгө оруулагчдад альтернатив хэрэгцээ үнэхээр их байжээ гэсэн үг. Яг энэ хэрэгцээг хараад зохицуулах хороо нь мэргэжлийн холбоонд зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл төр өөрийн зохицуулах үүргийг “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-нд өгсөн.
СЗХ хувийн хэвшлийг дэмжин хамтран ажиллаж чадсан учраас ийм амжилтыг бид хамтдаа гаргасан. Хатуу зохицуулалттай зах зээлтэй харьцуулбал бид мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох банк, ББСБ, даатгалын компаниуд болон 500 сая төгрөгөөс дээш хэмжээгээр хөрөнгө оруулах сонирхолтой хувь хүмүүст зориулсан уян хатан бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн гэсэн үг. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал манай үнэт цаасны компаниуд шал өөр түвшинд ажилладаг болсон.
Д.Баярсайхан: Монголд хөрөнгийн зах зээл хөгжөөд 31 жил болжээ. Манайхан аливаа ажлыг хийхдээ хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэдэг нэг том гомдол хэлдэг. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-д биржийн бус зах зээлийн зохицуулалтын тухай байж л байсан. Харин холбогдох дүрэм, журмуудыг нь яагаад ч юм батлаагүй явж байсан. СЗХ энэ журмыг нь батлаад үйл ажиллагааг нь өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагад нь өгөх шийдвэр гаргасан. Монголд өөрөө өөрийгөө зохицуулах статустай 2 байгууллага байдаг нь “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” болон ”Монголын хөрөнгийн бирж” юм. Энэ журмыг гаргаснаар маш богино буюу жил хүрэхгүй хугацаанд 1 ихнаяд төгрөгийн санхүүжилтыг компаниуд босгож, нөгөө талдаа хөрөнгө оруулагчдад шинэ боломж олгосон.
Биржийн бус зах зээл дээр ялангуяа старт ап компаниудад маш том боломж “Инновацийн тухай хууль” батлагдсанаар үүссэн байгааг онцолж хэлмээр байна. Эдгээр компаниуд маань заавал хөрөнгийн бирж гэлтгүйгээр биржийн бус зах зээл дээрээс 500 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтийг бусдад хувьцаагаа санал болгох замаар богино хугацаанд татах боломж хэдийнэ нээгдсэн байгаа шүү. Яг одоогийн байдлаар ийм кэйс гараагүй бөгөөд зөвхөн бонд босгох замаар хувийн хэвшил хөрөнгө татаж байна.
Б.Өлзийбаяр: Зохицуулалт нь байсан атлаа хийдэггүй байсан гэж ярьлаа. Төрийн байгууллагууд эрсдлээс эмээгээд шийдвэр гаргаж чадахгүй яваад байдаг. Үүнээс болоод ажил нь явдаггүй, зах зээл нь хөгждөггүй. Манай нөхцөлд төр зоригтой шийдвэр гаргаж чадсан. Аливаа ажлыг хийхэд алдаа дутагдал гардаг, тодорхой эрсдэлтэй тулдаг. Ажлаа эхлүүлэн хийж байж л тэр эрсдлийг мэдэж, алдаа дутагдлаа засан цаашаа хөгжих боломжтой болдог. Энэ хэрээр салбарын хууль, дүрэм, журам улам боловсронгуй болдог. Тиймээс ажил хийх, хийж эхлэх нь маш чухал байдаг. Үүний жишээ нь биржийн бус зах зээл болсон.
В.Ганзориг: Хөрөнгийн болон биржийн бус зах зээл гээд зочид ярьлаа. Танай “Money Market Fund” яг ямар чиглэлд юу хийдэг компани билээ?
Г.Батжаргал: Бид шинэхэн старт ап компани. Ковидтой холбоотойгоор банкны харилцах данс болон хугацаагүй хадгаламж хүүгүй болсон. Энэ хоёр төрлийн дансанд банкны системд ойролцоогоор 8 орчим ихнаяд төгрөг эргэлддэг. Үүнээс байгууллагуудын харилцах дансны үлдэгдэл 5 ихнаяд төгрөг буюу хөрвөх хөрөнгө байгаад байдаг. Гэтэл банкинд мөнгөө байршуулж буй компаниудын хувьд энэ нь өгөөжгүй хөрөнгө оруулалт болчихсон. Энэ мөнгийг байгууллага хооронд эргэлтэнд оруулж өгөөж бий болгох буюу банкнаас бусад санхүүгийн салбарт мөнгөний зах зээлийг хөгжүүлэх зорилгоор манай компани байгуулагдсан. Банк хооронд мөнгөний зах ажилладаг хэдий ч иргэдэд хүртээмжтэй байж чаддаггүй. Бид ББСБ-уудын хооронд илүүдэл, сул чөлөөтэй мөнгийг богино хугацааны эх үүсвэр хэрэгцээтэй газарт өгч, авалцдаг дэд бүтцийг бий болгосон. Одоогоор 40 орчим ББСБ-ууд манайтай хамтран ажиллаж байна. Дараагийн бүтээгдэхүүнээ санхүүгийн салбарын бус компаниудад зориулан гаргахаар судалгаа хийж байна.
Мөнгө унтдаггүй. Мөнгө өдөр бүр эргэлдэх ёстой. Ингэж байж санхүүжилтын зардал буурдаг тогтолцоотой. Мөнгө эргэлдэхгүй бол нөгөө талдаа эх үүсвэрийн зардал нь хүү болоод хуримтлагдаж байдаг. Энэ зардлыг бууруулж байж эдийн засгийн ач холбогдол гардаг. Засгийн газраас гаргаж буй шийдвэрийн нөлөө төв банкны бодлогын хүүгээр дамжин мөнгөний зах зээлд шууд нөлөөлдөг. Үүнтэй зэрэгцээд хүлээлтийн том индексүүд зах зээл дээр ажилладаг. Яг одоогийн байдлаар манай зах зээл дээр мөнгөний эргэлт харьцангуй удааширч, санхүүжилтын зардал өсөх хандлагатай байна. Арилжааны банкууд дээр байсан 10 ихнаяд төгрөгийн Төв банкны үнэт цаасны тал нь байхгүй болсон. Банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа ковидын үед зээл бага гаргаж байсан болохоор харьцангуй өндөр буюу 45-50 хувьтай байсан бол одоо 30 хувь руу орчихлоо. Энэ бүхэн эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээ буурч буйг илтгэнэ. Нөгөө талд мөнгөний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.
Ковидын хуультай холбоотой уламжлалт банкны бизнесээс илүүтэй уламжлалт бус буюу шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ манай салбарт гараад эхэлсэн. Үүний нэг нь краудфандинг буюу хамтын санхүүжилт юм. Үүнээс гадна биржийн бус зах зээл болон манай төслийг нэрлэж болно. Судалгаа харж байхад банкны салбар нийт зах зээлийн 95 хувийг эзэлдэг байсан бол одоо 90 хувь хүртэл буурсан. Энэ хэрээр альтернатив хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг зохицуулагч байгууллага зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бий болгох боломжтой гэсэн үг.
В.Ганзориг: Батхуяг захирал ямар тооцоо, үндэслэл дээр суурилан краудфандингийн шинэ компани байгуулсан бэ? Сорилт, боломжууд юу мэдрэгдэж байна?
Л.Батхуяг: 2021 оны 7 сард манай компани байгуулагдсан. Бизнесээ эхлэх болсон шалтгаан энгийн. Банкны эх үүсвэрийн зардал буурахын хэрээр банкны салбараас мөнгө гадагшлаад эхэлсэн. Энэ мөнгөө хүмүүс хаана хадгалж, юунд хөрөнгө оруулах вэ гэдэг нь дотоод хүчин зүйл байв. Гадаад талдаа технологийн хөгжил буюу финтек бизнесийн давлагаа нөлөөлсөн. Энэ хоёр хүчин зүйлийн улмаас альтернатив санхүүжилт хүчээ аваад эхэлсэн. Энэ зах зээл нэг жилд хоёр дахин томорч байна. Иймээс технологи дээр суурилсан краудфандинг гэдэг ойлголтыг Монголдоо нутагшуулах, нөгөө талдаа иргэд өгөөжтэй хөрөнгө оруулалтын сонголтуудыг хайж байгааг мэдэрсэн.
2021 онд койны халуурал болсон. Энэ бол иргэд илүүдэл хөрөнгөө өгөөжтэй гэж бодсон зүйлдээ зарцуулах хүсэлтэйг илтгэсэн бодит жишээ юм. Биржийн бус зах зээлийн зохицуулалт бий болсон тухай сая ярьлаа. Нэмээд 2021 оны 12 сард “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” гарсан. Харин яг одоо краудфандингийн үйлчилгээ зохицуулалтгүй үлдчихээд байна. Гэхдээ краудфандинг Монголд цоо шинэ ойлголт биш. 1990-ээд онд Жанрайсиг бурхан, Бөхийн өргөө зэргийг бүгдийг нь олон нийтийн санхүүжилтээр босгосон. Энэ бол тодорхой төслийг олон нийтийн санхүүжилтээр босгох хандивын төслүүд байв. Арай бизнес суурьтай краудфандингийн төсөл нь “Түмэн хишигтэн” байсан. Энэ нь дүрээ хөшөөн дээр мөнхлөх буюу краудфандингийн ревард хэлбэрийг ашигласан төсөл юм.
Сүүлийн үед фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээг ашиглаад янз бүрийн аргаар бусдаас мөнгө татах нь элбэг болсон. Олон нийтээс мөнгө цуглуулах процесс маш эрсдэлтэй. Мөнгөний хэмжээ их, багаас үл хамааран төсөл бүтэлгүй болбол маш олон хүн хохирч үлддэг. Иймээс мэргэжлийн байгууллагууд энэ салбарт ажиллах ёстой. Мөнгө нь зүгээр нэг фэйсбүүк биш санхүүгийн дэд бүтцээр дамжих ёстой. Нэмээд даатгал, батлан даагч зэрэг эрсдлийг бууруулдаг гуравдагч талууд энд ажиллах хэрэгтэй. Ингэж асуудлыг цогцоор нь харж байж бид шийдлээ гаргаж зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох ёстой. Яг ингэж мэргэжлийн байдлаар энэ салбарт орж ажиллах зорилгоор бид краудфандингийн “FinBerry” компаниа байгуулсан.
Хандив нэрээр фэйсбүүк дээр бусдыг залилан их, бага хэмжээний луйвар хийж байгаа цөөнгүй кэйс гарсаар байна. Интернэт дээр өвчтэй, зовлонтой хүүхдүүдийн зураг тавиад ээжүүдийн групп дээр орой 22 цагийн алдад буюу хүүхэд, эхчүүдийг завтай бөгөөд эмзэг байх үед нь мөнгө гуйсан пост оруулаад өглөө гэхэд дансандаа аль хэдийнэ 5-10 сая төгрөг цуглуулсан байх жишээтэй. Энэ мэтээр хандив, зээл хэлбэрээр иргэдийг хохироох асуудал байсаар байна. Бид олон нийтийн хандивыг зүй зохистой зарцуулах, ил тод болгох, эргээд олон нийтэд тайлагнадаг болгох, мөн олон нийтээс босгосон зээлийн санхүүжилтийн эрсдлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудыг нь оролцуулдаг болгохоор зорьж байгаа. Мөн краудфандингийн урамшуулалт суурьтай ревард функцийг хөгжүүлнэ. Саяхан ковидын улмаас хаалгаа барих шахсан хүүхдийн музей “ДүДү”-гээ аврая кампанит ажил хийж, олон нийтэд билетээ урьдчилсан борлуулах замаар 200 сая төгрөг амжилттай босгосон. Энэ ажил дээр манай баг хамтран ажилласан. Үүнийг ревард систем гэж нэрлэдэг бөгөөд тодорхой хэмжээний системтэй болгох шаардлага бий.
Краудфандинг нэгэнт Монголд зохицуулалтгүй байгаа тул энэ бүх эрсдэл бас боломжийг судалж тооцоолоод Сэндбокс хөтөлбөрт ороод, зохицуулах байгууллагатайгаа хамтдаа туршиж үзээд бойжуулаад зах зээлд нэвтрэх, нөгөө талдаа энэ бизнесийн зохицуулалтын дүрэм, журам, бодлогын барим бичиг дээр хамтдаа ажиллах хүсэлтээ СЗХ-нд өгсөн байгаа. “Бэлтэс Мөрөн” шиг кэйс санхүүгийн зах зээл дээр дахин гарч олон нийтийг хохироох ёсгүй. Ийм учраас заавал мэргэжлийн байгууллагууд ажиллах ёстой юм.
В.Ганзориг: Санхүүгийн Зохицуулах Хорооны үндсэн чиг үүрэг, эрх, хариуцлага болон Сэндбокс хөтөлбөрийн тухай арай дэлгэнгүй мэдээллийг бидэнд өгнө үү!
Д.Баярсайхан: Дэлхийн санхүүгийн салбар хосолмол (АНУ), интеграц (Африк, далайн болон хөгжиж буй орнууд), функционал (Европ), институшионал (Монгол) гэсэн 4 хэлбэрээр одоог хүртэл зохицуулалттай явж байна. Манай хувьд салбарын зохицуулалтыг нь хариуцдаг институшионал хэлбэртэй орны нэг. СЗХ банкнаас бусад санхүүгийн байгууллагын зохицуулагч байгууллага гэж явдаг байсан. Харин “Банкны тухай хууль”-д өнгөрсөн онд орсон өөрчлөлтөөс улбаатай арилжааны банкууд олон нийтийн компани болж байна. Системийн нөлөө бүхий 5 банк зайлшгүй IPO хийх ёстой. Бусад банкууд хаалттай хувьцаат хэлбэрээр компаниа өөрчилж болно. Үүнээс үүдээд СЗХ хөрөнгийн, даатгалын, бичил санхүүгийн зах зээлийг хариуцдаг байсан дээрээ нэмээд банк, санхүүгийн салбарын нэгдсэн зохицуулагч болж байгаа. Монгол Улс ФАТФ буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагын саарал жагсаалтанд орсон. Үүнтэй холбоотой шинэ хоёр салбарыг хянаж зохицуулах болсон. Тэр нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал ба үнэт метал ба түүгээр арилжаа эрхлэгчид юм. Эдгээр салбарын зохицуулалтыг маш богино хугацаанд хийж чадсан учраас саарал жагсаалтаас 10 сарын дотор гарч чадсан. Энэ дан ганц СЗХ биш бүх талуудын, хамтын ажиллагааны зөвлөлийн 17 байгууллагын хүчин чармайлт байсан. Дээрээс нь төр, хувийн хэвшил маш сайн хамтран ажиллаж, УИХ, Засгийн газар онцгой ач холбогдол өгсөн учраас ийм үр дүнд хүрсэн.
СЗХ нийтдээ 3,200 орчим хуулийн этгээдийг хянаж зохицуулдаг. Эдгээр байгууллагуудын салбар, төлөөлөгчийн газруудыг нь оруулбал энэ тоо 5,700-д хүрнэ. Энэ тоог 2017 онтой харьцуулбал 50 хувь өссөн байдаг. Нөгөө талдаа технологийн дэвшил санхүүгийн салбар маш эрчимтэй орж ирж байна. Зохицуулалтын орчинд зайлшгүй орох бидний мэддэггүй олон зүйлийг хувийн хэвшил санаачлан эхлүүлдэг. СЗХ-ны нэг гол үүрэг бол үйлчлүүлэгч, иргэдийн эрх ашгийг хамгаалах байдаг. Хуулийг богино хугацаанд боловсруулан батлуулж амьдралд шууд хэрэгжүүлэх боломжгүй. Зах зээлд амьдрах чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, үүнийг зохицуулах шийдэл нь олон улсад Сэндбоксын зохицуулалтын орчин байдаг. Бид энэ орчинг журамлаад баталсан. Нийтдээ 9 хүсэлт ирснээс 2 нь амжилттай хэрэгжээд явж байна. Энэ хоёр төсөл бол анх удаа гар утасны аппаар бүртгэл нь блокчэйн дээр арилжаа нь хийгдсэн MonPay бонд болон Money Market Fund. Дараагийнх нь яах аргагүй хамтын санхүүжилт буюу краудфандингийн шинэ бүтээгдэхүүн гарахаар байна.
Краудфандингийн оргил үе олон улсад 2016-2018 он байсан харагддаг. Краудфандинг дотроо урамшуулалд суурилсан буюу ревард, хандив, зээл, хувьцаа гээд 4 хэлбэртэй байна. Энэ дундаас Peer to Peer буюу хөрөнгө оруулагч, зээлдэгч хоёрыг шууд холбодог хэсэг эрсдэлтэйд тооцогддог. 2017 оны краудфандингийн дэлхийн зах зээлийн 86 хувийг Хятад улс эзэлж байв. Гэхдээ энэ хооронд маш их луйвар, ашиглан, залилангийн гэмт хэрэг гарсан. Иймээс бодлого, зохицуулалтаа чангатгасан бөгөөд 2021 оны эцсээр нийт зах зээлийн 1 хувийг эзэлдэг болсон. Ийм учраас СЗХ зүгээр суугаагүй. “Хамтын санхүүжилтын тухай хууль”-ийн төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулан бэлдсэн. Гэхдээ бид хууль өргөн барьдаг этгээд биш. Иймээс энэ хуулиа хэнээр УИХ-д өргөн бариулахаа ярилцаж байгаа. Хуульд дээр дурдсан 4 функцийг бүрэн тусгасан.
Хөрөнгийн зах зээл маань дан дугуйтай байсан бол биржийн бус зах зээл гарч ирснээр давхар дугуйтай болсон. Харин “Хамтын санхүүжилтын хууль” гарснаар гурван дугуйтай болох магадлалтай байна. Хувийн хэвшил маань яах аргагүй технологид суурилсан санхүүгийн бизнес, энэ салбарыг урагш нь чирч байгаа. Зохицуулагч байгууллагууд хойно нь хоцорчихгүйг нь хичээн ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Краудфандинг бол цоо шинэ зүйл биш харин үүнийг хэрхэн зөв, амжилттай Монголдоо нутагшуулах тухай асуудал юм. Альтернатив санхүүжилтын хэлбэрийг хэрхэн үр өгөөжтэй, эрсдэлгүй, зохицуулалттай хөрсөн дээр буулгах вэ гэдэг дээр хувийн хэвшилтэйгээ цаашид улам нягт хамтран ажиллах шаардлагатай.
В.Ганзориг: Сэндбоксын анхны оролцогч болсон Батжаргал захирлаас асуумаар байна. Энэ хөтөлбөрт оролцоод ямар үр дүнд хүрэв? Дараа дараагийн компаниудад юу гэж зөвлөх вэ?
Г.Батжаргал: Санхүүгийн салбарт шинэ старт ап компаниуд хүч түрэн орж ирж байхад хууль эрх зүйн орчин бүрдээгүй байдаг тухай сая ярилцлаа. Энэ хоёрыг хугацааны зөрүүг сэндбоксын зохицуулалтаар уяж байгаа гэсэн үг. Шинэ бүтээгдэхүүнийг зохицуулагч байгууллагатай хамтран хөгжүүлдэг процесс юм. Зүйрлэвэл, харилцагч ба банк хамтраад шинэ бизнес босгож буй инкубатор төв юм. Товчхондоо энэ зохицуулалтыг сэндбокс гэнэ. Манай компанийн үйл ажиллагаа СЗХ болон Монгол банкны шууд зохицуулалтанд орох боломжгүй бизнес юм. Гэхдээ иргэний болон компанийн тухай хуулиар хийх боломжтой бизнес байгаад байв. Санхүүгийн байгууллага хооронд яах аргагүй өндөр дүнтэй гүйлгээ хийгдэх учраас эрсдэл үүснэ. Ийм учраас бид сэндбокст орох нь зүйтэй юм байна гэж өөрсдөө шийдэж ороод хагас жил болж байна. Өнгөрсөн долоо хоногт тайлангаа тавьсан.
Сэндбокст орсны давуу тал гэж байна. Тэр нь хөлгүй далайд сэлүүргүй завьтай явуулахгүйтэй адил тодорхой чиглэлтэй ажиллаж чаддаг. Журмын хүрээнд үйл ажиллагаагаа бүрэн бүрэн боломжоор хангагдана. Тодорхой хэмжээний зохицуулалтанд орж байна гэсэн үг. Энэ оны 12 сард бид бойжиж дуусаад сэндбоксоос гарах байх. Эхний 6 сард бид төслөө амжилттай явах дээр илүү анхаарсан бол одоо сэндбоксоос гарч ажиллахаас гадна энэ шинэ бизнесийг Монгол Улсын санхүүгийн салбарт хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг дээр анхаарч байна. Биржийн бус зах зээл дээр анхны богино хугацаатай буюу 4 долоо хоногийн бондыг туршаад амжилттай гаргаж, 2 тэрбум төгрөгийг 1 өдрийн дотор босгосон. Банкны хүний нөөц банк санхүүгийн бус салбарт ихээр орж ажиллах болсон нь манай салбарын хөгжилд дэм болж буй нь анзаарагддаг.
В.Ганзориг: Старт ап гээд чухал үгийг та бүхэн бүгд сая дурдлаа. Банкны шаардлага, барьцаа хөрөнгө хангах боломжгүй шинэ байгуулагдаж буй компаниудад хөрөнгө босгох шинэ боломж яах аргагүй биржийн бус зах зээл ба краудфандинг болжээ. Эдгээр компаниудын үүсгэн байгуулагчдад та бүхэн юуг хамгийн чухалчилж зөвлөхөөр байна вэ?
Б.Өлзийбаяр: Саяхан бид Tech Invest нэртэй арга хэмжээг Зайсан Хиллд зохион байгуулсан. Бид анхнаас нь цуг явж бойжуулсан ONDO, Sendly, And Global, Tapatrip, Beauty Secrets гээд 5 компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулсан. Компаниудтай ажиллахдаа бид хамгийн эхэнд хүмүүсийг нь хардаг. Баг хамт олных нь мэргэжлийн ур чадвараас гадна тэдний зорилго, тэмүүлэл, ёс зүй, худал ярихгүй, хулгай хийдэггүй хүмүүжил, хулхи биш байх нь чухал. Хоёрт, төслийг нь маш сайн судалдаг. Хийх гэж байгаа бизнес, төсөл нь маш бодитой байх ёстой. Эс бөгөөс ганц хуудас цаас барьчихаад гоё сайхан юм яриад яваад байж болохгүй. Төсөл сайн бичигдсэн байх ёстой. Үнэхээр төсөлдөө итгэл үнэмшилтэй бол төлөвлөгөө гаргаад өөрсдөө тодорхой хэмжээнд эрсдлээ үүрээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх ёстой. Старт апуудыг харж байхад үүсгэн байгуулагчид, захирлууд нь өөрсдөө хүний нөөц, санхүү, маркетинг гээд бүх юмаа хийх гээд үзчихдэг. Үр дүнд нь үндсэн ажлаасаа холдоод анхаарлын гадна орхичих гээд байдаг. Иймээс анхнаасаа мэргэжлийн байгууллагатай хамтраад ажиллавал хамаагүй амар байдаг шүү гэж хэлмээр байна.
Д.Баярсайхан: Зохицуулагч байгууллага старт апуудад ямар боломж олгох вэ гэдэг нь чухал байх. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийг Засгийн газраас УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар бэлдэж байна. Үзэл баримтлал нь батлагдсан. Энэ дотор Equity crowdfunding буюу хамтын санхүүжилтын зарчмыг тусгаж өгсөн. Компаниуд өөрийн хувьцаагаараа тодорхой хэмжээний мөнгийг олон нийтээс босгох боломжтой болно гэсэн үг. Цаашид ч гэсэн санхүүгийн салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гарах тусам зохицуулагчийн зүгээс аль болох уян хатан, гэхдээ нөгөө талдаа хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалан ажиллах болно.
Л.Батхуяг: Бусдад зөвлөхөөс илүү өөрсөд дээрээ тулгарч буй асуудлуудаа хуваалцъя. Бизнесээ эхлүүлэхээс өмнө судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Монголд шинэ мэт боловч гадны улсуудад хэдийнэ хэрэгжиж буй төслүүд учраас гадаадын кэйсүүдийг сайтар судлах шаардлагатай. Хоёрт санхүүжилт олох нь чухал. Өлзийбаяр захирлын хэлсэнчлэн анхнаасаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй. Түүнчлэн бусдаас санхүүжилт авахаасаа өмнө тэр санхүүгийн ачааллыг дааж чадах уу, эргэн төлөлтөө цаг тухайд нь хийж барах уу, анхны эх үүсвэрээ ашиглаад ашигтай ажиллаж чадах уу гэдгийг мэргэжлийн талаас нь харж дүгнэх ёстой. Краудфандингийн зорилго ердөө энэ.
Биржийн бус зах зээл дээр 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүст голцуу санал тавьж хамтран ажилладаг бол краудфандинг дээр ямар ч тийм хязгаарлалт байхгүй. Та тухайн төслөөс өгөөж хүртэх сонирхолтой бол 1,000 төгрөгөөр ч хөрөнгө оруулах боломжтой. Хамгийн гол нь бага дүнгээр манай FinBerry платформ дээр байгаа олон төслүүдэд зэрэг хөрөнгө оруулж, өөртөө санхүүгийн туршлага хуримтлуулах нь чухал ач холбогдолтой. Энэ мэтээр олон хүнээс мөнгө цуглах боломжтой тул нөгөө төслийн хувьд ч хүссэн хөрөнгөө богино хугацаанд босгох боломжтой. Үнэхээр сайн, сайхан төсөл бол мөнгө дороо босно. Тухайн төсөл үнэхээр сайн, сайхан гэдгийг мэргэжлийн байгууллагууд үнэлж дүгнэдэг. Манайх болон манайтай хамтарч ажилладаг гуравдагч талын мэргэжлийн байгууллагууд тухайн төслийг үнэлээд, эрсдлийг нь тодорхойлоод, өгөөжийг тооцоолоод өгдөг. Ийм учраас старт апуупын хувьд краудфандинг санхүүжилт босгох маш том боломж юм шүү.
Санхүүжилт босгоход нэг бол зээл авах, үгүй бол компанийн хувиа бусдад санал болгох хоёрхон хувилбар манай старт апуудад байдаг. Харин краудфандингийн хувьд тухайн компани заавал бусдаас зээл авах эсвэл хувьцаагаа хүнд өгөлгүй өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр санал болгох замаар шууд мөнгө босгох боломжтой. Өөрөөр хэлбэл гарах мөнгөн урсгал байхгүй, орох мөнгөн урсгал нь урьдчилж орох бөгөөд заавал бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалтыг нь эргүүлж төлөх албагүй гэсэн үг. Нэмээд энэ мөнгөн урсгалаа тооцоолж байгаад яг хэрэгтэй дүнтэй санхүүжилтээ олон нийтээс тухайн үедээ босгох боломжтой. Яг банкны саналын эсрэг буюу банкны бүтээгдэхүүн биш харин банкинд эх үүсвэр байршуулдаг хүмүүстэй шууд харилцана гэсэн үг. Бизнес эрхлэгч хүсч буй мөнгөний хэмжээ болон хөрөнгө оруулагчид өгөх өгөөжөө өөрөө санал болгодог. Үүгээрээ бусад санхүүгийн хэрэгслээс давуу талтай.
Тэгэхээр шинэ тутам старт апууд болон санхүүжилт шаардлагатай компаниудын төсөл нь үнэхээр бодитой байх юм бол хамаагүй уян хатан нөхцлөөр олон нийтээс мөнгө босгох бүрэн боломжтой. Гэхдээ олон улсын туршлагаас харахад бусдаас авсан мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээдэг тул зээл, хувьцаа хоёр дээр төрийн зохицуулалт тодорхой хэмжээнд шаардагддаг. Нэг хүний оруулах хөрөнгө оруулалтын дүн дээр хязгаарлалт тавих, нэг төсөлд дээр босгох дээд дүн дээр босго тавих гэх мэт хязгаарлалтууд байдаг. Энэ бүгдийг багтаасан цогц платформыг манай компани хийсэн байгаа. Краудфандингийн FinBerry платформ дээр тавигдаж олон нийтээс зээл хүсэх, хувьцаагаараа дамжуулан хөрөнгө оруулалт татах төслүүдийг хөндлөнгийн мэргэжлийн баг урьдчилан үзэж үнэлж байж олон нийтэд нээлттэй тавина. Учир нь мөнгө хүсч буй төслийн мэдээлэл үнэн байхаас гадна ашигтай байх ёстой. Учир олон нийтээс босгосон мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй. Манай компанийн шинжээчид ажиллахаас гадна олон төсөл зэрэг орж ирэх учраас мэргэжлийн байгууллагуудтай аутсорсингийн гэрээ байгуулан хамтран ажиллана. Манай платформ олон нийтэд нээлттэй, банк болон ББСБ, үнэт цаасны компани, даатгал гэх мэт мэргэжлийн бүх оролцогч талуудыг хамруулсан бүтэцтэй бөгөөд үүгээр дамжуулан хамтын санхүүжилтын хэлбэрээр бусадтай өрсөлдөх биш хамтрах замаар дундын үнэ цэнийг үүсгэхээр зорьж байна. Учир нь бид өөрөөсөө эх үүсвэр гаргахгүй бөгөөд илүүдэл, чөлөөтэй байгаа санхүүгийн эх үүсвэрийг олоод хэрэгцээтэй талуудад зуучилдаг байгууллага юм. Энэ процесст оролцож буй талууд өөрсдийн үйлчилгээгээрээ дамжуулан хувь шимтгэлээ авах нь зүйн хэрэг.
Г.Батжаргал: Краудфандингийн ач холбогдлыг энгийн жишээгээр тайлбарлая. 10 сингл хаустай хотхон байжээ. Энэ 10 айл гарааж болгондоо цахилгаан хөрөө эсвэл зүлэг хаддаг машинтай байвал мөнгөө дэмий үрж байна гэсэн үг. Үүний оронд хотхон дундаа нэг зүлэг хадагч, цахилгаан хөрөөг бүх айлууд мөнгөө хуваан гарган авч ашиглавал эдийн засгийн хувьд хамаагүй өгөөжтэй. Краудфандингийн цаад санхүүгийн агуулга нь ийм гэсэн үг. Хүн болгон жилдээ ганц хоёр удаа л хэрэглэдэг зүйлээ дангаараа мөнгөө үрж авах шаардлагагүй. Үүний оронд хамтын санхүүжилтээр өөрсдийн хэрэгцээгээ хангах боломжтой. Хэрэглэгч талаасаа үр ашиггүй зүйл мөнгө зарцуулахгүй болохоос гадна санхүүжилтын зардлаа эрс бууруулж чаддаг. Учир нь хүн бүр үнэтэй төхөөрөмж авахын тулд банкнаас зээл авах хэрэггүй болно гэсэн үг.
Том агуулгаараа краудфандинг, биржийн бус зах зээл, манай компанийн бизнес гээд банкнаас бусад альтернатив хөрөнгө оруулалтын боломжуудыг бид өнөөдөр энд зохицуулагч байгууллагатай ярьж байна. Энэ бүхний эцсийн үр дүн санхүүжилтын зардлыг бууруулж, түргэн шуурхай хөрөнгө босгоход л чиглэгдэнэ. Money Market Fund-ийн хувьд жишээгээр тайлбарлая. Нэг ББСБ биржийн бус зах зээлээс 10 тэрбум төгрөг босгожээ. Ямар ч ББСБ-ын хувьд нэг өдрийн дотор 10 тэрбум төгрөгийг зээлийг буцааж гаргахад хэцүү. Зээлдэгчийн судлах, барьцаагаа бүртгэнэ, гэрээ байгуулна, өөрийн компанийн сурталчилгаа хийх зэргээр цаг хугацааны зөрүү зайлшгүй үүсдэг. Энэ хооронд нөгөө 10 тэрбум төгрөгийн хүүгийн зардал пассив талдаа хуримтлагдаад л яваад байдаг. Энэ нөхцөлд бид 10 тэрбум төгрөгийг богино хугацаанд эргэлдүүлж, үүгээрээ хүүгийн зардлаа бууруулах боломжийг харилцагчиддаа өгдөг гэсэн үг. Үүнийг том зургаар нь харвал УИХ-аас батлагдсан Монгол банк, СЗХ-ны ажиллаж буй зээлийн хүүг бууруулах стратегитай шууд уялдана. Энэ бол төр, хувийн хэвшил хамтраад Монгол Улсад тулгамдаад буй асуудлыг шийдэж буй нэг гарц гаргалгаа гэж ойлгож болно.
Д.Баярсайхан: Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл дээр нилээдгүй ахиц дэвшил гарсан. Ковидын үед өсөлттэй гарсан хоёрхон салбарын нэг нь СЗХ-ны хяналт зохицуулалтанд байсан салбарууд. Өнгөрсөн оны эцсээр хамгийн өндөр өсөлт үзүүлсэн салбар нь хөрөнгийн зах зээл байж дангаараа ДНБ-ын 14,8 хувьд хүрсэн. СЗХ-ны хяналт зохицуулалтанд байдаг салбаруудыг бүгдийг нь оруулбал энэ тоо 24,8 хувьд хүрнэ. Хөрөнгийн зах зээл дээр олон шинэ бүтээгдэхүүн гарахын хэрээр зах зээлийн үнэлгээ бараг 6 ихнаяд төгрөг буюу түүхэндээ байгаагүй өндөр дүнд хүрлээ. Монголын анхны 1 ихнаяд төгрөгийн үнэлгээтэй компани бий боллоо.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн лангуу хувьцаа, бонд, Засгийн газрын үнэт цаас гэсэн 3 бүтээгдэхүүнтэй явж ирсэн. Гэтэл сүүлийн 2 жилийн хугацаанд Хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдан нэгж эрхээ амжилттай арилжаалаад эхэллээ. Нэмээд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасууд зах зээлд гарлаа. Төгрөг, долларын хосолсон бонд арилжаанд орлоо. Энэ мэтээр 2021 оноос хойш тооцвол нийтдээ 43 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гарчээ. Жижиг зах зээл хэдий ч харьцангуй хурдтай хөгжиж байгаа. “Банкны тухай хууль”-д өөрчлөлт орсонтой холбоотой банкууд амжилттай IPO хийвэл одоогийн зах зээлийн үнэлгээ дор хаяж 2-3 дахин өснө. Дээрээс нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг олон нийтийн болгох үйл явц эхэлсэн. Нийт 25 аж ахуйн нэгжийн 34 хүртэлх хувийг олон нийтэд санал болгоно. Үүний бэлтгэл ажил хийгдээд явж байна. Энэ бүх ажил хийгдвэл 2025, 2026 онд манай хөрөнгийн зах зээл 5-6 дахин өсөх төсөөлөлтэй ажиллаж байна.
В.Ганзориг: Санхүүжилт хүссэн этгээдээс талаас хэдүүлээ голцуу ярьлаа. Одоо хөрөнгө оруулагчийн үүднээс та бүхнээс хариулт авмаар байна. Надад хэрвээ 1 тэрбум төгрөгтэй байсан сан бол би яагаад танай бизнест хөрөнгө оруулах ёстой вэ?
Д.Баярсайхан: Хамтын ажиллагааны зөвлөлийн төлөөлөгчид саяхан Малайз улсад очиж Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/-аас гаргасан бодлогын 40 зөвлөмжөөс 39-ийг биелүүлж үнэлгээ хийлгэсэн тухай дурдмаар байна. Энэ байгууллага 39 гишүүнтэйгээс 37 нь өндөр хөгжилтэй орнууд байдаг. Үлдсэн 2 гишүүн нь Далайн орнуудын ба Европын холбоо гэж явдаг. СЗХ дээрх 40 зөвлөмжийн 25-тай нь шууд болон шууд бус хамааралтай байсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд хууль эрх зүйн орчинг бий болгох нэг шаардлага байсныг Монгол Улс ФАТФ-ын гишүүн бус улсууд дундаас ганцаараа хамгийн түрүүнд биелүүлсэн. ТББ-тай холбоотой нэг зөвлөмжийн биелэлт үлдсэн байгааг холбогдох улсууд нь удахгүй гаргачих байх.
“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” батлагдсантай холбоотой бүртгэлийн үйл ажиллагаа манай дээр эхэлсэн байгаа. Бид койн биш биржүүдийг нь бүртгэж байгаа. Энэ ажил 9 сарын 26-наар дуусгавар болно. Крипто биржүүд бүртгүүлээд шаардлага хангаж байвал үйл ажиллагаа нь цаашаа үргэлжлээд явна. Хэрэв шаардлага хангахгүй бол 2022 оны 9 сарын 26-наар үйл ажиллагаа нь дуусгавар болно гэдгийг хэлмээр байна. Хаагдаж буй биржийн койнууд шаардлага хангасан өөр бирж рүү шилжих хөдөлгөөн хийж болно. Яг өнөөдрийн байдлаар СЗХ-нд 5 крипто бирж бүртгүүлэх хүсэлтээ өгсөн хянагдаад явж байна. Техник, хүний нөөц, компанийн засаглал гээд олон шалгуураар хянаж байгаа. Криптогийн “өвөл” олон улсад болж байх шиг байна. Хууль болон хорооны шаардлага хангахгүй биржүүдийн үйл ажиллагаа дээрх хугацаагаар дуусгавар болно гэдгийг дахин хэлмээр байна.
Г.Батжаргал: Бид хөрөнгө оруулалтыг бонд хэлбэрээр татдаг. Бид жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас хойш арилжаа тасралтгүй хийгдэж байгаа. Репо зээл гээд харьцангуй шинэлэг бүтээгдэхүүнийг банкнаас бусад санхүүгийн салбарт хийж байна. Одоогоор ББСБ-ууд дунд хийж байгаа ч удахгүй бусад салбарт нэвтрүүлнэ. Бусад зохицуулалттай байгууллагууд болох үнэт цаасны компани, даатгал, хөрөнгө оруулалтын сангуудад зориулсан богино хугацааны санхүүжилтын шинэ бүтээгдэхүүний судалгаа хийгдээд явж байна. Мөн байнгын мөнгөн хөрөнгийн эргэлттэй томоохон худалдааны байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ийм хэрэгцээ шаардлага их байдаг. Сэндбокст орсон мэргэжлийн компанийн хувьд харилцагч нартаа эрсдэл үүсгэхгүйн тулд хамгийн боломжит бүтээгдэхүүнийг гаргахаар зорин ажиллаж байна. Таны илүүдэл мөнгөн хөрөнгийг богино хугацаанд ч гэсэн эргэлдүүлж өгөөж өгдөг. Богино хугацаанд аль аль талдаа ашигтай гэсэн үг. Бид 365 хоногоос дотогш санхүүгийн хэлцлүүдийг хийдэг. Ийм учраас бид хөрөнгийн зах зээлтэй өрсөлддөггүй харин ч тэнд гардаг хугацааны зөрүүг нөхөж өгдөг. Банкны салбар overnight хадгаламж, зээл, репо гээд нэг хоногийг ч алдахгүй ажилладаг. Яг энэ зах зээлийг бусад санхүүгийн болон санхүүгийн бус салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Б.Өлзийбаяр: Money Market Fund бол богино хугацаанд хийдэг хөрөнгө оруулалт, өгөөжийн тухай бизнес. Харин бидний хувьд урт хугацааг ярьдаг. Хөрөнгийн зах зээл урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг гэдгийг бид энд хэлэх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудад бүтээгдэхүүн нь бэлэн байдаг. Тухайлбал хөрөнгө оруулагчдад зориулсан бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хувьцаа, IPO гэх мэт. Хэрвээ манай дээр 1 тэрбум төгрөгтэй хүн орж ирвэл тухайн хүний сайн судалж хэрэгцээ шаардлагыг нь мэдэхийг зорино. Хөрөнгө оруулалтанд нас их чухал. Залуучууд эрсдэл ихтэй старт ап компаниудад хөрөнгө оруулахыг илүү сонирхдог бол нас ахих тусам хүмүүс найдвартай, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн хүсдэг. Нас, орлого, амьдралын төлөвлөгөө, хэзээ тэтгэвэрт гарах зэргийг нь харгалзаж байгаад үйлчлүүлэгчиддээ хөрөнгө оруулалтын багц бүрдүүлж өгдөг. Санхүүгийн боловсрол нимгэн хүмүүс бүх хөрөнгөө нэг зүйлд оруулж өөрийгөө эрсдэлд оруулдаг. Койны халуурлаар яг ийм зүйл болсон. Хэдэн зуун саяар нь нэг койнд шуураад хөрөнгө оруулсан. Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлнэ гэдэг нь эрсдлийг тархаан байршуулж буй хэлбэр юм. Иймээс мэргэжлийн байгууллагаа сонгохдоо тэдний чадвар, бүтээгдэхүүний сонголт, багцийг нь сайн харах хэрэгтэй.
Л.Батхуяг: Краудфандингийн давуу тал нь олон төслүүдэд бага дүнгээр нэгэн зэрэг хөрөнгө оруулж туршиж болдог. Ийм хэрээр олон старт ап компанийн шинэ бизнесийг бодитой дэмжих боломж үүсдэг. Хамтын санхүүжилт гэдгийн онцлог энэ буюу дэм дэмэндээ дундын үнэ цэнийг үүсгэх явдал. Хэрвээ та 1 тэрбум төгрөгтэй бол 100 саяыг нь мөнгөний зах зээл, 100 саяыг нь биржийн бус зах зээл, 800 саяыг нь краудфандингт хийгээрэй гэж хэлмээр байна. Ковидын хямралын үеэр краудфандингийн үр нөлөө маш сайн гарсан. Хаалгаа барьж байсан жижиг бизнесүүд хамтын санхүүжилтээр мөнгө босгож амьд үлдсэн жишээ кофе шоп, номын сангаас авахуулаад дэлхий даяар олон бий. Монголд ДүДү-гийн кэйсийг дурдаж болж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулж санхүүгийн өгөөж хүртэнгээ нэг бизнесийг дэмнээд босгож ирж буй нь краудфандингийн сайхан зүйл гэж хэлмээр байна.
Г.Батжаргал: Банк, санхүүгийн байгууллагууд голцуу уламжлалт бизнес буюу тогтсон зүйлд л хөрөнгө оруулалт хийдэг бол краудфандингаар дамжуулан шинэ төсөл, шинэ бизнесийг голцуу санхүүжүүлдэг гэж надад харагдсан. Иймээс шинэ төрлийн бизнесийг шинэ төрлийн санхүүжилтийн хэрэгслээр дамжуулан босгох бололцоо өнөөдөр гараад иржээ гэдгийг би онцолмоор байна. Дэлхийн хамгийн том краудфандингийн компанийн нэг болох GoFundMe 220 мянган төсөлд хөрөнгө оруулж, санхүүжилт өгсөн байдаг. Босгосон мөнгөний хэмжээ нь 16 тэрбум ам.долларт хүрсэн. Хажууд нь манай улсын эдийн засаг 13 тэрбум ам.доллар шүү дээ. Өөрөөр хэлбэл, ганц краудфандингийн компани манай улсын эдийн засгаас давсан хэмжээний мөнгө босгож чадаж байна. Краудфандингийн хувьд оруулж буй мөнгөн дүн бага мэт боловч оролцогчдын тоо их учраас төсөл бүтэлгүйтвэл, эсвэл анхнаасаа залилангийн шинжтэй байсан бол олон хүн хохирч, массыг хамарсан том асуудал үүсгэх эрсдэлтэй. Ийм учраас тодорхой хэмжээний зохицуулалтын тухай бид яриад байгаа юм. Хууль нь арай батлагдаагүй хэдий ч сэндбокст ороод хэрэгжүүлээд явбал манай улсын санхүүгийн системд хэрэгтэй төсөл болно.
Б.Өлзийбаяр: Краудфандингийн дараа SPAC (Special-purpose acquisition company) буюу Элон Маск шиг тухайн салбартаа алдартай хүмүүс өөрийнхөө нэр хүндээр олон нийтээс мөнгө босгодог бүтээгдэхүүн Монголд гарах юм байна даа. Босгосон мөнгөөрөө нэг төсөл эсвэл компани худалдаж аваад, тэр төслөө хэрэгжүүлнэ гэсэн үг. Санхүүжилтын ийм хэрэгсэл барууны улсуудад хэдийнэ гараад оргил үеэсээ жаахан доошилж байна.
В.Ганзориг: Нийгмийн төсөл дээр Ганжавхлан хэдэн тэрбумаар мөнгө босгоод амжилттай явж чадаж байгаа. Хамгийн ойрхон нь юм уу даа?
Д.Баярсайхан: Зохицуулагчийн зүгээс хэлэхэд энэ салбарт дайн тулаан гэх зэрэг биднээс хамааралгүй, тодорхой бус байдал нилээдгүй үүсдэг болсон. Энэ тоолонд хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарах ёстой болдог. Нөгөө талаас хүссэн хүсээгүй түрж орж ирж буй технологийн шийдлүүдийг амьдрал дээр буулгах, УИХ-аас баталсан зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин ажиллана. Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ салбар хөгжинө. Краудфандинг буюу хамтын санхүүжилтийн хуулийн төслийг СЗХ бичсэн байгаа. Энэ төсөл салбарын оролцогчдын хэмжээнд яригдан хэлэлцэгдэж байж хууль өргөн баригдана. Энэ бүх процесст та бүхний оролцоо маш чухал байгаа шүү, улам илүү хамтран ажиллацгаая!
В.Ганзориг: Маш их баярлалаа! Нэвтрүүлгээ товч дүгнэе. 30 гаруй жилийн өмнө Монгол Улс нэг шатлалт банкны тогтолцооноос олон шатлалт систем рүү шилжсэн. Өнөөдөр хөрөнгийн зах зээл түүхэн үеийн бараг бүх рекордыг эвдээд явж байна. Энэ бүх амжилт хангалттай биш буюу мөсөн уулын орой гэж харагдаж байна. Цаашид маш олон санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч энэ хэрээр зөвхөн санхүүжилт хүссэн биш хуримтлалтай хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалтын цоо шинэ боломжууд үүснэ. Энэ хэрээр эдийн засаг солонгорч, зээлийн хүү буурах нь ээ!
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
DR. MANIPAL
DR. MANIPAL