Бид, Эрх чөлөө хөдөлгөөний залуус 2020 онд зочид урьж өглөөний уулзалт хийдэг байв. Хүндэт зочдын нэг нь бидэнтэй нэгэн агаар хуваалцаж агсан их бичгийн хүмүүн, гүүш Аким гуай байсан юм.

Түүний хэлсэн нэгэн захиас сэтгэлд гүнд тод үлджээ.

“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг бол Күнзийн сургаал. Үүнийг Чингис хааны захиас мэт ташаа ойлголт тун түгээмэл боллоо. Эзэн богдын сургаалд үүний яг эсрэг утгатай захиас буй. Чингис хаан сургахдаа “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Удаах эр нь ариун нэр. Түүний дараах нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр өөрөө ирнэ. Ариун нэрийг бэхэлж чадваас авсан эр ангид үл одно” хэмээн сургасан юм шүү хэмээн захисан юм. Тэрээр нэмж, Монгол хүний сэтгэлгээ аугаагаас энгийнд шилждэг, ерөнхийгөөс тодорхойд хүрдэг хэмээсэн буй за. 

Сэтгэлээс гардаггүй энэхүү сургаалыг зүйрлүүлэн тунгааваас, алив диплом, гэрчилгээ өвөртөлж, үс гэзгээ тосолж, улаан зангиа зүүснээ биеэ заслаа хэмээн эндүүрч, авлига, хулгайн мөнгөөр ар гэр, хань хамсаатнаа тэтгэснээ гэрээ заслаа хэмээн андуурсан хүмүүс эрх зүйт ёсыг чандлан дагана, ардчилсан төрийг цогцлооно гэдэгт итгэхүйеэ нэн бэрх. 

Дээрх зураг бол бидний нөхдийн уулзалт дээр татсан зураг болой. Эргээд харахад тун сайхан хөрөг болж.